Open iToim app
Нийгэм | 5 мин уншина

С.Эрдэнэ: Тэтгэврийн нас нэмнэ гэсэн үг миний амнаас гараагүй

С.Эрдэнэ: Тэтгэврийн нас нэмнэ гэсэн үг миний амнаас гараагүй
Нийтэлсэн 2015 оны 4 сарын 22
УИХ-ын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэтэй Тэтгэврийн бодлогын шинэчлэлийн асуудлаар ярилцлаа.
-Тэтгэврийн насыг нэмэгдүүлж 60, 65 болгоно гэсэн яриа гараад байгаа. Энэ талаар тодруулахгүй юу?
-Тэтгэврийн шинэчлэлийн талаар төрөөс баримтлах бодлого дээр Засгийн газар ажиллаж байгаа. Тэнд тэтгэврийн насыг 60, 65 болгоно гэсэн ямар ч үг, үсэг байхгүй . Ер нь хэн ч тийм юм яриагүй л дээ. Хэн ямар зорилгоор ийм яриа хөөрөө гаргаад, түүнийг нь зориуд мушгин гуйвуулаад байгаа ойлгохгүй байна. Миний амнаас лав тэтгэврийн насыг нэмэгдүүлнэ гэсэн үг гараагүй.
-Тэтгэврийн бодлогыг шинэчлэх гэж байгаа нь ийм хардлагыг төрүүлсэн юм болов уу. Дундаж наслалт өндөр биш байхад тэтгэвэрт гарах насыг нэмэгдүүлэх гэлээ гэсэн шүүмжлэл цөөнгүй харагдсан?
-Ер нь бол бид 2017-2030 он хүртэл тэтгэврийн бодлогоо шинэчлэх бодлого барьж байгаа. Энэ бол аажмаар цаг үетэйгээ зохицоод өөрчлөгдөөд явах л асуудал. Шинэчлэлийн бодлогын хүрээнд бол тэтгэврийн насыг нэмэгдүүлж болох уу, үгүй юу гэсэн судалгаа хийж болно. Асуудлыг хэдэн ч хувилбараар судалж үзэж болно шүү дээ. Дундаж наслалтын хувьд Монгол Улсын иргэдийн дундаж наслалт эрэгтэй 66, эмэгтэй 72 болсон байна.2030 он гэхэд иргэдийн маань дундаж насжилт нэлээн нэмэгдэх төлөв харагдаж байгаа. Статистик болон бусад үзүүлэлтээс харахад 2030 он гэхэд Монгол хүний дундаж наслалт хамгийн багадаа 70 хүрнэ гэж тооцоолж байгаа юм билээ.
-Энэ судалгааг хаанаас авсан юм бэ?
-Жил бүрийн Статистик хорооноос гаргадаг судалгаанаас харахад дундаж наслалт 70 хүрэх энүүхэнд гэж ойлгогдож байгаа.
-Хүмүүс бодохдоо тэтгэврийн насныхны тоо нэмэгдсэнээс үүдэж иргэдийн тэтгэвэр, тэтгэмжийг олгоход хүндрэл үүсч, үүнээс зайлсхийхийн тулд тэтгэвэрт гарах насыг нэмэх гэж байна гэж ойлгоод байх шиг байгаа юм.
-Тийм юм байхгүй ээ. Тэтгэвэр, тэтгэмжийг олгох цагт нь олгоод явж байгаа. Харин ч аль болох ахмадуудынхаа тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх, зөрүүг нь арилгах бодлого барьж ажиллаж байна. Сая хүртэл УИХ-ын НББСШУ-ны Байнгын хороогоор 1960 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр болон түүнээс хойш төрсөн даатгуулагчийн өндөр насны тэтгэврийн хэмжээ буурахаас сэргийлж, Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүллээ. Одоо байгаа тогтолцоогоор явбал 100 гаруй мянгөн төгрөгийн зөрүүтэй тэтгэвэр тогтоолгох нөхцөл байдал үүсээд байсан юм. Маш олон иргэд энэ талаар санал, хүсэлтээ бидэнд ирүүлсэн. Гэх мэтчилэн тэтгэврийн асуудал дээр бид ахмадууд, иргэдийнхээ үгийг сонсч байж бодлогоо боловсруулдаг.
-Тэтгэврийн насныханд зориулж төрөөс баримталж байгаа бодлогод ахмадууд өөрсдөө хэр сэтгэл хангалуун явдаг юм бол оо?
-Ахмадууд насан туршийн боловсролын асуудлаар их хэлж ярьдаг болж. Ахмад настны хөдөлмөр эрхлэх асуудлыг ч хөндөж байна . “Бид хэчнээн тэтгэвэрт гарсан ч гэсэн хөдөлмөр эрхлэх нөхцөл, эрх зүйн орчинг бий болгож өгөөч. Бид сурмаар байна, боловсрол эзэмшмээр байна” гэж хэлж, ярьдаг болсон байна. “Тэтгэвэрт гарсан болохоос ямар үхсэн биш. Тэтгэвэрт гарсан гэдгээр нь биднийг бүх юмнаас хасч байна” гэдэг асуудлыг ахмадууд нь маань тавьж байна. Ийм хандлага асар их гарч байгаа учраас бид Ахмад настны эрхийн тухай хуулийг боловсруулах ажлын хэсэг гараад ажилуулж байна. Үнэндээ өнөөдөр, энэ нийгэмд ахмад настнуудаа харж үзэх маш олон асуудал байна. Эмэгтэйчүүд, хүүхдүүдээс дутах юм алга. Ахмадууд гэр бүлийн хүчирхийллийн золиос болж байна . Нийгэмд гадуурхагдаж байна. Тэтгэврийн гэдгээрээ бүх юмнаас хасагдаж байна. Үүнээсээ болж ахмадууд маань маш их стресст ордо г нь ажиглагддаг. Аргагүй шүү дээ. Ажилтай албатай сайхан явахад нь түг түмэн найз нөхөд хамт олон байсан бол тэтгэвэрт гарсны маргааш бүгд алга болдог Хүн ийм үедээ ганцаарддаг. Сэтгэлзүйгээрээ унадаг. Энэ үед ахмадууддаа хэн түшиг болох ёстой юм. Бид иргэдээ нийгэмшүүлнэ гэж ярьдаг мөртлөө ахмадуудаа нийгмээсээ таслаад байдаг. Тэтгэвэрт гаргаад нийгмээс нь таслаад хаядаг . Энэ тогтолцоог халах ёстой. Тийм учраас бид энэ чиглэлээр идэвхтэй ажиллаж байгаа. Удахгүй үр дүн нь гарна гэдэгт итгэлтэй байна.
-Ер нь тэтгэврийн насыг нэмнэ, нэмэхгүй гэж ярихдаа бус хүн хүсвэл хэдэн нас хүрсэн ч ажиллаж болдог тогтолцоог нэвтрүүлж болдоггүй юм уу?
-Одоо ч тийм байгаа шүү дээ. Эмэгтэй 55 насандаа тэтгэвэрт гарч болдог хуультай. Хэрвээ үргэлжлүүлж ажиллахыг хүсвэл 60 нас хүртлээ ажиллаж болдог. Эрэгтэй ч мөн адил 60 нас гэж заасан ч, хүсвэл 65 хүртлээ ажил хөдөлмөр эрхлэх боломжтой.
-Ер нь тэтгэврийн нас хэд байвал зохистой юм гэдэг судалгаа байдаг уу?
-Ер нь бол тэтгэврийн насны зохистой хэмжээ хэд юм б э гэдгийг өнөөдрийг хүртэл хэн ч тодорхойлоогүй л байхгүй юу. Тийм учраас цаашдаа үүнийг эргэж харах ёстой юу, гэвэл “Тийм ээ энэ бол нээлттэй асуудал” гэж хэлнэ. Одоо үйлчилж байгаа тэтгэврийн нас зөв юм уу, буруу юм уу. Их юм уу, бага юм уу шинжлэх ухааны үүднээс тооцож үзэх хэрэгтэй л дээ.Тэтгэврийн шинэчлэлийн талаар төрөөс баримтлах бодлогоо шинэчлэх гэж байгаа бол бүх талаас нь судалж үзэх шаардлагатай. Бодлогыг УИХ-аар хэлэлцэх явцад гишүүд энэ тал дээр санаа, оноогоо хэлэх байх.
-Тэгэхээр Тэтгэврийн шинэчлэлийн талаар төрөөс баримтлах бодлогыг боловсруулах явцад тэтгэврийн насыг нэмэх эсэх асуудал хөндөгдсөн гэж ойлгож болох уу?
-Одоо бол хүн амын насжилтын хамгийн таатай үе тохиогоод байгаа шүү дээ. Нийт хүн амд эзлэх тэтгэврийн насныхны хэмжээ бол 10-11 хувьтай л байна. Ийм тааламжтай цаг үедээ ирээдүйд тохиох иргэдийнхээ насжилтын асуудалд бэлдэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, бодлогоо зөв тодорхойлох хэрэгтэй. Наад зах нь тэтгэврийн сангийн хуримтлалаа бий болгох хэрэгтэй байна . Гэх мэт маш олон асуудал бий. Энэ бүх зүйлтэй уяж 2017-2030 он хүртэл тэтгэврийн насыг аажмаар нэмэгдүүлэх боломж бололцоо юу байгааг судалж үзье. Эмэгтэй тэтгэврийн насыг 58, эрэгтэйг 62 хүртэл өсгөх боломж байна уу, гэдийг судалж үзье гэсэн үүднээс бодлогод оруулсан зүйл бий. Түүнээс өнөөдөр эмэгтэйг 60, эрэгтэйг 65 болгоно, хуульчилна гэсэн үг, үсэг байхгүй ээ.
-Тэгэхээр ойрын үед тэтгэврийн насыг нэмнэ гэсэн асуудал байхгүй гэж ойлгож болох уу?
-Тийм асуудал байхгүй ээ. Түрүүн хэлсэн шүү дээ. Тэтгэврийн нас нэмнэ гэсэн нэг ч үг, үсэг байхгүй. Манайхан ямар нэг асуудлыг нийгмээрээ хардаж, хараах будах гэдгээ болимоор байгаа юм. Саяхан Далай багш “Монголчууд гэгээрэх хэрэгтэй. Боловсролдоо анхаарах хэрэгтэй” гэж хэлсэн байна лээ. Мэдээж нэг зүйлийг харсан болоод л энэ үгийг хэлсэн байх. Монгол хүн амны билгээс ашдын билэг гэж ярьдаг. Сүүлийн үед дандаа бүхнийг үгүйсгэсэн, бие бие рүүгээ нулимсан юм ярьж байх юм. Одоо үүнийгээ больё л доо. Яагаад сайн сайхан зүйл ярьж чадахаа байчихсан юм бэ. Бид Тэтгэврийн шинэчлэлийн бодлого, тэр дундаа ахмадуудынхаа эрх ашгийг хөндсөн зүйл дээр сайн сайхан зүйл л бодож асуудал оруулж ирж байгаа шүү дээ. Тэрнээс одоо байгаа тогтолцоог муутгая, ахмадуудаа хохирооё, иргэдээ дааж давшгүй дарамтад оруулъя гэж бодож явдаггүй.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн