Open iToim app
Нийгэм | 2 мин уншина

Э.Энхзаяа: Арваннэгдүгээр сарын 24, 25-нд хүйтний эрч эрс чангарна

Э.Энхзаяа: Арваннэгдүгээр сарын 24, 25-нд хүйтний эрч эрс чангарна
Нийтэлсэн 2017 оны 11 сарын 16
Энэ сард цаг агаарын байдал ямар байх талаар Цаг уур орчны шинжилгээний газрын цаг уурч Э.Энхзаяагаас тодрууллаа.
-Өнгөрсөн хэдэн өдөр хүйтний эрч нэлээд чанга байна. Тойм хүргэхгүй юу?
-Өнгөрсөн 15 хоногийн хугацаанд хоёр гурван удаагийн цаг агаарын муудаж цас орсон. Төвийн аймгуудын нутгаар цас их орсон. Энэ сарын 10-ны байдлаар цаг агаарын станцуудаас ирсэн мэдээллээр эхний арав хоногт нийт нутгийн 50 хувь нь цасан бүрхүүлтэй гарсан.
-Цаашид цаг агаар ямар байх талаар мэдээлэл өгөхгүй юү?
-Энэ сарын 15-16 шилжих шөнө ихэнх нутгаар, ялангуяа нутгийн хойд хэсгээр цас орж, салхины хурд ширүүсч, цасан шуурга шуурах төлөвтэй байна. Цаашлаад 18-19-ны үед нутгийнхаа өмнөд талаар буюу Ховд, Говь-Алтай, Өмнөговь, Дорноговийн нутгаар бага хэмжээний цас орно. Өөрөөр хэлбэл дараа долоо хоногт саяны хэд хоног болсон хүйтнээс арай илүү хүйтэрнэ гэж ойлгож болно. Харин үлдэж байгаа арав хоногт буюу 20-д гараад цас бага хэмжээгээр орж, хүчтэй салхи шуургатай байна. Цас нь бага орох ч хүчтэй салхитай байна гэдэг илүү жавартай болж,  илүү хүйтнээр хүнд мэдрэгдэнэ гэсэн үг. Энэ сарын 24,25-ны үеэр цаг агаар дахин муудаж, хүйтний эрч эрс чангарах төлөвтэй байна. Харин сарын сүүлээр  хүйтний эрч буурна.
-Энэ өвөл хэр хүйтэн байх бол. Ялангуяа хөдөө орон нутгаар цаг агаар ямар байх төлөвтэй байна вэ?
-Энэ сарын тухайд өмнөх жилүүдээс арай бага цас орж, арай хожуу хүйтэрч эхэлсэн. Хүйтрэх асуудал ер нь хэлбэлзэлтэй байгаа. Харин зудын эрсдэлийн мэдээг ус цаг уур орчин судалгааны хүрээлэн гаргадаг юм. Арваннэгдүгээр сарын 10-ний өдрийн байдлаар гарсан зудын эрсдэлийн мэдээгээр нийт нутгийн 30 хувь нь зудын эрсдэлтэй гарсан. Үүнд нь Увс, Завхан аймгийн зааг нутаг, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн хойд хэсэг, Архангайн өмнө тал, Булган, Төв аймгийн зааг нутгуудаар зудын эрсдэл өндөр гэж гарсан байгаа юм. Хүйтний улирлын цаг агаарын төлөвийн мэдээгээр цаашид зарим газраар ахиу цас орох төлөвтэй байгаа нь зудын эрсдэлийг улам нэмэгдүүлэх, одоо дунд зэрэг эрсдэлтэй байгаа газар нутгаар өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрч болзошгүй байна. Иймээс одоогийн байдлаар зудад ихээхэн эрсдэлтэй байгаа газар нутгийг эхний ээлжид анхаарах, цаашид авах арга хэмжээг оновчтой, шуурхай зохион байгуулах, олон улсын болон хүмүүнлэгийн тусламж, дэмжлэгийг татан оруулах зэрэг арга хэмжээг эртнээс авч хэрэгжүүлэх шаардлагатай. Хөдөө орон нутгийн иргэд өвөлдөө бэлтгэл сайтай байх нь зөв. Мөн цаашид бид цасан бүрхүүлийн зузаан нэмэгдэх, хүйтний эрч чангарах, өвөлжилт улам хүндрэх нөхцөл байдлын үед зудын эрсдэлийн тооцоог тухай бүр хийж, нэгдсэн зураглал боловсруулж, тойм зөвлөмж гаргаж, шуурхай мэдээлж байх болно.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн