Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат агаарын бохирдлын эсрэг ямар арга хэмжээ авч ажиллах талаар мэдээлэл хийлээ.
Утааны асуудал зөвхөн өвөл болохоор л яригддаг сэдэв биш юм. Олон жил агаарын бохирдлыг бууруулахад хөрөнгө мөнгө шийдэж ирсэн ч өнөөдрийг хүртэл бодитой үр дүн өгсөн ажил нэг ч байхгүй байгааг Ерөнхий сайд мэдээллийн эхэнд хэлсэн. Тэрээр "сүүлийн таван жил агаарын бохирдолд 130-140 тэрбум төгрөг зарцуулсан байна. Гэтэл агаарын бохирдол буурсангүй, харин ч жил ирэх тусам нэмэгдсэн. Агаарын бохирдлыг бууруулах бэлэн судалгаа, төсөл ч алга. ШУА-ын эрдэмтдийг энэ чиглэлд ажиллаач ээ гэсэн хүсэлт тавьсан байгаа. Эрдэмтэд маань нааштай хүлээж авсан. Агаарын бохирдолд зарцуулсан 130-140 тэрбум төгрөгийн дийлэнхийг нь утаагүй түлш, зуух үйлдвэрлэхэд зарцуулсан байна. Өөрөөр хэлбэл, утаагүй түлш, суух үйлдвэрлэж утааг бууруулж чадахгүй гэдэг нь харагдаж байна. Ядаж энэ эх үүсвэрийг гэр хорооллын төвлөрлийг сааруулах, хөдөөнөөс Улаанбаатар хот руу шилжсэн айл өрхийн амьжиргааг дээшлүүлэхэд зарцуулсан бол агаарын бохирдол буурах бодитой үр дүн гарах байсныг үгүйсгэхгүй юм.
Засгийн газрын зүгээс агаарын бохирдлыг бууруулах чиглэлд анхаарч ажиллана. Нэгд, утаагүй түлш, зуух тараах биш гэр хорооллын төвлөрлийг сааруулж, орон сууцжуулах ажлыг үе шаттай хэрэгжүүлэх замаар агаарын бохирдлыг бууруулна. Утааг бууруулах хамгийн оновчтой арга бол орон сууцжуулах. Гэхдээ гэр хорооллын бүх өрхийг богино хугацаанд орон сууцжуулах боломж бага байна. Өнөөдөр Улаанбаатар хотод барилга байсан барих газар олдохгүй байна. Тиймээс хаана, ямар байршилд орон сууц шинээр барих вэ зэрэг газрын асуудлыг шийдэж, үе шаттай хэрэгжүүлнэ. Хоёрт, гэр хорооллын айл өрхийн дулааныг цахилгаан болон хийгээр хангах чиглэлд анхаарч ажиллана. 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн гэр хорооллын цахилгааны шөнийн тарифыг тэглэх асуудлыг шийднэ. Ирэх жил агаарын бохирдлыг бууруулахад 5 тэрбум орчим төгрөгийг төсөвлөсөн байгаа. Уг эх үүсвэрийг шөнийн тарифыг тэглэх, алдагдлыг санхүүжүүлэхэд зарцуулна" гэдгийг Ерөнхий сайд хэллээ.
Мөн өнгөрсөн мягмар гаригт Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурь, Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч Д.Рэгдэл нарт Улаанбаатарын утааг эрчимтэй бууруулах шинжлэх ухааны үндэслэлтэй, хамгийн боломжит шийдлийг боловсруулж Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг үүрэг болгосон. Энэ хүрээнд гэр хорооллын айл өрхийг цахилгаанаар хангахад хаана, хаана шинээр шугам сүлжээ тавих, хаана ямар шинэ төхөөрөмж суурилуулах боломжтойг эсэхийг яаралтай судалж танилцуулахыг үүрэг болгоон байна.