Таны сонорт | 10 мин уншина

​Э.Энхбаяр: Далайг огт төсөөлж байгаагүй хэрнээ далайчин болсон

​Э.Энхбаяр: Далайг огт төсөөлж байгаагүй хэрнээ далайчин болсон
Нийтэлсэн 2016 оны 1 сарын 20
Монгол Улсад далайчин мэргэжилтэй хүмүүс байдаг гэвэл захын хүн гайхах байх. Далайд гарцгүй оронд юун далайчин байх билээ гэсэн асуулт амнаас нь гарна. Гэтэл манай улс гаднын улс орнуудад далайчин мэргэжлээр боловсон хүчин бэлтгүүлээд хэдийнэ эхэлжээ. Тодруулбал, Зам тээврийн яамны харьяа Далайн захиргаа БНСУ-ын Далайн тээвэр, Загас ан агнуурын институттэй байгуулсан санамж бичгийн хүрээнд 2013 оноос эхлэн монгол далайчдыг тус институтэд бэлтгэж эхэлсэн юм байна. Сургалтын зардлыг “Саммок шиппинг” ХХК болон “Солонгосын хөлөг онгоц эзэмшигчдийн холбоо” хариуцдаг гэнэ. Далайн тээвэр, загас ан агнуурын институт нь дотоодын болон олон улсын далайн тээвэр, загас ан агнуурын чиглэлээр хөлөг онгоцны удирдлага, жолоодлого, инженерийн мэргэжлээр 1.6 жилийн хугацаанд далайчдыг бэлтгэдэг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн улсын сургууль юм байна. Энэ хамтын ажиллагааны хүрээнд Э.Энхбаяр гэх залуу БНСУ-ын Далайн тээвэр, загас ан агнуурын дээд сургуулийг далайчны мэргэжлээр төгссөн анхны монгол хүн болжээ. Тэрээр тун удахгүй далайд гарах гэж байгаа аж. Түүний араас Х.Баярбат гэх залуу тус сургуульд мөн далайчнаар суралцаж төгссөн бөгөөд ирэх гуравдугаар сард есөн сарын хугацаатай далайд гарах гэж байгаа юм байна. Ингээд Монголын анхны далайчид, "КIMFT"-ийн гуравдугаар зэргийн удирдлагын офицер Э.Энхбаяр, Х.Баярбат нартай ярилцлаа.
-Далайчин гэхээр их сонирхолтой санагдаж байна л даа. Яаж яваад далайд гарцгүй орны залуу далайчин болчихов оо?
-Намайг Э.Энхбаяр гэдэг. Би 2013 оны гуравдугаар сарын элсэлтээр БНСУ-ын Далайн тээвэр, загас ан агнуурын дээд сургуулийг далайчны мэргэжлийн ангид орж, онгоцны хөдөлгүүрийн инженерээр төгссөн. Хөдөлгүүрийн инженер усан онгоцны явах эд ангийн хэвийн байдлыг хянана гэсэн үг. Зургаан сар онол сураад, сургуулийн усан онгоцон дээр гурван сар дадлага хийгээд жинхэнэ далайн тээврийн дадлагаараа 30 мянган тонны хөлөг онгоцон дээр далайн тээвэр хийсэн. Ингэж явахдаа 13 орноор далайн тээвэр хийсэн. Манай сургууль шахуу хөтөлбөртэй. Дөрвөн жилийн хичээлийг 1.6 жилд үздэг. Анх далай гэдгийг огт мэдэхгүй очсон учраас толгойд бараг буудаггүй байсан шүү. Дадлага хийх 10 сарын хугацаанд өөрөө хөлөг онгоц жолоодоод, далайн шуургыг үзэж, олон зүйл сурсан. Нэг хүний ард багийн бүх хүний амь нас байдаг учраас хувь хүн маш хариуцлагатай байх ёстой. Далайчин гэхээр манайхан ойлгодоггүй л дээ. “Чи чинь юугаа яриад байгаа юм бэ. Далай байхгүй оронд далайчин гэж юу байсан юм” гэдэг. Бусад улсынхан ч гайхаж хүлээж авдаг. Хятад явах гээд далайчны виз авах гэсэн Хятадын Элчин сайдын яам “Монгол хүн юун далайчны виз авах вэ. Манайх мэдэхгүй. Гадаад хэргийн яам мэднэ” гээд визэнд оруулаагүй тохиолдолд ч бий. Далай гэхээр далайн давалгааг л төсөөлдөг юм шиг байгаа юм. Гэтэл манайд орж ирж байгаа импортын бараа бүтээгдэхүүн бүгд л далайн тээврээр ирдэг. Тухайлбал, хүн бүрийн мэддэг "Prius" манайд далайгаар л орж ирдэг. Ер нь далайн салбар асар том салбар.
-Арван сар өөр улсын хүмүүстэй, хаашаа л харна цэлэлзсэн усан дунд байна гэдэг их хэцүү санагдаж байна. Хүндрэлтэй асуудал хэр их гардаг вэ?
-Арван сар нэг ч монгол хүнгүй байна гэдэг ханьгүй жаахан хэцүү л байсан. Ядаж л монголоор ярьмаар санагдана шүү дээ. Одоо бидний дараагийн далайчдыг бэлдсэн учраас цаашдаа хамт далайд гарна. Тэгэхээр ханьтай дажгүй байна.
-Нэг онгоцны баг хэдэн гишүүнтэй байдаг вэ. Онгоцон дээр олон сар амьдрахад зориулагдсан орчин байх уу?
-Тогооч туслах тогоочтойгоо нийлээд 20 хүний бүрэлдэхүүнтэй баг байна. Удирдлагын зүгээс хөлгийн ахмад, I офицер, II офицер, III офицер, туслах офицер гэж бий. Сургуулиа III зэргийн офицер цолтой төгсөнө. Инженерүүд бол инженер-офицер гэж явдаг. Мөн тавцангийн болон инженерийн туслах гэж бий. Ингээд нэг хөлөг онгоцны баг 20-иод хүний бүрэлдэхүүнтэй байдаг.

-10 сар далайд гарахдаа 13 орноор орсон гэж байна. Тээвэр хийж байгаа учраас орон бүрийн боомтон дээр буудаг юм уу?
-Далайчны бас нэгэн сайхан зүйл нь олон орноор аялж үзэх юм даа. Би 13 орноор ороход тухайн орнуудтай танилцаад, ажлынхаа зав чөлөөгөөр гадуур явах боломжтой байсан. Ер нь дан ганц далайчин гэлтгүй тээврийн салбарын давуу тал юм даа. Нөгөө талаар далайн салбар өөрөө маш ирээдүйтэй салбар. Хөгжиж байгаа орнууд бүгд далайд гарцтай, далайгаар дамжиж худалдаа наймаа хийж, бусад улс оронтой харьцаж байна. Солонгос улс ч техник технологийн хөгжил гэхээсээ илүү далайн тээврийн салбарыг хөгжүүлж чадсанаараа өндөр төвшинд хөгжиж чадсан. Манай улсын хувьд далайд гарцгүй ч далайд гарцтай орнуудтай хамтран ажиллаж далайн салбарыг хөгжүүлснээр олон оронтой эдийн засгийн түнш болж, хамтарч ажиллах боломж нээгдэнэ.
-Тасралтгүйгээр хэдэн хоног далайд гарч байв. Далайн шуурга ч гэдэг юм уу хүнд хэцүү зүйлтэй тулгарч байсан уу?
-Долдугаар сарын 10-нд Канадын Ванкуверээс Австралийн Хансвилл хүртэл 28 хоног аялсан. Канадын Ванкуверээс Австралийн Хансвилл ортол цагийн зөрүү их нөлөөлдөг. 14 хоног нэг нэг цагаар хойшилсоор байгаад сүүлдээ толгой эргэнэ шүү дээ. Нисдэг онгоц хурдан явдаг учраас шууд л тухайн бүсчлэлдээ оччихдог бол усан онгоц удаан явдаг учраас байж байгаад л нэг хоногт нэг цагийн зөрүүнд ордог. Япон руу явж байхад далайн шуурга болоод хөлөг онгоц 28 градус налж байсан. Тэгж их айгаагүй. Харин тийм үед ажил хийх л хэцүү байсан. Ер нь хөлөг онгоц шуурганд орно гэж бараг байхгүй. Учир нь цаг агаараа урьдчилан харж байгаа учраас шуургыг тойрч гарна. Гэнэтийн онц ноцтой үзэгдэл биш л бол далайн шуургатай таарна гэж бараг байхгүй.
