Open iToim app
Эрүүл монгол | 4 мин уншина

​С.Эрдэнэчимэг: Гар, хөл, амны өвчлөлд антибиотик хэрэглэвэл сэдрэх аюултай

​С.Эрдэнэчимэг: Гар, хөл, амны өвчлөлд антибиотик хэрэглэвэл сэдрэх аюултай
Нийтэлсэн 2017 оны 4 сарын 18
Урин дулааны улирал эхлэхээр агаар хуурайшиж, тоос тоосонцор ихэсдэгтэй холбоотойгоор элдэв өвчин дэлгэрдэг. Энэ үед ялангуяа хүүхдийн өвчлөл ихэсдэг байна. Үүнтэй холбоотой мэдээлэл бэлтгэхээр Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийг зорилоо. Баянзүрх дүүргийн эмнэлэгт үдээс хойш 16 цагийн орчимд очиход хүлээн авах дээр 2-5 насны хүүхдээ үзүүлэх гээд хүлээж байгаа эцэг эхчүүдийн оочерт дарагдсан байв. 2-5 насны хүүхдүүдийн дунд ханиад, уушгины хатгалгаа, гар, хөл, амны өвчлөл эрс нэмэгдэж байгаа юм байна. Энэ талаар мэдээлэл зөвлөгөө авахаар Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төвийн поликлиникийн хүүхдийн эмч С.Эрдэнэчимэгтэй уулзаж, зарим зүйлийг тодрууллаа.
-Танай эмнэлэгт хүүхдийн оочер их байна. Ирж байгаа хүүхдүүдийн дийлэнх нь ямар шалтгаанаар өвдсөн байна вэ?
- Хүүхдийн өвчлөх нөхцөл нь бүрдэж байгаа учраас хүүхдэд төрөл бүрийн өвчин тохиолдож байна. Өвчин гэдэг чинь янз бүрийн шалтгаантай. Нийгмийн, хүрээлэн буй орчны, асаргаа сувилгаа зэрэг олон зүйлээс хамаардаг. Тухайлбал, өвлийн улиралд утаа, агаарын бохирдол ихэсч, их хэмжээний хорт бодис агаарт хуримтлагдсантай холбоотойгоор амьсгалын замын өвчин дэгддэг. Харин урин дулаан болоод эхлэхээр нөгөө өвлийн улиралд хөлдүү хөрс, цасан дор байсан шороо, тоос тооцонцор агаар хуурайшаад ирэхээр агаарт дэгдэнэ. Үүнээс хуурайшилт, тоос тоосонцор зэрэг янз бүрийн өвчин, харшил сэдэрдэг. Мөн өвлийн улиралд хүүхдийн бие махбодод байсан нөөц шавхагдсаар биеийн дархлаа эсэргүүцэл сулрах зэргээр төрөл бүрийн өвчин дэгддэг.
Амбулаториор үзүүлж байгаа хүүхдүүийн 20 хувь нь амьсгалын замын өвчин, мэдрэлийн системийн өвчин нэмэгдэж байна. Ялангуяа  ураг эхийн гэдсэнд байх үед ээж нь стресстэж байснаас хүүхэд тархины даралттай төрөх тохиолдол нэмэгдэж байна. Мөн хоол хүнсний аюулгүй байдал алдагдснаас эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй, ялангуяа хүүхдийн ходоод гэдэс өвтгөх чипс, өнгө будагтай ундаа, амттанг хэрэглэдэг нь ходоод гэдэсний архаг өвчлөлд хүргэдэг.
Мөн хүүхдийнхээ шээс, бэлгийн замыг багаас нь зөв арчлахгүй, живхийг замбараагүй хэрэглэдэг болоод байна.  Живх нь гадагшаа өмд норгохгүй л болохоос хүүхдийн жижигхэн эмзэг бэлэг эрхтнийх нь салстын завсараар шээс хуримтлагдаж, шээсны замын үрэвсэлт өвчин тусдаг. Тиймээс эцэг эхчүүд үүнд анхаарах хэрэгтэй.
-Танай эмнэлэгт гар, хөл, амны өвчлөлөөр хэр их хүүхэд ирж байна?
-Гар, хөл, амны өвчин 2008, 2009 оноос өмнө тохиолддоггүй байсан. Тэр үед хүүхдийн эцэг эх энэ өвчнөөс эмээдэг байж. Одоо элбэг тохиолдох болсноор анхаарахаа больсон байна. Энэ өвчин вирусээр үүсгэгддэг амьсгалын замын өвчин.
Бохир гадаргуу буюу сандал ширээ, хүүхдийн тоглоом, аяга халбага ч гэдэг юм уу тунадас үүсч болох газар болгонд вирус хадгалагддаг. Амьсгалын замаас гадна гар, ам хамраар дажин халдана. Эхний шинж тэмдэг буюу тууралт өгөх, халуурах үед эмнэлэгт үзүүлж эмчийн заавараар эмчилгээ хийлгэх хэрэгтэй.
Манайхан бие биенээсээ асуугаад эсвэл эмийн сангаас дураараа  антибиотик авч хэрэглэдэг. Энэ өвчин энтеровирусээр үүсгэгддэгээс гадна тухайн вирус нь биед өвчин үүсгэгч нянгаас гадна, биед хамгаалалт өгч байдаг ашигтай нянгуудыг маш их хэмжээгээр устган, сүйтгэдэг онцлогтой өвчин үүсгэгч учир антибиотик нөлөөлдөггүй. Гэтэл хүүхдээ халуурах бүрт нь антибиотик хэрэглэдэг. Үүнээс болж хүний биеийн дотоод орчныг хамгаалж байдаг нянгын тэнцвэр алдагдахад дархлаа суларч өвчлөх нь бий. Тиймээс гар, хөл, амны өвчинд антибиотик зохисгүй. Харин биеийн эсэргүүцэл, дархлааг дэмжих эмчилгээ хийлгэхээс гадна хоол цайгаар сайн тордож, шингэн сайн уулгах хүүхдийнхээ гар хөлийг сайн угаалгаж, хүүхдийн хүрч болох зүйлийг сайн цэвэрлэж, агаар оруулж байж эмчилгээ үр дүнтэй болдог. Хүүхдийн хоолой ам өвдөхөд эмчилгээ хийлгэдэг ч энэ нь хүүхдийн эцэг эхэд өвчин үүсгэгч байгаад түүнийг эмчлүүлэхгүй бол хүүхдэд өвчин эргэж халдварладаг. Иймд эцэг эх нь хамтдаа эмчид хандах хэрэгтэй юм.
-Хүүхдээ гар, хөл амны  өвчнөөс урьдчилан сэргийлж, хамгаалах талаар эцэг эхчүүдэд юу  зөвлөх вэ?
-Хүүхдээ бүрэлдэж эхэлснээс зөв асарч халамжилж, эцэг эхийн хайр халамжинд өсгөж бойжуулах хэрэгтэй. Гэхдээ хүүхдээ асарч сувилна гэхээр хэсэгхэн агаарт гаргаж, хоол, чихэр, жимс, ундаа авч өгөхийг хэлэхгүй. Хүүхэд нь дуртай байлаа ч янз бүрийн орц найрлагатай амттанаас ээжийн хийсэн бантанг идүүлэх нь илүү үр дүнтэй.
Сүүлийн үед эцэг эхчүүд утсаа тэврээд суучихдаг. Хүүхэд нь шалаар мөлхөж, газраар байгаа юмыг идэж, ойр хавийн юмыг мөргөх эсвэл утас, зурагт ширтэснээс болж нүд нь ядрах зэрэг олон өвчлөлд хүргэх эрсдэл байна. Иймээс эцэг эх хүүхэдтэйгээ амьд харилцаа үүсгэж, байнга ярилцах хэрэгтэй байна. 

Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн