Хашаандаа хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа бүтээлч нэгэн залуутай танилцаж, цөөн хором ярилцлаа. Сүхбаатар дүүргийн 12-р хороонд эхнэр хүүхдийнхээ хамт амьдардаг Д.Эрдэнэбаяр хашаандаа бэлэг дурсгалын бүтээгдэхүүн хийдэг юм байна. Цагаан шохойг хэвэнд оруулж бэлэг дурсгалын бүтээгдэхүүн, тэр дундаа мөнгөний гахай, 12 жилийн амьтныг хийж зардаг. Д.Эрдэнэбаяр болон түүний эхнэр хоёулаа хөгжлийн бэрхшээлтэй ч тэд хүний гар харалгүй өөрсдийн бизнесээ эхлүүлэн сайхан амьдарч байгааг учирласан.
-Хэзээнээс бэлэг дурсгалын бизнесээ эхлүүлсэн бэ?
-Одоогоос 10 гаруй жилийн өмнөөс хувиараа хөдөлмөр эрхэлж эхэлсэн. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс төрийн байгууллага, хувийн хэвшилд ажилд орох боломж бага учраас хувиараа бизнес хийх нь зүйтэй юм гэж бодсон. Хашаандаа үйлдвэрлэлийн зориулалттай жижиг байшин барьж цагаан шохой, замаск ашиглан бэлэг дурсгалын бүтээгдэхүүн хийж байна. Эхлээд бүтээгдэхүүнээ хэвэнд оруулж, дараа нь лакдаж, будганд оруулна гээд л ажиллагаа ихтэй. Одоогоор эхнэртэйгээ хоёулаа л ажилладаг. Цаашид үйлдэрлэлээ өргөжүүлж, бүтээгдэхүүнийхээ тоог нэмэгдүүлбэл ажлын байраа ч нэмэгдүүлэх боломж байгаа. Одоогоор ихэвчлэн мөнгөний гахай их хийж байгаа. Захиалгаар 12 жил, бусад төрлийн амьтдыг хийж байна. Манай гэр бүлийн хүн бид хоёр ямар ч ажлыг голохгүй хийж ирсэн. Ер нь хүн л ажлыг голдог болохоос ажил хүнийг хэзээ ч голдоггүй.
-Бүтээгдэхүүнээ хаагуур зардаг вэ. Хэчнээн төгрөгийн үнэтэй зардаг вэ?
-Одоогоор бүтээгдэхүүнээ зарах тогтсон лангуу, байршил алга. Хувь хүмүүс захилгаар олныг хийлгэж, өөрсдөө зах дээр зарж байна. Мөн бэлэг дурсгалын бүтээгдэхүүн зардаг хүмүүс бөөний үнээр нь авч, зардаг. Мөнгөний гахайны хувьд том, жижгээсээ хамааран үнэ нь өөр. Хамгийн жижиг нь 2000 бол хамгийн том 10000 төгрөгийн үнэтэй зардаг.
-Жижиг дунд үйлдвэрийн зээлд хамардсан уу?
-Огт хамрагдаж чадахгүй байгаа. Бизнесээ өргөжүүлэх хүсэл байгаа ч хуримтлалгүй, мөнгөгүй болохоор бүтэхгүй байна. Энэ жил ч зээл авах хүсэлтэй байгаагаа дүүргийнхээ Жижиг дунд үйлдвэрийн төвд илэрхийлсэн. Уг нь МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрт бизнес эрхлэгчдийг дэмжиж барьцаа хөрөнгөгүйгээр бага хүүтэй зээл олгох боломжийг бий болгоно гэсэн байсан. Энэ хөтөлбөр бодит амьдрал дээр хэрэгжвэл үнэхээр сайн байна.