-Залуу хүмүүс ийм удаан хаашаа л харна усан дунд байхаар уйдах уу. Ядаж л гэр бүлээсээ хол удаан байна гэдэг хэцүү байх?
-Ажлын найман цагтай. Тэгэхээр чөлөөт цаг гарна. Хэдий далай дээр явж байгаа ч хөлөг онгоцонд спорт заал, караоке, зурагт үзэх өрөө бий. Хүн амьдрах бүхий л орчин нөхцөлөөр хангасан. Далай уйтгартай биш ээ. Номхон далай, Энэтхэгийн далайгаар аялна. Далай бүхэн өөрийн онцлог, түүхтэй. Ахмад далайчид олон сайхан түүх ярьж өгнө. Ойрын тээвэртээ 7-10 хоногт л нэг улсад очно. Ажлын дараа далайд нар мандах, жаргахыг хараад тавцан дээр нв гарч зогсоно гэдэг далайчны мэргэжлийн хамгийн том аз жаргал гэж боддог. Нөгөө талаараа манай монгол залуус маш мундаг. Ямар ч газар дасан зохицож, ажлаа үнэхээр сайн хийдэг. Үүгээрээ ч өндөр үнэлэгддэг. Энэ ч утгаараа тушаал дэвших боломж их гэж боддог шүү. Би гэр бүлтэй. Нэг ирэхэд хүүхэд хэлд орчихсон, нэг ирэхэд хөлд орчихсон байдаг. Мэргэжил бүрийн онцлог гэж байдаг шүү дээ. Бид далайд ингэж олон сар явснаар эдийн засгийн хувьд баталгаатай, мэдлэг, туршилгын хувьд асар их зүйл сурч байна. Далайн салбар Монголд хөгжиж байгаа шинэ салбар. Анхдагч болж байгаа хүмүүс өөрсдөөсөө золиос гаргаж байж ямар нэгэн зүйлд хүрнэ гэж бодоод л зүтгэж байна.
-Далайчдын ямар үзүүлэлтийг нь харж тушаал дэвшүүлэх вэ. Ямар ч багтай тээвэрт гарч болдог гэж байна. Тэгэхээр өөрийг тань хэр ажиллаж байгааг хэн дүгнэх вэ?
-Ажилласан жил, дадлага туршлагаасаа хамаараад шалгалт өгдөг. Бидний зэргээс хамаараад хариуцсан ажил, үүрэг  өөр өөр. Дээд тушаалынхаа ажлыг хэр сайн хийж чадаж байна вэ гэдэг шалгалт өгөөд тушаал дэвшдэг. Мөн компаниас ярилцлага авдаг. Ер нь далайчин бол дадлагаар сурдаг мэргэжил. Олон жил ажиллаж туршлага хуримтлуулж байж тэндээс юм сурна уу гэхээс сургууль төгсөөд л далайчин болохгүй.
-Дахиад далайд гарна гэж байна. Манай улс өөрийн гэсэн онгоцгүй гэж байсан. Тэгэхээр ямар онгоцоор далайд гардаг юм бэ. Өөрсдийнхөө хүссэн цагт далайд гардаг уу?
-Манай тал БНСУ-тай хамтарсан компани байгуулсан. Солонгосын тал зургаан хөлөг онгоцтой. Тэр онгоцоор нь далайд гардаг. Нэг үгээр, бид Монгол Солонгосын хамтарсан компанийн боловсон хүчин болж ажиллаж байна гэсэн үг. Монгол өөрсдөө хөлөг онгоцтой болох хүртэл тэнд үндсэн ажилтнаар ажиллана. Өөрийн дуртай цагтаа далайд гарахгүй. Цаанаасаа онгоц байгаа газраа ир гэж дуудна. Хөлөг онгоц аль оронд байна тийшээ нь л явна. Манай хөлөг онгоц Хятадад үйлдвэрлэгдээд тэр чигтээ далайн тээвэр хийсэн. Түүнээс Солонгост ирээд багаа бүрдүүлнэ гэж байхгүй. Өнөөдөр “Японд очно багаа сольё” гэдэг байдлаар явдаг. Далайд байх хугацаа нь дуусвал аль оронд дуусна тэнд нь далайчдаа буулгадаг. Бид далайчны паспорт, хувийн хэрэгтэй. Далайн тээврийн олон улсын гэрээ гэж бий. Тус гэрээнд нэгдэн орсон бүх улс оронд далайчин нэвтрэх эрхтэй. Ямар ч улсад очсон визгүй, гаргахгүй, оруулахгүй гээд байх асуудал байхгүй.
-Далайд гарсан хугацаандаа цалин авах уу?
-Сурч байх хугацаандаа далайд гарвал оюутны тэтгэлэг авна. Туслах жолоочоор явахад сарын 300 орчим ам.доллар авдаг. Харин ажил дээр гарсан тохиолдолд сард 2800 орчим ам.долларын цалин авдаг.

Х.Баярбат: Далайчид жилийн 10 сарыг далайд өнгөрөөдөг

-Далайчин болно гэж бодож байсан уу. Яаж яваад энэ мэргэжлийг сонгосон бэ?
-Би 2011 онд Улаанбаатар их сургуулийг солонгос хэлний орчуулагч мэргэжлээр төгссөн. Миний өмнө далайчин болсон Э.Энхбаяр бид нар их сургуулийн найз. Найз минь энэ салбарыг цаашид өсч хөгжих боломжтой гэж үзээд түрүүлж сонгоод энэ салбарын мэргэжилтэн болсон. Шинэ хөгжиж байгаа салбарт мэргэжилтэн болоод ажиллавал улс эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулах боломжтой юм байна гэж ярьсан. Тэгээд зөвлөлдөж байгаад дараа жил нь сонгон шалгаруулалтад ороод тэнцсэн. Ер нь хүүхэд байхдаа далайчин болно гэж хүсдэг байсан. Багынхаа хүсэл мөрөөдлийг биелүүлсэнд баяртай байгаа.
-Дөрвөн жилийн сургалтын хөтөлбөрийг 1.6 жилд сурч дүүргэх төсөл гэж байсан. Ямар шалгуураар төсөлд хамрагдсан бэ?
-БНСУ-д хөлөг онгоцны жолоодлого, удирдлага, техникч болохын тулд дөрвөн жил сурч төгсдөг. Бид БНСУ-ын Засгийн газрын бодлогоор гарч ирсэн далайчин бэлтгэх түргэвчилсэн сургалтад хамрагдсан. Солонгостоо бол 10 гаруй жил үргэлжилж байгаа төсөл юм билээ. Монгол Улс дөнгөж далайн салбараа хөгжүүлж эхэлж байгаа учраас богино хугацаанд мэргэжилтэн бэлтгүүлэх шаардлагатай байсан. Тиймээс хамгийн боломжтой сургууль нь бидний сурсан сургууль. Би хөлөг онгоцны удирдлагаар төгссөн.
-Сургуульд элсэхэд ямар шаардлага хангасан байх ёстой вэ. Далайд гарч үзээгүй хүн сургуулиа төгсөөд далайд гарахад ямар мэдрэмж төрж байв?
-Сургуулийн элсэлт оны нэгдүгээр сараас гуравдугаар сар хүртэл үргэлжилдэг. Хичээл нь 3-4 дүгээр сарын хооронд эхлээд 1.6 жил үргэлжилдэг. Манайх далайгүй учраас анх очоод далайн талаарх төсөөлөлч байгаагүй. Бүх зүйлээ хичээл дээр үзээд дараа нь дадлагат гарахад их ойрхон байсан. Ямар нэгэн хүндрэл байгаагүй шүү. Нарийн мэргэжлийн түргэвчилсэн сургалт гэдэг утгаараа хичээл маш хүнд. Олон хичээлийг зэрэг үздэг. Хэл мэддэг бол тодорхой хэмжээнд давуу тал болж өгнө.
-Сургуульдаа 1.6 жил сураад дахин нэг жил далайд явж байж далайчин гэсэн үнэмлэхээ авдаг гэсэн. Бүтэн жил далайд байна гэхээр нэг л төсөөлөгдөхгүй юм?
-Нэг жил далайд гарч байж далайчин гэсэн үнэмлэхээ аваад хөлөг онгоцон дээр бие даан ажиллах боломжтой болно. Манай онолын хичээл дуусаад саяхан гурван сар Солонгосын хойг хавиар далайд дадлага хийсэн. Одоо надад есөн сар үлдсэн. Есөн сараа дуусгаад жинхэнэ далайчин болно. Нэг үгээр хэлбэл, би жолооч болох гээд дүрмийнхээ шалгалтад тэнцээд одоо арван сар далайд гарна гэдэг нь дормынхоо шалгалтыг өгнө гэсэн үг. Тэгж байж далайчны үнэмлэхээ авна. Тэгээд гуравдугаар зэргийн офицер цолтой төгсөнө.
-Танай сургуульд Монголоос гадна өөр улсын оюутнууд сурдаг уу?
-Өмнө нь өөр орны оюутнууд сурч байсан гэсэн. Энэ жил манайхаас хоёр, Камбожоос хоёр оюутан сурч байгаа. Манай сургууль олон улсын болон дотоодын тээвэр гэсэн хоёр тэнхимтэй. Бид олон улсын тээврийг төгссөн.
-Эмэгтэй далайчид байдаг уу. Тэд ч бас бүтэн жил далайд гарч байж албан ёсоор далайчин болох уу?
-Эмэгтэй далайчин байлгүй яах вэ. Монгол гурван охин далайчин болоод ажиллаж байна. Олон улсын хуульд заачихсан учраас эрэгтэй, эмэгтэй гэлтгүй жил далайд явж байж далайчин болно. Бид ажил дээр гараад жилийн арван сар далайд амьдарч хоёр сар л их газар дээр амьдарна шүү дээ. Эрэгтэй эмэгтэй гэлтгүй энэ мэргэжлийг сонгосон л бол энэ жишгээр ажиллана.
-Олон сар далайд тээвэр хийж явна. Нэг орноос бараа ачаад өөр оронд аваачиж буулгах уу. Нэг онгоц дунджаар хэдий хэмжээний ачаа тээвэрлэдэг вэ?
-Энгийнээр тайлбарлавал Ховдоос хонины мах ачаад Баян-Өлгийд аваачиж буулгачихаад Баян-Өлгийгөөс үхрийн мах ачаад Дорнод руу аваачна л гэсэн үг. Хэдий хэмжээтэй юу тээвэрлэх вэ гэдгийг толгой удирдлага компани зохицуулдаг. Нэг хөлөг онгоцны дор хаяж 1-2 сарын ачаа нь бэлэн байж байдаг. Машинаар бодвол хөлөг онгоцны хамгийн дээд хурд нь 35 км цаг. Гэхдээ хөдөлгүүрийг тэгж чинээнд нь тултал ажиллуулж явахгүй. Тэгэхээр дунджаар цагт 20 гаруй км цагийн хурдтай явдаг гэсэн үг.
-Хөлөг онгоцон дээрээ Солонгосоор ярих уу?
-Үгүй ээ. Англиар ярина. Солонгос хэл бол зөвхөн сургууль төгсөхөд л хэрэгтэй. Усан онгоцны удирдах албан тушаалтан солонгос хүн бол солонгосоор хааяа нэг ярьж болно. Бид эндээс солонгос хэлтэй яваад, очоод англи хэл сурсан. 

Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн