Open iToim app
Нийгэм | 2 мин уншина

Элсэлтийн ерөнхий шалгалт Монгол хэл, бичгийн шалгалтаар эхэллээ

Нийтэлсэн 2016 оны 6 сарын 14
2016 оны элсэлтийн ерөнхий шалгалт өнөөдөр Монгол хэл, бичгийн шалгалтаар эхэлнэ. Энэ жил улсын хэмжээнд 37200 хүн 10 хичээлээр ЭЕШ өгөхөөр бүртгүүлжээ. Өмнөх жилүүдэд элсэлтийн ерөнхий шалгалтыг их дээд сургуулиудын байранд авдаг байсан бол энэ жил дунд сургуулиудын байранд авах бөгөөд хөдөө орон нутагт 21, нийслэлд 49 байрыг бэлджээ.
Шалгуулагчид шалгалтын байранд нэг цагийн өмнө ирэх бөгөөд анги танхимдаа 10 минутын өмнө суудлаа эзлэх шаардлагатай. ЭЕШ-ыг орон даяар Улаанбаатар хотын цагаар нэгэн зэрэг зохион байгуулна. Энэ жилийн элсэлтийн ерөнхий шалгалт Монгол хэл, бичгийн шалгалтаар эхлэх бөгөөд шалгалтыг энэ сарын 15-нд буюу өнөөдөр 12:00-13:40 цагийн хооронд авах юм байна. Шалгалтын байранд гар утас, тооны машин, таблиц, томъё оны хураангуй, ном, дэвтэр, ноорог цаас, гарын авлага, цаасан болон электрон толь бичиг, компьютер MP3, MР4, таблет, ухаалаг цаг, дуу хураагуур зэргийг оруулахгүй байх үүднээс металл илрүүлэгч болон сүлжээ сарниулагчийг ашиглах юм байна.
Монгол хэл бичгийн шалгалт болон ЭЕШ-ын математик, физик, химийн хичээлийн даалгаврын гүйцэтгэх хугацаа 100 минут байна. Харин монгол хэл, англи хэл, орос хэл, биологи, газарзүй, монгол улсын түүх, нийгмийн тухай мэдлэг хичээлийн шалгалтын даалгаврын гүйцэтгэх хугацаа 80 минут. Энэ жилээс эхлэн шалгалтын материалын хариултын хуудасны хэсгийг харандаагаар тод засваргүй бөглөж, будах ёстой бөгөөд Боловсролын үнэлгээний төвөөс шалгуулагчдад үнэгүй харандаа тараах юм байна.
Энэ жилийн ЭЕШ-ын журамд Монгол хэл, Англи хэл, Орос хэлний хичээлүүдийн сонсох чадварыг сорих даалгавар нэмэгдсэн боловч Улаанбаатар хотын шалгалтын байруудад тавих тоног төхөөрөмжийн тендерийг Сангийн яамнаас дахин зарлахаар болсон байна. Тиймээс шалгаруулалтын хугацаа хойшилж, энэ жилийн сонсох чадварын даалгаврыг авахгүйгээр хуучин шалгалтын бүтцээрээ авах болжээ. Харин хөдөө орон нутагт туршилтын журмаар дүн оноонд нөлөөлөхгүйгээр сонсоод ойлгох чадварыг шалгах даалгаврыг авах юм байна.
Шалгуулагчид шалгалтад орохдоо дараах материалыг бүрдүүлсэн байна.
1. Бүртгэлийн хуудас
2. Суудлын хуваарь
3. Бүрэн дунд боловсролын үнэмлэх, түүнээс дээш боловсролын баримт бичиг
4. Цахим үнэмлэх болон мөн түүнтэй адилтгах баримт бичиг баримтыг бүрдүүлэх ёстой. Мөн өмнөх оны төгсөгчдийн хувьд бүртгүүлсэн бүртгэлийн хуудсаа Боловсролын үнэлгээний төвд ирж, тамга даруулж баталгаажуулах хэрэгтэйг мэргэжилтнүүд санууллаа.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн