Open iToim app
Дэлхий | 2 мин уншина

Эдийн засаг 2.3 хувиар өсч, долоон жилийн хамгийн доод хэмжээнд хүрчээ

Эдийн засаг 2.3 хувиар өсч, долоон жилийн хамгийн доод хэмжээнд хүрчээ
Нийтэлсэн 2016 оны 2 сарын 17
Монгол Улсын ДНБ-ий өсөлт 2015 онд 2.3 хувиар өссөн тухай Үндэсний статистикийн хорооноос өчигдөр мэдэгджээ. Энэ нь 2009 оны дэлхийн эдийн засгийн хямралаас хойшхи хамгийн бага өсөлттэй жил болж байгаа юм. Энэ тухай "Ройтерс", "Блүүмберг" агентлагууд мэдээлжээ.
Дэлхийн зах зээлд түүхий эдийн үнийн огцом уналт үргэлжилж байгаа энэ үед хөрөнгө оруулалтын урсгал буурч эхлээд байгаа юм. Манай улсын шилдэг худалдааны түнш болох хоёр хөршийн эдийн засгийн өсөлт удааширсан нь мөн ДНБ-ий өсөлтөд нөлөөлжээ. Монголын ДНБ-ий өсөлт 2011 онд 17.5 хувьтай буюу хамгийн өндөр өсөлттэй байсан ч 2012 онд 12.3 хувь болж эрс буурч, үүнээс хойш буурсан үзүүлэлттэй байгаа билээ.
Монгол Улс 2015 оны эцсээр 3.68 тэрбум ам.долларын ашигт малтмалын бүтээгдэхүүн экспортолсон нь жилийн эхэнд 4.79 тэрбум ам.доллар байсантай харьцуулахад 23 хувиар буурсан үзүүлэлт юм. Ашигт малтмалын бүтээгдэхүүн Монгол Улсын нийт экспортын 79 хувийг эзэлж байгаа юм. Тэр дундаа экспортын орлогын ихэнх хувийг бүрдүүлдэг нүүрсний экспорт жилийн эхэнд 849 сая ам.доллар байсан нь жилийн эцсээр 555.9 сая ам.доллар болж буурчээ. Харин зэсийн экспортын орлого 2.57 тэрбум ам.доллар байсан нь 2.28 тэрбум ам.доллар болж буурсан байна. Гадаадын шууд хөрөнгө оруулалт 381.9 сая ам.доллар байсан нь 232 сая ам.доллар болж, 39 хувиар буурчээ. Монгол Улсын гадаадын шууд хөрөнгө оруулалт 2012 онд 4.45 тэрбум ам.долларт хүрсэн ч хөрөнгө оруулагчидтай маргаантай байсан нь үүнд сөргөөр нөлөөлж, хөрөнгө оруулалтын урсгалыг бууруулсан юм.
Үндэсний статистикийн хорооноос гаргасан энэ дүн Дэлхийн банк, Азийн хөгжлийн банкнаас гаргасан өсөлтийн таамагтай нийцэж байгаа аж. Харин Олон улсын валютын сан Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг харьцангуй өөдрөг буюу 4.4 хувь байна хэмээн таамаглаж байжээ. Дэлхийн банк Монгол Улсын эдийн засгийн хэтийн төлвийн тайландаа 2015 онд 2.3 хувийн өсөлттэй гарна хэмээн таамаглаж байсан бөгөөд 2016 онд өмнөх оныхоос 0.8 хувиар өсч, 2017 онд гурван хувийн өсөлттэй байна хэмээн таамагласан байгаа юм.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн