УИХ-ын чуулганы өнгөрсөн баасан гаригийн нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн барьсан Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх байсан. 2002 оноос цаг үе, нийгмийн шаардлагаар арван удаа засварласан Эрүүгийн хуулийг энэ удаа бараг бүхлээр нь өөрчлөн оруулж ирж байгаа юм. Нийтдээ 100 гаруй саналаар санал хураалгах учраас хуулийн төслийг энэ долоо хоногт УИХ-ын тусгай чуулган хуралдуулж хэлэлцэе гэж УИХ-ын дарга З.Энхболд захирамж гаргасан. Энэ хуралдаанаар зөвхөн Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх юм.
Эрүүгийн хуулийн төсөлд 2013 онд 150 гаруй байгууллагын 1000, 91 байгууллагын 900, 2015 оны нэгдүгээр сард 31 байгууллагын 300 орчим саналыг тусгажээ. Ингээд Монгол Улсын нэгдэн орсон гэрээ, конвенц, ОХУ, Германы эрүүгийн хууль, Гэмт хэргийн загвар хууль болон монгол эрдэмтдийн багийн судалгааг ашиглан нэлээд өөрчлөлт оруулсан байна. Түүнчлэн эрүү шүүлт тулгах, ялгаварлан гадуурхах, хүүхдийн эсрэг гэмт хэрэг, соёлын өвийн эсрэг гэмт хэрэг, эдийн засгийн болон авлига албан тушаалын гэмт хэрэг үйлдэх гэх мэт гэмт хэргийн бүрэлдэхүүнийг шинээр дахин томьёолжээ. Ингэснээр урьд тусгаж байгаагүй 45 гэмт хэргийн бүрэлдхүүнийг шинээр, 182 гэмт хэргийн бүрэлдхүүнийг өөрчлөн найруулж тусгасан байна. Эдгээрийг танилцуулъя.
1. 11.7 дугаар зүйл. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх
2. 12.3 дугаар зүйл. Бэлгийн мөлжлөг /ЭХ-ийн 124 дүгээр зүйл. Биеэ үнэлэхэд бусдыг татан оролцуулах, биеэ үнэлэхийг зохион байгуулах/ гэмт хэргийн зарим шинжийг өөрчилж шинээр томьёолсон.
3. 12.4 дүгээр зүйл. Бэлгийн дарамт учруулах
4. 13.5 дугаар зүйл. Заналхийлэх
5. 13.6 дугаар зүйл. Хүний орон байранд хууль бусаар нэвтрэн орох
6. 13.8 дугаар зүйл. Зөвшөөрөлгүй гэрэл зураг авах, дуу, дүрс бичлэг хийх
7. 13.10 дугаар зүйл. Хувь хүний нууцад халдах
8. 13.12 дугаар зүйл. Хууль бусаар мөрдөж мөшгих
9. 14.1 дүгээр зүйл. Ялгаварлан гадуурхах
10.14.8 дугаар зүйл. Сонгуулийг хууль бусаар явуулах хуйвалдаан зохион байгуулах
11. 16.5 дугаар зүйл. Хүүхэд солих
12. 16.6 дугаар зүйл. Хүүхэд худалдах
13. 16.7 дугаар зүйл. Хүүхдийг шийтгэх
14. 16.9 дүгээр зүйл. Хүүхэд ашиглаж садар самууныг сурталчлах
15. 16.10 дугаар зүйл. Хүүхдээр тэвчишгүй хөдөлмөр эрхлүүлэх
16. 18.1 дүгээр зүйл. Хууль бусаар өрсөлдөх
17. 18.2 дугаар зүйл. Зах зээлийн үнэд хууль бусаар нөлөөлөх
18. 18.4 дүгээр зүйл. Нийгмийн даатгалын шимтгэл төлөхөөс зайлсхийх
19. 18.11 дүгээр зүйл. Үнэт цаасны зах зээлийн дотоод мэдээллийг хууль бусаар ашиглаж, арилжаанд оролцох
20. 18.12 дугаар зүйл. Үнэт цаасны зах зээлийг урвуулан ашиглах
21. 18.15 дугаар зүйл. Хууль бусаар нийгмийн халамж, үйлчилгээ авах
22. 18.16 дугаар зүйл. Хууль бусаар даатгалын нөхөн төлбөр авах
23. 18.17 дугаар зүйл. Аж ахуйн үйл ажиллагааны нууцад халдах
24. 19.6 дугаар зүйл. Туйлширсан хууль бус ажиллагаа явуулах
25. 19.13 дугаар зүйл. Хууль бусаар иргэний харьяалал өөрчлөх, цагаачлах
26. 19.14 дүгээр зүйл. Хууль бусаар газар орны нэр өөрчлөх
27. 20.12 дугаар зүйл. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг завших
28. 20.19 дүгээр зүйл. Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах
29. 21.8 дугаар зүйл. Хуульчийн мэргэжлийн нэрийг хууль бусаар хэрэглэх
30. 22.1 дүгээр зүйл. Эрх мэдлээ урвуулан ашиглах
31. 22.2 дугаар зүйл. Албаны эрх нөлөөг урвуулан ашиглах
32. 22.3 дугаар зүйл. Гадаад улсын, олон улсын байгууллагын албан тушаалтан эрх мэдлээ урвуулан ашиглах
33. 22.6 дугаар зүйл. Гадаад улсын, олон улсын байгууллагын албан тушаалтныг хахуульдах 34. 22.7 дугаар зүйл. Улсын нөөцийг хууль бусаар зарцуулах, үрэгдүүлэх
35. 22.9 дүгээр зүйл. Үндэслэлгүйгээр хөрөнгөжих
36. 22.10 дугаар зүйл. Дураараа аашлах
37. 22.11 дүгээр зүйл. Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах
38. 23.6 дугаар зүйл. Хуулиар хориглосон тусгай техник хэрэгсэл ашиглах
39. 23.7 дугаар зүйл. Нийтийн албан тушаалтныг заналхийлэх
40. 25.1 дүгээр зүйл. Түүх, соёлын дурсгалт зүйлийг эвдэх, гэмтээх, устгах
41. 25.2 дугаар зүйл. Түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг эвдэх, гэмтээх, устгах
42. 25.3 дугаар зүйл. Соёлын өвийг завших, үрэгдүүлэх
43. 25.4 дүгээр зүйл. Соёлын өв, археологи, палентологийн хайгуул, малтлага хийх
44. 25.5 дугаар зүйл. Соёлын өв, археологи, палентологийн хууль бус худалдааг зохион байгуулах, зуучлах
45.25.6 дугаар зүйл. Түүх, соёлын дурсгалт зүйлийг тогтоосон хугацаанд хилээр оруулж ирэхгүй байх
46. 26.1 дүгээр зүйл. Цахим мэдээлэлд хууль бусаар халдах” гэж оруулжээ.
Ажлын хэсгийнхэн хуулийн төслийг боловсруулахдаа хорих ял биечлэн эдлэх явдлыг багасгах чиглэлд анхаарчээ. Тухайлбал, гэрийн хорионд байлгах ял, тэнсэх албадлагын арга хэмжээ, гэм буруугаа хүлээсэн хүнд оногдуулах эрүүгийн хариуцлага, өсвөр насны хүнд оногдуулах ял гэсэн шинэлэг институтыг оруулсан байна. Ингэснээр хорих ял биечлэн эдлэх явдлыг 20-30 хүртэл хувиар бууруулна гэж тооцоолж байгаа бөгөөд ялын үр нөлөө дээшилнэ гэж үзлээ. Учир нь, хорих ял эдлээд суллагдсан хүмүүсийн дунджаар 47 орчим хувь нь дахин гэмт хэрэг үйлдэж, ял шийтгүүлжээ. Сүүлийн гурван жилд хорих ял биечлэн эдлэгсдийн дундаж тоо 5000-5200 орчимд хэлбэлзэж байсан бол 2012 оны байдлаар 8000 хоригдол хорих ял эдэлж байгаа гэсэн дүн гарсан байна.
Түүнчлэн Монгол Улс нь Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын нэмэлт II дугаар Протоколд нэгдэж орсонтой холбогдуулан цаазаар авах ялыг бүрмөсөн халж байна. Харин оронд нь бүх насаар хорих ялыг хуулийн төсөлд тусгаж, 25 жилийн дараа тодорхой болзол хангаж байвал хугацаатай хорих ялаар сольж болох талаарх зохицуулалтыг шинээр тусгажээ. Мөн гэмт хэргийг ердийн болон хүнд гэмт хэрэг хэмээн хоёр л ангилжээ. Хорих ялын доод хэмжээг таван жилээс дээш хугацаагаар тогтоосон гэмт хэргийн хүнд гэмт гэж үзэн тэнсэх боломжгүй. Харин гэм буруугаа хүлээсэн, хохирлоо арилгасан тохиолдолд оногдуулсан хорих ялын хэмжээнээс хоёрны нэгээс дөрөвний нэг хүртэл хувиар хасах талаар заасан байна.
Бас “онц аюултай гэмт хэрэгтэн”, “ялтай байдал” хэмээн ял хүндрүүлдэг байдлыг үгүй болгожээ. Ингэснээр өмнө нь хулгайн гэмт хэрэг үйлдсэн хүн 10 мянган төгрөг хулгайлаад 10 жилийн ял авдаг байсан шоронжсон заалт үгүй болж байна. Ял, шийтгэл нь гарцаагүй байх ёстой боловч давтан гэмт явдлын шалтгаан байх ёсгүй гэж ажлын хэсгийнхэн үзсэн юм.