Open iToim app
Анализ | 3 мин уншина

Н.Энхболд: Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд тогтолцооны томоохон өөрчлөлт хийхгүй

Н.Энхболд: Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд тогтолцооны томоохон өөрчлөлт хийхгүй
Нийтэлсэн 2017 оны 1 сарын 3
Ерөнхийлөгчийн Сонгуулийн тухай хуулийг төслийг УИХ-ын гишүүн Н.Энхболд, Б.Батзориг, З.Нарантуяа, Н.Оюундарь, Д.Хаянхярваа нар санаачлан УИХ-ын даргад өргөн мэдүүлсэн. Уг нь өмнөх парламент Ерөнхийлөгч, УИХ, сум дүүргийн ИТХ-ын сонгуулийг нэг хуулиар зохион байгуулахаар нэгдсэн хууль баталсан билээ. Гэсэн хэдий ч гурван өөр сонгуулийг нэг хуулиар зохион байгуулахад хүндрэл гарч байгаа учраас ийнхүү гурван тусдаа хууль батлахаар болж байгаа аж. Тус хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн Н.Энхболдоос зарим зүйлийг тодрууллаа.
-Өмнөх парламнет гурван сонгуулийг нэг хуулиар зохион байгуулах нэгдсэн Сонгуулийн хууль баталсан. Гэтэл Ерөнхийлөгчийн Сонгуулийн тухай хуулийн төсөл өргөн барьсан юм байна. Тэгэхээр сонгууль тус бүр өөр өөр хуулиар явна гэсэн үг үү?
-УИХ-ын сонгууль, орон нутгийн сонгуулийг нэг хуулиар зохион байгуулсан. Гэхдээ манай нам энэ гурван сонгуулийг тусдаа хуулиар зохицуулах нь зүйтэй гэсэн байр суурьтай байсан. Гэтэл өмнөх парламент нэгдсэн нэг хууль санаачлан баталсан. Харин СЕХ-ноос бүх сонгуулийг нэг хуулиар зохицуулах нь төвөгтэй байна. Тусдаа хуультай болох нь зүйтэй гэдэг саналыг Төрийн байгуулалтын байнгын хороонд ирүүлсэн. Тэд 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд суурилж саналаа ирүүлсэн. СЕХ-ноос саналаа гаргахдаа сонгуулиудыг тус бүрд нь өөр хуулиар явуулж байх нь илүү тохиромжтой  гэсэн үндэслэлээр тухайлсан заалтуудыг нэрлэж хүргүүлсэн байсан. Хэрэглэхэд тохиромжгүй, ойлгомжгүй заалтууд нь үндсэндээ техникийн шалтгаантай зүйлүүд байсан юм. Ерөнхийлөгчийн сонгууль энэ онд болох учраас эхлээд Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг салгаж батлаад, дараа нь УИХ, орон нутгийн сонгуулийн тухай хуулийг тус тусад нь батлах ёстой гэсэн байр суурьд нэгдсэн. Тиймээс УИХ, орон нутгийн сонгуулийн тухай хуулийг дараа нь тус тусад нь боловсруулж өргөн барина. Бүх шатны сонгууль тус тусдаа хуультай болно гэсэн үг. Өмнө нь ч гэсэн ийм зохицуулалттай байсан. Ерөнхийлөгч, УИХ, ИТХ тусдаа бие даасан үйл ажиллагаа явуулдаг институци. Тиймээс тус бүрийнх нь онцлогт тохирсон хуулиар сонгуулийг нь зохион байгуулах ёстой гэж үзсэн.
-Та бүхний боловсруулсан хуулийн төсөлд орсон гол өөрчлөлтүүд нь юу вэ?
-Тухайн үед буюу 2013 онд УИХ-д таван нам байсан. Тиймээс хуульд байгаа үндсэн гол санаа, шалгуур үзүүлэлт, зохицуулалтыг хэвээр нь аваад, шинэчлэн найруулах нь зүйтэй гэж Байнгын хороо шийдсэн. Харин зохион байгуулалттай холбоотой шинэ заалт оруулж байгаа юм. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг нэгдүгээр сарын дунд үед багтаад, Ерөнхийлөгчийн сонгууль болох хугацаа товыг зарлах зорилготой байгаа. Сонгуулийн тухай хуульд тогтолцоотой холбоотой зарчмын томоохон өөрчлөлтүүд хийгдэх шаардлагагүй гэж үзсэн. Сонгуулийг зөв, эмх замбараатай, зохион байгуулалттайгаар сонгуулийн үйл ажиллагааг явуулахад чиглэсэн санал дээр тулгуурласан төслийг оруулж ирсэн.
-Сонгуулийн тухай хуульд зургаан сарын өмнө өөрчлөлт оруулахгүй гэдэг заалтыг нэгдсэн Сонгуулийн хуульд оруулаагүйгээс өнгөрсөн сонгуулийн өмнө нэлээд маргаан дагуулсан. Энэ хуулийн төсөлд уг заалтыг оруулсан уу?
-Ерөнхийлөгчийн сонгуулийг зургадугаар сарын сүүлээр зохион байгуулна гэж бодоход нэгдүгээр сард багтаан Сонгуулийн тухай хуулийг хэлэлцэн баталвал зөрчилдөхгүй. Сонгуулиас 150 хоногийн өмнөөс холбогдох хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулахгүй гэсэн заалт оруулсан. Энэ хуулийн төсөл дээр маргаан дагуулах зүйл заалт байхгүй, зөвхөн процедуртай холбоотой асуудал учраас хугацаа шаардахгүй байх гэж бодож байна.
-Ерөнхийлөгчийн сонгуульд УИХ-д суудалтай намууд өрсөлдөхөөр хуулийн төсөлдөө тусгасан. Бие даагч С.Жавхлан гишүүн өөр намд элссэнээр тухайн нам Ерөнхийлөгчийн сонгуульд хүнээ нэр дэвшүүлэх боломж бүрдэх үү?
-Өмнөх сонгуулийн тухайн хууль, тогтоомжууд дээр УИХ-д суудалтай нам гэсэн ойлголт янз бүрээр тайлбарлагдсан байдаг. Энэ хуулийн төсөл дээр УИХ-д нам эвслээс нэр дэвшиж сонгогдсон гишүүн бүхий намыг парламентад суудалтай гэж үзнэ гэсэн тодорхойлолт орж байгаа.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн