Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийг баталснаар монгол жолооч нар гадаадад, гадаадын иргэд Монголд жолоо барих үнэмлэх авах боломж бүрджээ. Энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын Лицензийн төвийн дэд дарга, дэд хурандаа П.Эрдэнэбатаас тодрууллаа.
-Шинэ хуулиар Лицензийн төв олон улсын жолооны үнэмлэх хэвлэхээр болсон гэв үү. Энэ талаар мэдэээлэл өгөөч?
-Тийм ээ. Лицензийн төв жолоодон эрхийн болон олон улсын жолоодох эрхийн үнэмлэх олгох, бүртгэх ажлыг хариуцаж хэрэгжүүлэхээр болсон. Шинэ хуулиар манайхтай холбоотой гурван журам гарч байгаа. Эхнийх нь, жолоодох эрхийн шалгалт авах. Хоёр дахь нь жолоодох эрхийн үнэмлэх олгох. Гурав дахь нь, тээврийн хэрэгслийг жолоодох эрх дуусгавар болгох, эрхийг сэргээх журам. Хуучин нэг журмаар зохицуулж байсныг ингэж гурав задалж байна. Энэ хүрээнд Монголд өмнө нь олгож байгаагүй олон улсын жолооны үнэмлэхийг олгохоор болж байна.
-Олон улсын жолооны үнэмлэхийг яаж авах вэ. Үнэ нь хэд вэ?
-Олон улсын жолооны үнэмлэхийн үнийг тогтоох болон үүнтэй холбоотой журам хараахан гараагүй байгаа. Ер нь бол Замын хөдөлгөөний тухай Венийн конвенцийн гишүүн орноос олгогдсон олон улсын жолооны үнэмлэхээр гадаадын иргэд Монгол Улсад зорчих боломж нээгдлээ гэж ойлгох хэрэгтэй. Ийм үнэмлэхтэй иргэд Монголд ирээд нэг жилийн хугацаагаар машинаа унаж болно. Жилийн дараа манайд хандаж үнэмлэхээ сунгуулах юм. Нөгөө талаар манай улсын иргэд Лицензийн төвд захиалга өгч олон улсын жолооны үнэмлэх аваад Венийн конвенцод нэгдсэн гадаадын 70 гаруй улсад тээврийн хэрэгсэл жолоодож болно. Гэхдээ Монголдоо бол зөвхөн үндэсний жолооны үнэмлэхээ ашиглана. Ийм таатай мэдээтэй байна даа.
-Венийн конвенцод нэгдээгүй улсын иргэн Монголоос олон улсын үнэмлэх яаж авах вэ?
- Венийн конвенцийн гишүүн бус орноос олгосон олон улсын үнэмлэхээрээ механикжсан тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглож байгаа. Тийм учраас энэ хүмүүс Монголд ирсэн бол жолооны курст суралцаж төгсөөд Монголын жолооны үнэмлэхээ авна гэсэн үг.
-Хятадын иргэд манай улсад их. Тус улс Венийн конвенцод нэгдсэн үү?
-БНХАУ Венийн конвенцод нэгдэхээр гарын үсэг зурсан боловч соёрхон батлуулж чадаагүй байгаа. Тийм учраас нэгдээгүй гэж тооцно. Хойд Солонгос бас нэгдээгүй. Харин ОХУ, БНСУ, Англи, Вьетнам улс нэгдсэн байна.