Open iToim app
Анализ | 6 мин уншина

Шүүхийн шинэтгэл шүүгчийн наснаас эхлэх учиртай

Шүүхийн шинэтгэл шүүгчийн наснаас эхлэх учиртай
Нийтэлсэн 2015 оны 4 сарын 6
Хэрвээ Үндсэн хуулиа өөрчилье, өөрчлөхдөө улсын язгуур эрх ашгийг хохироогүй байя л гэж байгаа бол эхлээд иргэнийхээ эрх, эрх чөлөө, эрх ашгийг л хамгийн дээгүүрт эрэмбэлж харах ёстой. Иргэнээ нийгмийн үнэт зүйл гэж үздэг нь үнэн л юм бол эдийн засгийн үр өгөөж, ашиг сонирхол, улс төрийн хонжоо олох байлаа ч монгол хүний эрх ашиг хамгийн дээгүүрт залрах учиртай. Хэрвээ тэгнэ гэж үзвэл Үндсэн хуулийн өөрчлөлтийг шүүгчийн насыг өөрчлөхөөс эхлэх учиртай. Өнөөдөр хууль зүйн дээд боловсролтой, гурваас доошгүй жил мэргэжлээрээ ажилласан Монголын Улсын 25 нас хүрсэн иргэнийг анхан болон давж заалдах шатны шүүхэд томилж болно. Хууль зүйн дээд боловсролтой, мэргэжлээрээ 10-аас доогүй жил ажилласан 35 нас хүрсэн иргэнийг Дээд шүүхийн шүүгчээр томилж байгаа.
Хатуухан хэлэхэд, 25 нас бол хүний тогоо рүү өнгийж, халаасны өрөө дамжиж явдаг нас. Эцэг, эхээс хөрөнгө өвлөж аваагүй бол олонхи 25 насныхан өнөөдөр өөрийн байргүй, машингүй, гэр бүлгүй л яваа. Эдийн засгийн эрх чөлөөнд хүрээгүй, амьдрал нь жигдрэх яагаа ч үгүй ийм нас. Гэрээ засаад төрөө зас гэдэг дээ. Гэрээ засаагүй хүн өнөөдөр “Монгол Улсын нэрийн өмнөөс” гээд хүний хувь заяаг дэнслэх шийдвэр гаргаж байгаа. Бусдын тогоо руу өнгийх бусдын хувь заяаг шийднэ гэдэг амаргүй. Ийм хүнээс шударга ажиллахыг шаардах, төрийн шударга шийдвэр хүлээхэд хэцүү. Их, дээд сургуулийн ширээнээс холдоод удаагүй, гурван жил шүүгч, өмгөөлөгч, прокурорын туслах эсвэл судалгааны ажил хийгээд шүүгч болсон 25-хан настай хуульчид би лав итгэхгүй. Шинэ хуульч, шинэхэн шүүгчээр ажил, амьдрал, эд хөрөнгө, хувь заяаны асуудлаа шийдүүлнэ гэхэд эргэлзээ төрнө. Амьдралаа дөнгөж зохиосон, эсвэл зохиож яваа хүн бусдын амьдралыг шийдэхэд мэдлэг биш юмаа гэхэд амьдралын ухаан дутаж магадгүй. Хамгийн гол нь, эдийн засгийн сонирхлоор алхаа цохихгүй дээ гэх баталгаагүй.
Хүн бүр шударга, мэргэшсэн шүүхээр хэрэг, маргаанаа шийдүүлэх эрхтэй. Болж өгвөл анхан шатны шүүхийн шийдвэрт сэтгэл хангалуун байж дараагийн шатны шүүхэд хандаж цаг хугацаа, сэтгэл санаа, хөрөнгө мөнгөөр хохирохгүй байхыг бодно. Нэгэнт шат шатны шүүхэд хандаж шүүхийн хаалга татахыг хүсэхгүй байгаа учир анхан шатны шүүх, шүүгчийн чадвар хамгийн шударга, зөв байгаасай гэж хүснэ. Үүгээрээ 25-30 насны хуульчдыг “Болоогүй байна. Та нар чадахгүй. Балчирдана” гэж хэлэх гэсэнгүй. Хүсэл зорилгыг мохоох гэсэнгүй. Уулын мод урттай, богинотой гэгчээр чадварлаг, мэдрэмжтэй шүүгч анхан болон давж заалдах шатанд олон байгаа. Гэхдээ гурван шатны шүүхийн шийдвэр хэтэрхий савалгаатай гардагт өнөөх анхан шатныхны алдаа их байдгийг бид бүгдээрээ мэднэ.
Монголд хамгийн эрх мэдэлтэй нь улсын Ерөнхийлөгч, УИХ-ын 76 гишүүн биш. Ерөөсөө л шүүгч хамгийн эрх мэдэлтэй нь. Хүнийг наранд байлгах уу, нарсанд суулгах уу. Эсвэл цагаатгах уу, хэргийг нь хэрэгсэхгүй болгох уу, гэм буруутайд тооцох уу гэдгийг шүүх л мэднэ. Дөч хүрсэн эр дөрөө дарсан ат гэдэг үг бий дээ. Улсын нэрийн өмнөөс шийдвэр гаргадаг шүүх ийм хариуцлагатай албан тушаал хашдаг учраас хий нь гарсан хуульч байх ёстой.
Шүүгч хүн шүүх эрх мэдлийг дангаар хэрэгжүүлдэг бөгөөд гаргасан шийдвэр нь хууль ёс, хүний эрх, шударга ёсны баталгаа болдог. Шүүгчийг “ярьдаг хууль” гэж нэрлэдэг нь түүнд тавьж буй нийгмийн шаардлага юм. Хамгийн шилдэг хуульч шүүгч болдог, тийм ч байх ёстой гэсэн үнэлэмжийг дэлхий нийтийн чиг хандлага болчихлоо. Манай улс ч гэсэн тэр зүг рүү явж байгаа гэдгийг Ерөнхийлөгчийн санаачилсан Шүүхийн тухай багц хууль гэрчилнэ. Хэрвээ шүүгч хүн хамгийн шилдэг хуульч байх ёстой юм бол 25 настан цаг хугацааны хувьд сайн хуульчийн чадвар хуримтлуулж амжихгүй.
Манай хууль, хяналтынхны үлгэрлэн “дуурайдаг” Америкийн Дээд шүүхийн шүүгчийн насны дундаж нь 53 гэж “Википедиа”-д бичжээ. Насны босгыг өндөр тогтоосон нь цаанаа учиртай биз ээ. Түүх дурсвал, 1993 онд АНУ-ын Дээд шүүхийн ерөнхий шүүгч байсан Байрон Вайт албаа хүлээлгэж өгөхөө зарласны дараа тухайн үеийн Ерөнхийлөгч Билл Клинтон 47 настай хуульч эмэгтэйг оронд нь нэр дэвшүүлжээ. Руф Бэйдер Гинсбург гэдэг хуульч эмэгтэйг Дээд шүүхийн ерөнхий шүүгчид 1993 оны зургадугаар сарын 15-нд нэр дэвшүүлэхэд нь насыг чамлаж хоёр сарын турш Америкийн сенатууд маргалджээ. Ядахдаа 50 ч хүрээгүй 47 настай хүнийг ерөнхий шүүгч болгоно гэдэг байж болзошгүй зүйл хэмээн сенатууд Ерөнхийлөгч Билл Клинтоныг чичилж байв. 60 хоногийн дараа Руф Бэйдер Гинсбургийг томилсон боловч нэг жилийн дараа албан тушаалаас нь буулгажээ. Америкууд шүүгчийн насанд ингэж ач холбогдол өгдөг юм байна. Бодвол тодорхой онол, судалгаа байдаг бололтой.
Шүүхэд шинээр мөрдөж буй хуулиар шүүгчийн цалинг нэмсэн. Шүүх эрх мэдлийн байгууллагаас хамгийн өндөр нь шүүгчийн цалин болсон. Нэгэнт шүүгчийн цалинг нэмсэн бол эргээд хариуцлага, хяналт, шударга байдал, чадвар, туршлага, мэргэшлийг хүсэх нь иргэн бүрийн эрхэд нийцнэ. Гэтэл цалингаас үл хамаарах шалгуур бол нас юм. Үүнийг хуульчид өөрсдөө ч хэлдэг. Өөрөөр хэлбэл, шүүхийн шинэтгэл шүүгчийн насны босгыг нэмэхээс эхэлнэ гэдэг юм. Шүүгчдээ тавьдаг шаардлагаа өндөрсгөж байгаа нь хүний эрх, шударга ёсыг төрөөс хамгаалж буй хөрөнгө оруулалт билээ. Энэ талаар зарим хуульчид хэлж, үзэл бодлыг нь сонслоо.
Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн М.Батсуурь: 40 болон түүнээс дээш насныхан зүгээр

-Үндсэн хуульд шүүгчийн насны доод босгыг 25 жилээр тогтоосон боловч бодит байдал дээр сургуулиа төгсөөд хоёр жил дадлага хийнэ. Хуульчийн сонгон шалгаруулалтад тэнцээд дахиад гурван жил өмгөөлөгч, прокурор, багшаар ажилласны дараа сонгон шалгаруулалтад өрсөлдөх эрх нээгдэнэ. Ер нь шүүгч болох дундаж нас 30 орчим байгаа байх. Бусад улсуудад 40 орчим насанд томилогдох нь бий л дээ. Бодит байдалд Монголд 40 орчим настай хүн шүүгчийн шалгалтад орохгүй байгаа. Ихэвчлэн залуус өрсөлдөж байна. 40 болон түүнээс дээш насныхан шүүхэд орвол зүгээр байх. Гэхдээ шууд ингэж хуульчилж болохгүй байх. Амьдралд нийцэхгүй байж мэдэх юм.
Шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн, академич, доктор, профессор, хуульч С.Нарангэрэл: Болж өгвөл 30-аас дээш настай байх ёстой

-Хүний амьдрал, хувь заяаны асуудлыг шийднэ гэдэг бол гар хурууны үзүүрээр хийх ажил биш. Шүүгч насны хувьд нэлээд тулхтай, туршлагатай, шударга, мэргэжлийн ур чадвартай л байх ёстой. Болж өгвөл нас нь 30-аас дээш байх ёстой. Гэхдээ би шүүгчийг шилж сонгох ажилд шүүмжлэлтэй ханддаг. Одоо бол дээд боловсролтой, баахан шалгалт өгчихсөн хүнийг сонгож байгаа. Гэтэл тэр дипломыг, шалгалтыг мөнгөтэй хүн мөнгө өгөөд ард нь гарчихна. Тэгэхээр гол шалгаруулалт энэ биш байгаа биз. Хэрвээ Шүүхийн ерөнхий зөвлөлд муу хүн очвол дандаа хахуулийн шүүгч нар томилогдох магадлалтай. Иймээс шүүгчдийг сонгохын тулд ёс суртахууныг нь, төлөвшлийг нь заавал харах ёстой. Удам судрыг нь, амьдралыг нь судлах хэрэгтэй.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Цогт: Дор хаяж 30-35 нас

-Миний санал бас адил байна. Дор хаяж 30-35 нас байх нь зөв юм.

Хууль зүйн яамны Хууль зүйн нэгдсэн бодлогын газрын дарга Т.Ганбаатар: 28-30 насны босго дээр

-Мэргэжлээрээ 5-6 жил ажилласан хүн аливаа хэрэг маргааныг шийдвэрлэх боломжтой. Одоо шүүгчийн нас 25 гэж байна. Сургуулиа 21 настай төгсч байна. Сургуулиа төгсөөд шүүхэд ороход хэцүү л дээ. Миний хувьд эрх зүйч мэргэжил эзэмшээд хуульч болсныхоо дараагаар дор хаяж 5-6 жил ажилласан байвал илүү дээр гэж хардаг. 28-30 насны босго тавьбал дээр болов уу. Орос бол манайхтай адил шалгуур тавьдаг. Герман, Канад зэрэг хөгжилтэй орнуудад өмгөөлөл, цагдаа, Хууль зүйн яамандаа насаараа ажилласан хүмүүс тэтгэвэртээ гарах дөхөхөөрөө шүүгч болдог тохиолдол байна. Зарим улсад шүүгчээр ажилласан хүмүүс нь нас яваад ирэхээрээ хууль боловсруулах ажил руу ордог жишиг байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн