Open iToim app
Тэд бидний тухай | 2 мин уншина

Энэтхэг, Хятадын дунд оршдог Балба улсаас туршлага судална

Энэтхэг, Хятадын дунд оршдог Балба улсаас туршлага судална
Нийтэлсэн 2016 оны 12 сарын 20
Далай ламын Монгол Улсад хийсэн айлчлал Хятад-Монгол хоёр орны харилцаанд сөргөөр нөлөөлж, үл ойлголцол бий болгоод байгаа билээ. Энэхүү үл ойлголцолд БНЭУ-д суугаа Элчин сайд Г.Ганболдын хүсэлтээр Энэтхэгийн тал оролцож эхлээд байгаа энэ үед Монгол Улсын Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Холбооны бүгд найрамдах ардчилсан Балба улсад гурван өдрийн айлчлал хийж байна.
Балбын “MyRepublica” сайтад мэдээлснээр Монгол Улсын Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Холбооны бүгд найрамдах ардчилсан Балба улсын Гадаад хэргийн сайд Пракаш Шарантай уулзаж, зарим хэлэлцээ тохирчээ. Тухайлбал, Балба болон Монгол Улсын дипломат паспорттай төрийн албан хаагчид хоёр оронд харилцан визгүйгээр зорчих тухай хэлэлцээрт гарын үсэг зуржээ.
Балбын Гадаад хэргийн сайд Пракаш Шаран уулзалтын дараа хийсэн хэвлэлийн хурлын үеэр “Энэ удаагийн алхам ирэх өдрүүдэд хоёр талын харилцааг бэхжүүлэхэд тусална гэдэгт итгэж байна” гэжээ. Мөн тэрээр 1961 оны нэгдүгээр сарын 5-нд Балбын Ерөнхий сайд Мохан Адхикари БНХАУ-д айлчлах үеэрээ Монголд хүрэлцэн ирж, дипломат харилцаа тогтоосныг онцлон тэмдэглэсэн байна.
Түүнчлэн тэрээр далайд гарцгүй орнуудын нийтлэг ашиг сонирхол, эрэлт хэрэгцээг судлах зорилготой зөвлөлдөх танхим байгуулахаар зөвшилцөлд хүрснийг танилцуулсан байна. Балба нь БНХАУ болон БНЭУ-ын дунд оршдог улс юм. Үүнээс гадна хэвлэлийн хурлын үеэр хоёр орны харилцааг бэхжүүлэх, Гадаад хэргийн сайд, нарийн бичгийн дарга, албан тушаалтнуудын төвшинд хоёр жил тутамд хэлэлцүүлэг зохион байгуулахаар зөвшилцсөн бөгөөд энэ нь уулзалт нь дипломат харилцаа бэхжүүлэх чухал алхам болно гэдгийг тэмдэглэжээ.
Хоёр сайдын уулзалтын үеэр соёл, аялал жуулчлалыг дэмжих Балба, Монгол Улс хоорондын соёлын солилцооны гэрээ байгуулсныг тэмдэглээд, Бурханы мэндэлсэн ариун мөргөлийн газар гэгддэг Балбын Лумбинид хийд байгуулах ажилд Монгол Улс дэмжлэг үзүүлэхээ амласныг онцлон дурдсан байна.
Монгол Улсын Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Балба улс НҮБ-ын энх тайван байдлыг сахин хамгаалах үүргээ амжилттай биелүүлж байгааг сайшааж, энэ чиглэлээр Балба улстай туршлага хуваалцаж, суралцах сонирхолтой буйгаа илэрхийлснийг хэвлэлийн хурлын үеэр мэдэгджээ. Тэрээр Балбын Гадаад хэргийн сайд Пракаш Шарантай уулзах үеэрээ “Энэхүү айлчлалын дараа Балба-Монгол хоорондын харилцаа шинэ хурдыг олно гэдэгт итгэлтэй байна” хэмээн илэрхийлж, түүний айлчлал цаашид Балба-Монголын харилцааг бэхжүүлэх зорилготой хэмээн хэлсэн байна.
Үүнээс гадна Монгол Улсын Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Балбын парламентын дарга Онсари Гартитай утсаар ярьж, хоёр орны харилцаа болон ашиг сонирхлын талаар ярилцсан тухай “MyRepublica” сайтад мэдээлжээ. Түүнчлэн айлчлалын сүүлийн өдөр буюу өнөөдөр Ц.Мөнх-Оргил сайд Балбын Ерөнхийлөгч Бидя Деви Бандари, Ерөнхий сайд Пушпа Камал Дахал нартай утсаар ярихаар төлөвлөжээ.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн