Open iToim app
Эдийн засаг | 4 мин уншина

"Эхлээд блокчэйн, криптовалют гэдгээ ойлго, дараа нь хөрөнгө оруулахаа шийд!"

"Эхлээд блокчэйн, криптовалют гэдгээ ойлго, дараа нь хөрөнгө оруулахаа шийд!"
Нийтэлсэн 2017 оны 12 сарын 1
Дэлхийн зах зээлд биткойн буюу анхны цахим мөнгө бий болоод найман жил болж байгаа аж. Сүүлийн нэг жилд биткойны ханш огцом өсч, энэ хэрээрээ хөрөнгө оруулагчдын сонирхлыг татаж байна. Үүнийг дагасан шинэ боломжууд бий болж, хөрөнгө оруулалт, санхүүгийн салбарт тэсрэлт гарна гэж зарим шинжээчид таамаглаж байна. Нэг өдрийн дотор ханш нь 1000 гаруй ам.доллараар нэмэгдээд буй биткойны бизнесийг Монголын бизнесмэн, хөрөнгө оруулагчид ихээр сонирхож байгаа нь илт. Дэлхийн томоохон Төв банкууд биткойн болон бусад төрлийн криптовалютыг анхааралтай ажиглаж байгаа бол  зарим нь өөрсдийн албан ёсны криптовалют гаргахаар ажиллаж байна. Харин Монголын хувьд Төв банк болон Санхүүгийн зохицуулах хороо биткойны бизнес, блокчэйн технологи, криптовалютын талаар  судлах ажлын хэсэг ажиллаж байгаа мэдээллийг холбогдох албаныхан өгсөн.
 Ард Санхүүгийн Нэгдлээс блокчэйн ба криптовалютыг олон нийт болон бодлого гаргагчид, эрдэмтэд, хувийн хэвшилд таниулах, энэхүү шинэ үзэгдлийн талаар хэлэлцүүлэг зохион байгуулж, санал солилцох зорилготойгоор “Крипто Үндсэн” анхдугаар чуулга уулзалт өнөөдөр эхэлсэн бөгөөд маргааш мөн үргэлжилнэ. Уг уулзалтад УИХ, Засгийн газрын гишүүд, эрдэмтэн судлаачид, хөрөнгө оруулагчид, гаднын шинжээчид оролцож блокчэйн ба криптовалютын талаар байр сууриа илэрхийлж, мэдээлэл солилцов. Чуулга уулзалтад оролцогчдын зарим байр сууриас хүргэж байна.
Энэ үеэр Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар “Биткойн бол шинэ бизнес, бас боломж. Энд эрсдэл үүрч болно. Харин блокчэйн бол шинэ технологи. Тоон ертөнц өнөөдөр бодит амьдрал болж байна. Үүнээс цааш бидэнд ямар дэвшил авчрахыг тааж мэдэшгүй."Крипто Үндэстэн" чуулга уулзалт зүгээр нэг танин мэдэхүйн хурал биш шийд гаргасан хурал байгаасай гэж хүсч байна" гэв. 
Харин УИХ-ын гишүүн Н.Учрал  төрөөс блокчэйний талаар баримтлах бодлогын баримт бичгийг гаргаж, блокчэйн болон криптовалютын суурь тогтолцоо буюу хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх нь зүйтэй гэж бодож байгаа илэрхийлсэн. Мөн тэрээр хууль эрх зүйн чиглэлээр дэмжиж ажиллахаа илэрхийлээп, блокчэйнийг тоон технологи гэж үзээд Инновацийн тухай хуульд зохицуулалт оруулах боломж байгааг хэлсэн юм.

Ард санхүүгийн нэгдлийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг хэлэхдээ “Бид криптовалют, блокчэйн технологийг эх орондоо сурталчлан таниулж байна. Компанийн нийгмийн хариуцлага гэдэг өгөөмөр байдалд бус нийгмийг соён гэгээрүүлэх явдал юм. Энэ уулзалтаас гарсан санал, дүгнэлтийг Засгийн газрын тэргүүнд танилцуулах тохироог холбогдох албаныхантай хийж байгаа” гэсэн юм.
Хуульч Ж.Эрхэмбаатар "Төрийн зохицуулалтыг зоригтой хийх хэрэгтэй гэж бодож байна. Нэгэнт олон улсын төвшинд арилжаа нь ядагдаж байгаа ш дээ. Дотоодын хууль тогтоомж мянга гаргаад блокчэйны арилжаа манай хуулиар зохицуулагдахгүй. Хориглоогүй зүйлийг зөвшөөрнө, зөвшөөрөх ёстой гэдэг шийдэл бололцоог өөрсдөө гаргах ёстой. Бодлогын төвшиндөө энэ арилжааг зөвшөөрч байгаа гэдгийг төрөөс гаргуулах шаардлага бий. Гэхдээ олон улсын гэрээний зохицуулалт, дүрэм журмаар зохицуулагдаж байгаа гэдгийг мартаж болохгүй" гэв.
Дэлхийн биткойн олборлолтын 70 хувийг эзэлдэг Битмэйны менежир Ниу Жунжиангаас цөөн асуултад харилт авлаа.
-Монголын нөхцөлд биткойны олборлолтыг хөгжүүлэх боломж хэр байна вэ?
-Криптовалютыг бий болгох процессыг нь олборлоно гэж ярьж байгаа. Олборлолт явуулах тулд их хэмжээний цахилгааны нөөц шаардлагатай. Монголд цахилгаан эрчим хүч харьцангуй өртөг багатай учраас криптовалютыг Монгол их хэмжээгээр үйлдвэрлэх буюу олборлох боломж  байна. Нөгөө талд, Монголын эрх баригчид болон олон нийт шинэ технологид нэлээд нээлттэй байгаа нь том давуу тал болно. Өөрөөр хэлбэл, шинэ технологийг нутагшуулахад сэтгэлгээний хувьд бэлэн байгаа харагдсан.
-Олон нийтийн хувьд энэ талаарх мэдлэг дутмаг байгаа. Нөгөө талд эрсдэл өндөртэй бизнес гэх яриа байдаг. Хувьцаа нь өндөр савлагаатай байдаг шүү дээ?
-Энэ бизнесийг Монгол нутагшуулахад Монголын залуу бизнесменүүд гол хүчин зүйлийг гүйцэтгэх болов уу гэж харж байна. Өнөөдрийн уулзалтын үеэр төр, засгийнх удирдлагуудын зүгээс энэ бизнесийг дэмжих нэгдсэн байр суурьтай байгаа нь харагдаж байсан. Тиймээс энэ бизнест хөл тавихаар болж байгаа хүмүүст том боломж гарч байна гэсэн үг. Хамгийн гол нь зоригтой, шийдэмгий энэ бизнесийн төлөө зүтгэж чадах энтрепренёрууд хэрэгтэй. Нөгөө талд эрсдэл байгаа юу гэвэл байгаа. Хүмүүст биткойны талаар мэдээллийг түгээх нь чухал. Гэхдээ түүнээс ч илүү технологио хөгжүүлэх маш чухал. Олон нийтийн хувьд эхлээд блокчэйн, криптовалют гэдэг зүйлээ ойлгох хэрэгтэй. Ойлгохгүйгээр хөрөнгөө оруулбал маш өндөр эрсдэл бий болно. Сүүлийн үед трэнд болоод байгаа ICO гэдэг олголт гарсан. Энэ нь анхдагч зах зээл дээр шинэ крипто валютыг гаргахыг хэлж байгаа. Энэ дунд хий хоосон зүйл дээр мөнгө босгох хандлага байгаа учраас хууран мэхлэх сүлжээ явж байх магадлал өндөр байгаа. Тиймээс маш хянамгай хандаж, хөрөнгөө оруулах хэрэгтэй гэж зөвлөмөөр байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн