Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаярыг 2012 оны дөрөвдүгээр сарын 12-13-нд шилжих шөнө цагдаа, АТГ-ын 300 орчим алба хаагч гэрээс нь баривчилсан. Төрийн тэргүүн байсан хүнээ гутлыг нь ч өмсгөлгүй хүнлэг бусаар баривчилж, хэвтээгээр нь дамнаж шоронд хийсний гурван жилийн “ой” саяхан тохиолоо. Эцсийн үнэнийг, шударга ёсыг шүүх тогтоодог. Н.Энхбаярыг авлигын болон албан тушаалын хэрэгт буруутай гэж гурван шатны шүүх үзсэн. Гэм буруугүйн тухай энд дүгнэлт хийхгүй ч Н.Энхбаярыг хэлмэгдсэн, улс төрийн золиос болж хохирсон гэж үздэг олон хүн бий. Цаг хугацаа улирч, цагаан захтнууд хорих ялаас мултрах бүрийд Н.Энхбаяр гэдэг хүнийг улс төрөөс зайлуулах гэж хууль хүчнийхэн хөдлөсөн гэх хүмүүсийн үзэл батажсаар байна. Төрийн тэргүүн байсан хүнээ шоронд хийсэн нь Монголыг дэлхийд ямар харагдуулсан бол. Н.Энхбаярын баривчилгаа Монголд юу өгсөн бол гэсэн асуултууд нэгийг бодогдуулна.
Н.Энхбаярын баривчилгаа Монголд юу өгөв
1. Энэ хүнд ял оноосноор нийгэмд шударга ёс тогтсон уу гэвэл үгүй. Авлигын загалмайлсан эцгийг шийтгэлээ, АТГ-ын жараахай биш тул барилаа гэсэн хоосон ярианаас цааш хэтэрсэнгүй. Авдаг нь авч, өгдөг нь өгсөөр байна. Хуулийн чанга хатуу хяналт, хууль сахиулах байгууллагуудын шуурхай баривчилгаагаар авлигыг арилгадаггүй юм байна. Хүмүүсийн ухамсрыг өөрчлөхгүйгээр авлигын гинжийг тасдахгүй юм байна. Н.Энхбаярыг яллалаа гээд Транспэрэнси Интернэшнлийн судалгаанд Монголын авлигын индекс ч дорвитой буурсангүй. 2013 онд 0.65 гарсан нь 2011 оноос хойшхи хоёр жилийн хугацаанд ердөө 0.02 пунктээр өссөн эерэг дүн байв. Гэтэл тухайн жил “Уол Стрийт журнал” авлигаараа тэргүүлж буй ТОП-10 орны хоёрдугаар байрыг Монголд өгсөн юм.
2. Өнөөдөр Монгол Төрийн тэргүүн байсан хүн харь улсад амьдарч байна. Энэ хүн Монголд ирээд удалгүй буцдаг болов. Тэр айх юмтай учраас гадаадад амьдарч байна. Эсвэл түүнийг энд тайван байлгахгүй байна. Нэг бол Н.Энхбаярын “айдас” Монголд байна. Тэрээр өөрийг нь цагдан хорьсон, эрүүгийн хэрэг үүсгэсэн гэсэн шалтгаанаар цагдан хорих ангид өлсгөлөн зарласан. Үүнээс болж биеийн эрүүл мэндийн байдал нь эрс муудаж БНСУ-д эмчлүүлж байгаа. Улсын Ерөнхийлөгч байсан тэрээр өнгөрсөн хоёр жилийн хугацаанд эх орондоо биш БНСУ-д амьдарч байна. Шоронд ял эдэлж байхдаа эрүүл мэндээрээ хохирсон иргэний хохирлыг хэн барагдуулдаг юм бол.
3. МАХН-ын даргыг шоронд хийснээр Монголын нэр хүнд дэлхийд өсөөгүй. Ерөнхийлөгч байсан хүнээ шалгаж, ял оноож чаддаг мундаг хууль сахиулагч, шүүхтэй юм гэж дэлхий шагшаагүй. Учир нь, хэргийн ээдрээ төвөгтэй байдал, хохирлын хэмжээ гэж байхаас том, жижиг гэмт хэрэг гэж байдаггүй. Авлигын акул, албан тушаалын жараахай гэж хаана ч байхгүй. Хохирол өмчийн эзэндээ зовлон авчирч, хууль хяналтынхнаас хариуцлага шаарддаг. Н.Энхбаярыг ялласан нь дэлхийд биш Монголын улстөрд л нөлөө үзүүлэв. МАН-ын нэр хүнд унаж МАХН-ын рейтинг өссөн. АН-аас ч, МАН-аас ч, МҮАН-аас ч олон гишүүн нь татгалзаж МАХН-д элссэн. МАХН-ын дарга ирэх сургаар Монголын улс төр бужигнадаг болсон. Н.Энхбаяр ирэх нь ч, явах нь ч дуулиантай байж, хэлэх үг, хийсэн үйлдлийнх нь тухай нийгмээрээ чих тавьдаг болов.
4. Н.Энхбаярыг баривчилснаар оймсноос нь УИХ-ын гишүүд төрсөн. Хэрвээ Н.Энхбаярыг баривчлаагүй, түүнийг яллаагүй бол МАХН 2012 оны УИХ-ын сонгуулиар хэдэн суудал авах байсан бол. Тус нам засагт хамтарч, УИХ-д О.Баасанхүү, З.Баянсэлэнгэ нар багтаж чадахгүй байсан. Ямартай ч Н.Энхбаярын буян Д.Тэрбишдагва, Ч.Улаан, Л.Цог, Ерөнхийлөгчид нэр дэвшсэн анхны эмэгтэй Н.Удвал, Э.Батшугар, О.Чулуунбат, сүүлд Ц.Цолмон нарт ирсэн нь тодорхой. Н.Энхбаярын үзэмжээр хөдөлдөг гэж тэднийг шүүмжилдэг, Н.Энхбаяр Солонгосоос Монголын улс төрийг самардаг гэх яриа ортой ч байж мэднэ.
5. Сайд нарын эмнэлэг шоронгийн эмнэлэг болсон. Н.Энхбаярын “цэрэг” Н.Удвал Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байхдаа намын даргаа гадуур эмчлүүлэхийн тулд бүтэн эмнэлгийг бүхлээр нь хөдөлгөж чадсан. Эрүүл мэндийн сайд, Хууль зүйн сайдын хамтарсан тушаалаар баталсан журмыг өөрчилж хорих ангид байгаа ялтнуудыг “Сайд нарын 2”-т хэвтэх боломжтой болгосон. Улсын хоёрдугаар эмнэлэг дотроо шоронгийнхны тасагтай болж, төмөр сараалжаар тусгаарлагдсан. Намын дарга нь эрх чөлөөтэй болсны дараа энэ “алдаа”-гаа Н.Удвал ч тэр, одоогийн Засгийн газар ч засаагүй.
6. Жастин Капла, Н.Энхбаяр хоёрын хэн нь илүү хохирол учруулсан бэ. Татвараас зайлсхийжулсад 35 тэрбумын хохирол учруулсан “СаусГоби Сэндс”-ийн захирал Жастин Каплад Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уучлал үзүүлсэн. Монголын шоронд 23 хоног хоригдоход нь л “Улсынхаа гадаад нэр хүндийг бодсон. Хөрөнгө оруулалтыг үргээхээс айсан” гэж Ц.Элбэгдорж хэлсэн. Гэтэл Н.Энхбаярын учруулсан хохирол долоон тэрбум буюу Жастин Каплагаас тав дахин бага. Н.Энхбаяр бүтэн жил шоронд тарчилсан бол Капла 23 хоног л суусан байна. Жингийн туухайн дээр тавиад үзэхэд, нэг нь Монголын баялгийг ашиглаж байсан компанийн захирал, нөгөө нь УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүн. Уучлал гуйгаагүй байхад нь уучлал үзүүлэх байсан юм бол эртхэн уучлахгүй яасан юм бол. Эрт уучилсан бол Н.Энхбаярын эрүүл мэндийг ч, улсынхаа нэр хүндийг ч бодсон хэрэг байх байлаа.
Н.Энхбаярын баривчилгаа Монголыг дэлхийд ямар харагдуулсан бэ
1. Төрийн тэргүүн байсан хүндээ хэтэрхий хүндлэлгүй хандсан гэж Хүний эрхийн үндэсний комисс цагдаа нарыг буруутгасан. Хууль дээдэлж, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенцийг мөрдөхийг АТГ, ШШГЕГ-ын удирдлагуудад зөвлөсөн билээ. Энэ хэрэг явдлын дараа олон улсын хүний эрхийн байгууллагууд Н.Энхбаяртай хүнлэг бусаар харилцсаныг шүүмжилсэн нь дэлхийн хэвлэлүүдэд нийтлэгдсэн байдаг. Мөн 2012 оны тавдугаар сарын 29-нд Эмнести Интернейшнлээс Монгол дахь салбараараа дамжуулан ирүүлсэн албан бичигт Монгол автократ засаглал тогтлоо гэж мэдэгдсэн. Хүний эрхийн байгууллагуудын эдгээр мэдэгдэл, зөвлөмж Монголыг л муухай харагдуулсан. Ерөнхийлөгчөө хүртэл барьж байгаа юм чинь, биднийг бүр амархан илрүүлнэ гэж авлигачид айгаагүй гэдгийг АТГ-т шалгагдаж буй эрүүгийн хэрэгтнүүдийн статистик гэрчилнэ.
2. Улаанбаатар дахь АНУ-ын Элчин сайдын яам жил бүр Хүний эрхийн төлөв байдлын талаарх тайлан гаргадаг. Энэхүү тайландаа, “Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг хэдэн сарын хугацаанд удаа дараа мэдээлэл авахаар дуудсан боловч ирэхээс татгалзсан шалтгаанаар УИХ-ын сонгууль болохоос хоёр сарын өмнө эрх баригчид баривчилсан. Шүүх ажиллагааны улмаас сонгуульд өрсөлдөх эрхээ алдсан” гэж бичжээ. Энэхүү тайланг хэн үзэж Монголыг ямраар төсөөлж байгааг нь ойлгомжтой.
3. Өлсгөлөн зарлаж биеийн байдал нь эрс муудсан Н.Энхбаярын тухай мэдээлэл НҮБ-д хүртэл хүрсэн. 2012 оны тавдугаар сарын 14-ны 17.00 цагийн үед НҮБ-ын Ерөнхий нарын бичгийн дарга Бан Ги Мун Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой утсаар ярьж, Н.Энхбаярын эрүүл мэндэд анхаарахыг хүссэн. Үүнийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Цензургүй ярианд оролцохдоо ч өөрөө батлан хэлсэн. НҮБ хүртэл санаа тавьж, байцаан шийтгэх ажиллагааны дундуур Монголын Ерөнхийлөгч рүү утас цохьсон байна. Гэтэл манай ШШГЕГ болон АТГ-ынхан Н.Энхбаярын элдэв бичлэгийг эвлүүлэгтэйгээр сэтгүүлчдэд өгч тараасан даа.
4. Төрийн тусгай хамгаалалт нь буугаагүй Н.Энхбаярын хүнлэг бус баривчилгаа, үүний дараахь үйл явдалд зарим улсын албан тушаалтнууд байр сууриа илэрхийлж байв. Тухайлбал, 2012 оны тавдугаар дугаар сарын 28-нд Австралийн Конгресс дээр Гадаад хэргийн сайд асан Кевин Рудд, “Монголын улс төрийг тэнцвэржүүлэгч МАХН-ын дарга Н.Энхбаярыг УИХ-ын сонгууль ба 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө баривчиллаа. Энэ нь улс төрийн зорилготой” гэж мэдэгдэн Монголын ардчилалд сэтгэл түгшиж байгаа тухай тэмдэглэжээ. Мөн Н.Энхбаярыг баривчилсны маргааш АНУ-ын Сенатын Аюулгүй байдлын асуудал эрхлэх хорооны дарга, сенатч Фейнштейн АНУ-ын Сенат дээр Н.Энхбаярын тухай сонсгол тавьж, Н.Энхбаярыг Ерөнхийлөгч байх үед Монгол Улс ардчиллын хөгжлийн замд амжилт олж, улмаар АНУ-тай Мянганын Сорилтын хэлэлцээрт гарны үсэг зурсаныг онцлон тэмдэглэсэн нь www.Feinstein.senate.gov-нд нийтлэгджээ. Түүнчлэн 2012 оны долдугаар сарын 9-нд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон Монголд айлчлах үеэрээ Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой уулзаж, Н.Энхбаярын асуудлаар ярилцсан тухай /www.voa.new.com Scott Stearns/ бичжээ. Энэхүү бичвэрийг Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн гуайн үгээр өндөрлөе.
“Н.Энхбаярын асуудлыг янз бүрээр тайлбарладаг. Тухайн үе нь сонгуулийн ид өрнөлтийн үе байлаа. Үнэхээр монгол төрийн тэргүүн байсан хүн авлига хээл хахуулийн хэрэгт орооцолдож, эл асуудлыг гаргаж тaавиад тэр хүнтэй ярих асуудал байсан уу гэвэл байсан. Гэтэл үхрийн бөөр шиг тав зургаан асуудлаар ял тулгаж тэр нь шүүх дээр очоод няцаагдаад, хүчингүй болоод байгааг харахад Н.Энхбаярын хэрэг давхар тоглоом байжээ гэдгийг харуулаад байгаа юм. Түүнээс хойш олон түмний хүсэл шаардлага, шинэ улстөрийн нөхцөл байдалд тулгуурлаад авлигатай тэмцэх ажил өрнөж байна. Татварынхны асуудал гарч ирлээ. Нэг хүн 10 хэдэн тэрбум төгрөг хураасан байна. Тэгэхээр татварын албанд ажилладаг хүний 5-10 хувь нь ийм байна гэж бодоход хичнээн тэрбум төгрөг займчуулсан бол доо гэдгийг бодоход хэцүү. Үүнийг илрүүлж байгаа нь сайн хэрэг. Оюутолгойн асуудал дээр нийгэм цэгцрэх тийшээ хандаад явчихлаа, Тавантолгойн асуудлыг юу болгосон нь илэрхий боллоо, МИАТ-ын асуудал, махны асуудал гээд л. Бид энд нэг килограмм нь 10 мянган төгрөгийн үнэтэй мах идэж байхад Дарханд махаа өмхийрүүлчихээд улсын нөөцөнд худалдаж авлаа гээд сууж байсан муухай үйлдэл илэрч байна. Энэ бол цаашид үргэлжлэх ёстой. Бүр өргөн хүрээтэй том асуудлыг хамрахыг ч байг гэхгүй. Монголын баялаг, Монголын газар шороог худалдсан асуудлыг сөхөхгүй байгаа шүү дээ”