Open iToim app
Улс төр | 4 мин уншина

​Л.Эрдэнэчимэг: Тавантолгойн асуудал дээр харин ч би бусдаас илүү

​Л.Эрдэнэчимэг: Тавантолгойн асуудал дээр харин ч би бусдаас илүү
Нийтэлсэн 2015 оны 5 сарын 4
УИХ-ын даргын захирамжаар Тавантолгойн гэрээний төсөл хууль тогтоомжтой нийцэж байгаа эсэхэд дүгнэлт гаргах ажлын хэсгийг томилсон. Парламентад суудалтай нам, эвслийн бүлгийн төлөөлөл оролцсон ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг ахалж байгаа юм. Түүнтэй ярилцлаа.
-Та бол нийгмийн сүлжээнд идэвхтэй оролцдог хүн. Цахим ертөнцөд өөр рүү чинь хандсан дайралтууд явж байгааг анзаарсан байх. Ялангуяа Тавантолгойн гэрээний төсөлд дүгнэлт гаргах ажлын хэсгийг ахалж эхэлсний дараа улам идэвхжлээ. Ажлын хэсгийг ахлах хэмжээний мэдлэг, туршлагатай хүн та мөн үү?
-Би 20 гаруй жил бизнес эрхэлсэн хүн шүү дээ. Энэ бол эдийн засгийн тооцоон дээрээ хүрэх юм бол нэг л компанийн ажил. Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу тэр компанийн тайлан баланс, доторх эдийн засгийн үр ашгийг хамгийн сайн олж хардаг хүмүүс чинь бизнес эрхэлдэг хүмүүс байдаг байхгүй юу. Тэр утгаараа би Тавантолгойн асуудал дээр бусад гишүүнээс илүү байж чадна гэж бодож байгаа. Одоогоор маш олон тооцоон дээр би өөрийн үнэлгээгээ хийчихсэн явж байгаа. Тийм учраас эмэгтэй хүнийг богино ухаантай гэж дүгнэдэг хүмүүс л хар PR цацаж байгаа гэж харж байгаа шүү дээ. Иймээс өөртөө үнэлэлт өгч, хүмүүст няцаалт өгөх шаардлагагүй.
Би Сонгинохайрхан дүүргийн 35 мянган хүний санал авч 300 мянган хүний эрх ашгийг хамгаалж УИХ-д сууж байгаа. Монгол Улсын хүн амын 11 хувийг төлөөлж төр түшилцэж байгаа учраас сонгогчдынхоо өмнө хүлээсэн үүргээ УИХ-д биелүүлж тодорхой ажлуудыг хийх ёстой. Ялангуяа Тавантолгойн асуудал дээр ард иргэдийн 1072 хувьцааны эрх ашгийг хамгаалагч нь бол тухайн тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн байх ёстой. Ийм болохоор намайг тэнэг, мангар гэж яллахаас үл хамааран ажлаа л хийнэ. Үүнд мэдэхгүй, чадахгүй гэж няцах эрх байхгүй. Тэртэй тэргүй мэргэжлийн хүмүүс нь бүх зүйлийг гаргаад өгчихөж байгаа. Би өөрөө эдийн засгийн тодорхой хэмжээний мэдлэгтэй хүн.
-Ажлын хэсгийн дэд хэсгийн ахлагчаар УИХ-ын даргын зөвлөх А.Гансүх томилогдсон байна лээ. Зөрүүтэй байр суурь илэрхийлж байгаа М.Энхсайхан зэрэг хүмүүсийг ажлын хэсэгт багтааж болоогүй юм уу?
-Тэр бол УИХ-ын даргын бүрэн эрхийн хүрээнд шийдсэн асуудал. УИХ-ын дарга өөрөө хуулийн зөвлөхөө ажлын хэсгийн дэд ахлагчаар томилсон байна лээ.
-“Эрдэнэс Тавантолгой” компанийн захирал Ч.Сайнбилэг ажлаа өгчихлөө. Өөрөө тайлбараа ч хэлсэн байна. Анхны дарга нь интерполоор эрэн сурвалжлагдаж байгаа. Дараагийнх нь хоригдож байгаад сая батлан даалтад гарлаа. Гурав дахь дарга нь ингээд өргөдлөө өгчихлөө. Энэ дээр та ямар дүгнэлттэй явна вэ?
-Би өөрөө хэвлэлийн хэмжээний мэдээлэл явж байна. Ч.Сайнбилэгийн ажлаа өгсөн шалтгаан дээр дүгнэлт өгөх боломжгүй байна.
-Ажлын хэсгийн гол үүрэг, нугалах ажил юу вэ?
-Манай ажлын хэсэг Тавантолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын асуудлыг УИХ-аар хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх талаар дүгнэлт гаргах үүрэгтэй. Дотроо 14 заалтын дагуу ажлаа хийх ёстой. Энэ гэрээ Монголд хүчин төгөлдөр үйлчилж буй хууль, тогтоомжтой нийцэх, дээрээс нь Монгол Улсын баримталж буй гуравдагч хөршийн бодлоготой нийцэж байх ёстой. Манайх Хятадын талтай гэрээ хийж байгаа учраас гуравдагч хөршийн бодлоготой гэрээгээ нийцүүлж байгаа юу гэдэг чухал. Мөн “Эрдэнэс Тавантолгой” компанийн өнөөгийн үйл ажиллагаа, бизнесийн эрх ашигтай энэхүү гэрээ хэр зэрэг уялдаж байна вэ гэдгийг тогтоох ёстой. Бас нэг чухал асуудал нь “Эрдэнэс Тавантолгой” 1072 хувьцаа эзэмшиж буй иргэн, аж ахуйн нэгжийн эрх ашгийг хэр сайн хангаж чадаж байгаа вэ гэдгийг тогтоох ёстой. Мөн гэрээ байгуулснаас үүсэх эдийн засгийн үр өгөөжийг тодруулж гаргаж ирнэ. Хэрвээ “Эрдэнэс Тавантолгой”-гоор явбал эдийн засгийн ямар өгөөж гарах вэ. Одоогийн энэ “Энержи Ресурс”-тэй түншлэлээр явбал ямар үр өгөөжтэй байхыг харьцуулсан судалгааны үр дүнд гаргаж ирэх шаардлагатай гэж харж байгаа. Түүнчлэн төмөр замын транзит тээврийн асуудал дээр урьд гарсан шийдвэрүүдтэй нийцэж чадаж байгаа юу гэх мэтчилэн тогтоох асуудал нэлээд байгаа.
-Ажлын хэсэг хуралдав уу?
-Ажлын хэсэг баасан гаригт эхний хурлаа хийсэн. Амралтын өдөр ч хуралдсан. Хуралдаад ажлын дэд хэсэгтээ даалгавар өгч, түрүүн дурдсан асуудлуудад дүгнэлт өгөх төслийг бэлтгэж ирэх долоо хоногт авчир гэсэн даалгавар өгсөн. Материал бэлтгэж ирэхээр бид дүгнэлтээ гаргаад УИХ-д оруулна.
-Дүгнэлт гаргах хугацаа байгаа заасан байдаг уу?
-Захирамж дээр ямар ч хугацаа заагаагүй юм байна лээ. Бид нарын хувьд аль болох хурдан хугацааанд гаргаж өгөх зорилготой байгаа. Гэхдээ хугацаа авч магадгүй ажлууд хэлээд байгаа. Тухайлбал, “Энержи ресурс” гэдэг корпораци дотор байгаа Кейманы аралд бүртгэлтэй олон компаниудын эзэмшигчдийн мэдээллийг шаардаж авна гэсэн төлөвлөгөө байгаа. Гадаад руу бичиг явуулаад хариуг нь хүлээх гэдэг л хугацаа шаардсан ажил.
-Компанийн мэдээлэл ирүүлэхэд саад тотгор учрах болов уу?
-Үгүй гэж бодож байна. Том компани Монголд нэлээд том төсөлд орж ирж байна гэсэн үүднээсээ тухайн улсын бүртгэлийн байгууллага мэдээллийг гаргаж өгөх үүрэгтэй.
-Ажлын хэсгийн дүгнэлт гэрээний төслийг буцаах хэмжээнд нөлөөлөх чадамжтай байх уу?
-Бид бол хэлэлцэх шаардлагатай эсэхэд дүгнэлт л гаргаж өгнө. Ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн буцаах эсэхийг УИХ шийднэ. Эндээс гарсан дүгнэлттэй, дүгнэлтгүй УИХ татаж хэлэлцэх л байх. Яагаад гэвэл, нийт 76 гишүүний өнөөдөр илэрхийлж буй үзэл, байр суурийг ажиглахад УИХ дээр авчраад анхны хэлэлцүүлгээр хэлэлцэх эсэхээ шийдье гэж байгаа юм билээ. Тэр хүмүүсийг саналаа илэрхийлэхэд бид нарын гаргаж өгөх дүгнэлт чухал байхгүй юу.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн