Нэгдүгээр эмнэлгийн Мэдрэлийн тасгийн эрхлэгч Л.Энхсайхантай тархины цус харвалт өвчний талаар ярилцлаа.
-Өнөөдөр дэлхийн тархины цус харвалтын эсрэг өдөр. Манай улсын хүн амын дунд энэ өвчний хандалт эрс нэмэгдэж, тэр дундаа залуус эхээр өвчилж байна гэж байгаа. Бусад улс оронтой харьцуулахад ямар төвшинд байгаа статистик тоо баримтаас яриагаа эхэлье?
-Монголын хувьд харвалт өндөр байгаа гол шалтгаан нь юу вэ?
-Хамгийн гол шалтгаан нь цусны даралт ихэссэнээс үүдэж байгаа. Мөн тархины судасны хатуурал, чихрийн шижин, стресс зэрэг маш олон зүйл харвалт өгөхөд нөлөөлж байна. Тиймээс хамгийн түрүүнд цусны даралт ихсэх өвчинтэй тэмцэх хэрэгтэй байна. Ингэснээр харвалтын хандалтыг 50-иас илүү хувиар бууруулж чадна. Эхний ээлжид олон зүйлд биш ганцхан цусны даралт ихсэх өвчнөөс сэргийлэхэд анхаарах хэрэгтэй. Гучаас дээш насныхан цусны даралтаа ядаж хагас жилдээ нэг удаа үзүүлж, хянуулдаг байх ёстой. Өөрөөр хэлбэл, хүн ам харвахаасаа өмнө сэргийлж чадвал таны амьдралд, улс орны эдийн засагт ч нэмэртэй. Харвасан хүний цаана бүхэл бүтэн айл гэр, хүний амьдралын асуудал яригддаг. Жишээ нь, гурван хүүхэдтэй айл гэрийн эзэн цус харвах өвчинд нэрвэгдэхэд тэр гэр бүлийн амьдрал орвонгоороо эргэдэг. Гэр бүлээ тэжээж байсан аавын олдог мөнгийг хэн олох вэ. Тэр хүнийг хэн харж, сахих вэ гээд л. -Цусны даралт ихсэх өвчин залуужиж байгаагийн хэрээр харвалтаар өвчилж байгаа хүмүүсийн дийлэнх нь залуус байна уу?
-Тийм ээ. Энэ өвчнүүд их залуужиж байна. Үндэсний хэмжээнд даралт нь ихэссэн хүнийг ахуйн нөхцөлд хэрхэн үзэж, яаж хянах ёстой талаар удирдамж гаргасан байдаг. Хүний даралтыг хэдэн насанд хэрхэн яаж хэлбэлздэг талаар ч мэдээлэл байдаг. Тэр бүхнийг иргэд маань мэддэг байх хэрэгтэй. Аймаг, сум өрхийн эмнэлгүүдэд даралтын аппарат тараасан байгаа. Эмнэлгүүд ард иргэддээ энэ талаар мэдээллийг байнга өгч байх ч ёстой. Ер нь даралт ихсэх нь олон шалтгаантай. Биеэ даасан даралт ихсэх өвчин байна. Нөгөө талд шинж тэмдгийн гаралтай даралт ихэсдэг. Жишээ нь, чихрийн шижин, бөөрний өвчлөлөөс гаралтай даралт ихсэлтийг шинж тэмдгийн гэж нэрлэдэг. Шинж тэмдгийн гаралгүй даралт ихэсвэл биеэ даасан даралт ихсэх өвчинд тооцогддог.
-Биеэ даасан нь даралт ихсэлт нь тухайн хүнд ямар нэгэн байдлаар мэдэгдэхгүй гэсэн үг үү?
-Даралт ихсэхийг чимээгүй алуурчин гэдэг . Учир нь, ихэнх тохиолдолд тухайн хүнд мэдрэгдэхгүй аажмаар нэмэгдсээр байгаад гэнэт зовуурь өгсөн үед мэддэг. Тиймээс эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн тулд наана нь мэдэж байх ёстой. Үүний эхлэл нь даралтаа үзэж хэвших. Орчин үед нийгмийн байдал, стресстэй холбоотойгоор даралт ихсэх өвчин нэмэгдэж байна. Нийгмийн, хувь хүний амьдрал дахь бухимдал нь цусны даралт ихсэх том шалтгаан болж байна. Тэгэхээр хувь хүн харвалтад өртөхгүйн тулд нэгд, зөв амьдрах ёстой. Хангалттай нойр авч, нойр нь зөв, хоол унд нь зөв бүтэцтэй, тамхи, архи хэрэглэдэггүй, эрүүл хэвшилтэй, хөдөлгөөнтэй байхаас эхэлнэ. Эдгээр хүчин зүйл бол өөрийнхөө эрүүл мэндэд оруулж байгаа хөрөнгө оруулалт. Ажлын асуудлаа ажил дээрээ үлдээгээд гэртээ ямар нэгэн асуудал тээж ирдэггүй байх ёстой. Энэ нь өөрийгөө ч гэрийнхнийгээ ч хамгаалж байгаа арга шүү дээ. Жижиг юм шиг сонсогдож байгаа ч энэ нь таны эрүүл мэндэд том дэвшил авчирна. -Харвалт өгсөн хүнд анхны тусламж үзүүлж байна гээд зарим хүн архи өгсөн тохиолдол цөөнгүй байдаг. Энэ нь зөв үү?
-Харвалт хоёр хэлбэрээр ихэвчлэн илэрч байна. Нэг хэлбэр нь гэнэт ухаан алдаж , гар хөл нь татна, огино, нэг талын гар, хөл сулардаг. Нөгөө нь ухаан алдахгүйгээр, таталт өгөхгүйгээр ам нь мурийж, гар хөл нь суларч, мэдрэхүй нь буурч, нүдний хараанд өөрчлөлт өгч тэнцвэр алдагдах шинж илэрдэг. Татаад эхэлсэн хүн бол яаралтай 103 дуудах нь тодорхой. Нөгөө хэлбэрийн хүмүүсийг мэдэлгүй алдчихаад байдаг. Тиймээс аль болох танихын тулд олон шинжийг дэлхий нийт гаргасан байдаг. Нүүр, гар, хэлний сорилыг ашиглаж, эсвэл ажиглаж харвасан эсэхийг мэдэж болдог. Жишээ нь, ам мурийх, гарын хүч сулрах, хэл яриа алдагдаж, юм ойлгох чадвар муудвал тухайн хүн “би харвасан байна” гэдгийг 103-д утасдаж хэлэх ёстой. Энэ тохиолдолд дуудлагыг авсан даруйд очих ёстой. Учир нь, цаг алдах тусам тархины үхэжсэн эд, эсийн тоо нэмэгддэг. Тиймээс цаг алдалгүй эмнэлэгт очих нь чухал байдаг. Тухайн хүн өөрөө, эсвэл гэр бүлийнхэн нь харавчихлаа гэдгийг мэдсэн бол дур мэдэн эм, тариа хэрэглэж огт болохгүй . Тэр архийг ч ууж, өгч болохгүй. Анагаах ухаанд батлагдаагүй, нотлогдоогүй зүйл шүү дээ. Яах вэ багахан хэмжээгээр өгсөн нь зарим хүнд эергээр нөлөөлсөн байдаг. Гэхдээ архийг ямар хэлбэрийн харвалтад яаж өгөх вэ гэдэг нь батлагдаагүй учраас аюултай . Ер нь архи харвалтыг гүнзгийрүүлж, нэмэгдүүлэх хандлагатай байдаг . -Харвасан хүнд архинаас гадна эм уулгасан тохиолдолд олон байдаг?
-Дураараа даралтын эм огт өгч болохгүй. Ер нь даралт бууруулах эмийг яарч хэрэглэх нь зөв биш. Харвасан хүний цусны даралтыг эхний 24 цагийн дотор 10 хувиар л буулгах зүйтэй гэж үздэг. Жишээ нь, цусны даралт нь 200 хүрсэн хүний даралтыг 180 болгож, аажмаар бууруулах тактик барьж ажиллахыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зөвлөж байгаа. Даралтаа огцом бууруулах нь эргээд эрсдэлтэй гэж үздэг . Тиймээс даралтны эмийг өөрсдөө ч мэдэхгүйгээр хэрэглэх нь бас л аюултай. -Ер нь харвалт ямар тохиолдолд эмчлэгдэж, ямар тохиолдолд эмчлэгдэх боломжгүй болж байна вэ?
-Дэлхий дээр жилд харвалтаар 15-17 сая хүн харвалтаар өвчилдөг. Үүний 1/3 нь эмчлэгдэж, 1/3 тахир дутуу, байнгын хүний хараанд ордог, үлдсэн 1/3 нь нас бардаг. Тэгэхээр харвасан 100 хүний 30 л хэвийн амьдралдаа очиж, 30 нь үхэж, 30 нь тахир дутуу байна гэдэг нь өөрөө аймшигтай тоо. Нэг үеэ бодвол тархины хагалгааг цаг тухай бүрт нь хийж, эрсдэлийг бууруулж эмчилж байгаа. Гэхдээ л хүнд хэлбэрийн харвалттай хүнд хагалгаа хийсэн ч найдвар муу байдаг. Тэгэхээр хамгийн найдвартай арга бол иргэдэд харвахгүй байх урьдчилан сэргийлэх аргыг хэвшүүлэх нь чухал. -Гуравдугаар эмнэлэг л тархинд цус харвасан хүнд ихэвчлэн хагалгаа хийдэг гэдэг. Ер нь улсын хэмжээнд энэ чиглэлийн мэргэшсэн эмнэлэг, мэргэжилтэн хангалттай бий юу?
-Энэ чиглэл манай мэдрэлийн эмч нар голчлон анхаардаг. Саяхан Мянганы сорилтын сангийн тусламжтайгаар гуравдугаар эмнэлэг дээр 20 ортой бүрэн тоноглогдсон харвалтын тусгай тасаг нээгдсэн. Зөвхөн харвалттай хүн эмчилдэг тасаг. Дэлхий нийт харвасан хүнийг мэдрэлийн тасгаар биш, харвалтаар мэргэшсэн хүмүүс харвалтын тусламжийг үзүүлдэг. Манайх бага багаар дэлхий хандлагыг дагаж байгаа. Өөрөөр хэлбэл, мэдрэлийн тасгаас илүү нарийн мэргэжлийн тусламж үзүүлдэг болж байгаа гэсэн үг. Манай эмнэлэг дээр мөн харвалтын тасаг бий. Гэхдээ энэ хоёр эмнэлэг дангаараа бүх харвасан хүнд үйлчилж чадахгүй. Тиймээс сум, аймаг дүүрэг, хороодод харвалтын анхдагч нэгжүүдийг байгуулах хэрэгтэй. Тэнд мэдрэлийн эмч нарыг нь харвалтаар нарийн мэргэшүүлж, хүнд хэлбэрийн харвалттай хүнээ төв рүүгээ явуулдаг, өөрсдийн төвшинд эмчилж чадахыг нь эмчилдэг болох ёстой. Энэ саналыг Эрүүл мэндийн яаманд шийдвэрлүүлэхээр тавьсан. -Гуравдугаар эмнэлэг харвалтын бүлэн хайлуулах эмчилгээг хийж байгаа гэж сонссон. Энэ эмчилгээний давуу талыг тайлбарлаж өгнө үү?
-Манайд цус хурж харвах, бөглөрч харвах хоёрын аль нь илүү давамгайлж байна вэ?
-Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад харвалтын 70-80 хувийг бөглөрдөг хэлбэрийн харвалт эзэлдэг. Монголд эсрэгээрээ цус харвалт нь 50-иас илүү хувьтай байна. Бөглөрөлт 47 орчим хувийг эзэлж байгаа. Цус харвахад нөлөөлдөг гол зүйл бол даралт ихсэх. Харин бөглөрдөг харвалтад судасны хатуурал, даралт ихсэлт, чихрийн шижин зэрэг өвчлөл нөлөөлдөг. Тэгэхээр иргэд биеийг залуугаас нь хайрлаж, эрүүл зөв амьдрах хэрэгтэй. Эрүүл мэндийн зөв хэвшилтэй, харвалтын талаар хүн амын эрүүл мэндийн боловсрол дээшлэх тусам өвчлөл багасна. Ганц эмч нар харвалтыг эмчилснээр өвчлөл багасахгүй. Харин харвахгүй байснаар л өвчлөл багасна. Тэгэхээр хүн бүр өөрийнхөө, хайртай хүмүүсийнхээ эрүүл мэндийн төлөө анхаардаг байх ёстой. -Ярилцсанд баярлалаа.