Улсын Дээд шүүхийн эрүүгийн хэргийн танхимын шүүгчид, Эрүүгийн хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчид, Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчид өчигдөр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны жишиг танхимтай танилцлаа.
Шүүх хуралдааны жишиг танхимын нийт талбайн гуравны нэг нь шүүхээс үйлчилгээ авч байгаа иргэдэд зориулагдсан. Иргэд шүүх хуралдааныг ажиглах, хянах боломж бүрдсэнээрээ онцлог. Мөн шүүгч, өмгөөлөгч, прокурор болон хуралдааныг ажиглах иргэд тус, тусдаа хаалгаар орж гарах, танхим цонхгүй гэх зэргээр олон улсын стандартад нийцсэн, шүүх хуралдааны үед нарийн бичгийн даргын тэмдэглэлийг дэлгэцээр харах боломжтой, агааржуулалтын сүүлийн үеийн тоноглолтой гэх зэрэг давуу талтайг шүүгчдэд танилцуулсан юм.
Энэ үеэр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Даваасүрэн “Манай шүүх хурлын загвар заалыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн санаачилгаар хийж өгсөн. Доод талын нэгдүгээр давхраас авахуулаад хоёрдугаар давхар хүртэлх бүх хэсгийг нь засч сайжруулсан 240 сая төгрөгийн төсөл боллоо. Энэ танхимаас цахимаар 21 аймаг дахь шүүхүүдтэй холбогдож болно. ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр ангид хоригдож байгаа таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан хүмүүсийг шүүх хуралдаанд цахимаар оролцуулах хамгийн дөт боломж гарч байна. Тэнд байгаа хүмүүс яллах, өмгөөлөх талуудын ярьж байгааг сонсч, орон зай харгалзахгүй шүүх хуралдаа оролцох боломжтой болж байна. Нэг ёсондоо хүний эрхийг хангах, хамгаалах тал дээр том ахиц гарлаа гэж үзэж байна.
Хоёрдугаарт, гурван шүүгчийн ширээ, яллах, өмгөөлөх талуудын ширээн дээр дэлгэцүүд хийлээ. Тэмдэглэл хөтөлж байгаа шүүх хуралдааны нарийн бичгийн даргын бичсэн тэмдэглэл эдгээр дэлгэцэн дээр шууд харагдана. Шүүх хуралдааны тэмдэглэл гэдэг чинь шүүх хуралдааны толь шүү дээ. Ямар асуудал яригдав, яаж нотлогдов, хэн нь ямар байдлаар нотлох баримтыг шинжлэв гэдэг нь тэр чигээрээ толь шиг харагдаж байх ёстой. Тийм учраас оролцогчид хараад суух боломжтой болсон давуу талтай.
Түүнчлэн шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хангах шүүхийн шинэтгэлийн хүрээнд хийж байгаа нэг ажил бол энэ шүүх хурлын жишиг заал юм. Шилээр тусгаарлагдсан хананы цаагуур шүүх бүрэлдэхүүн орж ирээд суудалдаа сууна. Нэг хаалгаар нь яллах, өмгөөлөх талын оролцогч нар орж ирээд сууна. Нөгөө хаалгаар нь шүүх хурлыг сонирхохоор ирсэн иргэд, судлаачид, шүүгдэгчийн ар гэрийнхэн орж ирээд сууна. Хувь хүний болон төрийн, байгууллагын нууцтай холбоотой хаалттай шүүх хуралдаанаас бусад тохиолдолд шүүх хурал нээлттэй байдлаар явагддаг. Шүүх хуралдааны танхим олон хүн багтаах боломжтой том болсон учир урдынх шиг багтахгүй гээд оруулахгүй байна гэсэн асуудал гарахгүй.
Олон улсын жишигт хамгийн ойртож очсон шүүх хуралдааны заал бол манайх. Сая бусад шүүхийн Ерөнхий шүүгч нар ирж танилцлаа. Нэгэнт шүүх хүний эрхийг хамгаалах зорилготой институц учраас бусад шүүх ч гэсэн жишиг заалтай болох хэрэгтэй гэж ярилцлаа” гэсэн юм.
Шүүх хуралдааны жишиг танхимд "Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтад анхаарах асуудал” сэдэвт уулзалт болов. Уг арга хэмжээнд шүүгчдээс гадна Улсын Ерөнхий прокурорын орлогч, төрийн хууль цаазын шадар зөвлөх Б.Амгаланбаатар, Цагдаагийн ерөнхий газрын дарга, тэргүүн комиссар Ө.Энхтөр нарын албаны хүмүүс оролцлоо. Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Батцэрэн "Өнгөрсөн онд шүүхээр шийдэгдсэн хэргийн 7.2 хувь нь нэмэлт мөрдөн байцаалтад буцсан нь мөрдөн байцаалтын чанарыг илэрхийлж байгаа” талаар мэдээлэлдээ дурьдлаа. Шүүхээр хэрэг мөрдөн байцаалтад буцаж байгаа нь нотлох баримтыг дутуу шалгасан, шинжээчийн зөрүүтэй дүгнэлт гаргасан, мөрдөн байцаалт нэг талыг барьсан зэрэг шалтгаантайг мөн тэрбээр онцолсон юм.
