МАН-ын дарга М.Энхболд өнгөрсөн амралтын өдөр намынхаа Бага хурлын III хуралдаанд өнөөгийн улс төр, нийгэм эдийн засгийн байдал үнэлэлт, дүгнэлт өгсөн илтгэлийг тавьсан юм. Түүний илтгэлээс өнөөгийн болон ирэх онд эдийн засгийн голлох үзүүлэлт, ерөнхий хандлага ямар байх талаар тавьсан хэсгийг нь тоймлон хүргэж байна.
Манай улсын эдийн засаг, нийгмийн байдал туйлын хүнд байна. 2011 онд 17.5 хувьд хүрч байсан эдийн засгийн өсөлт сүүлийн гурван жил дараалан буурч энэ оны хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр 2.5 хувь, 2016 онд олон улсын банк, санхүүгийн байгууллагуудын таамаглалаар 0.6-0.8 хувь болж огцом буурах төлөвтэй байна. Эдийн засгийн бүтэцтэй уялдаагүй, тооцоо судалгаагүй зарцуулсан их хөрөнгө мөнгө улс орны эдийн засгийг тэтгэх бус, харин ч хямралт байдалд оруулж буйг харж байна. Аж үйлдвэр, хөдөө аж ахуй зэрэг бодит салбарын үйлдвэрлэл өмнөх оны мөн үеэс ихээхэн буурчээ.
Нэгд, 2011 онд 4.6 тэрбум ам.долларт хүрээд байсан гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ энэ оны 3 дугаар улирлын байдлаар 10.1 сая ам.доллар болж 460 дахин буураад байгаа нь гаднынхөрөнгө оруулагчдын манай улсад итгэх итгэл хэрхэн алдагдсаныг харуулж байна. Хоёрт, Монгол Улсад өрийн хямрал нүүрлээд байна. Энэ оны хагас жилийн байдлаар манай улсын гадаад өр 21.7 тэрбум ам.доллар буюу 42.7 их наяд төгрөг, нэг хүнд ногдох Засгийн газрын гадаад, дотоод өр 5.9 сая төгрөгт хүрээд байна. Олон улсын судалгааны байгууллагын дүгнэлтээр дэлхийн 108 орны гадаад өрийг ДНБ-д нь харьцуулан жагсаахад манай улс Исланд улсын ард буюу хоёрдугаарт, харин өрийн хямралд орсноо зарласан Грек улс гуравдугаарт эрэмбэлэгдсэн байна.
Манай улс 2011 онд зээлийн үйлчилгээний төлбөрт 37.2 тэрбум төгрөг төлж байсан бол ирэх онд 950 орчим тэрбум төгрөг төлөхөөр байгаа нь 26 дахин өссөн үзүүлэлт юм. Сүүлийн гурван жил дараалан төсвийн орлого 1 их наяд орчим төгрөгөөр тасарч, төсвийн зарлага, алдагдлыг нэмэгдүүлж ирснээр Засгийн газрын дотоод өр 3.8 их наяд төгрөгт хүрээд байна.
Банк санхүүгийн салбарын эрсдэлтэй байдал улам бүр нэмэгдэж, энэ оны 10 сарын байдлаар банкны системийн хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээл 2012 оны мөн үетэй харьцуулахад 3-7.8 дахин өссөн дүнтэй байна. Банкны зээл цөөн хэдэн салбарт төвлөрч, уул уурхай, барилгын салбарын зээлийн эргэн төлөлт муу байгаагийн дээр зээл олгох боломж хумигдаж байна.
Эдийн засгийн нөхцөл байдал хүндэрснээр олон аж ахуйн нэгжүүд үүд хаалгаа барьж, иргэдийн худалдан авах чадвар эрс муудаж, дотоодын эрэлт буурч байна. Энэ оны эхний 10 сарын байдлаар манай улсын экспорт, импорт өмнөх оны мөн үеэс 15-30 хувиар буурч гадаад худалдааны бараа эргэлт хоёр тэрбум ам.доллараар хумигдсан байна.
Статистикийн мэдээгээр манай улсын нийт өрхийн 40 гаруй хувь нь бага орлоготой, цалингаас цалин, зээлээс зээлийн хооронд амьдарч байна. Сард хоёр сая төгрөгөөс дээш орлоготой өрх нийт өрхийн 6.9 хувь, таван саяас дээш орлоготой өрх нийт өрхийн 0.3 хувийг эзэлж байна. Энэ онд жижиг бизнесийн өрхийн амьжиргаанд оруулах хувь нэмэр өмнөх онтой харьцуулбал 60 хувиар буураад байна.
Өнөөгийн нийгэмд нүүрлээд байгаа тэгш бус байдал, ядуурлыг бууруулах, ард иргэдийнхээ оролцоо, тэдний ирээдүйдээ итгэх итгэлийг нэмэгдүүлэх, нийгмийн сайн сайхан байдлыг хангахын тулд өргөн хүрээтэй, бүх оролцогч талууд хуваалцах "нийгмийн гэрээ"-г боловсруулан хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзэж байна.
Цаашлаад монгол хүний хөгжилд чухал хувь нэмэр оруулах эрүүл мэнд, боловсролын салбарын хөрөнгө оруулалт, санхүүжилт ч туйлын хангалтгүй байна. Манай улс жилд дунджаар ДНБ-ий 2.9 хувийг эрүүл мэндийн салбарын санхүүжилтэд, харин 5.9 хувийг боловсролын салбарын санхүүжилтэд зарцуулж байна. Дэлхийн улс орнууд дунджаар ДНБ-ийхээ 9 орчим хувийг эрүүл мэндийн салбарт зарцуулж байгаатай харьцуулбал энэ нь даруй гурав дахин бага үзүүлэлт юм. Боловсролын салбарт зарцуулж буй зардал эрүүл мэндийн салбарынхаас өндөр байгаа ч шинжлэх ухаан, судалгааны ажлын санхүүжилт маш доогуур байна. Иймээс эрүүл мэнд болон боловсролын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх зорилгоор эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг ДНБ-ий 6 хувьд, харин шинжлэх ухаан, судалгааны ажлын санхүүжилтийг ДНБ-ий 2 хувьд хүргэх шаардлагатай байна.
Тогтвортой хөгжлийн бодлогод тулгуурласан, урт хугацааны хөгжлийн үзэл баримтлалыг баталж, хөгжлийн үнэт зүйлс болсон хүнээ эрхэмлэн дээдлэх, монгол хүний бахархлыг бий болгох, иргэний улс төр, эдийн засгийн үйл ажиллагаанд оролцох оролцоо, боломжийг нэмэгдүүлэх, иргэн бүрт тэгш боломж олгосон, шударга нийгэм бүтээхийн зүтгэх болно.