Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяртай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-“Дүнжингарав” зэрэг хурдан морины уралдааныг товлосон Засгийн газрын тогтоолын зарим хэсгийг Захиргааны хэргийн шүүх түдгэлзүүлсэн. Шүүх түдгэлзүүлсэн байхад уралдаан болдгоороо болсон нь олон хүний эгдүүцлийг төрүүлж байна. Таны хувьд твиттер хуудсандаа, “Засгийн газрын шийдвэрийг захиргааны шүүх хянах эрхгүй” гэж бичсэн байсан. Яагаад вэ?
-Засгийн газрын шийдвэрийг Захиргааны хэргийн шүүх хянаж, хүчингүй болгох эрхгүй гэсэн шийдвэрийг Үндсэн хуулийн цэц одоогоос 12 жилийн өмнө буюу 2005 оны гуравдугаар сарын 31-нд гаргасан байдаг. Өөрөөр хэлбэл, 12 жил мөрдөгдөж байгаа зохицуулалт. Би бяцхан түүх ярья.
-Тэр үед ямар үйл явдлаас болоод цэц тийм шийдвэр гаргасан байх вэ. Тэр тухай юу?
-Тийм. Манай улсад Захиргааны хэргийн шүүх байгуулагдсаны дараахан, 2004 оны УИХ-ын сонгуулиар аль ч нам олонхи болж чадаагүй. Намууд эвсч одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг Ерөнхий сайдаар томилсон. Гэвч УИХ-д хамгийн олон суудалтайд тооцогдож, Ерөнхий сайдаа томилсон АН ба Эх орон намын “Эх орон-ардчилал” эвсэл задрав. Эх орон нам цаашид Ардчилсан намтай Засгийн газарт хамтрахгүй, сөрөг хүчин болж буй улс төрийн шийдвэрээ орон даяар зарласан юм. Ингэснээр эвсэл байхад намаа төлөөлж засагт орсон, эвсэл задарсны дараа сөрөг хүчин болсон Эх орон намын Б.Эрдэнэбат, И.Эрдэнэбаатар нарыг Засгийн газрын гишүүнээс чөлөөлөх улс төрийн шийдвэрийг Ерөнхий сайд Ц.Элбэгдорж тэр үед гаргасан юм. Энэ бол, ер нь хэнийг сайдаар томилуулж, хэнийгээ хэзээ чөлөөлөх нь Монгол Улсын Ерөнхий сайдад Үндсэн хуулиар олгосон хэнтэй ч хуваалцахгүй эрх мэдэл юм. Гэтэл эл улс төрийн шийдвэрийг нөгөө хоёр сайд нь хянуулахаар Захиргааны хэргийн шүүхэд хандан, шүүх түдгэлзүүлчихсэн. Тэр үед дээрх хоёр сайд тухайн үеийн Ерөнхийлөгчтэй дотно байсан гэх мэдээ хэвлэл мэдээллээр ил гардаг байсан үе л дээ. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч шүүхээр дамжуулан Ерөнхий сайдын Үндсэн хуульчлагдсан бүрэн эрхэд халдаж байна, Засгийн газрыг “базаж” байна гэх хардлагын нэг жишээ болсон юм. Энэ цаг хугацаанд Үндсэн хуулийн цэц шийдвэр гаргасан.
-Тэр үед цэцээс 02 тоот тогтоол гэж гарч байсан. Цэцийн шийдвэр хэн ч уншсан салаа утгаар ойлгохооргүй, туйлын тодорхой гарсан. Тухайлбал, Засгийн газрын шийдвэрийг захиргааны хэргийн шүүх хянаж байхаар хуульчилсан нь Үндсэн хуулиар тусгайлан тогтоосон Засгийн газар, УИХ-ын эрх хэмжээнд халдсан гэх үндэслэл тогтоогдож байна.Захиргааны хэргийн шүүхэд төрийн гүйцэтгэх дээд байгууллагын шийдвэрийг хянах эрх хэмжээ Үндсэн хуулиар олгогдоогүй байна гэсэн. Мөн Засгийн газар төрийн гүйцэтгэх дээд байгууллага болохынх нь хувьд түүний шийдвэр хуульд нийцээгүй тохиолдолд хүчингүй болгох эрх бүхий субъектыг Үндсэн хуулиар тусгайлан тогтоосон байна. УИХ, Засгийн газар Үндсэн хуульд заасан үүргээ биелүүлээгүй тохиолдолд Үндсэн хуулийн цэцэд хандаж шийдвэрлүүлж болох нь нээлттэй байна гэсэн байдаг.
-Цэцийн тэр тогтоол Захиргааны ерөнхий хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль батлагдан гарснаар хүчингүй болчихсон юм биш үү. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын шийдвэрийг хүчингүй болгох эрх хэмжээ нь захиргааны шүүхийн хяналтад эргэж ирсэн талаар нэр бүхий хуульчид хэлсэн?
- УИХ-аас 2015 оны зургадугаар сарын 19-ний өдөр Захиргааны ерөнхий хуулийг баталсан. Энэ хуулийг 2016 оны долдугаар сарын 1-нээс мөрдөж эхэлсэн. Харин Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг 2016 оны хоёрдугаар сарын 4-нд батлаад өнгөрсөн долдугаар сарын 1-нээс хамт мөрдөж эхэлсэн байгаа. Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д Нийтийн ашиг сонирхлыг илэрхийлэн захирамжилсан шийдвэр гаргадаг дараах нийтийн эрх зүйн этгээдийг захиргааны байгууллага гэж ойлгоно гээд 5.1.1-дтөрийн гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлдэг төв, орон нутгийн бүх байгууллагагэж заасан. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “захиргааны байгууллага” гэж Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлд заасан байгууллагыг хэлнэ гэсэн. Өөрөөр хэлбэл, захиргааны хэргийн шүүх нь Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д заасны дагуу төрийн гүйцэтгэх төв, орон нутгийн бүх байгууллагын шийдвэрийг харьяалан хянах эрхтэй байхаар хуульчлагдсан байна.Манай улсын хууль тогтоомжоор төрийн захиргааны төв байгууллагад яамыг, төрийн захиргааны байгууллагад агентлагыг ойлгодог ба энэ хоёрыг нэгтгэн төрийн гүйцэтгэх төв байгууллага гэх нэршилийг хууль тогтоогч Захиргааны ерөнхий хуулиар оноожээ. Хуулиар тогтоосон энэхүү нэршил нь Үндсэн хуулийг давж үйлчлэх хууль зүйн болон улс төрийн чадамжгүй бөгөөд тэр дундаа нэгэнт Үндсэн хуулийн тодорхойлолтыг өөрчлөх боломжгүй нь нэн тодорхой. Үндсэн хуулийн цэцийн шийдвэр нь Үндсэн хуульд заасанчлан гармагцаа хүчин төгөлдөр бөгөөд эцсийн шийдвэр байдаг. Цэцийн шийдвэрийг хүчингүй болгох эрх УИХ-д ч, шүүхэд ч Үндсэн хууль бусад хуулиар олгогдоогүй. Захиргааны хэргийн шүүхийн тайлбарласан шиг шинэ Захиргааны ерөнхий хууль батлагдсанаар хуучин хуульд холбогдуулан гаргасан Цэцийн шийдвэр нь автоматаар хүчингүй болдог ч юм биш. Тэгээд шүүх ийн тайлбарлахдаа логикийн маш том алдаа гаргасан. Цэцийн 2005 оны 02 тоот дүгнэлт гарснаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн Үндсэн хууль зөрчсөн тухайн заалт нь хүчингүй болсон. 2016 онд хүчингүй болох хүртлээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль Үндсэн хууль зөрчсөн хууль байгаагүй. Үндсэн хууль зөрчсөн нэг заалт нь 2005 онд хүчингүй болсон “цэвэр” хууль байсан. Үүнийг шүүх бүхэлдээ Үндсэн хууль зөрчсөн хууль байж байгаад 2016 онд хүчингүй болсон учраас Цэцийн шийдвэр тэр “бохир” хуультайгаа хамт хүчингүй болсон мэт муйхар, логикгүй тайлбарыг олон нийтэд хандаж хийсэн. Засгийн газрын шийдвэрийг Цэц хянаж шийдвэрлэнэ гэсэн Цэцийн 02 тоот дүгнэлт хүчин төгөлдөр байсаар байхад Цэцэд харьяалуулаагүй маргааныг бид шийдсэн гэсэн мөн логикгүй тайлбарыг хийсэн. Цэцийн дүгнэлтийг захиргааны хэргийн шүүх ч тэр, Улсын дээд шүүх ч тэр хүчингүйд тооцох эрх хэмжээ Үндсэн хуулиар байхгүй. Цэцийн шийдвэр уг шийдвэрийг гаргах үндэслэл болсон Үндсэн хууль өөрчлөгдөөгүй л бол агуулга, үзэл баримтлал нь мөнхөд хүчин төгөлдөр байх хууль зүйн хүчин чадал, үр дагавартай.
-Тэгвэл та Засгийн газар нь яам, агентлаг биш учраас захиргааны шүүхийн харьяалалд биш гэж “нугалаа гаргаж” хэлэх гээд байгаа юм уу?
-Төрийн гүйцэтгэх төв байгууллагад дээд байгууллага буюу Засгийн газар нь багтана гэж ингэхэд хэн хэлээд байна аа. Хууль тогтоогч буюу УИХ хэлээгүй. Үндсэн хуулийн цэц хэлээгүй. Улсын Дээд шүүх ч хэлээгүй байна. Зарим нэг судлаачид бол “онолын хувьд” гэж байгаад хэлж байна. Онолын хувьд би ч бас захиргааны шүүх Засгийн газрын шийдвэрийг хянах ёсгүй гэж хэлдэг нэгэн бол биш. Засгийн газрын шийдвэр хянагддаг байх ёстой. Тэрхүү хяналт нь үр дүнтэй, хүчтэй байх ёстой гэдэгтэй санал нэг байдаг. Гэхдээ тэр хяналт нь Үндсэн хуулийн хүрээнд, салаа утгагүй, хэн нэгний дур зоргоор тайлбарлагддаггүй, тэгж хэрэгждэггүй хяналттай л байх ёстой. Саяхан Захиргааны хэргийн шүүх Дүнжингарав морин уралдааныг зохион байгуулах тухай Засгийн газрын шийдвэрийг түтгэлзүүлсэн. Тийнхүү түтгэлзүүлсэн хууль зүйн үндэслэлээ хэвлэл мэдээллээр дурьдахдаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Захиргааны хэргийн шүүх Үндсэн хуулийн цэц болон өөр шүүхэд харьяалуулснаас бусад нийтийн эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэнэ.”гэж заасныг үндэслэсэн гэсэн байна лээ. Би өвлийн цагт хүүхдээр морь унуулах ёстой, ёсгүй, хүүхдийн эрх зөрчигдсөн эсэх, Монгол Улс энэ талаарх олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар биелүүлсэн үү, үгүй юу гэх асуудлыг хөндсөнгүй. Энэ нь Үндсэн хуулийн цэцийн хяналтаар шийдэгдэх асуудал мөн. Хүүхдийн эрхийг төр хамгаалах Үндсэн хуульд заасан үүргээ биелүүлж байна уу, үгүй юу, төрийн үйл ажиллагаанд хууль дээдлэх зарчим чанд мөрдөгдөж байна уу гэдэг асуудал бол Үндсэн хуулийн цэцийн хяналтын чиг үүрэгт бүрэн багтана.
-Таныхаар захиргааны байгууллагын үйл ажиллагаа шүүхийн хяналтаас гадуур байх нь зөв үү. Цэцийн гишүүнд УИХ, Ерөнхийлөгчөөс гурав гурван хүн нэр дэвшүүлж ажиллуулдаг. Өөрөөр хэлбэл, есөн хүний зургаа нь улстөрчдөөс бүрдэх магадлал өндөр. Өнгөрсөн хугацаанд Үндсэн хуулийг улстөржсөн шийдвэр гаргадаг гэдэг шүүмжлэл гарч ирлээ. Гэтэл тэр улстөржсөн байгууллагадаа Засгийн газрын шийдвэрийг хянах эрх хэмжээ өгч байгаа нь хараат бус шийдвэрийг хүлээхэд бэрх л санагддаг?
-Засгийн газрын үйл ажиллагаа “шүүх”-ийн хараа, хяналтаас гадуур байх ёсгүй гэх зарчим бол туйлын үнэн. Би арай өөрөөр тайлбарлая. Манай улс Үндсэн хуулийн бие даасан шүүхийн тогтолцоотой улс. Үндсэн хуулийн шүүхээ бид Үндсэн хуулийн цэц гэж нэрийддэг. Цэц Засгийн газрыг хянаж байгаа асуудал бол шүүх хянаж байгаа хэрэг мөн. Цэцийг шүүх биш, мөн гэдэг ямар нэг маргаан байдаггүй. Харин Үндсэн хуулийн бие даасан шүүхгүй улс орнуудад Засгийн газрын шийдвэрт тавих хяналтыг нь Улсын Дээд шүүх нь хэрэгжүүлдэг. Монгол Улсын Үндсэн хуулийн 45 дугаар зүйлийн 2-т, “Засгийн газрын тогтоол, захирамж нь хууль тогтоомжид нийцээгүй бол Засгийн газар өөрөө буюу УИХ хүчингүй болгоно” гэж заасан. Үндсэн хуулийн цэц 2005 оны 02 тоот шийдвэртээ “УИХ, Засгийн газар Үндсэн хуульд заасан үүргээ биелүүлээгүй тохиолдолд Үндсэн хуулийн цэцэд хандаж шийдвэрлүүлж болох нь нээлттэй байна” гэж хэлсэн. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын шийдвэрийг Засгийн газар өөрөө эсвэл УИХ, Үндсэн хуулийн цэц хүчингүй болгоно гэдгийг нэн тодорхой хэлсэн байна. Захиргааны хэргийн шүүхийн өөрсдийнх нь тайлбарлаж үндэслэсэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Захиргааны хэргийн шүүх Үндсэн хуулийн цэц болон өөр шүүхэд харьяалуулснаас бусад нийтийн эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэнэ.”гэх заалтын тухайд Засгийн газрын шийдвэр нь Үндсэн хуулийн цэцэд харъяалуулсан буюу өөрт нь хуулиар хянан шийдвэрлэх эрх олгогдоогүй маргаан гэдэг нь эндээс тодорхой харагдаж байна.
-Монголын Улсын Засгийн газар юм уу, Морин спорт, уяачдын холбооны Засгийн газар юм уу гэж УИХ-ын чуулганы анхны хуралдаан дээр АН-ын бүлгийн дэд дарга Б.Пүрэвдорж шүүмжилсэн. Та энэ Засгийн газарт дэд сайдын алба хашиж байгаа учраас ямар нэгэн байдлаар Уяачдын холбооноос зохион байгуулсан ажлыг “өмгөөлөх ажил” хийж байгаа юм биш биз дээ?
-Нэгт би хуульч хүн. Хоёрт, 12 жилийн өмнө цэцийн 02 тоот тогтоол гарахад Цэцэд хандаж өргөдөл гаргаж байсан хүн нь би. Тэр үед намайг МАН-аас сонгогдсон Ерөнхийлөгчийг биш АН-аас сонгогдсон Ерөнхий сайдыг хамгаалж цэцэд өргөдөл гаргалаа гэж хардаж хүртэл улс төржиж л байсан. Би бол зарчим л ярьсан. Үндсэн хуульд бичигдсэн зарчим. Энэ утгаараа л ярилцлага өгч байгаа юм. Одоо яригдсан нь л морь уралдааны жишээ болохоос маш олон жишээ яригдаж болно. Жишээ нь сайн малчны шагналыг хэнд олгохыг Засгийн газар шийдвэрлэдэг. Надад олгосонгүй, тэрэнд олголоо гээд шүүхдэж болох уу. Захиргааны хэргийн шүүхийн хэвлэлийн мэдээнээс харахад тэд Ерөнхийлөгчийн зарлигийг ч бас хянаж хүчингүй болгох эрхтэй гэсэн байна лээ. Ерөнхийлөгч ч бас Засгийн газрын нэгэн адил гүйцэтгэх эрх мэдэлд багтдаг. Шүүгчдийг томилох, чөлөөлөх бүрэн эрхтэй. Ерөнхийлөгчийн шүүгчийг томилсон, чөлөөлсөн шийдвэрийг бас захиргааны хэргийн шүүх хянаж, хүчингүй болгох уу. Үндсэн хууль үүнийг зөвшөөрсөн гэж үү. Ерөнхийлөгч, Засгийн газар, Улсын Дээд шүүх гэсэн Үндсэн хуульд заагдсан эдгээр байгууллагуудыг бие биенээс харьцангуй хараат бус байх, бие даасан байлгах үүднээс нэг нь нөгөөгийнхөө эрхийг хязгаарлах, шийдвэрийг нь хүчингүй болгохтой холбоотой асуудлыг тухайлан Үндсэн хуульд өөрт нь тодорхой бичиж заасан байна.Үнэхээр захиргааны хэргийн шүүх өөрийгөө Засгийн газрын шийдвэрийг хянах эрхтэй гэж “ойлгоод” байгаа бол, Цэцийн шийдвэрийг хүчингүй гэж мэтгээд байгаа бол асуудлын гарц нь уг нь өөрийнх нь хэрэглэж байгаа хуульд тодорхой бичигдсэн шүү дээ. Асуудлаа Дээд шүүхээр уламжлуулаад Цэцээс өөрөөс нь асуучих. Цэцийн шийдвэр чинь хүчинтэй юу, үгүй юу гээд. Мөн захиргааны шүүх Засгийн газрын шийдвэрийг хянах уу, үгүй юу гээд. Асуудлыг Үндсэн хуулийнх нь хүрээнд л шийдье гэж байгаа юм.