Open iToim app
Дэлхий | 2 мин уншина

Эрдэмтэд манай гаригийн шинэ тивийг нэрлэжээ

Эрдэмтэд манай гаригийн шинэ тивийг нэрлэжээ
Нийтэлсэн 2017 оны 3 сарын 15
Дэлхий бөмбөрцгийн хуурай газрыг ихэвчлэн Ази, Африк, Хойд Америк, Өмнөд Америк, Антарктид, Европ, Австрали гэх долоон тив болгон ерөнхийд нь ангилдаг. Харин геологичид манай гаригийг эх газраар нь хуваан авч үзэхдээ Европ, Азийг нэгтгэн Евроази гэж үзэн, манай гариг зургаан тивтэй хэмээн дүгнэдэг. Энэ талаар ч дунд сургуулийн сурах бичгүүдэд заасан байдаг. 

Харин шинэ судалгаагаар долоо дахь геологийн тив буюу эх газар байх боломжтой тивийг нэрлэжээ. АНУ-ын Геологийн нийгэмлэгээс Шинэ Зеланд болон Шинэ Каледонийн газар нутгийг “Зеландия” хэмээх геологийн шинэ тивээр зарлажээ. Энэ талаарх 11 эрдэмтний хамтарсан эрдэм шинжилгээ судалгааны материал АНУ-ын Геологийн нийгэмлэгийн албан ёсны сэтгүүлд гарсан байна. Эрдэмтдийн үзэж байгаагаар “Зеландия” тив нь Шинэ Зеландын нутгаас Номхон далайн нутгийг хамарсан нийтдээ 4.9 сая хавтгай дөрвөлжин км газар нутагтай тив байх юм. Энэ нь Австрали тивийн газар нутгийн 3/2-тай тэнцэх хэмжээний нутаг гэнэ. Далайн ёроолоос ялгарч өргөгдсөн "Зеландия" тив нь ойролцоогоор Энэтхэгийн хэмжээтэй, Мадагаскар, Гринландын арлуудаас том хэмжээтэй аж. Шинэ Зеланд, Шинэ Каледонийн арлууд нь уг эх газрын ердөө таван хувийг эзэлдэг бөгөөд эдгээр арлууд нь Номхон далайн өмнөд хэсэгт усан дор орших тивийн хамгийн өндөр цэгүүд нь болж байна. Шинэ тивийн 94 хувь нь Номхон далайн гүнд нуугдсан байгаа гэж судалгааг явуулсан эрдэмтэд үзэж байна.  Судлаачдын үзэж байгаагаар хуурай газрын тэр хэсэг 80 сая жилийн өмнө Гондвана гэх балар эртний тивээс тасарчээ.

Геофизикч Брюс Люндик анх 1995 онд “Зеландия" хэмээх эх газрыг судалж, тив болгох санал гаргаж, сүүлийн 10 гаруй жилийн турш судалгаа шинжилгээ хийжээ. Ингээд эрдэмтэд уг газрыг хангалттай хэмжээний эх газартай учраас ийм дүгнэлтэд хүрч, манай гарагийн шинэ тивээр зарласан байна.
Хэрэв шинжлэх ухааны нийгэмлэг эрдэмтдийн дэвшүүлсэн таамгийг хүлээн зөвшөөрвөл дэлхийн газрын зураг шинэ тивтэй болох юм. 
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн