Нийгэм | 3 мин уншина

Эзэн Чингис хааны төрсөн өдөр энэ сарын 12-нд тохионо

Эзэн Чингис хааны төрсөн өдөр энэ сарын 12-нд тохионо
Нийтэлсэн 2015 оны 11 сарын 3
Монгол Улсын Ерөнхийлөгч 2010 онд ажлын хэсэг гаргаж судлаач эрдэмтэдээр Эзэн богд Чингис хааны мэндэлсэн он, сар, өдөр, төрсөн газрыг албан ёсны болгож баталгаажуулсан.Тус ажлын хэсэгт академич Ш.Бира, Д.Цэрэнсодном, доктор С.Чулуун, Д.Базаргүр нарын есөн эрдэмтэн орж ажиллаад, Чингис хаан билгийн тооллын гуравдугаар жарны усан морин жил буюу 1162 оны өвлийн тэргүүн сарын шинийн нэгэнд Хэнтий аймгийн Дадал сумын нутагт Онон, Балж хоёр голын боомын ойролцоо Дэлүүн болдогт төрсөн хэмээсэн. УИХ-ын 2012 оны намрын чуулганаар өвлийн тэргүүн сарын шинийн 1-нийг эзэн Чингис хааны төрсөн өдөр буюу “Монгол бахархлын өдөр” болгож, бүх нийтийн амралтын өдөр байхаар хуульчилсан. Мөн Чингис хааны одонг долдугаар сарын 11-нд олгодог байсныг “Монгол бахархлын өдөр” гардуулж байхаар болсон билээ. Чингис хааны мэндэлсэн өдөр буюу өвлийн тэргүүн сарын шинийн 1 жил бүр өөр өөр өдөр тохиодог. Тодруулбал, 2012 онд арваннэгдүгээр сарын 14-нд тохиож байсан бол 2013 онд арваннэгдүгээр сарын 4-нд, 2014 онд арваннэгдүгээр сарын 23-нд тохиож байжээ. Харин энэ жил Эзэн Чингис хааны төрсөн өдөр арваннэгдүгээр сарын 12-ны пүрэв гаригт болно. Үүнээс өмнө буюу 1962 онд Эзэн Чингис хааны мэндэлсний 800 жилийн ой, 2002 онд 840 ойг тэмдэглэн өнгөрүүлэхдээ зуны дунд сарын 16-нд төрсөн хэмээн тэмдэглэж иржээ.
Чингис хаан яг хэзээ төрсөн талаар эртний найман эх сурвалжийн тавд өвлийн эхэн сарын шинийн 1 гэж, мөн хоёр эх сурвалжид зуны дунд сарын улаан тэргэл өдөр буюу 16 гэж бичсэн байдаг ажээ. Энэ талаар МУИС-ын Нийгмийн шинжлэх ухааны Түүхийн тэнхимийн эрхлэгч П.Дэлгэржаргал “Чингис хааны төрсөн өдрийг “Луу Алтан товч”-д анх тэмдэглэсэн байдаг бөгөөд түүнээс гадна дөрвөн эх сурвалжид тэмдэглэсэн байдаг. Үүнд зуны дунд сарын улаан тэргэл өдөр буюу 16-нд Чингис хаан мэндэлсэн гэж тэмдэглсэн. “Хөх түүх”, “Сувд эрх” гэх мэт эх сурвалжуудад Чингис хааныг өвлийн тэргүүн сарын шинийн 1-нд мэндэлсэн гэж тэмдэглсэн байдаг. Энэ хоёрын алинийг нь баримтлах вэ гэдэг дээр судлаачид маргаантай байдаг. Ерөнхийлөгчийн санаачилсан комисст орсон судлаачид Чингис хааныг өвлийн тэргүүн сарын шинийн 1-нд төрсөн хэмээн үзэж 2012 оноос эхлэн бүх нийтээрээ тэмдэглэдэг болсон” гэв.
Ардын багш, доктор профессор Ш.Чоймаа “Чингис хааныг өвлийн тэргүүн сард төрснийг батлах хэд хэдэн баримт бий. Нэгдүгээрт, “Монголын нууц товчоо”-нд Чингис хааны төрсөн он сар өдрийг тэмдэглээгүй ч татар иргэдийг дайлаар мордох үед төрсөн гэж бичсэн. Монголчууд агт таргалсан, нум хатуурсан үед гадагшаа дайн хийдэг байсан. Энэ бол яах аргагүй намрын сүүл, өвлийн тэргүүн сар байх ёстой. Хоёрдугаарт, “Луу Алтан товч”-оос эхлээд зуны тэргүүн сарын 16-ны улаан тэргэл өдөр төрсөн гэж тэмдэглсэн байдаг. “Луу Алтан тавч”-ийг “Монголын нууц тоцчоо”-той харьцуулаад судлахад Чингис хаан гэсэн үгийн дунд энэ өгүүлбэрийг шууд нэмээд оруулчихсан нь тодорхой байдаг. “Луу Алтан товч-ийг” даган нэг хэсэг сурвалжууд явсан. Гэвч энэ олон түүхэн сурвалжуудаас “Болор толь” “Сувд эрх”, “Хөх түүх” гэсэн гурван сурвалжид өвлийн тэргүүн сарын шинийн 1-нд Чингис хаан төрсөн гэж тов тодорхой тэмдэглэсэн байдаг. Гуравдугаарт, Чингис хааны эзэн хорооны жилийн дөрвөн тайллага буюу хүй цөгөлсөн баярыг аравдугаар сарын 3-нд хийдэг байсан. Аравдугаар сар гэдэг бол Монголоор өвлийн тэргүүн сар гэсэн үг. Дөрөвдүгээрт, одоо болтол өвлийн тэргүүн сарын шинийн 3-нд Ордосд хүү төрөөд гурав хоноод хүй нь цөглөхөөр угаалга хийдэг баяр  тэмдэглэж байгаа. Үүнийг “Цагаан түүх”-д өвлийн дунд сарын шинийн 3-нд тэмдэглэдэг гэж бичсэн байдаг гэв.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн