Open iToim app
Бүтээгч | 13 мин уншина

​​Д.Эрдэнэбаатар: Таван улсын хиймэл дагуул хийх төслийн хамгийн гол ажлыг монголчууд хийсэн

​​Д.Эрдэнэбаатар: Таван улсын хиймэл дагуул хийх төслийн хамгийн гол ажлыг монголчууд хийсэн
Нийтэлсэн 2017 оны 6 сарын 6
Мазаалай нэрээр нэрлэгдсэн Монголын анхны хиймэл дагуулыг өнгөрсөн ням гаригийн өглөө амжилттай хөөргөж бидний хувьд баярт мэдээ боллоо. Уг хиймэл дагуулыг Монгол Улсын Засгийн газар, МУИС-ийн хамтын ажиллагаатайгаар Япон улсын Кюүшүгийн Технологийн Институттэй хамтран “Joint Global Multi-Nation Birds” төслийн хүрээнд АНУ-ын Флорида муж улс дахь Кеннедийн нэрэмжит сансрын төвөөс "SpaceX Falcon 9" зөөгч пуужингаар сансарт гаргаж байгаа юм. “Joint Global Multi-Nation Birds” бол анхны хиймэл дагуулаа бүтээж, тойрог замд оруулахад туслах, сансарт гарцгүй улс орнуудын хүний нөөцийг бэлдэх зорилго бүхий олон улсын төсөл юм. Хоёр жил хагас үргэлжлэх энэ төсөлд Монголоос гадна Япон, Гана, Нигери болон Бангладеш улс хамрагдаж байгаа билээ. Монголын талаас уг төсөлд гар бие оролцож, хиймэл дагуулыг зохион бүтээсэн багийн гишүүн МУИС-ийн багш, Кюүшүгийн Технологийн Институтийн Докторант Д.Эрдэнэбаатартай ярилцлаа.

-Сайн байна уу? Юуны түрүүнд хийж бүтээсэн ажил тань амжилттай болсонд баяр хүргэе.
-Маш их баярлалаа. Одоо хараахан дуусаагүй байгаа. Анхны сигналаа хүлээн авсны дараа л амжилттай боллоо гэж хэлнэ дээ.
-Эхний сигнал хэзээ ирэх вэ?
-Сар гаруй хугацааны дараа хүлээж авна. Одоо хүлээх л үлдээд байна. Хөөрснөөс хойш 36 цагийн дараа Олон улсын сансрын станцтай холбогдож тэндээсээ Японы талын хэсгээс долоон сарын эхээр задгай сансарт гарч албан ёсоор үйл ажиллагаа нь эхэлнэ.
-Хиймэл дагуул хөөргөснөөр Монгол Улсад ирэх өгөөж, ямар давуу тал бий болох вэ?
-Хэд, хэдэн ач холбогдолтой. Ерөнхийд нь хиймэл дагуул гэхээсээ илүүтэйгээр сансрын технологи гэж яривал зөв байх. Сансрын технологи хөгжсөнөөр стратегийн, эдийн засгийн, шинжлэх ухааны технологийн ач холбогдолтой. Стратегийн хувьд гэхэд л тусгаар улс учраас өөрийн гэсэн хиймэл дагуултай байх ёстой. Хөөргөж байгаа хиймэл дагуулыг төрлөөс нь хамаараад батлан хамгаалахын салбар, хөдөө аж ахуйн салбар, цаг уурын салбар, байгалийн гамшигт үзэгдэл болох ган, зуд, байгалийн гэнэтийн аюулд хор хохирлыг бууруулах, урьдчилан сэргийлэх зэрэг хэрэглээнд ашиглах боломжтой. Жишээлбэл, манай улс зөвхөн гал түймрийн аюулыг гаднын хиймэл дагуулаас мэдээ авч хянадаг. Өөрийн гэсэн хиймэл дагуулгүй учраас өөрөөр бид нар хянах боломжгүй. Хэрвээ бид өөрийн гэсэн хиймэл дагуултай, цаашлаад илүү өндөр чадалтай, том хиймэл дагуултай болбол наад зах нь гал түймрээ эрт илрүүлж хохирол багатай давж гарна. Мөн тусгаар улс учраас өөрийн тусгаар тогтнолыг нэг ёсондоо баталгаажуулах хэлбэр болно. Сансрын технологи стратегийн тал дээр улс төрийн болон батлан хамгаалахын ач холбогдол өндөртэй байдаг.
Мөн өндөр үнэтэй дата гаднын хиймэл дагуулаас авахгүйгээр өөрсдийн датаг ашигласнаар эдийн засгийн ач холбогдолтой.
-Дотооддоо нарийн мэргэжлийн өндөр технологиудыг ашиглах боломжтой боллоо гэж ойлгож болох уу?
-Хамгийн гол нь эдгээрээс илүүтэй бидний зорьж ажиллаж байгаа зүйл бол технологи ба шинжлэх ухааны хөгжил гэдэг дээр нэлээд төвлөрч байна. Хиймэл дагуул гэдэг бол системийн инженерчлэлийн хаан гэж яригддаг бөгөөд олон төрлийн шинжлэх ухааны салбаруудыг агуулсан нэг систем. Энэ бол зөвхөн инженерчлэлээс гадна менежмент, нарийн суурь шинжлэх ухаан, хэрэглээ гэх мэт бүх зүйл оролцсон цогц систем байдаг. Энэ системийг өөрсдөө эзэмшиж, хүний нөөцөө өөрсдөө бэлддэг болно гэдэг бол яваандаа өндөр технологийг Монголдоо нутагшуулах боломжтой болгох гарц гэж хэлж болох юм. Манай инженерийн багийнхны хувьд хиймэл дагуулын хөгжлөөр дамжуулж Монгол Улсад өндөр технологийг нутагшуулах гэсэн гол зорилготой. Зөвхөн үүнийг авч хэрэглэх биш бид нар өөрсдөө энэ технологийг эзэмших, өрсөлдөх, тэргүүлэх гэсэн үе шаттай зорилго тавиад, төлөвлөгөөний дагуу ажиллаж байгаа. Одоогийн байдлаар баг маань жижиг, цөөхүүлээ, зөвхөн төлөвлөгөө боловсруулах хэсэгтээ явж байгаа ч гэсэн цаашдаа хиймэл дагуул маань сигналаа өгөөд, амжилттай болж, олон хүмүүст хүрвэл дэмжлэг туслалцаа авах болов уу гэж найдаж байна.

-Хиймэл дагуул хөөргөх судалгааны ажлыг хэзээнээс эхэлсэн бэ. Хамтын ажиллагаагаа хэрхэн тогтоосон бэ?
-Би өөрөө МУИС-аас 2014 онд Японы Засгийн газрын тэтгэлгээр НҮБ-ын хөгжиж буй орнуудын сансрын технологийг дэмжих зорилготой төслийн хүрээнд Сансрын технологийн чиглэлээр докторт суралцах гэж энд ирсэн. Тухайн үед ирээд Японы Кюүшүгийн Технологийн Институтэд олон улсын хиймэл дагуулын багийн гишүүн болж ажилласан. Ажилласан хиймэл дагуул маань 2016 оны хоёрдугаар сард хөөрсөн. 2015 онд Монгол Улс Японтой хамтарсан “Инженер Технологийн Дээд Боловсрол” хэмээх хүний нөөц бэлтгэх төсөл буюу өөрөөр “1000 инженер” нэртэй төсөл хэрэгжиж байсан. Энэ төслийн хүрээнд “Сансрын технологийн инженерчлэл болон хэрэглээ” гэсэн нэртэй дэд төсөл хүний нөөц бэлтгэх зорилготойгоор МУИС дээрх 10 ижил төрлийн төслийн нэг төсөл болж хэрэгжиж эхэлсэн. Энэхүү хүний нөөц бэлтгэх төслийг Манай МУИС-ийн Профессор Р.Цолмон удирдаж явуулдаг. 2015 оны намар манай багийн гишүүн Т.Төртогтох 1000 инженерийн төслийн хүрээнд, Д.Амартүвшин надтай адил төслөөр Японд ирж бид гурав нэг баг болон энэ удаагийн Мазаалай хиймэл дагуулыг бүтээх төсөл маань бодитоор эхэлсэн дээ. 2015 оны долдугаар сард миний сурдаг сургуулийн Чо Мэнгү гэдэг профессор өмнө дурдсан Японы хиймэл дагуулын төслийн гишүүн байсан, хиймэл дагуул дээр ажиллах туршлагатай Монгол, Гана, Нигери болон Бангладеш дээр нь Япон улсуудын судлаачдыг цуглуулж олон улсын жижиг хиймэл дагуул хөгжүүлэх төсөл эхлүүлэх санаагаа хэлж улмаар судлаачид бүгд дэмжсэнээр “Joint Global Multi Nations BIRDS” (товчоор BIRDS) нэртэй олон улсын төслийн гараа эхэлж байлаа. Тэр үед мөн нөгөө хоёр гишүүн маань тэтгэлгээ аваад ирж байсан.
“BIRDS” төслийг бодитоор эхлүүлэх зорилгоор би Чо Мэнгү профессортой хамт Монголд ирж МУИС дээр анх энэ төслийг танилцуулж байсан. Манай МУИС-ийн удирдлага саналыг дуртай хүлээн авч улмаар төслийн санхүүжилтийг хайх ажил эхэлсэн гэж хэлж болно. Ингээд тус оны аравдугаар сард төсөл албан ёсоор эхэлсэн. Бид гурав Японд ажиллах үеэр араас мөнгө, санхүү муу байна гэсэн асуудал байнга л тавигдаж байсан. Азаар хиймэл дагуулын нийт өртөг 100 мянган долларын тал хувийг МУИС, үлдсэнийг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Онцгой байдлын албанаас гаргаж, төслөө амжилттай үргэлжлүүлсэн. Мөн олон нийтийн хандив туслалцаагаар МУИС дээр байрлах хиймэл дагуулын газрын станцаа байгуулж чадсан. Үнэндээ 100 мянган доллар нэг даргын машины үнэ шиг сонсогдож байгаа ч цагаа тулахаар энэ мөнгийг олох хэцүү байсан шүү.
-Зарим мэдээлэлд Мазаалай хиймэл дагуулыг ЮНЕСКО-гийн ивээл дор хөөргөсөн тухай гарсан. ЮНЕСКО-той ямар хамтын ажиллагаатай ажилласан юм бэ?
-Харж байхад цахим сүлжээд алдаатай мэдээллүүд их явж байна. Жишээлбэл, “ЮНЕСКО болон Японы Засгийн газрын ивээл дор мазаалай хиймэл дагуул хөөрлөө” гэж мэдээлж байна. Үнэндээ агуулга нь тэс ондоо. Монгол Улсын Засгийн газар болон МУИС өөрсдөө мөнгөө гаргаад, Япон уруу өөрсдийн хүмүүсээ явуулж, байгууллага хоорондын гэрээний дагуу хийсэн ажлыг ЮНЕСКО болон Японы Засгийн газрын ивээл дор явагдсан төсөл гэж бичих нь хүмүүст агуулгын хувьд тэс ондоо мэдээлэл хүргэж байна. Монголын сайтууд болон телевизүүдээр цацагдсан энэ буруу агуулгатай мэдээллийг бүр цаашлаад олон улсын “Reuters” агентлаг авч нийтэлсэн байсан нь дэлхий дахинд тэр чигээрээ буруу ойлголт төрүүлж байгаа юм. ЮНЕСКО ямар ч оролцоо байхгүй. Харин багаж технологийг нь ашиглаж, угсарч хийсэн газар бол Кюүшүгийн Технологийн Институт юм. Таван орны хамтарсан төсөл эхлээд улс бүрийн Их сургуулиуд өөрсдийнхөө гэрээг Кюүшүгийн Технологийн Институттэй байгуулсан. Сургуультай гэрээ байгуулсан учир нь Японы Сансрын агентлаг “JAXA” хиймэл дагуулын хөөргөлтийг гэрээний хувьд хариуцаж байгаа хэдий ч шууд аль нэг улсын Засгийн газартай харьцах эрх зүйн бололцоо байдаггүй учраас аль нэг сургуулиар дамжин харилцаа тогтоодог. Тиймээс Япон болон Монголын сансрын орчинд хамтарч ажиллах боломж зөвхөн Их сургуулиудын хооронд явагдаж байгаа юм. Харагдах талаараа Их сургуулийн хамтын ажиллагаа боловч цаагуураа улс орны хамтын ажиллагаа явагдаж байна гэж ойлгож болно. Тиймээс энэ тал дээр МУИС Монгол дахь төв нь болж өөрийн хөрөнгө оруулалтаа цуглуулсан. Хиймэл дагуулыг хөөргөх ажлын санхүүгийн тал хувийг МУИС өөрийн данснаас гаргаж, үлдсэн хувийг Онцгой байдлын газар буюу Шадар сайдын багийнхан гаргасан. Яагаад гэвэл ирээдүйд энэ хиймэл дагуулыг гамшгийн үед ашиглана гэдэг үүднээс Шадар сайдын багийн Онцгой байдлын сангаас санхүүжилт гаргасан. Энд сурч байгаа гурван оюутны тэтгэлгийн асуудал хүртэл тусдаа буюу хиймэл дагуулын төсөлтэй огт хамаагүй. Монголчууд өөрсдөө мөнгөө гаргаад, өөрсдөө оюун ухаан, хүч хөдөлмөрөө зарцуулаад, өөрсдийн гараар анхныхаа хиймэл дагуулыг бүтээсэн гэдгийг хүмүүс ойлгоосой. Нэг талаараа дотоодын инженерүүддээ итгэх итгэлийг олон нийтэд өгөх чухал ач холбогдолтой үйл явдал шүү дээ. Гэтэл ЮНЕСКО-ийн ивээл дор гэх мэтээр ярихаар бас л нэг гадаадын тусламж гэж ойлгогдохоор байгаа юм.

-Төслийн явцад хүндрэлтэй асуудлууд хэр их тулгарсан бэ?
-Анх бүх зүйлээ шинээр сураад хийж байсан учраас асуудалтай зүйлүүд маш их байсан. Дээрээс нь бид гурав гурвуулаа докторантаар сурч байгаа, докторын судалгааны ажил нь хиймэл дагуулын төслөөс тусдаа, дээрээс нь тус тусын хичээлтэй гээд ачаалал маш их байсан л даа. Олон өдөр нойргүй хонож ажилласан. Маш их ачаалалтай байсан ч гэсэн өнөөдөр ингээд үр дүндээ бага ч гэсэн ойртоод байж байгаагаа харахад баяртай байна.
-Нийт энэ төсөл дээр хэчнээн хүний бүрэлдэхүүнтэй баг ажилласан бэ?
-Нийт 15 судлаач оюутан ажилласан. Энэ нь таван улсаасаа ойролцоогоор гурав оюутан байсан гэсэн үг. Нигерээс хоёр оюутан, Тайландаас нэг оюутан байсан. Түүнээс гадна 4-5 профессор болон зарим тоног төхөөрөмж хариуцсан хүмүүс ажилласан.
-Монголын багийн гишүүдийн хувьд энэ төсөл дээр ямар үүрэг оролцоотойгоор оролцсон бэ?
-Миний хувьд тэжээлийн систем буюу нарны дэлгэц, батарей, тэжээлийн үүсгүүр гэсэн цахилгааны хэсгийг нь хариуцаж ажилласан. Дээрээс нь “Interface management” гэдэг ажлыг хийсэн. Т.Төртогтох хиймэл дагуулын төв процессорын систем, холбооны системтэй нь хамт бүхлээр нь хийсэн. Харин Д.Амартүвшин зураг авах системийг тэр чигт нь хариуцаж гүйцэтгэсэн. Манай хиймэл дагуул хоёр камертай. Хоёуланг нь хариуцаж хийсэн. Энэ 15 гишүүн эхлээд бүгдээрээ хамт нэг хиймэл дагуул дээр ажиллаад, ерөнхий загвар дизайн зохиохоос аваад дуустал нэг загвар дээр явж байсан. Хамгийн сүүлд нь тав хувилж хийж байгаа юм. Тэгэхээр энэ төсөл эхлэхээс дуустал таван улсын хиймэл дагуул дээр хамгийн гол ажлыг Монголчууд хийсэн гэж хэлж болно. Мэдээж нөгөө гишүүдээ үгүйсгэж байгаа юм биш, гэхдээ жинтэй хувь нэмэр оруулснаа хэлэх хэрэгтэй. Ингэж хэлж буйн учир нь энэ хиймэл дагуул монголчуудын ур ухаанаар хийсэн бүтээл шүү гэдгийг хүмүүст ойлгуулахыг хамгийн их хүсч байгаа юм. Хиймэл дагуулын хөгжүүлэлт дууссаны дараа улс улсын хиймэл дагуул дээрээ тухайн улсынхан өөрсдөө ажилласан. Яг Мазаалай хиймэл дагуулын хувьд зөвхөн бид гурав л хийсэн гэсэн үг.
-Мазаалай гэдэг нэрний хувьд яримаар байна. Яагаад энэ нэрийг өгөх болов?
-Анх NUMSAT-1U гэдэг нэр өгч гэж байсан. NUM гэдэг нь МУИС гэдгийн гадаад товчлол “satellite” гэдгийн SAT ийг аваад цаашдаа үргэлжлэхийг бэлгэдэж 1U гэдэг томьёоллыг өгнө гэж бодож байсан. Гэтэл МУИС дээр хандив цуглуулах үйл ажиллагаа болоход оюутнуудаас өөрсдөө нэр өгье гэдэг санал гарсан юм билээ. Ингээд “Монгол мазаалай” буюу “МОЗАЛА” гэдэг нэр өгсөн юм. Гэтэл гозилла, мозилла гэх мэт байдлаар сонсогдоод, өмнө нь байдаг байсан брэнд нэр шиг болоод байсан. Тэгээд үндсэн “Мазаалай” гэдгээр нь явуулсан дээр юм байна гэж шийдсэн. Гадаад орны хувьд ч тэр, монголчуудын хувьд ч тэр хэн ч сонссон ойлгомжтой юм байна гэдэг дээр нэгдсэн. Дээрээс нь ховордож байгаа энэ баавгайд дэлхий нийтийн анхаарлыг хандуулахад хувь нэмрээ оруулъя гэсэн зорилготойгоор “Мазаалай” гэдэг нэрийг өгсөн. Үүнээс гадна мазаалай бол говь цөлийн хатуу ширүүн уур амьсгалд амьдардаг амьтан. Сансрын орчин өөрөө халуун хүйтэн харшилдаг дэлхийн орчноос тэс өөр орчин учраас тийм орчинд ч гэсэн мазаалай баавгай шиг хиймэл дагуул маань тэсээд ажиллаасай гэдэг хоёр дахь утга бас байсан.
-Энэ удаагийн хөөргөсөн хиймэл дагуул хэр удаан сансарт байх боломжтой вэ?
-Задгай сансарт гарснаас хойш хамгийн багадаа нэг жил ажиллана. Дараа нь өөрөө аяндаа агаар мандалд уусаад алга болно.
-Дараагийн ажлыг хувь хувьдаа яаж төлөвлөж байгаа вэ?
-Хувийн хүсэл мөрөөдөл бол Монголын инженерийн боловсролд хувь нэмэр оруулах, залуу үеэ шинжлэх ухаан технологид дурлуулж энэ тал дээр чадварлаг боловсон хүчин бэлдэж, ирээдүйд Монгол Улс технологийн хувьд хүчирхэг гүрэн болоосой гэдэг мөрөөдөлтэй. Манайд хүн ам цөөхөн хэр нь чадварлаг болох өгөгдөл байгаа хэдий ч бодит боловсрол, технологийн шинжлэх ухааны чадвар хараахан сайн биш байгаад байгаа нь анзаарагддаг. Бид өөрөө өөрсдийгөө бэлдэхгүй бол өөр хэн ч бидний өмнөөс хөгжүүлж өгөхгүй учраас юуны өмнө энэ “Мазаалай” хиймэл дагуул залуу, дараагийн үед маань маш их урам зориг өгөх зүйл болоосой гэж хүсч энэ ажлыг хийсэн. Дараа дараагийн хүсэл мөрөөдөлдөө хүрэхэд ч бас дэм болох болов уу гэж бодсон. Манай баг тавуулаа болж өргөжчихсөн байгаа. Бид нар өөрсдөө баг байгуулаад энэ багтаа нэр өгч цаашид ажиллана. Ерөнхийдөө нийгэмд хандсан үйл ажиллагаа явуулах зорилготой байна. Мэдээж хүн болгон өөрийн гэсэн зорилготой, гэхдээ манай багийнхныг нэгтгэж байгаа нэг зүйл нь эцэстээ Монгол Улсаа хөгжүүлье гэсэн чин хүсэл байна. Нэг нууц задлахад 2206 он гэхэд Монгол Улс нарны аймгийн технологийн хувьд нэгд эрэмбэлэгдэх улс болсон байна гэсэн хэтийн зорилгоо бид өөрсдийн багийн зорилго болгон тодорхойлсон. Энэ бол зарим хүмүүст хэзээ ч биелэхгүй мэт санагдаж байгаа байх. Гэхдээ өнөөдөр л эхлэх юм бол энэ зорилгод хүрэхэд тийм ч хэцүү биш. 2206 гэдэг тоо нь өөрөө Их Монгол Улс байгуулагдсанаас 1000 жилийн дараа гэсэн бэлгэдэлтэй. Гэхдээ ер нь ойрын 10-20 жилдээ хүмүүс ангараг гараг дээр буугаад тэнд судалгаа шинжилгээ хийгээд эхэлнэ. Технологи ийнхүү хурдацтай хөгжиж байхад бид нар хоцрохгүйн тулд өөрсдөө хичээх хэрэгтэй.
-Инженерийн боловсролыг хөгжүүлэх гэж ярьж байна. Инженерийн боловсрол, тэр тундаа физикийн шинжлэх ухаан, сансар судлал тухайн оронд, дэлхий дахинд ямар өгөөжтэй байдаг вэ. Ямар нөлөө үзүүлж чадах вэ?
-Инженерийн боловсрол гэдэг бол технологийг хэлж байгаа. Мэдээллийн технологи, электрон тоног төхөөрөмжийн технологи, цөмийн технологи, сансар судлалын технологи гэх мэт өндөр технологиудыг эрэмшихгүйгээр цааш хөгжих боломжгүй. Дэлхий дахинд улс бүр үүн дээр анхаарч ажиллаж байгаа. Заавал хөгжингүй орон гэлтгүй жижиг буурай орнууд хүртэл үүний хэр чухлыг ойлгож , хөгжүүлэх ажил дээр илүү их анхаарлаа хандуулж байна. Хэрвээ бид энэ хөгжлөөс хоцорвол хэн ч биш болно. Технологи эзэмшихэд хамгийн гол зүйл бол боловсролын систем. Тиймээс Монголын залуучууд технологид хүрэх арга зам нь ердөө л боловсролын систем. Технологи гэдэг хүн төрөлхтний ирээдүй юм. Монгол Улсаа хөгжүүлье гэвэл бид нар технологиос зугтах гарц байхгүй.
-Орчин үеийн залуучуудын хувьд энэ чиглэлээр сонирхох хандлага хэр зэрэг нэмэгдэж байна вэ?
