“Эрдэнэс Монгол” компанийн ТУЗ өнгөрсөн баасан гаригийн орой хуралдаж “Оюутолгой”-н Монголын талын ТУЗ-ийн гурван гишүүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Харин дараагийн ТУЗ-ийн гишүүдийг хараахан томилоогүй байна.
Өнгөрсөн долоо хоногт “Эрдэнэс-Оюутолгой”-н гүйцэтгэх захирал Да.Ганболдыг чөлөөлж, түүний оронд Нийслэлийн Засаг даргын орлогчоор ажиллаж байсан Б.Мөнхбаатарыг томилсон. Харин “Эрдэнэс-Монгол” компанийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан гадаадад томилолттой яваа учраас түүнийг үүрэгт ажлаас нь хараахан чөлөөлөөгүй байна. Маргааш “Эрдэнэс Монгол”-ын ТУЗ дахин хуралдаж, компанийн захирлуудын томилгоог хийх юм байна. Үүний дараагаар "Оюутолгой"-н ТУЗ-д Монголын 34 хувийг төлөөлөх дараагийн гурван гишүүнийг томилно.
Өмнө нь “Эрдэнэс-Оюутолгой”-н гүйцэтгэх захирал Да.Ганболд, “Эрдэнэс Монгол”-ын захирал Б.Бямбасайхан нар ТУЗ-ийн гишүүнээр томилогдож байсан. Тэгэхээр “Эрдэнэс-Оюутолгой” компанийн захирлаар томилогдсон Б.Мөнхбаатар болон “Эрдэнэс Монгол”-ын гүйцэтгэх захирлаар шинээр томилогдох хүн “Оюутолгой”-н дараагийн ТУЗ-ийн гишүүнээр томилогдох боломжтой юм. Харин гурав дахь гишүүнээр хэн томилогдох вэ.
Эх сурвалжийн мэдээлж байгаагаар “Оюутолгой”-н ТУЗ-ийн гишүүнээр Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгч Н.Багабанди гуайн нэр хамгийн хүчтэй яригдаж байгаа юм байна. Тэрээр 2010-2012 онд “Оюутолгой”-н Монголын талын ТУЗ-ийн шинээр томилогдон ажиллаж байсан нэгэн. "Оюутолгой"-н ТУЗ-ийн гишүүнээр Н.Багабанди, Г.Тэмүүлэн, Д.Батбаатар нарыг ажиллаж байхад тэднийг хамгийн сайн хослол, "Рио Тинто"-гийнхонд сайн шаардлага тавьж, шахаж ажилласан баг гэж ярьдаг. Энэ талаас нь харж Н.Багабандийг дахин ТУЗ-ийн гишүүнээр томилох бололтой.
Мөн “Оюутолгой”-н ТУЗ-ийн дараагийн гишүүнээр УИХ-ын гишүүн, УИХ-ын даргаар ажиллаж байсан Д.Дэмбэрэлийг томилно гэсэн "бор шувуу" нисгэж эхэлжээ. Магадгүй “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайханыг чөлөөлж, түүний оронд Д.Дэмбэрэлийг томилохыг үгүйсгэхгүй юм.
Компанийн засаглалын дүрмээр бол хувь нийлүүлэгчид ТУЗ-ийн гишүүдийг томилдог. Монголын Засгийн газрыг төлөөлж “Оюутолгой”-н 34 хувь эзэмшигчээр “Эрдэнэс-Оюутолгой” компанийг байгуулсан. Тэгэхээр компанийн дүрмээр бол ТУЗ-ийн гишүүнийг хувь нийлүүлэгч “Эрдэнэс-Оюутолгой” болон “Эрдэнэс Монгол” компанийн ТУЗ-ийн шийдвэрээр томилно.
2012 онд "Оюутолгой"- Монголын талын ТУЗ-ийн гишүүдийг Төрийн өмчийн хороо болон “Эрдэнэс-Оюутолгой”-н хамтын шийдвэрээр томилсон байдаг байна. Харин 2013 оны намар ТУЗ-ийн гишүүд солигдоход Засгийн газрын шууд оролцоотой томилж байжээ. "Эрдэнэс Монгол", "Эрдэнэс-Оюутолгой", "Эрдэнэс-Тавантолгой" компани Засгийн газрын шууд хамааралтай. Тиймээс "Оюутолгой"-н Монголын талын ТУЗ-ийн гишүүний томилгоонд Засгийн газраас чиглэл өгөх нь ойлгомжтой юм.