Сонгдо эмнэлгээс сард нэг удаа иргэдийн дунд түгээмэл байгаа өвчлөлийн талаар үнэ төлбөргүй лекц уулзалтыг зохион байгуулж, иргэдийн асуултад хариулж байгаа. Өмнө нь манай сайт Зүрх судасны өвчлөлийн талаар Ц.Намхайдорж эмчийн лекцийг тоймлон хүргэсэн. Тэгвэл өнгөрсөн бямба гаригт Сонгдо эмнэлгийн эмэгтэйчүүдийн эмч Х.Энхтуяа “Үргүйдэл” сэдвээр лекц уншсан юм. iТoim.mn мэдээллийг тоймлон хүргэж байна. -Үргүйдэл ямар хүмүүст ихэвчлэн тохиолддог вэ. Эрэгтэй хүн ямар тохиолдолд үргүй байдаг вэ?
-Үргүйдэл гэж ярихаар эмэгтэйчүүдэд л тохиолддог эмгэг гэж ойлгох хүн цөөнгүй. Гэтэл эрэгтэй хүн үргүй болох гурван эрсдэл байдаг. Ер нь үргүйдлийн 60 орчим хувь эмэгтэйчүүдээс, 40 хувь эрчүүдээс шалтгаалдаг. Тиймээс гэр бүл зохиож нэг жил болоод хосууд хүүхэдтэй болохгүй эмчид хандахаар болбол эхнэр, нөхөр хоёулаа хамтдаа шинжилгээ хийлгэх нь хамгийн зөв арга. Эмэгтэйчүүдийн үргүйдлийг харьцангуй эмчлэх боломжтой болсон. Харин эрэгтэйчүүдийн хувьд огт эр бэлгийн эсгүй, үрийн суваг нь бөглөрсөн, эр бэлгийн эсийн тоо бага байгаа тохиолдолд үр тогтоох чадвар бага байдаг. Эрэгтэй хүнээс хамгийн сайн идэвхтэй ажиллаж байгаа эсийг нь лабораторийн аргаар авч эхнэрийнх нь саванд суулгах ажилбарыг хийж үр тогтоох боломжтой. Эрэгтэй хүн өөрийнх нь эрхтнээс шингэн гарч байгаа учраас бэлгийн амьдрал нь хэвийн гэж дүгнээд байдаг. Гэтэл ялгарч байгаа шингэнд нь эр бэлгийн эс огт байдаггүй, эсвэл толгойгүй, хөлгүй, салаалсан эсүүд үр тогтоож чаддаггүй. Ер нь эрэгтэйчүүд хүүхэд байхдаа бэлэг эрхтэн, төмсөг гэмтэхээс эхлээд эрсдэл өндөртэй. Дээр нь гахайн хавдар гэх мэт халдварт өвчнүүд эрэгтэй хүүхдэд илүү хүндээр нөлөөлдгөөс үргүйдэл болох магадлалтай . Гэтэл эмэгтэйчүүдийн ихэнх нь эрэгтэйгээсээ биш өөрөөсөө болж байна гэж боддог нь буруу. Мөн дээрээс нь бэлгийн замаар дамжих халдвар үргүйдэлд хүргэдэг. Эрэгтэй, эмэгтэй аль нэг нь бэлгийн замаар дамжих халдвар авч түүнийгээ буруу эсвэл дутуу эмчилснээс үргүйдэлд хүргэж болно.
-Эрэгтэй эмэгтэй хоёулаа ямар ч асуудалгүй байхад жирэмсэн болохгүй байгаа шалтгаан юу вэ?
-Эрэгтэй, эмэгтэй хоёулаа ямар нэгэн асуудалгүй байхад жирэмсэн боддоггүй тохиолдол байдаг. Үүнд хэд хэдэн шалтгаан нөлөөлдөг. Эмэгтэйчүүд жирэмслэлтээс хамгаалах эм уух явцад хоёр үндсэн нөлөөллийг биед өгч байдаг. Жирэмслэлтээс хамгаалах эм нь өндгөн эсийн үйлчилгээг дарангуйлахаас гадна умайн хүзүүний салстыг өтгөн болгодог. Үүнээс болж эр бэлгийн эс умай руу бүрэн нэвтэрч чаддаггүй. Мөн төрөлхийн өтгөн салсттай эмэгтэйчүүд байдаг. Умайн салст өтгөн байгаагаас эр бэлгийн эс бүрэн нэвтэрч чадахгүйгээс жирэмсэн болохгүй байна гэсэн үг. Үүнээс гадна умайн хүзүүнд эр бэлгийн эсийг нэвтрүүлэхгүй алдаг нэг эс байдаг. Энэ төрлийн эсийн шинжилгээг хийх саналыг холбогдох газар нь тавьсан байгаа. Хэрвээ энэ төрлийн шинжилгээг дотооддоо хийдэг болбол шалтгаангүй жирэмсэлж чаддаггүй хүмүүсийн онош тодорч эмчилгээг хийх боломжтой болно.
-Жирэмсэн болохгүй байгаа шалтгаанаа тодруулахын тулд ямар шинжилгээ өгдөг вэ?
-Жирэмсэн болохгүй байгааг тодруулах үндсэн хоёр шинжилгээ бий. Нэгд, мэргэжлийн эмчид хандан, умайн гажиг байна уу гэдгийг тодорхойлуулна. Салаа умайтай, умай нь дундуураа хуваагдсан, огт умайгүй, өндгөвчгүй эмэгтэйчүүд байдаг. Эдгээрийг эмэгтэйчүүдийн анхан шатны эхо үзлэгээр эмч тодорхойлох бүрэн боломжтой. Хоёрт, гормоны шинжилгээ хийж гуурсан хоолойн зураг авсанаар тухайн хүний үндсэн шалтгааныг тодорхойлох бүрэн боломжтой.
-Өмнө нь хэвийн жирэмсэлсэн хэр нь хоёр дахиа жирэмслэх гэтэл болохгүй байна. Энэ юутай холбоотой вэ?
-Төрөх үедээ хэвийн төрсөн үү, хийсвэр хийлгэсэн үү, халуурч байсан уу, эхэс нь хэвийн гарч байсан уу, төрснийхөө дараа бөөрний үрэвсэл болж байсан уу, уушги, гэдэс өвдөж байсан уу гэдгээс хамааран үргүйдэл үүсч болно. Хоёрт, өмнө нь хэвийн төрсөн хэр нь дунд нь ямар нэгэн байдлаар аборт хийлгэж, гам бариагүйгээс умай үрэвсэж, үүнээс болж умайн салст гэмтэж хоёрдогчоор үргүйдэх тохиолдол байдаг. Тиймээс шалтгаанаа тодорхойлуулахаар эмчид очихдоо өмнөх эмчилгээний түүх, зовиураа ичиж зоволгүй хэлэх хэрэгтэй байдаг. Энэ нь үргүйдлийн шалтгааныг богино хугацаанд тодорхойлоход дөхөм байдаг.
-Өндгөвчний үйл ажиллагааны дутагдал үүсэхэд юу нөлөөлөх вэ?
-Өндгөвчний үйл ажиллагааны дутмагшлыг анхдагч ба хоёрдогч гэж ангилдаг. Зарим хүний сарын тэмдэг нь бага ирдэг, эсвэл гурван сард нэг ирдэг. Үүнд хэд хэдэн шалтгаан нөлөөлдөг. Нэгд, өндгөн эсээ ялгаруулж чадахгүй хүмүүс байдаг. Хоёрт төрөлхийн эмэгтэй гормоноо ялгаруулж чаддаггүй хүмүүс байдаг. Ямар гормоны хямралаас үүссэн өндгөн эсийн дутмагшил байна гэдгийг тодорхойлчихвол эмчлэх боломжтой. Харин огт өндгөвчгүй бол эмчлэх боломж байхгүй. Гэхдээ хавдараас болж өндөвчөө авахуулсан бол умайдаа нөхрийнхөө эсийг суулгуулж хүүхэд тээх боломжтой. Харин умайгаа авахуулсан ч хоёр өндгөвч нь хэвийн бол өөрийнхөө эм бэлгийн эсийг нөхрийнхтэйгөө нийлүүлж тээгч эхэд суулгуулж хүүхэдтэй болох боломжтой. Гэхдээ заавал ийм аргыг хэрэглэхгүйгээр залуу байхдаа хоёулаа хамтдаа оношлуулж, зөв эмчилгээгээ хийлгэж чадвал хүүхэдтэй болох боломжтой.
-Эмэгтэй хүн өндгөн эсээ хэвийн ялгарч байгаа эсэхээ мэдэх боломжтой юу?
-Боломжтой. Дээх нь үед шулуун гэдэс болон шүлснийхээ температураар мэдэж болдог байсан. Харин сүүлийн үед өндгөвчний үйл ажиллагааг шалгах тест гарчихсан. Хэрвээ тестээр хэвийн гарсан ч жирэмслэхгүй байгаа бол умайн дотор тал, гуурсан хоолойн үрэвсэл юм уу гэдгийг мэдэж болохоор болчихсон. Сарын тэмдгийн мөчлөг нь 30 хоногтоо ирдэг бол 10 дахь хоногоосоо, 21 хоноод ирдэг бол 7 дахь хоногоос эхлэн өлөн шээсэн дээрээ тестээр үзээд хоёр зураас гараад байвал өндгөвч хэвийн ажиллаж байна гэсэн үг. Тестээр үзээд өндгөвчний үйл ажиллагаа хэвийн байхад жирэмслэхгүй бол өөр шалтгаантай гэсэн үг. Тиймээс эмэгтэйчүүд анхан шатандаа эдгээр зүйлийг мэдэж байх ёстой. Мөн сарын тэмдэг ирсэний тав дахь хоног дээр эмчит ирж үзүүлбэл оношилгоо хийхэд тохиромжтой байдаг. Тиймээс эмэгтэйчүүдийн эмчид үзүүлэхээр шийдэж байгаа бол энэ хугацааг тооцож очвол сайн.
-Үргүйдлийг хэдий хэр хугацаанд эмчлэх боломжтой вэ?
-Үргүйдлийн эмчилгээ цаг хугацаа маш их шаарддаг учраас иргэд тэвчээртэй, хүлээцтэй, тууштай байхаас эмчилгээний үр дүн хамаарна. Үр суулгах ажилбарын амжилттай болох магадлал нь дэлхий нийтэд 40 хувьтай байдаг. Өөрөөр хэлбэл, 10 хүнд үр суулгахад дөрөв нь л амжилттай болох магадлалтай гэсэн үг. Тиймээс “эмнэлэгт очоод үр суулгуулчихвал болчихно” гэсэн бодолтой хүмүүс байдаг. Сэтгэлзүйн бэлтгэл маш чухал байдаг.
-Сав хазайсан үед уламжлалтаар эмчлэх нь хэр зөв бэ?
-Эмэгтэйчүүдийн биед сав, түнх, тааз буруу байрлалтай бол уламжлалт аргыг хэрэглэж тэгшилж болдог. Мөн эмэгтэйчүүд йогоор хичээллэж байх хэрэгтэй. Учир нь, хөдөлгөөний дутагдлаас болж эмэгтэйчүүдийн саванд наалданг үүсч үүнээс болж жирэмсэлдэггүй. Харин йогийн сунгалтууд хийснээр цусан хангамж сайжирч, бага тааз, умайд очих цусны эргэлт сайжирч, гормоны алдагдал эргээд нөхөгдөнө. Цусны хангамж сайжирч тайван байх тусам өндгөвчний үйл ажиллагаа идэвхтэй болж эхэлдэг. Эмэгтэйчүүд өөрийн буруу зуршил, хөдөлгөөн хийдэггүй залхуу зангаасаа болж өндгөвчөө идэвхгүй болгочихдог тал бий.
-Бусад эд эрхтний өвчлөл үргүйдэлд нөлөөлдөг үү?
-Нөлөөлнө. Жишээ нь, шинжилгээ өгөхдөө эмчдээ биед илэрдэг зовиуруудаа хэлж байх хэрэгтэй. Өмнө нь өвчилж байсан түүхээ ч хэлэх хэрэгтэй. Зарим хүн миний хоолой өвдөх мазокийн шинжилгээ өгөхөд ямар хамаатай юм бэ гэдэг. Гэтэл маш их хамаатай. Хоолойны ангина нь зүрх, үе мөч, бөөрийг давхар өвчлүүлдэг. Мөн эмэгтэйчүүдийн үрэвсэл үүсэх шалтгаан болдог. Мөн тархины үйл ажиллагаа, бамбай булчирхай өдвөх нь эмэгтэй хүний умайтай холбоотой байдаг. Жишээ нь, толгой их өвдөхөд парлактин гээд гормон их хэмжээгээр ялгарснаас болж өндгөн эсийн гормоны ялгарлыг дарчихдаг учраас жирэмсэн болж чадахгүй тохиолдол байдаг. Өндгөвчний гормоныг үзэхэд заавал бамбай булчирхайн гормон давхар үздэг. Бамбай булчирхайн TSH гээд нэг гормон сарын тэмдгийг огт байхгүй, ирүүлэхгүй болгочихдог. Мөн харааны асуудалтай байнга линз зүүдэг хүмүүсийн нүдний торлог нь ховхорсоноос болж жирэмслэх магадлал бага болдог. Эмэгтэй хүний өндгөвч жижигхэн хэрнээ маш олон эрхтнээс хамааралтай учраас биед илэрдэг зориураа эмчдээ сайтар хэлж байх хэрэгтэй.
-35-аас дээш насанд хүүхэдтэй болох хэцүү гэдэг. Үргүйдэлд нас чухал нөлөөтэй юу?
-Тэгэлгүй яах вэ. Үргүйдэлд биш жирэмслэлтэд чухал нөлөөтэй. 37 нас хүртэл эмэгтэй хүний нөхөн үржихүйн функц хэвийн явагддаг. Үүнээс хойш гормоны өөрчлөлтөд ороод ирэхээр жирэмслэх магадлал багасна. Өндгөн эсийг боловсруулдаг гормон нь насжаад эхэлж байгаа юм. Тэгэхээр нас зайлшгүй чухал нөлөөтэй.