Open iToim app
Эдийн засаг | 2 мин уншина

​Энэтхэгийн нэг тэрбум доллараар төмөр замын төслийг санхүүжүүлнэ

​Энэтхэгийн нэг тэрбум доллараар төмөр замын төслийг санхүүжүүлнэ
Нийтэлсэн 2016 оны 4 сарын 18
Өнгөрсөн тавдугаар сард Бүгд найрамдах Энэтхэг улсын Ерөнхий сайд Нарендра Моди манай улсад төрийн айлчлал хийх үеэр Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд дэмжлэг үзүүлж нэг тэрбум ам.долларын зээлийг хөнгөлттэй нөхцөлөөр олгоно гэдгийг мэдэгдсэн. Энэхүү төрийн айлчлалын дараа хоёр тал зээлийн хэлэлцээрийг хийж эхлээд байгаа юм. Одоогийн байдлаар Монгол Улсын Засгийн газар БНЭУ-тай зээл авах яриа хэлэлцээрийн ерөнхий зарчимд тохиролцоонд хүрсэн байна. Тодруулбал, өнгөрсөн гуравдугаар сард БНЭУ-ын Экспорт-Импортын банктай зээл олгох хэлэлцээрийг хийж, зээлийн нөхцөлийг тохиролцжээ. Энэтхэгийн Экзим банкаас авах нэг тэрбум долларын зээлийн жилийн дундаж хүү нь 1.75 бөгөөд хорин жилийн хугацаатай, таван жилийн дараагаас үндсэн зээлээ төлж эхлэхээр тусгасан байна. Харин зээлийн эх үүсвэрийг дэд бүтэц буюу 200 сая ам.доллараас дээш өртөгтэй, стратегийн ач холбогдолтой төслийг санхүүжүүлбэл зээлийн хугацааг 25 жил, зээлийн үндсэн төлбөрийг долоон жилийн дараагаас төлөх нөхцөлтэй байхаар тохиролцсон байна.
Монголын Улсын Засгийн газраас Энэтхэгийн Экспорт-Импортын банкнаас авах зээлийн эх үүсвэрийг дэд бүтцийн тэр дундаа төмөр замын томоохон төслийг санхүүжүүлэх хүсэлтэй байгаагаа хөрөнгө оруулагч талд илэрхийлсэн байна. Энэхтэгийн талаас зээлийн эх үүсвэрээр санхүүжүүлэх төсөл, бараа, үйлчилгээ, худалдан авалтын хэмжээний 75 хувь нь ямар нэгэн байдлаар тус улсаас хамааралтай байна гэж тусгасан. Тэгвэл энэхүү хувь хэмжээ төслийн хүрээнд хийгдэх ажлаас хамаарч өөрчлөгдөх боломжтой гэдгийг хөрөнгө оруулагч тал илэрхийлсэн юм байна. Зээлийн нөхцөл болон тусгай нөхцөлийг тусгасан хэлэлцээр байгуулах талаар Энэтхэгийн талтай зарчмын тохиролцоонд хүрч, ойрын хугацаанд талууд ерөнхий хэлэлцээрт гарын үсэг зурна гэдгийг эх сурвалж хэллээ. Засгийн газар гуравдугаар сарын 21-ны хуралдаанаар Энэтхэгийн нэг тэрбум зээлийн эх үүсвэрээр ямар төсөл, хөтөлбөр санхүүжүүлэх талаар хэлэлцэж, төмөр замын төслийг санхүүжүүлэх нь зүйтэй гэж шийдвэрлэсэн байна. Төмөр замын бэлэн төсөл гэвэл, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр замын бүтээн байгуулалт, Тавантолгой-Чойбалсан-Эрээнцав, Хөөт-Бичигт, Хөөт-Нөмрөг чиглэлийн төмөр замын төсөл, Зүүн чиглэлийн 1800 км төмөр замын төслүүд байгаа. Хөрөнгө оруулагч талтай ерөнхий гэрээ байгуулсны дараа зээлийн эх үүсвэрээр санхүүжүүлэх төмөр замын төслүүдийг сонгон шаргаруулах аж. 
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн