Open iToim app
Чөлөөт цаг | 8 мин уншина

​Эмма Уотсон: Алдаа бүхэн надад цоо шинэ түлхүүрийг атгуулдаг

​Эмма Уотсон: Алдаа бүхэн надад цоо шинэ түлхүүрийг атгуулдаг
Нийтэлсэн 2017 оны 4 сарын 30
Дэлхий дахиныг байлдан дагуулсан “Харри Поттер” киноны сүүлийн анги үзэгчдийн хүртээл болсоноос хойш бараг 6 жил өнгөрчээ. Харин энэхүү киноны гол дүрийн жүжигчид яг л тэр чигээрээ бидний дурсамжинд үлдэж, тэднийг дүрээр хүлээж авах тийм ч амар байгаагүй. Тэдний нэг бол мэдээж ухаалаг, хичээнгүй “Гермиона Гренжер” буюу “Эмма Уотсон” юм. Тэрээр Харри Поттерт анх тоглох үедээ 11 настай жаахан охин байсан бол нийт 8 цувралд тоглох хугацаандаа 21 настай бүсгүй болсон. Уотсон амьдрал дээрээ ч яг л Гермиона шиг мятрашгүй гал дөлтэй, байгалиас өгөгдсөн авъяастай, зорьсон замаасаа буцдаггүй зоримог шийдэмгий нэгэн. Түүний төрөлхийн энэ зан байдал НҮБ-ын Ерөнхий Ассамблейн-д жендэрийн тэгш бус байдлын асуудлыг шийдвэрлэх зорилготой “Сайн санааны Элч” болсонтой нь холбоотой ч байж болох юм.
Хамгийн сүүлд тэрээр “Walt Disney” компаний бүтээл “Beauty and the Beast” киноны гол дүрийг бүтээгээд байгаа билээ. Ингээд сонин содон байдлаар яриа өрнүүлж чаддаг “Interview Magazine”-ны зүгээс түүнтэй ярилцсан ярилцлагыг та бүхэндээ толилуулж байна.
-Сайн уу Уотсон? Хаана, юу хийж явна даа. Амарч байна уу, ажилласаар л байна уу?
-Би яг одоо Парист явж байна. Мэдээж ажлаар (инээв). Peter Lindberghе-тэй фото зураг авалттай байна. Би түүнтэй хамтарч ажиллахад үргэлж таатай байдаг. Тэр ажилдаа хэзээ ч түүртдэггүйн дээр миний өмнө нь уулзаж байсан хамгийн хөгжилтэй хүмүүсийн нэг.
-Загвар болоод фото зурагтай хэрхэн холбогдсон талаараа бидэнтэй хуваалцаач. Эхэлсэн цэгээс чинь нэлээд ялгаатай зүйл шүү дээ. Учир нь, тэр үед их жаахан байсан.
-Загвар бол миний дуртай зүйл, энэ нь надад өөрийгөө илэрхийлэх, улам илүү бүтээлч болгоход тусалдаг гэх үү дээ. Би фото зургаас бүтээж байгаа дүр хоорондын шугамыг олох явдал хамгийн хэцүү гэж боддог. Яг л кинод дүр бүтээхтэй ижил, өөрийн оюун санаа дахь мөрөөдлийн хувилбарыг бүтээх хэрэгтэй болдог. Мэдээж хэрэг би бол “балчир од” гэдэг нь хүмүүс намайг одоогоор хүлээж авахад түвэгтэй болгодог төдүүгүй, энэ нь намайг өөртэй минь үнэхээр их зөрчилдүүлдэг. Харин фото зурагчид тэс өөр арга замаар хэн нэгнийг дахин бий болгохыг хүсдэг байдал нь намайг илүү татсан. Тэд миний цоо шинэ талыг үргэлж харуулж чадна.

-Хүмүүс чамайг өсч том болж, бүсгүй хүн болохыг чинь харж байгаа. Үргэлж л байсан шигээ тодорхой хэмжээний стандарт өөрт чинь тавигддаг уу?
-Тийм гэж бодож байна. Энэ бол миний тэмцэлддэг зүйлсийн нэг. Учир нь Дан (Харри Поттер), Руберт (Рон Уэзли) бид гурав тэрхүү үлгэрийн, уран зөгнөлт кинонд тоглохдоо жаахан хүүхдүүд байсан. Кино дуусах үед миний амьдралын түүх олон нийтийн сонирхлыг татаж эхэлсэн нь яагаад ч юм миний хувьд хурц, дайчин болсны нэг шалтгаан байх. Би өөрийнхөө жинхэнэ хувь хүн Эмма Уотсондоо хувирах үед хүмүүс түүнийг хүлээж авч чаддаггүй, тэд шидэт ертөнцийн тэр охиноос намайг ялгаж салгах хэрэгтэй. Одоо хүн бүрийн мэдэж байгаагүй амьдрал дахь аливаа жижиг зүйл, бүр өөрийн ажлыг хамгаалахаар оролдож байгаа миний нэг хэсэг болж байна. Найруулагч Софиа Коппола “The Bling Ring” кинонд дүр бүтээх боломж өгсөн нь завшаантай хэрэг болсон гэж биддог. Энэ үнэхээр тэс өөр дүр байсан. Уран бүтээлийн багийнхан намайг өөрөөр харуулж асар их эрх чөлөөг надад өгсөн.
-Миний хувьд театр, кино, жүжиг нэгэн хэвийн амьдралыг минь нууцлаг зүйлээр дүүрэгдэг. Таны тухайд эрх чөлөөг хэрхэн мэдэрдэг вэ?
-Байнгын хяналттай, дурангийн дор байдгаа мэдрэх тийм ч амар биш шүү дээ. Заримдаа хийж байгаа зүйлсээсээ хүртэл айх нь элбэг. Би үнэхээр их айдаг, заримдаа энэ айдсаараа өөрийгөө утас шиг хөвөрдүүлж байна уу даа гэж бодох үе ч бий. Гэхдээ энэ айдастайгаа амьдарсаар байвал жинхэнэ уран бүтээлчийн амьдралаар амьдарч чадсан эсэхдээ харамсах болно гэдгээ би мэддэг. Тиймээс би өөрийгөө хэн бэ гэдгийг олж нээхийг оролддог, хэний ч хяналтан доор байхгүйгээр шүү. Чиний хэлдэг шиг би алдаа гаргах дуртай. Энэ нь цоо шинэ түлхүүрийг надад атгуулдаг. Гермионы дүрд шалгуулж байхдаа би маш их айдастай байсан. Яагаад гэвэл би хэн ч биш байсан юм. Хожим нь би тэр охиныг, тэр дүрийг, тэр гайхалтай ертөнцийг хайрласан гэдгээ мэдсэн. Харин одоо бас нэгэн давааг давах хэрэгтэй болсон нь “Beauty and the Beast”. Учир нь, би энэ киноноос болж амьдралдаа анх удаа л дуулсан. Сэтгүүлчид надаас “Та үүнийг амжилттай хийж чадна гэдэгт итгэлтэй байна уу?” гэж асууж байсан. Тэр үед би өөртөө “эцсийг нь хүртэл явах ёстой” гэж амлаж, маш гүнзгий ойлголтыг өгсөн. Бас нэг жишээ бол мэдээж илтгэл. НҮБ-ын индэр дээр илтгэл тавихынхаа өмнөх орой сэтгэл минь үнэхээр их түгшиж тогтворгүй байсан. Тэгээд “ингэхэд би уушгиа хүчил төрөгчөөр дүүргэх хэрэгтэй юм болов уу” гэж бодоход хүрсэн шүү (инээв).
-НҮБ-ын индэр дээр таны илтгэлээ тавих мөч үнэхээр чухал байсан. Танд юу нь сайн болох, юу хийх хэрэгтэй заах бүрт маш их стресс бий болдгийг би мэднэ. Гэхдээ надад илтгэлийг чинь сонсох үед үргэлж өөрөө өөрийгөө сонсож, юу зөв болохыг өөртөө тунгаан бодож түүнийгээ дагадаг хүн шиг санагдсан. Үнэндээ хүмүүс алдааг чинь ч бас хайрладаг юм шиг санагдсан.
-Индэр дээр байх үеийн талаар маш чухал зүйл Теодор Рузвельтын нэгэн илтгэлд дурьдагдсан байдаг. “Та амжилттай байна уу, бүтэлгүйтлээр дүүрэн байгаа эсэх эсвэл өөрийнхөө хувьд өөрийгөө бүрэн дүүрэн тэнэг болгох байсан ч гэсэн тухайн нөхцөл байдалд бүхий л нөөц боломжоо ашиглан хамгийн сайнаараа хий” гэсэн байдаг. Миний бодлоор алдаа минь намайг хүчирхэгжүүлдэг. Алдаа намайг бүр мөсөн сүйрүүлдэггүй гэдгийг мэдэхэд сайхан байдаг бөгөөд илүү ихийг суралцахын төлөө цааш явах хэрэгтэй болдог.
-“HeForShe” жендэрийн эрх тэгш байдлыг хангах компанит ажилд зориулсан НҮБ-ыг төлөөлсөн илтгэлийг таны зүгээс тавьсан. Ийм зүйл болох нөхцөл хаанаас бий болов?
-Би Анн Коттон хэмээх гайхалтай эмэгтэйн удирдан явуулдаг CAMFED байгууллагад ажиллаж байгаа. Энэхүү байгууллага нь тусламж, дэмжлэг хэрэгтэй байгаа гэр бүлүүдийн хүүхдүүдэд нь сургуулийн тэтгэлэг болон тодорхой мөнгөн тусламж үзүүлдэг. Анн нэг удаа сургуулиасаа завсардсан 9-12 насны 4 охинд дэмжлэг үзүүлсэн юм. Гэхдээ зүгээр л дунд сургуулийг нь төгсгөөд өнгөрөөхийг хүсэлгүй, тодорхой хэмжээний жижиг бизнес хийх зээлийг гэр бүлд нь олгох зэргээр олон талаар тусалдаг. Би олон буяны байгууллагад сайн дурын ажил хийж байсан. Гэхдээ олон нийтэд харагдах талаас нь биш, дотоод мөн чанараараа дамжуулан ямар нэг зүйлийг ойлгохыг хүссэн. Тиймээс би жижиг байгууллагад ажиллахыг илүүд үзсэн. Ингээд би Замбиагийн нэгэн сургууль руу хэсэг найзуудтайгаа хамт явсан юм. Тэнд байхдаа холбоо болоод хөтөлбөрт хамрагдаж байсан охидын ээж нартай ярилцаж тэдний хэрэгцээ шаардлага, эрмэлзлийг ойлгохыг хичээж байлаа. Тэр үед НҮБ-ын эмэгтэйчүүд надаас эмэгтэйчүүд болон охидын төлөө Сайн санааны Элч болох талаар асуусан юм. Тэгээд би тэдэнд Хиллари Клинтоны эмэгтэйчүүдийн эрхийн тухай гайхалтай ухаалаг илтгэлийг сонсож байсан талаараа ярьтал, тэд “Бид чамайг илтгэл тавих хэрэгтэй гэж бодож байна” гэсэн юм. Энэ үед би дотроо “ Өө бурхан минь” гэж дуу алдаж байж билээ. Би НҮБ-ын индэр дээр тавьсан илтгэлээ бичихэд 6 сарыг зарцуулсан шүү.
-Илтгэлийг сонсож байх үед танаас гарч байсан үг бүр чинь зүрх сэтгэлээ гарч байгаа нь мэдрэгдэж байсан. Тэр нээлттэй зүрх сэтгэл миний доторхийг нээх шиг л болсон.
-Эмзэг, таатай бус, сул дорой мэдрэмжийг авахыг хүсдэг нэг ч хүн байхгүй. Гэхдээ би яг энэ мөчүүдийн дундуур явахдаа л ид шидийн мэт хамгийн чухал зүйлүүдийг олж авсан. Брене Бровн TED дээр тавьсан илтгэлдээ эмзэг байдал хүн төрөлхтөнтэй холбох цорын ганц хамгийн чухал арга зам гэдэг талаар ярьж байсан шүү дээ.
-Дүрээ сонгох үедээ кино багийг харж сонгодог уу, эсвэл илүү зөн зовингоо дагадаг уу?
-Ерөнхийдөө гол төлөв хоёр чухал зүйлийг голчлон нөлөөлдөг. Мэдээж хамтран ажиллах найруулагч чухал, дээр нь зохиолын үндсэн шугам чухал. Зохиолыг уншиж үзээд тодорхой нэг шугамаар явж байгаа бол надад татгалзах зүйл байдаггүй. Харин хэдийгээр зохиол нь гайхалтай байлаа ч шугамаасаа гажсан байвал миний хариулт үргэлж “Үгүй” байдаг. Хэзээд би өөрийн зөн совингийхоо эсрэг байсаар ирсэн. Учир нь, энэ нь сүйрлийг авчирдаг. Хэрвээ зохиол надад таалагдвал хүн бүрт уншуулахыг хичээдэг. Ээждээ, найзууддаа гээд бүх хүнд (инээв). Дараа нь, өөрийн гайхалтай менежер болоод агентлагтайгаа уулзаж тэдний хэлэх зүйлсийг анхааралтай сонсдог. Гэхдээ энэ зөвлөмж хүн бүрт нээлттэй. Болдог бол муурныхаа саналыг хүртэл сонсох юмсан гэж боддог. Хамгийн гол нь миний хэлэх гэсэн зүйл бол тэрхүү зүйлтэй гүн бат холбогдсон мэт мэдрэмж төрөх л юм бол би түүнийг хийхэд бэлэн байдаг.
-Бүтээж байгаа дүр чинь үнэхээр аргыг чинь барах үед маш хэцүү байдаг байх. Энэ талаар яриагаа үргэлжлүүлмээр байна.
-Яг тийм. Ийм зүйл тохиолдох үед би өөрийнхөө мэргэжилтэй зөрчилдөж эхэлдэг. Гэхдээ ямар нэг зүйл намайг энэ ертөнцөд минь буцаан авчирдаг. Үнэхээр хэцүү санагдах үед “Үүнийг хийх нь ямар утга учиртай вэ” гэдэг талаар би боддог.
-Хамгийн сүүлд өөрт чинь хэн нэгний өгсөн зөвлөгөө юу вэ. Магадгүй жүжиглэлт эсвэл энэ олон нийтийн сүлжээг удирдан чиглүүлэх талаар ч юм уу?
-Нэг удаа манай зөвлөгч “Энэ амьдралд ямар нэгэн зүйл үргэлж л болж байдаг. Тиймээс бид өөрсдийнхөө амьдралыг бий болгохын тулд тодорхой арга замуудаар тэмцэлдэж байдаг. Чамайг урагшлуулдаг тэдгээр зүйлс өөрийн чинь жинхэнэ төрх рүү буцаан авчирч байдаг бөгөөд чи тэр чиг шугамыг дагах ёстой” гэж хэлж байсан. Би тэгэхэд бидэнд төрдөг болон биднийг хүчирхэгжүүлдэг айдсууд ээлж дарааллан тулгарсаар байдаг тухай бодож байв. Олон нийтийн сүлжээ бол тэсрэх бөмбөгөөр дүүрэн талбай. Технологи маш хурдтайгаар хөгжиж байна. Хүн бүр л төрх байдал минь ямар байх хэрэгтэй талаар, интернэт орчинд хэрхэн амьдрах тухай, улс төрийн соёл иргэншил гээд бүх зүйлсийг ойлгох нууц түлхүүрийг эрэлхийлж байна. Миний бодлоор бид гол зарчмаа олох ёстой. Гэхдээ мэдээж энэ тийм амар биш. Интернэт аливааг удирдан чиглүүлэх асар их хүчийг агуулдаг. Гэхдээ энэ хүч бидний эрх чөлөөг хязгаарлах биш хамгаалах ёстой.
Хуваалцсан бүхий л зүйлүүд чинь үнэхээр гайхалтай байлаа. Өөрийнхөө амьдрал, үг хэл, бодол санаа, хандлагаараа нийгэмд чухал нөлөө үзүүлж яваа хүн гэдгээ хэзээ ч битгий мартаарай. Ярилцсанд баярлалаа.

Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн