Олны хайртай аварга А.Сүхбат улсын наадамд зодоглоно гэдгээ мэдэгдлээ. Бөхөд хайртай монгол түмний хувьд үнэхээр сайхан мэдээ. Хурц, уран барилдаантай “жижиг” аварга барилдах нь өөрөө улсын наамдын бөхийн барилдааныг өнгө оруулж, илүү том болгодог. Алдарт сэтгүүлч Ц.Балдорж агсан нэгэнтээ “Ер нь хоёр монгол хүн тулж уулзаад муудалцаж хонь чоно болдоггүй юм. Дандаа дундуур нь хар муур гүйдэг юм” гэж байв. Түүн шиг аварга А.Сүхбат, Бөхийн холбооны тэргүүн Ц.Нямдорж нарын харилцаа дандаа ийм “хүйтэн дайн”-ы байдалтай байгаагүй нь ойлгомжтой. Аваргын гавьяатын найран дээр Бөхийн холбооны тэргүүн Р.Нямдорж “Сүхбат бол монгол бөхийн барилдааныг урлагийн төвшинд эзэмшсэн хүн ” гэж байв. Монгол хэлзүй, утга найруулгын талаас нь аваад үзвэл үүн шиг оносон зүйрлэл, үүнээс илүү үнэлэмж гэж байхгүй. Үнэхээр ч аварга А.Сүхбат бол өөрөө барилдахаасаа илүүтэй үзэгчдэд барилдаан үзүүлэх хэмжээнд уран барилддаг ховорхон бөх. Тийм учраас л бөхөд хайртай монгол түмэн Цагаан сар, улсын наадам дөхөх бүрт, “жижиг” аварга барилдах болов уу гэж бараг өөрөөсөө асуудаг хэрэг. Тийм ээ, тэр өнөө жил дахиад барилдана гэнэ. Гэхдээ хоёр зүйл байна. А.Сүхбатын барилдах сайн мэдээг нэг муу мэдээ дагаж байна . Аваргын барилдах сайн мэдээ наамдын комиссынхон болон, Бөхийн холбооныхонд нэмэлт ачаа үүрүүллээ. Энэ нь нэг өдөр зэрэг дархан аварга цол авсан А.Сүхбат, Г.Өсөхбаяр хоёрын хэн нь зүүнийг магнайлж, хэн нь гурвын даваанд түрүүлж ам авах тухай юм. Ноднингийнх шиг дахиад л бөөн хэрүүл болох уу. Жилд ганц удаа болдог улсын наадмаа, тэр дундаа монгол эрчүүдийн эерэг төлөөлөл болдог бөхчүүд хэрэлдэнэ, хэрүүлтэй барилдана гэдэг бол цээр. Тийм учраас өнөө жил ноднингийн алдаагаа давтаж ноднингийнх шиг “улаан хэрүүл” болгохгүйн тулд Бөхийн холбоо, Улсын баяр наадмын комиссынхон бөхийнхөө эрэмбэ дараагаа үнэн зөв гаргаж түүнийгээ ягштал баримтлах хэрэгтэй. Яг үнэндээ ноднин бол А.Сүхбат аварга “хавчлаа гадуурхлаа” гэж уурлаж байгаад л зүүнийг магнайлчихсан. Гурвын даваанд аварга Г.Өсөхбаярыг амласан. Энэ нь түүний хувьд Г.Өсөхбаяр бол миний “дүү” дархан аварга юм гэдгийг олон нийтэд мэдрүүлэх гэсэн бодлогын ам авалт байлаа.Үйл явдал ингээд өнгөрч, наадам дууссаны дараа Бөхийн холбоо тайлбар гаргаж, зарим зүтгэлтэн нь “залруулга” хийсэн юм. Түүгээр нь бол Г.Өсөхбаяр аварга зүүнийг магнайлж, гурвын даваанд түрүүлж ам авах байжээ. Өөрөөр хэлбэл, сонгуулийн сурталчилгаанд нь оролцсноос ч болсон уу, АН-ын гишүүн учраас ч тэгсэн нь үү А.Сүхбат дархан аварга цолоо Ерөнхийлөгчөөс түрүүлж гардсан нь зүүнийг магнайлах, Өсөхөөгөөс түрүүлж ам авах эрхзүйн баталгаа баримт биш байжээ. Ерөнхийлөгч хоёр аваргад дархан аварга цолыг нь гардуулахаасаа өмнө“ам авах эрэмбэ нь Баяр наадмын тухай хууль, Бөхийн холбооныхоо дүрэм журмаар болно шүү” гэж хэлсэн тухай Бөхийн холбооны тэргүүний нэгэн ярилцлагад бий. Бөхийн холбооны дээрх тайлбарыг цааш хөөвөл “Үндэсний бөхийн барилдааны нэг, хоёр, дөрвийн даваанд бөхчүүдийг цолны болон амжилтын эрэмбээр тулгаж барилдуулах бөгөөд бусад даваанд дээрх эрэмбээр ам авч барилдана” гэж хуульд заажээ. Мөн “амжилтын эрэмбээр ам авах заалт нь дархан аварга цолтонд хамаарахгүй” гэж заасан байна. Гэхдээ энийг хүмүүс буруу ойлгодог. Энэ заалт нь дархан аварга цол авснаас хойш үйлчлэх л заалт. Харин дархан аварга цол авах хүртэлх амжилтын эрэмбэ бол хэн нь түрүүлж дархан аварга болох, хэн нь эхэнд эрэмбэлэгдэхийг зааж байгаа юм. Харин дархан аварга болсны дараа үзүүлсэн амжилт бол эрэмбэд хамаарахгүй. Тухайлбал, улсад дөрөв түрүүлсэн Д.Цэрэнтогтох,тав түрүүлсэн аварга Д.Дамдин агсан, зургаа түрүүлсэн Ж.Мөнхбат аварга нар улсад 10 түрүүлсэн Х.Баянмөнх, 11 түрүүлсэн Б.Бат-Эрдэнэ аваргаас түрүүлж ам авдаг. Яагаад гэвэл тэд түрүүлж дархан аварга болсон учраас тэдэнд бусдын амжилт нөлөөлдөггүй. Харин нэг өдөр ижил цол авбал, “нэг өдөр ижил цол авсан бөхчүүдийг өмнөх цолтой байх үеийн амжилтаар эрэмбэлэх”-ээр Засгийн газрын тогтоол, Баяр наадмын тухай хууль, Бөхийн дүрэмд заасан байдаг юм байна. Тэгэхээр дархан аварга болохоос өмнөх үеийн амжилтын эрэмбээр А.Сүхбат, Г.Өсөхбаяр хоёрын хэн нь илүү вэ гэдэг хамгийн чухал. Энэ шалгуураар бол, Г.Өсөхбаярын улсын баяр наадамд дөрөв түрүүлж, нэг үзүүрлэж, хоёр удаа найм, дөрвөн удаа долоо давсан, 14 шөвгөрсөн амжилт нь А.Сүхбатынхаас илүү гэж Бөхийн холбооныхон хэлж байгаа юм. Харин А.Сүхбатын хувьд наадамд гурав түрүүлж,гурван удаа долоо давсан 11 шөвгөрсөн амжилтын эрэмбэтэй юм байна. Иймд дархан аврага болох хүртэлх үеийн амжилтын эрэмбэээр Г.Өсөхбаяр илүү учраас А.Сүхбатын өмнө ам авч, зүүнийг магнайлах учиртайг Бөхийн холбооныхон хэлж байгаа юм. Харин дархан аварга болсноос хойш энэ эрэмбэ ам авахад нөлөөлөхгүй. А.Сүхбат аварга одоо дархан аварга болсноосоо хойш дахиад 10 түрүүлсэн ч өмнөх дархан аваргуудаасаа, бүр Д.Бат-Эрдэнэ аваргын өмнө ч ам авахгүй гэсэн үг.
. Хууль дүрэм ба жишиг хоёрын аль нь хүчтэй вэ. Хэрвээ жишгийг илүүд үзвэл аварга, арслан, заан, начин цолтнуудын ам авах эрэмбэд ч шинэ жишиг тогтоох хэрэгтэй. Харин хууль дүрмээ барина гэвэл ноднингийн “бантан”-гаа наадамчдад юу гэж тайлбарлах вэ. Хууль дүрмээ барилаа гэхэд авараг А.Сүхбат дахиад л хавчлаа, гадуурхлаа гэнэ. Ноднин зүүнийг магнайлчихсан хүн хойтон нь “зүгээр л уучлаарай” гэж хэлээд барууны магнайд зогсохгүй. Хоёр аваргын хэнийг ч биш, Д.Бат-Эрдэнэ аваргыг барилдуулж зүүнийг магнайлуулж болно. Гэтэл Д.Бат-Эрдэнэ аварга улстөрд хор найруулж сурсан байж болох ч, бөхчүүдийнхээ хэрүүл дундуур орохооргүй хашир хүн. Тийм учраас бараг л барилдахгүй байх, барилдлаа гэхэд нөгөө хоёр залуу аварга нь барууны магнай дээрээ хэрэлдээд эхэлнэ. Гэхдээ эндээс хамгийн гол нь хэн юу гэж хүсэх нь чухал биш. Харин эргэж буцсан, булхайтай наадам, бөхийн барилдааныг наадамчдадаа үзүүлэхгүй байх нь бөхийн холбоо, наадмын комиссын үүрэг юм. Ер нь бол яаж ч бодсон наадмын өмнө хоёр аваргыг А.Сүхбат, Г.Өсөхбаяр нарыг эвлэрүүлээсэй . Үндэсний бөх нэг талаас наадамчдыг цэнгүүлэх уламжлалт соёл ч, нөгөө талаасаа ард түмнээ эвлэрэлд дуудах спорт шүү дээ. Өөр нэгэн муу мэдээ бас бий. Баруун, зүүнийг магнайлах нь хоёр залуу аваргадаа мэдээж их чухал. Харин жирийн үзэгч бидэнд бол тэр хоёроос олон олон уран барилдаан үзэх нь л хамгийн чухал. Тэгэхээр энэ жил А.Сүхбат аваргыг олон даваанд барилдаасай гэж хүсэх байна. Ноднингийх шиг гурвын даваанд “бодлогын барилдаан” хийгээд буухгүй байх гэж найдаж байна. Бөхөд хайртай монголчууд “жижиг” аваргынхаа уран барилдааныг үзэх гэж л түүнийг үгүйлдэг. Нэгэн онигоо бий. Дархан аварга Д.Бат-Эрдэнийн аав нь Увсынх, ээж нь Өмнөговийнх, өөрөө Хэнтийнх учраас Монгол Улс даяар дуурсагдах дархан аварга гэж байгаа юм шүү дээ гэж. Үүн шиг дэлхийд ганцхан улсын баяр маань урлаг+спорт=наадам юм шүү дээ.