Open iToim app
Ерөнхийлөгч | 10 мин уншина

​Ц.Элбэгдорж: Цаашид Ардын болон гавьяат цол олгохгүй

​Ц.Элбэгдорж: Цаашид Ардын болон гавьяат цол олгохгүй
Нийтэлсэн 2016 оны 1 сарын 7
Монгол Улсын Ерөнхийлөгч Төрийн шагналын тухай хуулийн төслийг танилцууллаа. Төрийн шагналтай холбоотой харилцааг Ерөнхийлөгчийн зарлигаар зохицуулж ирсэн бөгөөд энэ асуудлыг хуульчлах шаардлагатай хэмээн үзэж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Төрийн шагналын тухай хуулийн төсөл санаачлан боловсруулснаа өнөөдөр сэтгүүлчдэд танилцуулж, сонирхсон асуултад хариулсан юм. Тус хуулийн төсөлд Эрхэм дээд шагналаар Монгол Улсын баатар, Улсын эрдэнэ цол, Чингис хаан цол, эрхэм хүндэт шагналаар Монгол Улсын гавьяат зүтгэлтэн цол, Эрдэнийн очир одон, хүндэт шагналаар Алдан гадас одон, Цэргийн гавьяа одон, Эхийн алдар I II одон, медалиар Цэргийн хүндэт медаль, Хөдөлмөрийн хүндэт медаль, шударга журам медаль, Найрамдал медаль, Энхийн төлөө медаль зэрэг төрийн дээд одон медалийг олгож байхаар тусгасан байна.
Хуулийн төсөл долоон бүлэг 40 зүйлтэй бөгөөд Монголын төрт ёс, төрийн бодлогын залгамж халааг хэвээр хадгалах, төрийн дээд шагналын нэр төрөл, шалгуур үзүүлэлтийг Монгол Улсын Үндсэн хууль, үзэл баримтлалд нийцүүлэн тодорхойлсон байна. Ингэхдээ зарим шагналыг хассан аж. Тухайлбал, Ардын жүжигчин, гавьяат, Сүхбаатарын одон зэрэг шагналыг хасчээ. Гэхдээ шагналын үнэ цэнийг нэмэгдүүлэх үүднээс шалгуурыг өндөрсгөсний зэрэгцээ зарим гавьяа шагналыг таван жилд нэг удаа, нэг хүнд олгох зэргээр тогтоож өгчээ. Мөн гавьяа шагналыг хэн, хэн гардуулах вэ гэдгийг ч хуульчилж өгсөн аж. Тухайлбал, Төрийн дээд шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгч гардуулна. Мөн Төрийн дээд шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарилгаар, түүний нэрийн өмнөөс дараах эрх бүхий этгээд гардуулж болно. Үүнд УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн, аймаг, нийслэл, сум дүүргийн ИТХ-ын дарга гардуулахаар зааж өгчээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Төрийн шагнал Ерөнхийлөгчийн зарлигаар зохицуулагдаж явдаг. Монголын түүхэнд Төрийн шагналтай холбоотой асуудлыг цогцоор нь хуулиар зохицуулахаар оруулж ирж байгаа анхны санаачлага гэж хэлж болно. Гол зорилго нь Үндсэн хуулиндаа нийцүүлэх ёстой. Одоо олгогдож байгаа төрийн шагнал дээр хуучин төрийн сүлд байгаа. Тиймээс үүнийг өөрчилж Үндсэн хуулиндаа нийцүүлэх ёстой гэж үзэж байгаа юм. Төрийн шагналыг эрэмбэ шалгуурыг дээшлүүлж, шагналын үнэ цэнийг нэмэгдүүлнэ” гэлээ. Төрийн шагналыг хадгалах хамгаалах, зүүх, төрийн шагналаас татгалзах, олгох гээд бүхий л харилцааг хуулийн төслөөр зохицуулах юм байна.
Монгол Улсын баатар цол
Монгол Улсын баатар цолыг Монгол Улсын тусгаар тогтнол, ардчилал, эрх чөлөө, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлэх, эх орноо батлан хамгаалах, үндэсний аюулгүй байдлыг хангах болон Монгол Улсыг хөгжүүлэх, эх орныхоо нэрийг алдаршуулах эрхэм үйлсэд онцгой гавьяа байгуулсан хүнд хүртээж, Монгол Улсын баатар цолны энгэрийн тэмдэг, батламж, үнэмлэх гардуулна. Эх орноо батлан хамгаалах үйлсэд амь бие хайргүй зүтгэж, баатарлаг гавьяа байгуулан эх орныхоо төлөө амь насаа алдсан хүнд Монгол Улсын баатар цолыг нэхэн хүртээж болно.

Улсын эрдэнэ цол

Улсын эрдэнэ цолыг үндэсний уламжлалт соёлын биет бус өвийн хосгүй нандин ховор төрөл зүйлсийн тодорхой илэрхийллийг ур чадварын өндөр түвшинд өвлөн эзэмшиж, түүнийгээ улам боловсронгуй болгон хөгжүүлж, хойч үедээ өвлүүлэх, шавь сургах, сурталчилж түгээн дэлгэрүүлэхэд онцгой гавьяа байгуулсан хүнд хүртээж, Улсын эрдэнэ цолны энгэрийн тэмдэг, батламж, үнэмлэх гардуулна. Тус цолыг гурван жилд нэг удаа цагаан сарын баярыг тохиолдуулан олгоно.

Чингис хаан одон

Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, эх орондоо хүмүүнлэг, ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэх, нийгэм, эдийн засаг, соёл, шинжлэх ухааны дэвшлийг хангах, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхийн бусад оронд сурталчлан таниулах үйлсэд жинтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан Монгол Улсын иргэнийг шагнаж, одонг батламж, үнэмлэхийн хамт гардуулна. Чингис хаан одонг жилд нэг удаа нэг хүртэл хүнд Их Эзэн Чингис хааны өдөр буюу Монгол бахархлын өдрийг тохиолдуулан олгоно.

Монгол Улсын гавьяат зүтгэлтэн цол

Монгол Улсын гавьяат зүтгэлтэн цолыг ажил мэргэжлийн өндөр ур чадвар, авьяас билгээрээ тодорч, төр, нийгэм, эдийн засаг, соёл, спорт, шинжлэх ухаан болон бусад салбарыг хөгжүүлэх үйл хэрэгт нийтээр хүлээн зөвшөөрөхүйц гавьяа байгуулж, хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэх үйл хэрэгт онцгой хувь нэмэр оруулсан иргэнд хүртээнэ. Уг цолыг жилд 50 хүртэл хүнд олгоно.

Эрдэнийн очир одон

Төр, нийгэм, эдийн засаг болон бусад салбарыг хөгжүүлэх үйл хэрэгт онцгой гавьяа байгуулж, монгол үндэстний уламжлал, төрт ёсыг хадгалж, хамгаалах, хөгжүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсан болон олон улсын эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээ, зарчмыг баримтлан Монгол Улсын найрсаг гадаад харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх үйл хэрэгт онцгой гавьяа байгуулсан хүнд олгоно. Жилд 100 хүртэл хүн гардуулна.

Алтан гадас одон

Иргэний үүргээ нэр төртэйгөөр биелүүлж, авьяас, эрдэм мэдлэг, хүч хөдөлмөрөө дайчлан ажиллаж, нийгэм, эдийн засаг, шинжлэх ухаан, технологи, соёл урлаг, боловсрол, эрүүл мэнд болон бусад салбарын үйл ажиллагаанд гавьяа байгуулсан болон хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, хуулийн засаглал, төрийн бодлого, зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэх болон гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журмыг хамгаалах, хууль сахиулах үйл хэрэгт гавьяа байгуулсан хүнд олгоно. Уг одонг жилд 1000 хүртэл хүнд олгоно.

Цэргийн гавьяа одон

Цэргийн гавьяа одонгоор Монгол Улсын Зэвсэгт хүчин, батлан хамгаалах хүч чадлыг бэхжүүлэх, Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, хуулийн засаглалыг бэхжүүлэх, үндэсний аюулгүй байдлыг хангах, дархан хилийг хамгаалах, гамшгаас хамгаалах үйл хэрэгт гавьяа байгуулсан албан хаагчийг шагнаж одонг үнэмлэхийн хамт жилд 500 хүртэл хүнд олгоно.

Эхийн алдар одон

Эхийн алдар II зэргийн одонгоор дөрвөн хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг, Эхийн алдар I зэргийн одонгоор зургаан хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг шагнаж, одонг үнэмлэхийн хамт гардуулна.

Хөдөлмөрийн хүндэт медаль

Иргэний үүргээ нэр төртэйгөөр биелүүлж, авьяас, эрдэм мэдлэг, хүч хөдөлмөрөө дайчлан ажиллаж, эдийн засаг, шинжлэх ухаан, технологи, нийгэм соёл, боловсрол, эрүүл мэнд болон нийгмийн бусад салбарын үйл ажиллагаанд идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж, өндөр амжилт гаргасан, хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, хуулийн засаглал, төрийн бодлого, зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэх болон гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журмыг хамгаалах, хууль сахиулах үйл хэрэгт идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж, өндөр амжилт гаргасан хүнд олгоно.

Цэргийн хүндэт медаль

Монгол Улсын Зэвсэгт хүчин, батлан хамгаалах хүч чадлыг бэхжүүлэх, Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, үндэсний аюулгүй байдлыг хангах, дархан хилийг хамгаалах, гамшгаас хамгаалах үйл хэрэгт олон жил идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж, өндөр амжилт гаргасан албан хаагчийг шагнаж, үнэмлэхийн хамт гардуулна.

Шударга журам медаль

Эрэлхэг зориг, авхаалж самбаа гарган гал, ой, хээрийн түймэр, байгалийн болон үйлдвэрлэлийн гамшиг, аюулаас хүний амь нас, их хэмжээний эд хөрөнгө авран хамгаалсан хүнийг шагнаж, үнэмлэхийн хамт гардуулна. Шударга журам медалиар нэхэн болон өмнөхөөс өөр болзол хангасан тохиолдолд дахин шагнаж болно.

Найрамдал медаль

Монгол Улсаас гадаад оронтой тогтоосон улс төр, эдийн засаг, нийгэм, соёлын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулсан гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг шагнаж, үнэмлэхийн хамт гардуулна.

Энхийн төлөө медаль

Нэгдсэн Үндэсний Байгууллагын энхийг сахиулах хүчин, олон улсын бусад ажиллагаанд оролцсон цэрэг, цагдаагийн албан хаагчид, энхийг сахиулах, хүмүүнлэгийн асуудлаар идэвхтэй ажиллаж, амжилт гаргасан иргэнийг шагнаж, үнэмлэхийн хамт гардуулна.

Төрийн соёрхол

Шинжлэх ухаан, танин мэдэхүйн шинэ онцгой туурвил, анхдагч шинэ техник, технологи, үйлдвэрлэл, урлаг, утга зохиол, оюуны шилдэг гарамгай бүтээлд олгоно.

Танилцуулгын үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж сэтгүүлчдийн дараах асуултад хариуллаа.
-Хуулийн төсөлд хууль хэрэгжих хугацааг хэдийгээр гэж төлөвлөж байгаа вэ?
-Хугацааны хувьд ирэх аравдугаар сарын нэгнээс эхлэн мөрдөнө гэж хуулийн төсөлд тусгаж өгсөн.
-Энэ парламент баталж амжих болов уу?
-Одон олгох эрх Ерөнхийлөгчийн зарлигаар явж байгаа. Үүнийг хууль болгоё гэсэн. УИХ батлахгүй гэвэл дараагийн сонголтыг Ерөнхийлөгч хийх эрхтэй гэдгийг Үндсэн хуулинд заасан байгаа.
-Зарим медаль шагналыг хассан гэж байна. Яг ямар медаль, одонг хассан бэ?
-Бид уламжлал, залгамж чанараа хуулийн төслийг боловсруулахдаа алдахгүй байхыг хичээсэн. Хөдөлмөрийн баатар, Улсын баатар гэж байсныг Монгол Улсын баатар гэж нэг цол болгосон, олон гавьяат байсныг нэгтгэж Гавьяат зүтгэлтэн болгосон. Мөн хадгалж үлдсэн одон гэвэл Алтан гадас, Цэргийн гавьяаны одон, Эхийн алдар зэрэг медалиуд байна. Шагналыг олгохдоо таван шалгуур тавьж байгаа юм. Нэгдүгээрт амжилт гавьяагаар нь, хоёрдугаарт ажил мэргэжлийн онцлогоор, гуравдугаарт эрэмбэ тогтооно, дөрөвдүгээрт хугацаа тогтооно, шагналын тоо, жил тэмдэглэлт өдөрт тусгайлан олгох зэргийг нарийн тусгаж өгөх юм. Хүний нэртэй одонгуудаас Чингис хааны нэртэй одонг хадгалж үлдсэн. Алдар цуутай хүн бүрийг одон болгож хувиргаад байвал болохгүй. Ингээд Чингис хааны одонг үлдээсэн. Ардын жүжигчин гэж цол байсныг хасч, энэ цолыг Улсын эрдэнэ цолтой дүйцүүлсэн. Эрдэнийн очир одонгийн хувьд Сүхбаатарын одон, Цэргийн гавьяаны улаан тугийн одон зэрэг одон төлөөлөх болов уу.
-Одон медалийг дагуулан мөнгөн урамшуулал олгох уу?
-Шагналын мөнгө дагуулж өгөхгүй байх нь зүйтэй гэж үзэж байгаа. Энэхүү цол тэмдэг нь алдар нэр гэдэг утгаараа үнэтэй байх учиртай.
-Иргэдийн дунд шагналд тодорхойлоод багагүй хугацаагаар буюу хоёр гурван жилээр хариу нь ирэхгүй хүлээж байгаа, Гавьяатын шагналыг авахад зургаан сая төгрөгийн ханштай гэх мэт яриа байдаг?
-Тодорхойлолт дээр очоод асуудал, зовлон үүсдэг юм. Нэг сумынх гэхээрээ хоёр гурван зуугаараа шагналд тодорхойлдог. Өгсөн өгөөгүй гээд бөөн хэл ам үүсдэг хандлага бий. Одоогоор Гавьяат цол хүссэн 8000 хүн байна шүү дээ. Төрийн одон медалийг худалддаг, зардаг, зуучилдаг асуудал байвал зогсооё гэж байгаа юм. Ийм асуудал байвал Ерөнхийлөгчийн тамгын газарт авчирч өгнө үү. Тэр бүхнийг хуулийн байгууллагад шалгуулах болно. Хэрэв ийм асуудал үүссэн бол тэр асуудал үүсгэсэн хүмүүст хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх болно.
-Төрийн дээд одон медаль олгох үед нийгмийн даатгалын баталгааг хэрхэн хангах вэ?
-Нийгмийн баталгаа гэдэг маш чухал асуулт юм. Алдар зүтгэл гавьяа авсан хүмүүст тодорхой нийгмийн баталгааг гаргаж өгдөг. Шинэ хууль хэрэгжиж эхлэхэд хуучин шагналтай иргэдийн нийгмийн халамж хадгалагдана. Нийгмийн баталгаа ч насман туршид нь давхар явагдана. Шинээр оруулж байгаа хуулинд нийгмийн баталгааны тухай оруулж өгөөгүй.
-Одоо олгох шагналын фонд дууссан уу. Хэр нөөц байгаа вэ?
-Ихэнх одон тэмдэг Ерөнхийлөгчийн тамгын газрын төсөвт суугаад тэрхүү мөнгийг Зоос гоёл үйлдвэрт захиалгаа өгөөд хийлгэх зүйл юм. Нөөцөнд байгаа одон медаль ч бий тухай бүрт нь хийгээд явж байгаа одон медаль ч бий юм. 
- Шагналын тоо цөөрөхөөр мөнгөн урамшуулал нь нэмэгдэх үү?
-Мөнгийг шагналтай уяж өгөөгүй. Шагнал гэдэг бол эрхэм хүндэтгэл. Мөнгө дагалддаг зүйл тусдаа өөр хуулиар шийдэгддэг. Цол хүндэтгэл гэдгээрээ элдэв мөнгө дагуулж хэрэггүй гэж бодож байна.
-Шагналыг үнэ цэнэтэй байлгах, эзнээ олсныг батлахын тулд тухай хүний алдар цууг алдаршуулдаг. Энэ хуулийн төслийг дагалдуулж журам гаргавал ямар вэ? Шагналыг тодорхойлдог журамд өөрчлөлт орж байгаа юу?
-Шагналыг тодорхойлдог журамд өөрчлөлт орж байгаа. Тухайлбал, Алтангадас одон 1000 хүртэл гээд нийт суманд хуваарилагдахад манай суманд жилдээ 2 хүн л авах юм байна гэж тооцож ирүүлэх хэрэгтэй. Шагналд тодорхойлж байгаа хүмүүс энэ бүхнийг тооцох ёстой. Хүмүүс олон нийтээр хэлэлцүүлээд өгвөл зүгээр юм гэдэг. Бид Чингис хаан одон авах гэж байгаа хүнийг 10-аад хоногийн өмнө зарладаг. Олон нийт тухайн хүнийг харж, хийсэн бүтээсэн нь алдаршдаг. Журамд энэ талаар тусгасан. Зарим шагналд зөвлөл ажилладаг. Тийм учраас ажил мэргэжлийн шалгуур байгаа. Тэр байтугай одонг юугаар хийх вэ? ямар эрдэнийн чулуу байх вэ зэргийг грамм, унц, хэмждэг нэгжээр нь маш нарийн гаргадгийг журамласан. Одон медаль зарлиг гаргадаг зүйлийг аль болох цөөлөхийг хичээж байгаа. Одон авсан хүмүүс хийсэн бүтээснийг үнэлсэнд баярлалаа, хийж бүтээх урам өглөө гэдэг. Хамгийн гол шалгуур нь хийсэн бүтээснийг нь үнэлсэн байх юм. Гол нь тодорхойлолт байх болно. Анхан шатнаас хэнээс тодорхойлолт гарах вэ гэдгийг харгалзана. Хүмүүс олон шалгуур ярьдаг. Тоог нь хязгаарлах хэрэгтэй. Хуулиар шийдүүлэх гээд байгаа зүйл нь давхар хамгаалалт хийж өгч байгаа юм. Энэ нь Ерөнхийлөгч хүртэл өөртөө хариуцлага сахилгыг хийж өгч байна. Тоотой болохоор бүх зүйл төсөвлөгдөнө.
-Ойн медалиудыг яаж олгох вэ?
-Байгууллагуудын одон гэж байдаг. Тухайлбал, Ард түмний гавьяат гээд олон нийтийн байгууллага оруулдаг. Төрийн одон медальтай давхацсан нэртэй медаль байж болохгүй. Чингис хааны нэртэй Эрдэнийн Очир, Хөдөлмөрийн хүндэт, Алтан гадас гэх зэрэг медалийг олон нийтийн байгууллага давхардуулж олгохгүй. Бас медаль, одон гэж нэртэй байж болохгүй. Хариуцлагын хуулинд энэ талаар зааж өгч байгаа. Үүнийг журамлах хэрэгтэй. Байгууллагын шагналыг олговол Алтан гадас одонгоор л шагная гэж байгаа. Нэг шагнагдсан бол дахин шагнахгүй. Нэхэн шагнах зүйлд Улсын баатар цолыг л нэхэн шагнаж болно. Эх орныхоо төлөө онцгой гавьяа байгуулж амь насаа алдсан байдаг. Шударга журам медалийг нэхэн шагнаж болно. Төрийн байгууллагын хувьд олгох шагнал нь Засгийн газрын хуралдаанаар шийдэх ёстой. Ерөнхийлөгчийн зарлигаар олгодог Шилдэг залуу эмч, эрдэмтэн, оюутан гэж байдаг. Мөн Ерөнхийлөгчийн шилжин явах цом цаашдаа олгогдоно. Шинээр бий болох зүйлийг УИХ-аар тогтооно. Алтан бөмбөг зэрэг байгууллагуудын олгодог цом нь олон нийтийн түвшинд байж болно. Хамгийн гол нь төрийн олгож байгаа одон медальтай давхцаж хэрэггүй.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн