Сонгдо эмнэлгийн Хоол шим тэжээлийн албаны дарга, хоол зүйч Б.Энэрэлттэй зөв хооллолтын талаар ярилцлаа. Ирэх долоо хоногийн бямба гаригт Сонгдо эмнэлэг цахим хуудсаараа дамжуулан элэг цөс, нойр булчирхайн өвчлөлийн үеийн эмчилгээний хоолны талаар иргэдэд зөвлөгөө өгч, эмнэлгийн page хуудсаараа дамжуулж live хийх юм байна.
-Зөв хооллолт гэж юуг хэлэх вэ гэдгээс ярилцлагаа эхэлье.
-Дэлгүүрээс үнэтэй бүтээгдэхүүн, төрөл бүрийн амттан авч хоол хүнсэндээ хэрэглэхийг эрүүл, зөв хооллолт гэж хэлэхгүй. Хүн өдөр тутамдаа зургаан төрлийн хүнсний бүтээгдэхүүн хэрэглэдэг. Үүнд, мах, сүү, жимс, хүнсний ногоо, гурил, гурилан бүтээгдэхүүн, өөх тосны төрлүүд багтана. Эдгээр хүнсийг хүн өдөр тутамдаа зохистой хэмжээгээр, тодорхой цагийн зайтай хоол хүнсэндээ зөв зохистой хэрэглэхийг зөв хооллолт гэж нэрлэнэ. Хүний биеийн онцлог, тухайн улс үндэстний соёлоос шалтгаалж хүн бүр янз бүрийн хоол иддэг. Харин эрхэлж байгаа ажил, амьдарч байгаа орчноосоо хамаарч зөв хооллолтын асуудал орхигдох болсон. Зөв хооллолт алдагдсанаар өвчлөлд өртөмтгий болж, ялангуяа хоол боловсруулах эрхтний өвчинтэй болдог. Хоол боловсруулах эрхтний өвчлөл хооллолттой шууд холбоотой байдаг. Хэрвээ хоол боловсруулах замын өвчтэй болсон, эмнэлэгт хэвтээд эмчлүүлсэнийхээ дараа энгийн үед иддэг шигээ замбараагүй хоолловол өвчин дахин сэдэрдэг. Өвчин дахин сэдрэх нь эдийн засаг болоод бие, сэтгэлзүй дарамтад өвчтөнг оруулдаг. Тиймээс өдөр тутамдаа зөв хооллож, өвдөхөөсөө өмнө сэргийлж, өвдсөн бол эдгэрсэнийхээ дараа буруу зуршлуудаасаа салж, зөв хооллох нь чухал юм.
-Дээр дурдсан зургаан төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг зөв зохистой хэмжээгээр хоолоороо дамжуулан авах ёстой гэлээ. Тэгвэл хүн өглөө, өдөр, оройдоо ямар төрлийн бүтээгдэхүүнийг хоолондоо хэрэглэвэл тохиромжтой вэ?
-Ер нь хүн өглөөдөө нүүрс усаар баялаг хүнсний бүтээгдэхүүн хэрэглэх хэрэгтэй. Үүнд, талх, боорцог, овьёос, цагаан будааны төрлийн бүтээгдэхүүнийг түлхүү хэрэглэвэл зүгээр. Гэтэл манайхан өглөө босоод ихэвчлэн хоносон хоолоо халаах эсвэл өндөг, зайдас, мах шарж иддэг. Энэ нь маш буруу бөгөөд хоол боловсруулах эрхтэнүүдийг өвчлүүлж байдаг. Хэрвээ өглөө махнаас бусад төрлийн бүтээгдэхүүн агуулсан хоол идсэн бол хоёр цагийн дараа хоол боловсруулалтын дараагийн үе эхэлдэг. Өглөө идсэн зүйл ходоодноос зайлагдаж, цаашлагдана гэсэн үг. Өөрөөр хэлбэл, юм идсэнээс хоёр цагийн дараа багахан зүйл идэж занших хэрэгтэй. Учир нь, хүн сэрүүн байгаа нөхцөлд хоол боловсруулах эрхтнүүд байнгын эргэлдэх процесс явагддаг. Хэрвээ өглөө найман цагт хооллолоод гарсан бол 10.00 цагт бага зэргийн шингэн ууж, тал алим, жигнэмэг идэж болно. Өдрийн хоолыг 12-13 цагийн хооронд идэх ёстой. Энэ үеэр нэг, хоёрдугаар хоол идвэл маш зохимжтой. Ингэснээр биеийнхээ илчлэгийн хэмжээг хэвийн байлгахаас гадна тухайн өдрийн уургийн хэрэглээгээ махнаас авах боломжтой. Махан хоол идсэнээс хойш 3-4 цагийн дараа хөнгөн жимс, салад идэж болно. Харин оройн хоолоо 17-18 цагаас хэтрүүлэхгүй идвэл зохимжтой. Зарим иргэд турах гэж байгаа гээд оройн хоол иддэггүй. Гэтэл энэ нь хүний биед эсрэг нөлөөтэй. Оройдоо шөлтэй, шингэц сайтай хоол идвэл илүү сайн. Ингээд унтахаасаа 2-3 цагийн өмнө ямар нэгэн байдлаар хөнгөн юм идэх хэрэгтэй. Үүнд ногооны салад, зутан эсвэл элгэн тараг ууж болно.
Хоол боловсруулах замын эрхтэн буюу элэг, ходоод, нойр булчирхайн өвчлөл Монголд маш их байна. Эдгээр эрхтнүүд бүгд хоол боловсруулах замтай холбогддог учраас хоолны дэглэм барих шаардлагатай байдаг. Энэ нөхцөлд хоолны ямар дэглэм барих ёстой юм бэ?
-Хоол боловсруулах замын эрхтнүүдэд өвчлөл үүссэн нөхцөлд энгийн үед хэрэглэдэг хоолноос бага хэмжээгээр ойр ойрхон хооллох хэрэгтэй байдаг. Ингэхдээ шаардлагатай зургаан төрлийн бүтээдэхүүнийг хоолондоо агуулсан байх ёстой. Тухайн хүний өвчлөлийн шалтгаанаас хамаарч мах, сүү, жимс, хүнсний ногоо, гурил гурилан бүтээгдэхүүн, өөх тосыг хэзээ хэрэглэхийг зааварлаж болдог. Бага хэмжээгээр ойрхон хооллох нь элэг цөс, нойр булчирхайд ачаалал өгдөггүй учраас эмчилгээг үр дүнтэй байлгана. Ер нь хоол боловсруулах эрхтнүүд нь эмгэгтэй иргэдэд зориулсан хэрхэн зөв хооллох, дэглэм барих тусгай аргачлал байдаг. Тухайлбал, чихрийн шижин өвчтэй хүнийг эмчлэхийн тулд сургалт, хоол, эмч гурав хамтран ажиллах ёстой байдаг. Зөвхөн эмээ уугаад энгийн хоолоо идээд явбал чихрийн шижин өвчинг хянаж чаддаггүй. Тиймээс чихрийн шижин өвчтэй хүмүүс хоолны дэглэмийг маш сайн барих хэрэгтэй. Аль болох нүүрс ус, өөх тосны хэрэглээг хязгаарлаж, гурвалжин будаа, хөц будаа зэрэг эслэг ихтэй хүнсний бүтээгдэхүүнийг ихээр хэрэглэх ёстой байдаг. Энэ мэтчилэн өвчлөл болгоноос хамаарч хоолны нэршил, дэглэм өөр байдаг. Ирэх долоо хоногийн бямба гаригт манай эмнэлэг цахим хуудсаараа дамжуулан элэг цөс, нойр булчирхайн өвчлөлийн үеийн эмчилгээний хоолны талаар иргэдэд зөвлөгөө өгөхөөс гадна эмнэлгийн page хуудсаараа дамжуулж live хийнэ. Энэ үеэр иргэд өөрт илэрдэг зориурын дагуу хооллолтын талаар асууж болно.
-Монголчуудын ихэнх нь өглөө хооллодоггүй. Өдөржин өлөн явж байгаад орой гэнэт иддэг. Энэ буруу зуршил удаан үргэлжилбэл ямар эрсдэлүүд үүсч эхэлдэг вэ?
-Өглөө хооллох гэхээр амждаггүй гэж олон иргэн тайлбарладаг. Гэтэл өөрийнхөө эрүүл мэндийн төлөө босдог цагаасаа 30 минутын өмнө сэрж, өөртөө зориулан өглөөний хоол бэлтгэж идэх хэрэгтэй. Хэрвээ өглөө, өдөр хооллохгүй явж байгаад орой гэнэт ихээр идвэл хоол боловсруулах эрхтнүүдэд эмгэг үүсч эхэлдэг. Байнга өлөн явах нь их идсэнээсээ илүү өвчлөл үүсгэх шалтгаан болдог. Тухайлбал, удаан юм идэхгүй бол ходоодонд улайлт үүсч, ходоод шархлах аюултай. Цаашлаад цөс өтгөрөх, чулуужих, өтгөн хатах зэргээр эрсдэлүүд илэрч эхэлдэг. Амнаас гарч байгаа шүлс буюу шүүрэл хүртэл зохицуулагдахаа больдог. Ер нь элэг, цөс, ходоод, нойр булчирхайн өвчлөл гэх мэт халдварын бус өвчлөллүүд нь буруу хооллосноос үүдэлтэй байдаг учраас өвдсөнийхөө дараа биш, өвдөхөөсөө өмнө зөв хооллож заншвал өвдөхгүй байх боломжтой. -Жингийн илүүдэлтэй хүмүүс хоолны дэглэм барьж байна гээд махны хэрэглээгээ хязгаарлаж, жимс хүнсний ногоо хэрэглэж байна. Энэ зөв дэглэм мөн үү?
-Таргалалттай хүмүүст хооллолтоос гадна олон шалтгаан байдаг. Зүрх судасны өвчин, чихрийн шижинтэй хүмүүст таргалалт эрчимтэй явагддаг. Хооллолтын хувьд жингийн илүүдэлтэй хүмүүс бага идэж байна гэсэн хэрнээ гурил, гурилан бүтээгдэхүүн, төмс их хэрэглэдэг. Гэтэл гурил, төмсөнд цардуул ихээр агуулагддаг. Эдгээр бүтээгдэхүүнийг шарж хэрэглэвэл маш их хэмжээний тосыг өөртөө уусгадаг учраас хүний биеийн өөх тосны зохистой хэмжээ алдагддаг. Жишээ нь, цагаан талхаар хийсэн сэндвич талх нь хамгийн багадаа 200 калори илчлэгтэй байдаг. Гэтэл 75 грамм мах идэхэд тал сэндвич идсэнтэй тэнцдэг бол байцааны ¼ нь нэг бүтэн талхтай тэнцэх хэмжээний илчлэг агуулдаг. Тэгэхээр өлсвөл гурилан бүтээгдэхүүн идэхийн оронд байцаа, луулан идэх, эсвэл чихэрлэг бага жимс идсэнээр хоол идэх зуршлыг дарахаас гадна гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулж, биеэс хлостеринийг гадагшлуулдаг. -Эрүүл байхад зөв хоололтоос гадна хөдөлгөөн маш чухал байдаг. Гэтэл сүүлийн үед Монголчуудын ихэнх нь суугаа ажилладаг, хөдөлгөөний дутагдалтай байна гэж ярих болсон. Суугаа ажилтай хүмүүсийн хувьд хэрхэн хоолловол зохимжтой байдаг вэ?
-Хөдөлгөөний идэвхээс хамаарч хүн бүрийн хоолноос авах илчлэгийн хэмжээ өөр. Энгийн хүн тамирчинтай ижил хэмжээний илчлэгтэй хоол идээд байвал таргална. Тиймээс өөрийнхөө илчлэгийнхээ хэмжээнд таруулан хоолловол сайн гэсэн үг.
-Өөрт таарсан илчлэгийн хэмжээгээ яаж мэдэх вэ?
-Бага насны хүүхдүүдийн дунд таргалалт эрчимтэй нэмэгдэж байна. Энэ нь хөдөлгөөн дутагдсантай холбоотой байна уу эсвэл өндөр илчлэгтэй хоол хүнс ихээр хэрэглэж байгаатай холбоотой юу?
-Сүүлийн үед техник технологи, сошиал ертөнц хөгжиж байгаатай холбогдуулан хүүхдүүд гадуур гарч хөдөлгөөн хийхээс илүү зурагт үзэж, ухаалаг утсаа оролдож, компьютер тоглоом тоглож байна. Үүнээсээ болж хөдөлгөөний дутагдалтай болж байна. Хоол хүнснээсээ их хэмжээний илчлэг авч байгаа ч хөдөлгөөн бага байгаагаас таргалалт үүсч байна. Авсан илчлэгээ шатааж чадахгүй байгаагаас үүдэн дотор өөхөлж элгэнд өөрчлөлт орох аюултай байдаг. Бага насны хүүхдүүд маш их чихрийн шижингээр өвчилж байна. Багаасаа хоол боловсруулах замын эрхтнүүд өвчилвөл томрох тусам өвчин хүндрэх аюултай гэсэн үг. Тиймээс хүүхдийнхээ хөдөлгөөний идэвхжлийг сайжруулж, хоололтыг нь зөв тохируулах хэрэгтэй. Нүүрс ус ихтэй илчлэг ихээр агуулдаг гурилан бүтээгдэхүүн, чихэр амттан, мөхөөлдөс, чийпсийн хэрэглээг нь хязгаарлах хэрэгтэй. Бага хоол идсэний дараа амттан өгч болно. Гэхдээ орой унтахаас өмнө чихэр шоколад өгөх хэрэггүй. Энэ мэтээр хүүхдийнхээ биеийн онцлог, хөдөлгөөний байдалтай нь уялдуулж хоолонд нь анхаарч байх ёстой.
-Монголд түргэн хоолны газрууд олноор нээгдэж байгаа. Бургер, тахианы мах идэх дуртай, ихээр хэрэглэж байгаа санагддаг. Энэ нь таргалалтад нөлөөлж байгаа болов уу?
-Тодорхой хэмжээгээр нөлөөлнө. Учир нь, түргэн хоол, тэр дундаа шарсан хуурсан хоол, бургерт хий илчлэгийн хэмжээ өндөр байдаг. Хүний биед хэрэгцээтэй илчлэг бие махбодийг тэтгэж, хэвийн амьдрах явцыг тэтгэдэг. Гэтэл хий илчлэг нь хүний биед хий таргалалтыг үүсгэдэг. Маш хурдтайгаар хүний биед хий илчлэг орж цадах мэдрэмжийг төрүүлдэг. Тиймээс аль болох зохистой хэмжээгээр хэрэглэх хэрэгтэй.
-Хүүхдийг багаас нь зөв хооллож эрүүл байлгахад цэцэрлэгийн хоолны норм стандарт маш чухал болов уу?
-Өдөрт уух шингэний баланс гэж ярьдаг. Ер нь хүн өдөрт хэдэн литр шингэн уух ёстой юм бэ?
-Хүн өдөрт ойролцоогоор 2-2.5 литр цэвэр ус, цэвэр жимсний шүүс, жүүс, цай хэрэглэж болно. Болж өгвөл өглөө өлөн үедээ 1-2 аяга бүлээн ус ууж хэвшсэнээр шингэнийг маш сайн нөхдөг. Өдөрт хоёр литр ус уух ёстой гээд нэг дор их хэмжээгээр залгилж ууж болохгүй. Залгилж ууссанаараа шингэнийг нөхдөггүй. Эсрэгээрээ шингэнийг бага багаар, аман дотроо шимж уувал илүү сайн нөхнө.