Гоо сайханд золиос хэрэгтэй гэх үнэлэмж эрт дээр үеэс л байсаар иржээ. Гэхдээ эмэгтэйчүүдийн гоо сайхны золиос болох шалтгаан нь эртнээс тэдний эр зориг, аюулгүйн баталгаа болж байжээ. Нэг үгээр эмэгтэйчүүд гоо сайхан төрснөө нуух гэж, зарим талаар үндэстнээ хамгаалан үлдэх гэж ямар нэг аюултай золиос гаргадаг байсан нь яваандаа тухайн үндэстний эмэгтэйчүүдийн гоо сайхны шалгуур үзүүлэлт болж үлдсэн байдаг. Ингээд одоог хүртэл оршсоор байгаа зарим үндэстний гоо сайхны хачирхалтай үнэлэмжүүдийг хүргэе.
Энэтхэгийн эртний түүхт зүүн хойд хэсгийн Аруначал Прадешт амьдардаг Апатани омгийн эмэгтэйчүүд хамраа цоолж ээмгээр гоёдог уламжлалтай. Гэхдээ тэдний хамрын ээмэг дэгжин гэхээсээ илүү тааламжгүй харагддаг. Хамрын хоёр талд нүх гаргаж дугуй хар бөглөө хийх, нүүрнийхээ голоор, эрүү хэсгээрээ хар зураас шивүүлэх нь энэ омгийн эмэгтэйчүүдийн гоо сайхны үнэлэмж байжээ. Энэхүү уламжлал анх бий болсон шалтгаан нь апатани омгийн эмэгтэйчүүд бусад омгийнхноосоо хамгийн үзэсгэлэнтэй нь байжээ. Бусад омгийнхон апатани эмэгтэйчүүдийг хулгайлан, олзолж зовоох болсон байна. Тиймээс эмэгтэйчүүдээ алдахгүйн тулд тэдний гоо сайхныг золиосонд гаргахаар шийдсэн нь энэ юм. Эрэгтэйчүүдийн анхаарлыг татахгүй байх энэхүү хамгаалалтын арга нь яваандаа тус омгийнхны бусдаас ялгарах онцлог болж, гоо сайхны үнэлэмжийн нэг хэлбэр болжээ. Гэвч 1970 оноос эхлэн бүсгүйчүүд ингэж гоёхоо больсон байна. Одоогоор энэхүү уламжлалын төлөөлөл болсон цөөхөн эмэгтэйчүүд Энэтхэгийн зүүн хойд хэсэгт амьдарч байгаа аж.
Гоо сайхны төлөө хамгийн аймшигтай золиос төлж байсан эмэгтэйчүүд бол хятадууд. Хятадад бүсгүйчүүд хөлөө багаасаа нойтон нэхийгээр боож, томруулдаггүй байсан тухай яриа байдаг. Энэхүү аргыг хятад эрчүүд эхнэрээ алдахгүй гэсэндээ хөлийг нь боодог гэлцдэг. Гэхдээ энэ нь зөвхөн гэрээсээ зугтаалгахгүй гэсэн арга биш тухайн үедээ гоо үзэсгэлэнгийн нэг гол шалгуур болж байсан бололтой. Ялангуяа угсаа гаралтай сайтай, баян айлын охид золиос болж байжээ. "Давсалсан хөл", лянхуа хөл хэмээн нэрийддэг ийм хөлтэй эмэгтэйчүүд хөлийнхөө дөрвөн хурууг нойтон нэхийн дээр давс цацан дарж боодог байжээ.
Ингэснээр хөлний өсөлт зогсч, жижиг хөлнийхөө ачаар сурвалжит айлын бэр болдог байсан аж. Хөл нь жижигхэн байх тусмаа дур булаам хэмээн үздэг байсан тул аль болох багад нь охин хүүхдийн хөлийг ингэж боодог болсон байна. Хамгийн багадаа дөрвөн настайдаа хөлөө ингэж боож байжээ. Ийнхүү эмэгтэйчүүд дөнгөж тогтох төдий жижигхэн хөлтэй болж, хол явах байтугай гэрээсээ ч гардаггүй байсан гэдэг. ХХ дугаар зуунаас эхлэн энэхүү бурангуй уламжлалыг халж, эмэгтэйчүүд ялангуяа охид үүний улмаас зовж шаналахгүй болсон юм. Шувуун хөл үргэлж боолттой байдаг байсан тул ихэнх нөхөр энхэрийнхээ хөлийг хараагүй гэдэг. Гоо үзэсгэлэнгийн золиос болж байсан энэхүү уламжлалын сүүлчийн үеийн төлөөлөл болох хуруу дарам цөөхөн гэрч өдгөө 90 гаруй настай Хятадын зарим мужуудад амьдарч байгаа юм.
Японы Хоккайдо аралд оршдог Айнү үндэстнийг XVIII зууны эхэнд үй олноор нь хөнөөсөн байдаг. Үүний дараа айнүчүүдийн уламжлалт хувцас, шашин шүтлэг, тахилыг хориглосон байдаг. Харин үүнийг эсэргүүцэн өөрсдийгөө айнү үндэстэн гэдгээ харуулахын тулд нутгийн иргэд тэмцэж эхэлсэн байдаг. Ингэхдээ тэд өөрсдийгөө бусдаас ялгах таних тэмдэгтэй болжээ. Эмэгтэйчүүд нь уруулаа инээмсэглэж буй мэт болгон зүсч, хөмсөг болон гар дээрээ шивээс хийдэг болсон байна. Ийнхүү анх таних тэмдэг болж байсан энэхүү уламжлал сүүлдээ гэр бүлийн аз жаргал, элбэг хангалуун амьдралд хүрэхийн бэлгэдэл болж, хойд насандаа ч жаргах үндэс болдог гэж үздэг болжээ. Мөнхийн инээмсэглэлийг нүүрэндээ шивүүлсэн хамгийн сүүлийн эмэгтэй 1998 онд нас барсан байдаг. Одоо айнү үндэстний эмэгтэйчүүд зарим наадам, ёслолын үеэр мөнхийн инээмсэглэлийг түр зурж гоёдог болжээ.
Африкийн олон омгийнхон биен дээрх сорвиороо гоёдог. Гэхдээ энэ нь жирийн нэг сорвиноос дэгжин, гоёмсог харагддагаараа онцлог. Бие, нүүр дээр нь товгор сорви олон байх тусам эмэгтэй хүн үзэсгэлэнтэй, дур булаам харагддаг гэж үздэг. Сорви олон байх нь эрчүүдийг өөртөө татах төдийгүй, түүний төлөө тэмцсэн эр хүн бүрийн тоогоор хоёр гартаа сорви тогтоодог аж. Биедээ ийм гөвдрүүн сорвитой болох нь амар биш. Эхлээд тухайн хэсгийн арьс болон махыг зүсч, гөвдрүү болгохын тулд элдэв төрлийн жимсний шүүс, тосоор харшлуулдаг байна. Ийнхүү хүссэн сорвитойгоо болж, сайхан бүсгүйн шалгуурт тэнцэнэ. Өдгөө энэ аргыг шивээсний нэг төрөл болгон ашиглаж, залуус биедээ товгор сорвитой болох нь ихэсчээ.
Дундад зууны үед барууны эмэгтэйчүүдийн гоо сайхны хандлага нь цав цагаан царай байжээ. Царай нь хэр цагаан байна, гоо сайхандаа төдий чинээ хөдөлмөр зарцуулсан гэж үздэг байжээ. Түүнчлэн хэр цагаан байгаагийн хэмжээгээр тухайн эмэгтэйн язгууртан, баян байдлыг илэрхийлдэг байжээ. Гэвч ийнхүү цав цагаан царайтай болохын тулд эмэгтэйчүүд тун аюултай зүйлийг хийдэг байжээ. Цусаа хануулахаас гадна нүүрнийхээ арьсыг хуулж махыг нь ил гаргаж цагаан болон хар тугалга, кальцийн карбонат болон гидроксидын уусмал хийсэн нунтгаар нүүрээ арчдаг байжээ. Ийнхүү нүүрний махаа түлж цагаан царайтай болсноор сурвалжит эмэгтэй гэдгээ баталдаг байсан аж.
Цав цагаан шүдтэй эмэгтэй бол одоо үед хамгийн үзэсгэлэнтэй нь. Тэгвэл Мэйжи эриний үед японууд эсрэгээр нь боддог байжээ. Тухайн үед хав хар шүдтэй байх тусмаа тухайн эмэгтэй хамгийн үзэсгэлэнтэйд тооцогддог байжээ. Нөхөрт гарсан эмэгтэйчүүд шүдээ хав хар будгаар буддаг байжээ. Ингэхдээ шүдээ байгалийн гаралтай модноос гаргаж авсан уусмалаар харлуулдаг байсан бол зарим эмэгтэй төмрийг хайлуулж паалангаа буддаг байсан гэнэ. Японы уламжлалт урлагийг авч үлдэж буй төлөөлөл болсон майко болон гэйко охидын шүд одоо хар байдаг.
Эфиоп болон Африкийн зарим омгийн эмэгтэйчүүд ихэвчлэн ийм гоёлтой байдаг. Африкийн Хамар омгийнхон охидыг 15-18 нас хүрмэгц охидыг урт уруултай болгодог байна. Ингэхдээ ээж нь эсвэл тухайн омгийн нэг эмэгтэй тухайн охины уруулыг нь хутгаар зүсэн эхлээд савхан мод хийдэг байна. Дараа нь үүнийгээ тавган хэлбэрт зүйлээр орлуулж хийсээр сар жилээр томруулдаг аж. Энэхүү гоёлынх нь диаметр дунджаар 12-15 см байдаг. Гоёлоо унтахдаа, хоол идэхдээ тайлж болдог гэнэ. Таваг нь том байх тусам эмэгтэйчүүдийн нэр хүнд өсдөг бөгөөд энэ ч хуримын нэг шалгуур гэж үздэг. Түүнчлэн урт уруултай болох ёслолын үеэр тухайн эмэгтэй өөрийн тэвчээрийг харуулж нэр хүнд олж авдаг байна. Харин Эфиопийн мурси омгийн эмэгтэйчүүдийн хувьд тавагны хэмжээ нь насыг нь тодорхойлдог байна. Зарим тосгонд нь тэрхүү тавгаар нь гарал үүслийг нь тодорхойлдог гэнэ. Гэхдээ энэ ёс заншил нь тэдний мухар сүсэг бишрэлтэй салшгүй холбоотой. Хар муу хорон санаа, муу муухай бүхэн хүний амаар дамжин ордог учраас үүнээс уруулын гоёл нь хамгаалж чаддаг гэнэ.
Төвд, Мьянмарын хил дээр амьдардаг Падаун омгийнхны хувьд урт хүзүүтэй эмэгтэй хамгийн үзэсгэлэнтэй. Тус омгийнхон бол эртний улаан Каян омгийнхны нэг хэсэг бөгөөд омгийнхоо эртний уламжлалыг авч үлдэж, одоог болтол дагасаар байгаа юм. Тус омгийнхон охидыг таван настайгаас нь эхлэн зургаан ширхэг цагираг хүзүүнд нь зүүлгэн гоёдог байна. Таван настайгаас эхлэн зүүсэн цагираг нас ахих, хүүхэдтэй болох тусам ихэснэ. Ингээд насанд хүрсэн эмэгтэй хүзүүндээ 25-30 цагирагтай болдог байна. Насанд хүрсэн эмэгтэйн цагираг нийт 9-10 кг жин татдаг байна. Энэхүү уламжлал анх мөн л хамгаалах зорилгоос үүдэн бий болжээ. Тус омгийнхны амьдардаг газарт зэрлэг амьтад ихтэй байсан бөгөөд эрэгтэйчүүдийг анд явсны хойгуур эмэгтэйчүүд барын хоол болох нь их байжээ. Тиймээс омгийн эрчүүд анд явсан хойгуур эмэгтэйчүүдийгээ барын хоол болгохгүй үүднээс ийнхүү хүзүүнд нь цагираг зүүдэг болсон байна. Хэдий одоогоор падаун омгийнхны амьдардаг газар зэрлэг амьтад бага ч энэхүү уламжлал өдгөө Мьянмар, Тайландад байдаг тус омгийнхны хувьд гоо сайхны үнэлэмж болон хувирчээ. Одоо энэхүү хамгаалах арга нь эмэгтэй хүний хувьд сүй өндөртэй нөхөрт гарах боломж болон өөрчлөгдөөд байгаа юм. Олон жилийн турш зүүчихсэн болохоор цагаригаа авмагц хүзүү нь хугарч, амьсгал нь боогдож үхэх тохиолдол байдаг аж. Зарим эрчүүд эхнэрээ үнэнч биш байсных нь төлөө цагаригуудыг нь авч, улмаар үхэлд хүргэдэг байжээ.
Ээмэг гэдэг бүсгүй хүн бүрийн чухал гоёл чимэглэлийн нэг. Тэгвэл Кенийн масаи омгийн эмэгтэйчүүд ээмэгнээс илүү чихээ сунгахыг чухалд тооцдог аж. Охидыг бага байхад нь чихийг нь цоолон амьтны эвэр хийдэг. Дараа нь хүнд гэгч нь гоёл чимэглэл зүүсээр чихнийх нь нүхийг томруулдаг. Хэн урт сунгаж чадсан байна , тэр бүхний хүндлэл хүлээж, илүү сайхан гоё гэсэн үнэлгээг авдаг. Чихнийхээ цоолсон нүхийг урт болгохын тулд эмэгтэйчүүд элдэв зүйл зүүдэг гэнэ. Хамгийн хачирхалтай нь зөвхөн ингээд сайхан эмэгтэйн тодотголд хүрчихгүй. Масаи эрчүүддээ таалагдахын тулд доод талынхаа урд хоёр шүдээ авч хаядаг төдийгүй байнга үсээ хусдаг гэнэ.
Намибийн химба үндэстний эмэгтэйчүүд тун хачин гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэдэг. Тэр өөрсдийнхөө хөлнөөс толгойн оройг хүртэл охраар буддаг. Үүний тулд мэдээж элдэв төрлийн тос ашиглана. Хийсэн улаан будгаараа арьс, үс гээд бүх зүйлээ буддаг. Энэ бүсгүйчүүдийн эрчүүдэд нь сайхан харагдуулаад зогсохгүй нарны хурц гэрлээс хамгаалдаг гэж үздэг. Тиймээс энэхүү гоо сайхны бүтээгдэхүүнийг нь заримдаа эрчүүд хүүхдүүд нь ашигладаг. Ийн гоёсон бүсгүйчүүд хадамд гарахын тулд доод үүдэн дөрвөн шүдээ авч хаядаг гэнэ.
Шинэ Зеландын Маори омгийн бүсгүйчүүд эртнээс шивээсээр гоёдог байжээ. Тус омгийн эрчүүд өөрийн биен дээр шивээс хийлгэдэг бол бүсгүйчүүд нүүрэн дээрээ хийлгэдэг байж. Тэд амаа тойруулан шивээс хийлгэх нь элбэг гэнэ. Энэ нь эрчүүдэд таалагдах хамгийн шилдэг арга гэж үздэг. Маори эмэгтэйчүүдийн шивээс нь тэдний хувьд элдэв муу бүхнээс хамгаалах хамгаалалт, мөн өөрийнх тухай мэдээлэл өгөх зүйл ч болдог.Өмнө нь шивээс хийлгэх нь зөвхөн омгийн ахлагч эрх мэдэлтнүүдийн л гоёл байсан гэнэ. Тэд охидоо ийн шивээсээр гоёсноор сайн эр нөхөртэй суулгаж чаддаг гэж үздэг байж. Түүнээс гадна шивээс нь нь залуу нас гоо сайхныг нь хадгалж үлддэг гэж итгэдэг байлаа. Харин XIX дүгээр зуунаас энэхүү уламжлалт ойлголт халагдсан юм. Өнөөдөр ийн шивээс хийлгэдэг маоричууд нь өөрийнхөө уламжлалт хүндэтгэл үзүүлж буй юм хэмээн тайлбарладаг.