УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн хуралдаанаар “Монгол Улсын Хөгжлийн банкны талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Хэлэлцүүлгийн явцад гишүүд асуулт асууж, үг хэлж байна.
УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин: Оруулж ирсэн асуудлыг нь дэжихгүй гээд ч гарцгүй болчихоод байгаа юм. Дэмжихгүй байлаа гээд ч ялгаагүй. Өөрийн хөрөнгө нь хасах руугаа орцон байна. Хөгжлийн банкийг хэдэн жилийн өмнө байгуулсан. Гэтэл эргээд харахад үр могой л байгуулсан юм байна. Бүхэл бүтэн улсын төсөвтэй тэнцэх мөнгийг үрэн таран хийсэн. Үүнийг нь хэлэлцэх гэхээр Монгол Улс муухай харагдана, эс бол МАН, АН хувааж идсэн гэж яриад байх юм. Энэ мэт шалтгаанаас болоод бид хариуцлага тооцож чадахгүй байна. Сонгуулиас хойш Хөгжлийн банкны асуудлыг зургаан сар ярилаа. Манай нам хариуцлага гэж яриад байгаа хэрнээ ажил хэрэг болохгүй, нэг л дургүй л байгаа шүү. “Эрдэнэт”-ийн 49 хувь ч гэсэн энэ долоо хоногт ярина гэсэн ярихгүй байна. Сайд нар нь хүртэл ажлаа хийхгүй байна.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Санхүүгийн байгууллагыг толгойлж байгаа хүмүүс эдийн засгийн асуудлаар мэдээлэл хийхдээ улстөржиж болохгүй. Засгийн газрын оруулж ирсэн саналыг хүлээж авахаас өөр аргагүй байдалд орчихлоо. Хөгжлийн банк байгуулагдсан зорилго, агуулгаа алдсан. Бид төсвөөс гадуур байлгаж, бүтээн байгуулалтыг санхүүжүүлэхээр анх тус банкыг байгуулсан. Гэтэл улстөржсөөр байгаад буцаагаад улсын төсөвтөө нэгтгэсэн. Анх санаачлан байгуулсан хүн нь гүйсээр байгаад улсын төсөвтөө нэгтгэсэн. Ингэснээр төсвийн алдагдал маш их болж, зээлжих зэрэглэл буурлаа. Банкны асуудлыг шийдвэл яаж мөнгөө босгох гэж байна. Санхүүжүүлэх төсөл хөтөлбөрийг нь ямар бодлогоор явуулах вэ?
Сангийн сайд Б.Чойжилсүрэн: Нэг их наяд төгрөгөөр Хөгжлийн банкны дүрмийн санг нэмэгдүүлэх санал оруулж ирсэн. Хаалттай хэлэлцсэн бол тоо баримт хэлмээр байна. 2016 оны арваннэгдүгээр сарын байдлаар ханшийн алдагдал 139 тэрбум байгаа. Хамгийн багадаа 200 тэрбум төгрөгөөр сан байгуулах шаардлагатай болсон. Хэрвээ Хөгжлийн банкны дүрмийн санг үе шаттайгаар нэмбэл Хөгжлийн банк өөрөө олон улсын зах зээл дээрээс санхүүжилт босгох юм.
УИХ-ын гишүүн Г.Занданшатар: Банк, улс төр хоёр тусдаа байх ёстой. Хөгжлийн банк УИХ-ын хаврын чуулганаар баталсан жагсаалтын дагуу улс орны хөгжлийн томоохон төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх ёстой. УИХ-ын хаврын чуулганаар батлагдаагүй, дур мэдэн олгосон хэдий хэмжээний зээл байна вэ. Гүйцэтгэх удирдлагыг хараат бусаар томилно гэж заасан. Үүний дагуу удирдлагуудыг нь томилсон уу. Хөгжлийн банкны активын үнэлгээг хэн хийсэн бэ. 2017 онд төлөх 587 саяыг яаж төлөх вэ.
Сангийн сайд Б.Чойжилсүрэн: Хөгжлийн банк 5.9 их наяд төгрөгийн зээл олгосон. Засгийн газар, Хөгжлийн банкны ТУЗ өөрөө шийдээд явсан юм билээ. 587 сая ам.доллар, МИАТ-ын гаргасан баталгаа байгаа. Энэ нь Засгийн газрын баталгаатай. Тиймээс Засгийн газар, Хөгжлийн банктай хамтран эх үүсвэр олж төлнө. Ирэх оны эхээр ОУВС-гийн хэлэлцээрийн талаар мэдээлэл хийнэ. Нийт 5.6 их наяд төгрөгийн хөнгөлөлттэй эх үүсвэр шаардлагатай. Энэ эх үүсвэрийг бүрдүүлэх уулзалтуудыг хийж байна.
Хөгжлийн банкны захирал Б.Батбаяр: Хөгжлийн банкнаас олгосон зээлийн 90 орчим хувь нь УИХ-ын хаврын чуулганаар батлагдсан байх ёстой гэсэн заалтыг зөрчсөн байсан.
УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва: Хөгжлийн банкны хуулийг хэсэг гишүүн УИХ-ын дэд даргад өчигдөр өргөн барьсан. Энэ хуулиар Монголбанк хяналт тавина, зээл олгохдоо Хөгжлийн банк өөрсдөө 10-15 хувийг нь санхүүжүүлээд бусдыг нь өөрсдөө босгоно гэж тусгасан.
УИХ-ын гишүүн Д.Ганболд: Засгийн газар, Сангийн яам ажлаа хийж байна уу. Засгийн газар байгуулаад зургаан сар болж байна. Хөгжлийн банк гэж яриад зургаан сар боллоо. Дүрмийн санг нь нэг их наядаар нэмэгдүүлнэ гэж байна. Энэ нь эргээд төсөвт л дарамт болно.
УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд: Өр авлагын тооцоог арванхоёрдугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгоё гэж байна. Ингэх ямар шаардлага байгаа юм бэ. Яг үнэндээ 3.2 их наяд төгрөгөө бид алдчихаад байна. Алдсан юмаа авч чадахгүй юм бол төр гэж бид энд суугаад ямар хэрэг байгаа юм бэ. Говь-Алтай аймагт 31 тэрбум төгрөгөөр 100 км зам барьсан гээд байгаа. бид тэр замыг нь бариад олохгүй байгаа. энэ мэт маш олон зүйл байгаа. Тиймээс энэ тогтоолд өр барагдуулах алба байгуулах хэрэгтэй. Маш богино хугацаад 3.2 их наядаа бид авч чадна. Өр авлагыг арванхоёрдугаар сарын 31-нээр тасалбар болговол маш их хүн өрөө төлөхгүй замхраад алга болно. Яагаад заавал ингэж бичиж байгаа юм бэ.
Сангийн сайд Б.Чойжилсүрэн: Арванхоёрдугаар сарын 31-нээр энэ тооцоог салгахгүй бол Хөгжлийн банк аль хөтөлбөрөө санхүүжүүлэхээ мэдэхгүй. Тиймээс нэг талдаа гаргаад нэг хэсгийг нь төсөв рүү татаж аваад, нөгөө хэсгийг нь Хөгжлийн банканд үлдээх юм. Хоёрдугаарт, банкны утгаараа явдаг үүрэг нь алдагдаад байгаа учраас төсвөөс Хөгжлийн банкыг шалгах ёстой гэж үзэж байгаа.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Өмнөх парламентын үед АН, МАН, МАХН бүгд төр барьсан. Тэр дундаа АН, МАН хоёр сангийн яамаа удирдсан. Монголд зургаан банк байгаа. Засгийн газар өчнөөн валютын нийлүүлэлт хийгээд байхад яагаад валютын ханш буурахгүй байгаа юм бэ. Тэр ам.долларууд хаана байна вэ. Хөгжлийн банкинд санхүүжилт төгрөг нийлүүлсэн учраас ханшийн зөрүүний алдагдал маш их гарсан. Энэ хариуцлагыг хэн хүлээх вэ.
Сангийн сайд Б.Чойжилсүрэн: Ам.долларын ханш буурахгүй байгаа нь өнгөрсөн дөрвөн жил тавьсан өрийн дарамтад орсонтой холбоотой. Өнгөрсөн 7.9 тэрбум төгрөгийг Монголбанк хэвэлснээс болж валютын эрэлт бий болсон. Энэ эрэлтийг хангахын тулд 5 их наяд төгрөгтэй тэнцэх валют нийлүүлсэн ч ханш нь буурахгүй байна.