Open iToim app
Фото | 2 мин уншина

Ц.Элбэгдорж: Тамирчид хоёр дахин илүү амжилт үзүүлэх ёстой, түүнээс бага амжилттай ирэх эрх байхгүй

Ц.Элбэгдорж: Тамирчид хоёр дахин илүү амжилт үзүүлэх ёстой, түүнээс бага амжилттай ирэх эрх байхгүй
Нийтэлсэн 2016 оны 7 сарын 20
“Рио-2016” зуны олимпийн XXXI наадам, паралимпийн XV наадамд оролцох Монголын баг, тамирчдыг үдэн гаргах ёслол Чингисийн талбайд боллоо. Ёслолын арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцохдоо “Молнголын ард түмэн охид хөвгүүдээ алс хол явахад нь сайхан үдэж гаргаж өгдөг ард түмэн. Цэрэгт, сургуульд, гадагшаа явахад нь үгийн хатууг хэлж, өөрийнхөө захиасыг хэлж үддэг ард түмэн. Энэ жил Монгол Улсын түүхэнд хамгийн олон тамирчин зуны олимпод оролцохоор болж байна. Зуны олимпийн наадамд 42 тамирчин есөн төрөлд оролцоно гэж би ойлгож байна. Найман тамирчин параолимпийн наадамд оролцох гэж байна. Ингээд нийтдээ 50 тамирчин шөрмөстэй, чадалтай, оюунтай, ухаантай тэр хүмүүстэй өрсөлдөхөөр Монгол нутгаасаа хүлгийн жолоо залах гэж байна. Манай Олимпийн тамирчид, дэлхийн Олимпоос медаль авсан тамирчдад төрийн хайр халамж, магтаал, ард түмний хүндлэл багадаагүй. Монголын ард түмэн тамирчдаа алган дээрээ бөмбөрүүлж авч явдаг ард түмэн. Монголын төр та бүхэнд өгөх гавьяа шагналаа харамлаагүй. Өгч ирсэн. Монголын ард түмэн халааснаасаа мөнгө төгрөгөө, гаргах ёстой бүх зүйлийг төсвөөсөө гаргасаар ирсэн. Манай олимп, дэлхийн олимпийн төрлөөр медаль авсан тамирчид насан туршдаа Монголын ард түмнээс, Монголын төрөөс тэтгэлэг авч байгаа. Нийтдээ дөрвөн жилийн турш авч явж байгаа. Ингэж Монголын ард түмэн, Монголын нийт иргэдийн зүгээс миний охин, хүү дэлхийн олимпиос медаль аваад ирэх юм бол насан туршийн дэмжлэгтэй болох юм байна. Ард түмэн ингэж харж үзэж байгаа юм байна гэсэн ойлголт бий болсон. Энэ бүх ойлголт сүүлийн 4-5 жил үргэлжилж, манай олимпод эрх авах тамирчдын тоо нэмэгдсэн. Ард түмнийхээ хайр халамжийг дааж явах хэрэгтэй. Халаасандаа байгаа эцсийн мөнгийг та бүхэнд л зориулж гаргаж өгч байгаа. Та бүхнийг Монголынхоо нэрийг гаргаад ир гэж өгч байгаа юм. Та бүхэнд ялагдах эрх байхгүй. Өмнөх Олимпиудаас бараг 2 дахин олон тамирчин явж байгаа. Монголын ард түмэн, Монголын төр 2 дахин илүү амжилтыг та бүхнээс хүсэн хүлээж байгаа. Түүнээс бага амжилттай ирэх эрх байхгүй. Үүнийг та бүхэнд би ард түмнээ төлөөлж, та бүхний төлөө сүү өргөж, та бүхнийг харж энд хүрэлцэн ирсэн Монголын ард түмнээ төлөөлж хэлж байна. Та бүхэн өндөр амжилттай ирэх ёстой. Та бүхний эрмэлзэл бол алтан медаль байх ёстой” гэсэн юм.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн