Иргэдийн эрүүл мэндийн боловсролд зориулан www.iToim.mn сайт Улаанбаатар Сонгдо эмнэлэгтэй хамтран эрүүл мэндийн зөвлөгөөг уншигчдадаа хүргэж байгаа билээ. Бид өмнө нь зүрх судасны өвчлөл, түүний шалтгаан зовиур, зөв хооллолт, үргүйдэл, элэг цөсний өвчлөлийн талаар мэргэжлийн эмчийн зөвлөгөөг хүргэсэн. Тэгвэл өнгөрсөн бямба гаригт “Нурууны өвдөлт түүний ялгах оношлогоо, эмчилгээ” сэдвээр Сонгдо эмнэлгийн мэдрэлийн мэс заслын эмч А.Энхжаргал лекц уншиж, иргэдэд зөвлөгөө өглөө. Ингээд А.Энхжаргал эмчийн зөвлөгөөг тоймлон хүргэе. Монгол Улсын хүн амын дунд нуруу нугасны өвчлөл нэмэгдэж байна. Ялангуяа өсвөр болон хөдөлмөрийн насны залуус нурууны өвчнөөр ихээр өвчлөх болжээ. Үүнийг дагасан нуруу нугасны хагалгаа, мэс ажилбар нэмэгдэж байна. Нурууны өвчлөл олон хүчин зүйлээс хамаарч байна. Хотжилт, нийгмийн байдлаас хамаарч хүн амын олонхи суугаа ажил эрхэлж, удаан хугацаагаар суугаа ажилласнаас нуруунд ачаалал үүсэх, хөдөлгөөний дутагдал, буруу хооллолтоос үүдэлтэй таргалалт, цаг агаарын байдал, гэмтэл бэртлээс шалтгаалсан нурууны өвчлөл нэмэгдэж байна.
Нурууны өвчнийг ихэнх иргэд бөөртэй андуурах тохиолдол байдаг. Нуруу өвдөх шинж тэмдэг нь нурууны ойр орчмын булчин зангирч чангарах, булчингийн өвдөлтөөр мэдрэгдэж эхэлдэг. Эвгүй хөдөлгөөн хийх, юм эвгүй өргөх үед бүсэлхий нурууны хэсгээр өвдөлт өгнө, бөхийж, гэдийж, тонгойх байрлалд өвдөх, явахад халуун оргиж, цорьгиж өдвөх, булчин чангарч өвдөх зовиур илэрдэг. Нурууны өвчлөл хүндрэх тусам доошоо хоёр гуя, шилбэ рүү дагаж, дээшээ сээр нуруу, далны дундуур өвдөх, хүзүү рүү чилэх зэрэг шинж тэмдгүүд илэрдэг.
Нуруу өвдөх шинж тэмдэг илэрсэн бол мэргэжлийн эмчид үзүүлж, оношоо тодорхой болгож, зураг авахуулах ёстой. Зарим хүн дур мэдэн эм тариа хэрэглэх, тос түрхэх, бариа хийлгэх зэргээр түр зуур аргалж өнгөрүүлэх тохиолдол бий. Тухайн үедээ өвдөлт намждаг тул хүмүүс тоохгүй орхидог. Харин оношоо тодруулж, эмчилгээ хийлгэхгүй байсаар нурууны өвчин хүндэрч хагалгаанд орох хүртэл төвшинд хүрдэг.
Хүн дунджаар 45 минут зогсоод нуруугаа сууж амрааж байх ёстой. Харин суугаа ажилтай хүн хоёр цаг хөдөлгөөнгүй суугаад нурууны хөнгөн дасгал, гимнастик, хөдөлгөөн хийхийг зөвлөдөг.
Суулт буруу, далий суух, тэгш бус сандал дээр удаан хугацаагаар суух нь цаашид нурууны дискэнд муугаар нөлөөлдөг. Мөн эмэгтэйчүүд, залуучууд нэг мөрөндөө цүнхээ үүрсэнээс болж нуруу далийх нэг шалтгаан болж байна. Насанд хүрсэн хүн 8 кг-аас илүү жинтэй зүйл өргөхөд нуруунд ачаалал өгч эхэлдэг. Тэгэхээр хүнд зүйл өргөхдөө анхааралтай байх хэрэгтэй.
Хүний биеийн бүсэлхий болон хүзүүний хэсэг хөдөлгөөнд их оролцож, хамгийн их ачаалал авдаг байна. Нуруу олон үечилсэн сигментээс бүтсэн анатомын бүтэцтэй эрхтэн. Хөдөлгөөнтэй байж эрүүл байдлаа хадгалдаг гэсэн үг. Тиймээс удаан суух, зогсох тусам нуруунд даралт өгч шим тэжээлийн өөрчлөлт, шохойжилт цаашлаад дискний ивэрхий, нугасны сувгийн нарийсал үүсдэг.
Тиймээс нурууны өвчнөөс сэргийлэх хамгийн энгийн арга бол спортоор хичээллэн, жингээ барьж, нурууны энгийн дасгалуудыг хийж хэвших хэрэгтэй. Иргэд 2-5 минутын нурууны дасгалыг өдөр бүр хийх нь нурууны өвчнөөр өвчлөх эрсдэлийг багасгана. Хүн эрүүл байя гэвэл дасгал хөдөлгөөнтэй байх хэрэгтэй. Өөрт тохирсон спортоороо хичээллэж заншвал нурууны өвчлөлд өртөх магадлалыг 50 хувь бууруулах боломжтой. Хамгийн гол нь биеийн жингээ зохистой хэмжээнд барихгүй бол нурууны өвчлөлийн гол шалтгаанд таргалалт том хувь эзэлж байгаа. Нурууны өвдөлтөө хайхрахгүй, мэдрэл дарагдаад удаан хугацаанд явбал доод үе мөчний үйл ажиллагаа алдагдах, булчин хатингарших, шээс задгайрах зэрэг өөрчлөлтүүд гарч эхэлнэ.
Иргэдэд нурууны өвчлөлийн талаар ерөнхий мэдээлэл өгсөний дараагаар А.Энхжаргал эмч иргэдийн сонирхсон асуултад хариуллаа.
-Нугасны гэмтэл сэргэх боломжтой юу. Ямар эмчилгээ илүү үр дүнтэй вэ?
-Хүний мэдрэл болон булчингийн эс нь бусад эс шиг ургаж нөхөн төлждөггүй. Тиймээс нугас тасарсан, гэмтсэн тохиолдолд бүрэн эдгэрэх магадлал бага байдаг. Гэхдээ нугас нь бүрэн тасраагүй, гэмтэл багатай бол эргээд сэргэсэн тохиолдол нэлээд бий. Дэлхийн нийтэд нугасны тасрал, гэмтлийг бүрэн эмчлэх эмчилгээг нэвтрүүлэхээр сүүлийн таван жилд эрчимтэй судалгаа хийж байгаа. Үүдэл эсээр тасарсан нугасыг ургуулах клиник туршилтыг хийж байгаа. Хоёр жилийн өмнө муурны тасарсан нугасан дээр үүдэл эс суулгасан. Үүний дараагаар муурны бүх бие мэдээ орж өөрөө явж чаддаг болсон. Харин хүн дээр бүрэн хараахан туршилт хийгээгүй байна.
-Ясны сийрэгжилжт нурууны өвдөлтөд нөлөөлөх үү?
-Нурууны диск удаан сууснаас болж бодисын солилцоо явагддаггүй. Байнгын хөдлөж, яснаасаа шар усаа шимж бодисын солилцоо явагддаг өвөрмөц бүтэцтэй. Тиймээс яс сийрэгжиж эхэлбэл нурууны дискэнд өөрчлөлт ордог. Шар ус маш сайн хэрэгтэй учраас шим тэжээлтэй хоол хүнс хэрэглэж, спортоор хичээллэж байх хэрэгтэй.
-MRY, томографи шинжилгээгээр нурууны дискэнд өөрчлөлт орсон байгаа эсэх нь мэдэгдэх үү?
-Мэдэгдэнэ. MRY шинжилгээ буюу соронзон томографи шинжилгээгээр нурууны дискны оношлогоо, нугас, зөөлөн эдийн өвчлөлийг хамгийн сайн оношилж байгаа. Өнөөдрийг хүртэл MRY-гаас илүү төгс оношлогоо хүн төрөлхтөн нээгээгүй байна. Дискны хүндрэл аль зэрэгтээ явж байгаа, хагалгаанд орох шаардлагатай эсэхийг MRY оношлогоогоор илүү тодорхой болно.
-65 настай эмэгтэй. Нурууны доод үеэр гэнэт янгинаж өвддөг. Хааяа хөлийн тавхай чимчигнээд байх шинж тэмдэг илэрч байгаа. Энэ нь нурууны өвчинтэй холбоотой юу?
-Нэн тэрүүнд мэргэжлийн эмчид үзүүлж, оношоо зөв тогтоолгох хэрэгтэй гэж зөвлөмөөр байна. Нас ахих, тэр тусмаа 50-аас дээш насны иргэдэд элементүүдийн зузаарлаас хамаарч нугасны сувгийн нарийсал үүсэх нь элбэг байдаг. Энэ тохиолдолд нуруу руу янгинаж өвдөх шинж тэмдэг илэрдэг. Үүнийг эмчлэх боломжтой. Гэхдээ өөрөө дуран мэдэн эмчлэхээс өмнө эмчид үзүүлж, оношлогоо хийлгэсний дараагаар эмчилгээ хийх хэрэгтэй.
-Сүүлийн үед нурууны өвчтэй хүмүүст зориулсан сунгалтын тавцанг ихээр худалдаалах болсон. Гадуур худалдаалагдаж байгаа сунгалтын тавцан үнэхээр нурууны ачаалалд дэм өгөх үр дүнтэй юу?
-Нурууны дасгалын тавцан нь нуруунд дэм өгнө. Хүн өдөржингөө суугаа эвсэл зогсоо ажил хийж орой гэртээ ирээд 10 минут орчим сунгалтын тавцан дээр дасгал хөдөлгөөн хийвэл сайн үр дүнтэй. Хамгийн гол нь өөрийн биеэрээ хүчилж хийдэггүй учраас нурууны ачаалалд үр дүн өгнө. Нурууны сунгалт хийснээр дискэнд үүссэн ачааллыг багасгах сайн талтай. Мөн гэрийн нөхцөлд хүзүүний сунгалт хийдэг аппарат гарсан байсан. Энэ ч мөн үр дүнтэй. Хүзүүний суултаас болж дискний хэсэг цүлхийж гар руу дамжин өвдөж, үүнийг дагасан гэмтэл илэрдэг. Тиймээс суугаа ажил хийдэг хүмүүс нуруунаас гадна хүзүүний сунгалтын дасгалыг оройдоо 5 минут орчим хийхэд үр дүнтэй байдаг.
-Нуруунд суулт юунаас болж үүсдэг юм бэ. Суулт үүсэхээс хэрхэн сэргийлэх вэ?
-Шим тэжээлийн солилцоон дээр үүссэн хөгжлийг суулт гэж нэрлэдэг. Механикаар яривал хэт хүнд юм өргөхөд нуруунд хэвийн хэмжээнээс хэд дахин их ачаалал өгснөөс болж сүүлдээ ямар ч ачааалал даах чадамжгүй болдог. Үүнийг суулт өгөх гэж нэрлээд байгаа юм.Нуруунд хэт их ачаалал өгсөн хэсэг амарсны дараа дикс буцаад байрандаа эргээд ордог. Эсвэл эсрэгээрээ ямар ч чадамжгүй болох үзэгдлийг суулт үүссэн гэж тодорхойлдог. Суулт үүссэний дараа буюу шим тэжээлийн өөрчлөлтөд орсон нуруу эргээд өмнөх шигээ эрүүл диск болох боломжгүй байдаг. Тиймээс нурууны дискэнд өөрчлөлт орсон хүмүүс суултаа ахиулахгүй, дахин суулт өгөхгүй, нуруунд ачаалал үүсгэхгүй байхын төлөө хичээх хэрэгтэй. Тухайлбал, жингээ барьж, хэт урт хугацаагаар удаан суухгүй, байнгын дасгал хөдөлгөөнтэй байх ёстой. Үүнийг хэрэгжүүлж заншсанаар нурууны суултаа ахиулахгүй байх боломжтой. Нуруу бүх үйл ажиллагаа, биеийн хөдөлгөөнд чухал үүрэг гүйцэтгэдэг. Ямар нэгэн шалтгаанаар жилээс жилд муудаж, хөгшрөлтийн процесс явагддаг эрхтэн. Хөгшрөлт явагдах процессийг удаашруулах нэг арга нь дасгал хөдөлгөөн, спортоор хичээллэх юм.
-Нурууны өвчлөлөөс болж гормонд өөрчлөлт орох уу?
-Миний уншиж судалснаар нурууны өвчлөл гормонд нөлөөлөхгүй.
-Нугасаар олон удаа мэдээ алдуулснаас болж нуруу өвдөх тохиолдол байх уу?
-Нугас руу мэдээ алдуулах гэдэг нугасны хатуу хальс руу зүүгээр хатгаж мэдээ алдуулах тариа хийх процесс юм. Нуруу руу мэдээ алдуулах тариа хийлээ гэхэд нэвт хатгахгүй. Тэгэхээр нугас руугаа 3-4 удаа хатгуулаад нуруу өвддөг болно гэсэн ойлголт байхгүй. Хийсвэрээр төрсөн эмэгтэйчүүд мэдээ алдуулалтаас болж нуруу өвдлөө гэж ярьдаг. Гэхдээ энэ нь мэдээ алдуулалт биш жирэмсэн болон төрсний дараа нуруунд хэт ачаалал өгснөөс үүдсэн өвдөлт байх элбэг байдаг. Харин нугас, нурууны хатуу арьс руу маш олон удаа зүүгээр хатгуулснаас болж болцруу үүсч, тэр нь өвдөлт үүсгэх тохиолдол байдаг. Гэхдээ энэ нь маш бага хувьтай байдаг.
-Нурууны өвдөлтөд шавар эмчилгээ хэр сайн нөлөөтэй вэ?
-Шавар эмчилгээ нь дулааны эмчилгээнд ордог. Дулааны эмчилгээ нь тухайн өвчилсөн газрын цусан хангамжийг сайжруулж, үрэвслийг намжаах нөлөөтэй. Тэгэхээр нурууны архаг өвчтэй хүмүүс шавар эмчилгээг эмийн эмчилгээтэйгээ хавсарч хийвэл илүү үр дүнтэй байгаа.
-Бага, дунд сургуулийн хүүхдүүд нэлээд хүнд цүнх үүрч байна. Энэ нь нуруунд нь өөрчлөлт ороход нөлөөлөх үү?
-Нөлөөлнө. Хүүхэд нийт жингийнхээ 10 хувиас дээш зүйл өргөвөл нуруунд нь ачаалал өгч эхэлдэг. Ялангуяа нэг талдаа үүрдэг цүнх үүрснээс болж нурууны далийлт үүсэхэд нөлөөлдөг. Олдмол нурууны далийлтын гол шалтгаан буруу суух, нэг талдаа цүнх үүрсэнээс үүдэлтэй. Тиймээс ямарч насны хүүхдэд хоёр мөрөндөө ижил хэмжээний ачаалал өгөх цүнх сонгох зөв юм.
-Нурууны далийлтыг хэрхэн эмчлэх вэ?
-Нурууны далийлтыг булчин чангалах дасгал хөдөлгөөн хийж хэвийн хэмжээнд оруулах боломжтой. 15 радиусаас дээш далийлттай хүмүүс тусгай бүс зүүдэг. Харин 45 радиусаас илүү далийлттай бол хагалгаагаар засахаас өөр аргагүй.