Аж үйлдвэрийн яам өнгөрөгч баасан гарагт Төрийн ордонд экспортлогч үйлдвэрүүдийн төлөөлөлтэй зөвлөлдөх уулзалт зохион байгууллаа. Зөвлөлдөх уулзалтад Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, Төрийн нарийн бичгийн дарга Д.Нямхүү болон бусад холбогдох албаны хүмүүс, экспортлогч үйлдвэрийн төлөөлөл бүхий 50 гаруй үйлдвэрлэгч, ГЕГ оролцлоо. Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого, Үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль, Засгийн газрын 336, 337 дугаар тогтоол батлагдсантай холбогдуулан дээрх баримт бичгүүдийг үйлдвэрлэгчдэд танилцуулж, хэрэгжилтийг хангаж, ажиллах талаар санал солилцов. Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат зөвлөлдөх уулзалтыг нээж хэлсэн үгэндээ “Бодлогын зохицуулалтгүй орчинд экспортлогчдын бүтээгдэхүүн үйлдвэрлэл өсөлтгүй болсон байна. Үүнийг шийдвэрлэхийн тулд Аж үйлдвэрийн яам бодлогын баримт бичгээ боловсруулахдаа тэргүүлэх чиглэлээ экспортлогчид гэж томъёолсон. Бидний зорилго бол уул уурхайгаас хамааралтай эдийн засгаа төрөлжүүлж, үйлдвэрлэлийг хөгжүүлж, аж үйлдвэрийн салбарын экспортыг нэмэгдүүлэх. Тиймээс ч бодлогоо боловсруулж, түүний хэрэгжилтийг хангахын тулд салбарынхантай хамтрах зарчим баримталж байгаа. Аж үйлдвэрийн яамны гол зөвлөх бол салбарын үйлдвэрлэгчид юм шүү. Намрын чуулган эхэлмэгц гацааж байгаа гурван асуудлаа УИХ-аар хэлэлцүүлж, шийдвэрлэчих юм бол үндсэндээ асуудал цэгцэрнэ гэж үзэж байгаа. Үнэхээр сайн төслийг дэмжихэд, ажил хэрэг болгоход би бэлэн байна. Бодитой ажил руу хамтдаа хэдэн алхмаар ойртоё” гэсэн юм. Харин Төрийн нарийн бичгийн дарга Д.Нямхүү уулзалтын үеэр “Засгийн газрын 336 дугаар тогтоолоор зарим нэр, төрлийн барааны импортын гаалийн албан татварын хувь хэмжээг нэмэгдүүлсэн. Тухайлбал, зөгийн балны импортын татварыг 20 хүртэл хувиар нэмсэн. Төрийн зүгээс ингэж дэмжиж байхад үйлдвэрлэгчид сайн ажиллаж, зах зээлээ эзлэх хэрэгтэй. Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн орны хувьд дүрэм, журмаа мөрдөж, чанар, стандартад нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, олон улсын зах зээлд өрсөлдөх хэрэгтэй. Бид үүний тулд бодлогоор дэмжинэ” гэв. Монгол Улс одоогийн байдлаар аж үйлдвэрийн өрсөлдөх чадвараар 133 орноос 109 дүгээрт жагсч байна. Мөн үнэ цэн шингэсэн бүтээгдэхүүний хэмжээ салбарын нийт экспортын ердөө 5.6 хувийг эзэлж байгаа юм. Гэтэл ОХУ-д 28 хувь байгаа бол бидний урд хөрш болох БНХАУ-ын аж үйлдвэрийн салбарын нийт экспортын 40 хувийг үнэ цэн, технологи шингэсэн бүтээгдэхүүн эзэлж байна. Тэр ч бүү хэл бидэнтэй хамгийн ижил төстэй гэгддэг Казахстан улсын экспортод гаргаж байгаа бараа, бүтээгдэхүүний 6.8 хувь нь технологийн агууламж бүхий үнэ цэнэ шингэсэн бүтээгдэхүүн байгаа нь биднээс давуу үзүүлэлт юм. Энэ бүхнээс харахад боловсруулах чиглэлийн экспортлогч компаниуд цаашид технологийн өндөр болон дундаж агууламж бүхий үнэ цэнэ шингэсэн үйлдвэрлэл рүү чиглэх зайлшгүй шаардлага тулгараад байна. Дэлхийн аж үйлдвэрийн салбарыг өрсөлдөх чадвараараа эдүгээ Япон, ХБНГУ зэрэг дэлхийн өндөр хөгжилтэй орнууд тэргүүлж байна. Тэгвэл Монгол Улсын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж, үйлдвэрлэлийг нэгдсэн, цогц бодлогоор дэмжихийн тулд “Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого”, “Үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль”-ийг УИХ баталсан. Гагцхүү дээрх бодлого, хуулийн хэрэгжилтийг хангахын тулд төр, хувийн хэвшлийн нягт уялдаа холбоо, харилцан ойлголцолд тулгуурласан хамтын ажиллагаа чухал. Тиймээс ч энэ удаагийн зөвлөлдөх уулзалтад экспортлогч тэр дундаа боловсруулах чиглэлийн экспортлогчдыг урьж, оролцуулсан. Өнөөдрийн байдлаар манай улсад боловсруулах чиглэлээр үйлдвэрлэл эрхэлдэг 94 аж ахуй нэгж бий. Нийт 94 аж ахуй нэгж өнгөрсөн 2014 оны байдлаар 212 сая ам.долларын экспорт хийжээ. Энэ нь нийт экспортын 3.6 хувийг эзэлж байгаа тоон үзүүлэлт юм. Тэр дундаа ноолуур, оёмол бүтээгдэхүүн, арьс, ширний салбарынхан дунд буюу нам технологийн боловсруулалт хийж, түүнийгээ экспортод гаргаж байна. Өөрөөр хэлбэл, бидний хагас болон бүрэн боловсруулан экспортолж буй нэг ширхэг үхрийн ширээр 4-5 ширхэг гутал үйлдвэрлэх боломжтой. Үүнийг л бид үнэ цэнэ шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл хэмээж буй.
Б.Энх-Оюун: Үйлдвэрлэлийг дэмжих хуулиар экспортлогчдыг дэмжиж байгаа нь сайшаалтай
/“SRB” компанийн захирал/
-Үйлдвэрлэгч бидний хувьд ажиглалтын байдалтай байна. Бизнесээ хийдгээрээ хийгээд, ажлаа хийгээд байж байгаа. Төрийн шийдвэр, бодлогууд цаг үеэ олсон ажил болж байгаа. Гагцхүү төрийн бодлого хэр тогтвортой хэрэгжих вэ, хэр урт настай шийдвэр юм бэ гэдгийг үйлдвэрлэгчид бид ажиглаж байна. Аж үйлдвэрийн яамны зүгээс аливаа ажлыг эхлүүлэхийн өмнө бидний санал, бодлыг сонсч, тусгаж байгаа нь сайн хэрэг. Манайх арьсан бүтээгдэхүүн үйлдвэрлэж Тайвань, БНСУ, Япон зэрэг орон руу 2012 оноос хойш гурав дахь жилдээ экспорт хийж байгаа. Цүнх болон жижиг эдлэл түлхүү экспортолж байна. Үйлдвэрлэлийг дэмжих хуулиар экспортлогчдыг түлхүү дэмжих юм байна гэж ойлгож байгаа. Ялангуяа судалгаа, шинжилгээний ажилд зарцуулсан зардлын тодорхой хувийг эргүүлж олгох болсонд таатай байна.
Т.Баярсайхан: Хөх хотод зохиогдох экспо үйлдвэрлэгчдэд маш том боломжийг олгоно
/ “Монголын арьс, ширний үйлдвэрлэлийн холбоо”-ы тэргүүн/
-“Италид үйлдвэрлэв” гэдэг шошго өөрөө брэнд байхгүй юу. Бид яг үүн шиг “Монголд үйлдвэрлэв” гэдэг шошгыг брэнд болгох ёстой. Үүний тулд хамгийн эхлээд худалдан авагчдын сэтгэхүйг өөрчлөхөөс эхлэх хэрэгтэй. Монголчууд өөрсдөө монголд үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүнээ ойшоохгүй байна. Монголд үйлдвэрлэсэн гутал, хувцасны загвар, хийц нь муу гэж голж, шилдэг. Гэтэл ӨМӨЗО-ы хэрэглэгчид ар монголд үйлдвэрлэсэн гутал чанартай гээд худалдаж авч байна шүү дээ. Өнөөдөр дэлхийн гутлын хэрэгцээний 50 хувийг БНХАУ дангаараа үйлдвэрлэж байна. Гэтэл дэргэд нь аж төрж байгаа Өвөрмонголчууд яагаад тэр том зах зээлээс сонголтоо хийхгүй байгаа юм бэ. Тэгэхээр үндэсний үйлдвэрлэлд төрийн дэмжлэгээс гадна иргэдийн дэмжлэг, худалдан авалт хамгийн чухал. Монголын бүтээгдэхүүн гэдэг бол Монгол хүний оюун ухаан, хүч хөдөлмөр шингэснээс гадна “эко”, “органик” гэдэг тодотгол хэзээд дагалдана гэдгийг өөрсдөө ойлгох хэрэгтэй. Ирэх сард ӨМӨЗО-ы Хөх хотод зохиогдох “Монгол-Хятадын үйлдвэрлэгчдийн хамтарсан экспо” бол бидний хувьд маш том боломж, зах зээл байх болно.
Г.Энхбат: Мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэхэд анхаарал хандуулах хэрэгтэй
/“Ноос ирээдүй” компанийн захирал/
-Аж үйлдвэрийн яамны зүгээс хийж байгаа ажлууд зөв, зүйтэй цагаа олсон ажил болж байна. Энэ салбар цаашид тогтвортой хөгжих үндэс болсон бодлогоо тодорхойлж, үйлдвэрлэлийг дэмжих хуультай боллоо. Үйлдвэрлэгчид өмнө нь мэргэжлийн холбоодоороо дамжуулан төрд ханддаг байсан бол өнөөдөр хариуцах эзэнтэй, хандах газартай болсондоо маш их баяртай байгаа. Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуультай танилцсан. Үйлдвэрлэлийг яаж дэмжих гэж байгаа талаар тодорхой ойлголттой болсон. Харин манай салбарын хувьд мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх тал дээр бусад яамдтай бодлогоор хамтарч ажиллах хэрэгтэй. Тэгэхгүй бол үйлдвэрлэлийг чадварлаг инженер, техникийн ажилчид, мэргэжилтэй боловсон хүчин авч явна. Нөгөөтэйгүүр, шинжлэх ухаан, өндөр технологид суурилсан бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг төр бодлогоор дэмжиж байна.
/“Ханбогд кашмер” ХХК-ийн гүйцэтгэх захирал/
-Манай компани бүтээгдэхүүнээ 100 хувь экспортод гаргадаг бөгөөд жилдээ 60 орчим сая ам.долларын борлуулалт хийж байна. Төр бодлогоор үйлдвэрлэгчдээ дэмжиж байна, энэ нь бидэнд мэдэгдэхүйц нөлөөлж байгааг хэлмээр байна. Харин үйлдвэрлэгчидтэй хамгийн ойр ажилладаг төрийн хяналтын байгууллагууд болох ГЕГ, МХЕГ-тай уялдаа, холбоотой ажиллах хэрэгтэй. Үйлдвэрлэлийг дэмжих хуультай боллоо, төрийн бодлого тодорхой болчихлоо. Үйлдвэрлэгч бидэнд итгэл, үнэмшил байна. Сайн ажиллах урам, зориг өгч байгаа. Гэхдээ бид экспортыг нэмэгдүүлэхийн тулд дотоодынхоо экспортын дэд бүтцийг сайжруулах хэрэгтэй. Яам байгуулснаас хойш хийгдэж байгаа ажлуудад үйлдвэрлэгчид сэтгэл хангалуун байгаа. Гагцхүү төрийн байгууллагуудын уялдаа холбоо сайжраад, шийдвэрүүд хэрэгжээд явбал бид үйлдвэрлэлээ явуулаад, экспортоо нэмэгдүүлж чадна.
О.Мөнхцацрал: Бидний шийдэх гэж цаг хугацаа алдсан асуудлыг төр дэмжих нь
/ “Эрдэнэт хивс” компанийн захирал/
-Бидний хувьд дэлхийн стандартад нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь чухал. Ингэж байж бид экспортын хэмжээгээ нэмэгдүүлнэ. Дэлхийн стандартад нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн тулд технологийн шинэчлэл, чадварлаг инженер техникийн ажилчид хэрэгтэй. Бидний шийдэх гэж хугацаа алдаад байдаг энэ асуудлыг төрийн бодлогооор дэмжиж байгаад маш их баяртай байна. Төр нэгдсэн бодлогоор дэмжиж байхад үйлдвэрлэгчид бидний хийх ажил үлдлээ гэж ойлгож байгаа. Мөн чадварлаг инженер техникийн ажилчдыг бэлтгэхэд Аж үйлдвэрийн яам бодлогоор дэмжих хэрэгтэй.
М.Сосордулам: Уялдаатай ажиллах нь чухал
/”Үлэмж камер” компанийн захирал/
-Аж үйлдвэрийн яам байгуулагдсанаас хойш хийж, хэрэгжүүлж байгаа шийдвэрүүд үйлдвэрлэгчид бидний хувьд маш том дэмжлэг болж байна. Гэхдээ бидний хувьд нэг болгоомжлол байгаа нь төрийн шийдвэр, бодлого хэр тогтвортой хэрэгжих вэ гэдэг асуудал юм. Одоо энэ гарсан шийдвэр, тогтоолууд цаашдаа тогтвортой хэрэгжих юм бол бидний хувьд маш том дэмжлэг болно. Манай компанийн хувьд ноолуур угааж, самнаж экспортод гаргадаг. Өнөөдөр экспортын хэмжээг нэмэгдүүлэх, үйлдвэрлэлийг дэмжих талаар ярилаа. Төр үндсэн гурван төрлийн дэмжлэг үзүүлнэ гэж ойлгож байгаа. Хамгийн гол нь уялдаатай ажиллах