Харин Улсын Ерөнхий прокурорын орлогч, төрийн хууль цаазын шадар зөвлөх Б.Амгаланбаатар "Шүүхэд хэрэг нэмэлт мөрдөн байцаалтад буцахад прокурорын алдаа гэж үздэг байсан. Нотлох баримт бүрдээгүй гэх шалтгаанаар прокурорууд хяналт тавьсан ихэнх хэргээ хэрэгсэхгүй болгочихдог тал байсан. Тиймээс одоо энэ байдлыг халж хэрэг нэмэлт мөрдөн байцаалтад буцах нь прокурорын алдаатай холбоогүй гэж үзэж байгаа. Тэгснээр шалгасан эрүүгийн хэрэг бүрийг шүүхэд шилжүүлэх боломж бүрдэнэ” гэж тайлбарласан юм.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 68 дугаар зүйлд заасан цагдан хорих зөвшөөрөл олгох, гүйцэтгэх ажлын арга хэрэгсэл ашиглаж авсан баримт сэлтийг нотлох баримтын хэмжээнд үнэлэх, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоход тулгарч байгаа асуудлын талаар мөн хөндөж ярилцлаа. "Баасан гаригийн баривчилгаа” буюу 72 цагийн баривчилгаа оноохдоо хугацаа хэрхэн тооцох, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахдаа хууль, олон улсын гэрээ конвенц, Улсын Дээд шүүхийн тогтоолыг барьж ажиллахыг сануулсан. Хүнийг хууль бусаар цагдан хорьсон гэх асуудал гарвал цагдаа, прокурор биш шийдвэр гаргасан шүүгч хариуцлага хүлээхийг санууллаа. Гүйцэтгэх ажиллагааны баримт сэлтийг нотлох баримт биш, нотлох баримтын эх сурвалж болгох учраас шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүйг тайлбарласан.
Эцэст нь Эрүүгийн хуулийн 192-196 дугаар зүйлд заасан гэмт хэргийн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтад анхаарах асуудалд анхаарал хандуулав. Хар тамхи, мансууруулах бодистой холбоотой хэрэгт байцаалтаар нотлох баримт бүрдүүлдэг. Уг хэрэгт байцаагдаж байгаа хүмүүс ихэнхдээ худал мэдүүлэг өгдөг, түүнийг нотлох баримтын хэмжээнд үнэлэх нь учир дутагдалтайг мөн сануулсан. Мөн хууль хэрэглээний асуудал буюу борлуулах зорилгоор мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл олж авсан гэх заалтыг хэрхэн ойлгох, хэрэг тусгаарлахдаа анхаарах зэрэг асуудлыг хөндсөн юм.
Улсын Ерөнхий прокурорын орлогч, төрийн хууль цаазын шадар зөвлөх Б.Амгаланбаатар дээрх асуудлуудад анхаарч ажиллахаа хэллээ. Прокурорын байгууллагаас шүүхэд шилжүүлж байгаа хэргийн тоо жил бүр буурч байгаа, өнгөрсөн онд хяналт тавьсан хэргийн 14.4 хувь нь шүүхэд шилжсэн тоон мэдээллийг тэрбээр танилцуулсан. Эзэнгүй хэргийн тоо өссөн, Өршөөл үзүүлэх тухай хууль үйлчилсэн, прокурорын байгууллагын ажил үүрэгтэй холбоотой гэх зэрэг шалтгаанаар хяналт тавьсан хэргийн цөөн хувь нь шүүхэд шилжсэн гэдгийг тэрбээр тайлбарласан юм. Цаашид хяналт тавьсан эрүүгийн хэрэг бүрийг шүүхэд шилжүүлэх бодлого барьж байгаагаа мөн ярилаа.
Цагдаагийн ерөнхий газрын дарга, тэргүүн комиссар Ө.Энхтөр мансууруулах бодистой холбоотой хэрэг жил бүр 30 хувиар нэмэгдэж, дунд сургуулийн хүүхдүүдийн түвшинд тархаж байгааг тодотгоод энэ төрлийн гэмт хэргийг мэдээлэл, өргөдөл, гүйцэтгэх ажиллагаагаар бус гагцхүү бүлэглэл рүү нэвтрэх байдлаар илрүүлж байгааг онцоллоо. Тиймээс энэ төрлийн гэмт хэргийн эх сурвалжуудад холбогдох хэргийг тусгаарлах шаардлага бас гарч байгаа юм байна.
Мөн хулгайн гэмт хэрэг ихэсч, Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.4-т зааснаар яллагдсан хүмүүс шүүхийн шатанд өөр нэг хэрэг ярьж, хэргээ нэмэлт мөрдөн байцаалтад буцаалгадаг аргатай болсныг сануулсан. Үүнээс үүдэж "Дархлагдсан хулгайч” бий болчихоод байгаад анхаарал хандуулахыг хүссэн. Мөн албан тушаалын болон бүлэг холбогдогчидтой хэрэгт өмгөөлөл үзүүлж байгаа өмгөөлөгчид үйлчлүүлэгчдийнхээ дунд захидал зөөх, мэдүүлэгт нөлөөлөх зэргээр мөрдөн байцаалтад саад учруулж байгааг анхаарууллаа.