УИХ-ын чуулганаар “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг худалдан авсан үйл явцыг шалгах үүрэг бүхий Ажлын хэсгийн дүгнэлтийг хэлэлцэж, улмаар “Эрдэнэт" үйлдвэрийн талаар авах арга хэмжээний талаарх УИХ-ын тогтоолын төслийг 80.3 хувиар дэмжин, баталлаа.
Гишүүдийн зүгээс Монгол Улсын Ерөнхийлөгчийг чуулганы хуралдаанд оролцуулж, тогтоолын төслийг хамтдаа хэлэлцэх хүсэлт гаргаад байгаа бөгөөд Ерөнхийлөгчийн Тамгын газарт саналаа хүргүүлсэн байна. Шалтгалтын Ажлын хэсэг болон Эрдэнэтийн 49 хувийг худалдан авсан талууд чуулганы хуралдаанд оролцсон.
Хууль зүйн байнгын хорооноос "Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийг төрд буцаан авах УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн. УИХ-ын гишүүд байнгын хорооны санал дүгнэлттэй холбоотой асуулт асууж, санал хэлж байна.
-УИХ-ын гишүүн А.Сүхбат: Худалдаа хөгжлийн банкны Монгол Улс биш. Монгол Улсын Худалдаа хөгжлийн банк шүү. Хууль бус асуудалд цэг тавих хэрэгтэй.
-УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: Намрын чуулган өндөрлөхөөс өмнө улс орны өмнө тулсан чухал асуудлыг хэлэлцэж байгаа нь тун зөв гэж бодож байна. Дубайн гэрээг яаж хийснийг бид мэднэ. Дахиад Дубайн гэрээ шиг асуудлыг үүсгэж болохгүй. Тиймээс Эрдэнэтийн асуудлыг УИХ-аараа хэлэлцээд төрдөө буцааж ав.
-УИХ-ын гишүүд О.Содбилэг: Хувийн хэвшил Эрдэнэтийг авах нь буруу биш, гэхдээ хууль зөрчиж болохгүй. Гэтэл тэр үеийн Засаг барьж байсан нөхдүүд нь яагаад ҮАБЗ-өөрөө оруулчихаж болоогүй юм бэ. Тиймээс тухайн үед шийдвэр гаргасан хүмүүст хариуцлага тооцох хэрэгтэй. УИХ бол шүүх биш. Гэхдээ өнөөдөр байгаа мэдээллийг харахад хэдхэн хүний эрх ашиг л яваад байгаа харагдаад байна.
-УИХ-ын гишүүн Н.Учрал: Бүрэн эрхээ хэтрүүлсэн юм бол хууль хяналтын байгууллага нь шийд. Харин Монгол Улс дотооддоо шийдэх ёстой. Төв банк нь арилжааны банк шиг ажилласан бол мөн шалга. Энэ маш сайн тогтоол болсон. Тогтоолын хэрэгжилтийг хянах асуудлыг хууль хяналтын байгууллага хийх хэрэгтэй. "Х" тайлангаас 400 сая ам.доллар олтлоо хөгжиж байгаа Пүрэвтүвшин гэдэг хүнээс туршлага судалмаар байна. Үнэхээр гайхалтай. Ийм зүйл байж болдог юм уу.
-УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Хуулийн дагуу шийдэх хэрэгтэй. Зөвхөн хуулийн хүрээнд хувийн өмчийг хязгаарлана гэж Үндсэн хуульд заасан байдаг. Эрдэнэтийн 49 хувийг төрд буцааснаар Арбитрын маргаан үүсэх үү?
-Ажлын хэсгийн гишүүн Ц.Нямдорж: Арбитрын маргаан Оросын “Ростех”, “Монгол зэс” хоёрын хооронд л үүснэ. Засгийн газар, УИХ-ыг Арбитрын шүүхэд өгөх эрхгүй. Монголбанкнаас төлсөн 360 тэрбум төгрөг байгаа. Нийт 220 сая гаруй ам.доллар шүү. Түүнээс суутгаж болно. Монголбанкнаас өгсөн мөнгийг Эрдэнэтийн 49 хувийн талаас авах ёстой биз дээ. Монголд ямар ганцхан Худалдаа хөгжлийн банк гэдэг хувийн хэвшил байгаа юу. Тэгж ярихгүй шүү. Монголд олон хувийн хэвшлийн компани бий. Хуйвалдааныг таслан зогсоож байгаа нь бидний эрүүлжих эхний алхам шүү. Хойд айлтай ярих зүйл байхгүй болсон. Монголын дотоодын асуудал л үлдсэн.
-УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ: Өмнөх Засгийн газар Үндсэн хууль зөрчсөн нь үнэн ш дээ. Үндсэн хуулийнхаа дагуу УИХ-аас шийдвэр гаргуулах ёстой байсан шүү дээ. Та нар анхнаасаа л хуулиа баримталсан бол өнөөдөр ийм асуудал үүсэхгүй байсан. Тиймээс Засгийн газрын 333 дугаар тогтоолыг хүчингүй болгохыг дэмжиж байна. Хоёрт, хувийн хэвшлийг дээрэмдэж байна гэж ярьж байна. Үүнийг Засгийн газар шийднэ.
-УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан: Бүлэг дээр дуу нэгтээ тогтоолын төслийг дэмжсэн. Үүнийг УИХ батална гэдэгт итгэлтэй байна. Хууль бус арилжаанд оролцсон Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргал, Худалдаа хөгжлийн банк, Улаанбаатар хотын банкны урирдлагуудад хариуцлага хүлээлгэх ёстой. Алдааг засахын төлөө ажиллах хэрэгтэй.
-УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин: Ажлын хэсэг дүгнэлтдээ Үндсэн хууль, Компанийн тухай хууль, Засгийн газар, төрийн өмчлөлийн тухай хууль зөрчсөн байна гэж тусгасан байна. Ш.Раднаасэд даргаас асууя. УИХ-д оруулахгүйгээр Засгийн газар шийдэх хуулийн заалт байгаа гэж 49 хувийн тал хэлээд байгаа. Тэр ямар заалт байгааг хэлээд өгөөч. Та нар шалгахдаа тодорхой болгосон байх. Хоёрт, нэг арилжааны банк өөрийн хөрөнгийн 20-иос ихгүй хувийг арилжаанд оруулах ёстой гэсэн заалт байдаг. Гэтэл олон компанид Худалдаа хөгжлийн банкнаас мөнгө шилжүүлсэн байна. Энэ нь зөв юм уу. Хууль зөрчиж, үгсэн хуйвалдсан гол буруутан нь өмнөх Засгийн газрын удирдлагууд. Энэ хүмүүст л хариуцлага тооцох ёстой. Тиймээс УИХ хэлэлцэх нь зөв.
-Ажлын хэсэг Ц.Нямдорж: Олон улсын гэрээ гэдгийг Засгийн газар, Ч.Сайханбилэг хүлээн зөвшөөрөөд үүнийг УИХ-д танилцуулах үүргийг Д.Эрдэнэбатад өгсөн байгаа юм. УИХ-аар хэлэлцүүлж гэрээг хүчингүй болгох ёстой гэдгийг хамт ажиллаж байсан бүх хуулийн мэдлэгтэй хүмүүс хэлсэн байна лээ. Үүнийг мэдсээр байж, хуйвалдаад оруулалгүй шийдчихсэн.
-Ө.Энхтүвшин: Хотын прокурор хууль зөрчөөгүй гэсэн тайлбар хэлсэн байна. Энэ ямар учиртай юм бэ. Энэ тогтоолтой чинь зөрчилдөөд байгаа юм биш үү?
-Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр: Засгийн газрын Ажлын хэсгийн дүгнэлтийн дагуу албан тушаалаа урвуулсан байж болзошгүй гэдэг үндэслэлээр АТГ, Нийслэлийн прокурорт шалгах хүсэлт явуулсан. Нийслэлийн прокурор “Эрдэнэт”-ийн 49 хувийн худалдан авалт хууль зөрчөөгүй гэсэн дүгнэлт гарсан. УИХ-ын албан ёсны дүгнэлт гарсны дараа энэ асуудал дахин шалгагдаж эхэлнэ.
-УИХ-ын гишүүн Ж.Батзандан: АН-ын бүлэг хулгайтай тэмцэнэ гэдгээ мэдэгдэж байна. Хуулиараа бол нэг хүний мэдэлд хоёр банк байж болохгүй. Хууль дүрэм журам энэ банкинд үйлчлэхгүй гэдгийг Ажлын хэсэг дүгнэлтээрээ тодорхой болгосон байна. УИХ-ын эх оронч гишүүд энэ тогтоолын төслийг баталж, шударга ёсыг тогтооно гэдэг итгэж байна.
-УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир: Тухайн үеийн удирдлагууд нь УИХ-аар оруулсан бол өнөөдөр хувийн хэвшлийнхнийгээ ийм байдалд оруулахгүй байсан болов уу. 51 хувийг Стандарт банкинд тавьсан зүйл байхгүй. Жастын Батхүү гэдэг хүн зээл авсан. Тэр хүн төлдгөөрөө төлөх юм байна лээ. Тодорхой хэсгийг нь төлсөн юм байна лээ. Тиймээс одоо 49 хувийн асуудлыг нэг мөр шийдэхийн тулд тогтоолыг төслийг дэмжиж байна.
-УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат: Өнөөдрийн тогтоолыг ялын тогтоол шиг оруулж ирж байгаад харамсч байна. Гүйцэтгэх засаглал, хувийн хэвшил, банкны системээ боомилсон тогтоол оруулж ирсэнд эмзэглэж хүлээн авч байгаа. Цаг хугацаа энэ бүгдийг харуулна. Тиймээс тогтоолын төслийн эсрэг байр суурьтай байгаагаа илэрхийлж байна. Тогтоолд өмчөө хэнд шилжүүлэхийг заагаагүй шууд улсын өмч болгоно гэж заасан байгааг тайлбарлана уу. Үүнийг ингэж шийдсэний дараа Монгол Улсын банк санхүүгийн салбарт ямар үр дагавар болохыг тооцсон уу. Үүнд хариулт авмаар байна.
-Ажлын хэсэг Ц.Нямдорж: Одоо мөрдөж байгаа гэрээгээр хоёр улсын Засгийн газар гэж заасан. “Ростех” бол хувьцаа эзэмшигч. Өчигдөр буюу хоёрдугаар сарын 9-нд “Ростех”-оос Ерөнхий сайдад харьяалсан бичиг ирсэн байна. Өнгөрсөн зургадугаар сард ирүүлсэн бичигтээ “Монголын Засгийн газар худалдан авах давуу эрхээсээ татгалз, Монгол зэс компанид худалд” гэсэн бичиг ирсэн. Яагаад Оросын компанийн захирал Монголын Засгийн газар, УИХ-д шууд үүрэг өгдөг юм бэ. Ардын намын бүлэг дээр ярьсан зүйлийг Оросын компанийн захирал яасан хурдан мэддэг юм бэ. Гайхалтай. Одоо бүр гаднынхантай хамтардаг болсон юм байна. Хувийн өмчид халдаж байгаа зүйл байхгүй шүү дээ. Яагаад сонгуулийн санал хураахаас нэг хоногийн өмнө мэдэгдсэн юм бэ. УИХ-аар хэлэлцүүлэх ёстой зүйлийг яагаад оруулаагүй юм бэ. Хууль бол хууль л байх ёстой байдаг юм.
-УИХ-ын гишүүн С.Чинзориг: Эрдэнэтийн 49 хувийг худалдан авсан тал Арбитрт хандвал яах вэ. "Хан Ресурс"-ийн жишгийг давтах вий гэсэн болгоомжлол байна.
-Ажлын хэсэг Ц.Нямдорж: Засгийн газар, УИХ худалдан авсан тал биш учраас Арбитрт хандах эрх үүсэхгүй гэж харж байгаа. Худалдаа Ростех, Монгол зэс хоёрын хооронд хийгдсэн. Харин энд Монголын хууль зөрчсөн асуудал ярьж байна.
Хуралдааны төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж чуулганы танхимд орж ирж байр сууриа илэрхийлж үг хэлэв. Тэрээр "Эрдэнэт"-ийн 49 хувийг худалдан авсан арилжаа хууль зөрчөөгүй гэж хэлсэн ч, УИХ-ын гишүүдийн олонхи буюу 80.3 хувь нь "Эрдэнэт"-ийн 49 хувийг төрд авах нь зөв гэж үзлээ.