-Сонирхол бол байгаа. Залуу үе гэдэг шинэ соргог зүйлийг сураад, хөгжөөд явдаг. Гэхдээ ганцхан асуулт байгаа нь өмнөх үе бидэнд тэр замыг хэр зэрэг бэлдэж өгч чадах вэ гэдэг асуулт юм. Гэтэл одоогийн залуучуудын хүсэл сонирхол эрмэлзэл нь хэчнээн их байлаа гээд бид нар системээ сайжруулахгүй бол залуучуудаа бэлдэж чадахгүй. Тиймээс залуучуудын хүсэл сонирхол илүү байна уу, дутуу байна уу гэж ярихын өмнө тэднийг сонирхлынх нь дагуу бэлдэж чадах чадвар бидэнд байгаа юу гэдгээ харах ёстой. Ингээд харах юм бол энэ бол асуултын тэмдэг. Тухайлбал энд сурч байгаа таван залуус бүгдээрээ МУИС-ийн Физик электроникийн сургуулийг төгссөн. Харамсалтай нь одоо физик электроникийн анги байхгүй болсон. Тиймээс дахиж физик электроникийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх боломжгүй болсон гэсэн үг. Ингээд Монголын хувьд физикийн хэрэглээний салбарын ирээдүй тодорхой хэмжээнд бүдгэрч байгаа юм. Энэ чиглэлээр сурах сонирхолтой залуус олон байгаа. Гэтэл энэ хүрээд тэдний хүсэл сонирхол тасарч байна. Тиймээс залуусын хүсэл сонирхол ямар байна вэ гэхээс илүүгээр Монголд боломж бололцоо хэр байна вэ гэдгийг ярих хэрэгтэй. Манай багийн зорилго бол системтэйгээр энэ боловсон хүчнийг бэлдэх хөтөлбөр, лабораторитой, бүгдийг нь хэрэгжүүлэх технологийн паркийг МУИС дээр суурилуулан бэлдэж, хөтөлбөр сургалтыг явуулах төслийг хэрэгжүүлнэ. Үүн дээрээ цаашдаа дэмжлэг хүснэ. Энэ төслийг хэрэгжүүлэхэд бидний таван хүний хүн багадна. Тиймээс залуусыг хамтарч ажиллахыг хүсч, уриалж байна. Харин бид нар улсаас хүсч байгаа зүйл гэвэл эрх зүй болон дэд бүтцийн боломж бололцоог олгоход туслаач гэдэг юм. Ердөө суурь бааз системийг бүрдүүлэх нь чухал. Хэрвээ зөв системтэй болчихвол манай монгол залуус авьяастай учраас бүгдийг хийх боломжтой. Би өөрөө МУИС-ийг төгсөөд, тэндээ ажиллаж, тэр замаар яваад ирсэн болохоор нөхцөл байдлыг хараад байгаа юм. Би өөрийнхөө хувьд гурав дахь хиймэл дагуулын төсөл дээр ажиллаж байна. Өндөр хөгжилтэй оронд ирээд суралцахаар Монголд бидэнд юу дутагдаад байгаа нь илүү их харагдаж байна.

-Мазаалай хиймэл дагуулыг цаашид хөгжүүлэх боломж яаж нээгдэх вэ?
-Хиймэл дагуул задгай сансарт гарах үйл ажиллагааны арга хэмжээ Японы сансрын агентлаг дээр хийх юм. Тэр арга хэмжээг “JAXA” зохион байгуулж байгаа. Долдугаар сарын эхээр зохион байгуулагдах байх. Задгай сансарт гарах үйл явдал бол хамгийн чухал үйл явдал. Энэ арга хэмжээнд таван улсын Засгийн газрын энэ салбартай холбоотой шийдвэр гаргах төвшний хүмүүсийг оролцуулсан үйл ажиллагаа болно. Тус арга хэмжээнд манай улсаас ирэх хүмүүсийн нэр одоогоор тодорхойгүй байгаа. Бидний найдаж буйгаар шийдвэр гаргах бодлогын төвшний төлөөлөл хүрэлцэн ирээсэй, сансрын чиглэлийг хөгжүүлэх тал дээр хувь нэмрээ оруулж чадах хүмүүс оролцоосой гэсэн хүлээлт байна. Оролцох байх гэж найдаж байна. Яг тэр үеэр Монголд анхны сигнал ирэх үе болж таарна. Энэ бол хиймэл дагуул ажиллаж байна гэсэн хамгийн том үйл явдал юм. Японы талаас үйл ажиллагаандаа бэлдээд эхэлсэн, манай улсын талаас ч мөн эртнээс явах хүмүүсийг тодорхой болгож, цаашдаа ямар чиглэлээр хамтарч ажиллах боломжтой эсэхийг харгалзаж, зөв хүмүүсийг ирүүлээсэй гэж хүсч байна.
-Ярилцсанд баярлалаа. Та бүхэнд амжилт хүсье.

Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн