Open iToim app
Шүүх | 4 мин уншина

​Шүүхийн иргэдийн төлөөлөгч “үзэгч” хэвээр байх уу

​Шүүхийн иргэдийн төлөөлөгч “үзэгч” хэвээр байх уу
Нийтэлсэн 2017 оны 4 сарын 17
Шүүхийн иргэдийн төлөөлөгчдийн улсын анхдугаар зөвлөлгөөн өчигдөр Төрийн ордонд боллоо. Зөвлөлгөөнийг Ерөнхийлөгчийн Тамгын газар, Шүүхийн ерөнхий зөвлөлөөс зохион байгуулсан. Шүүхийн багц хуулийн нэг Шүүхийн иргэдийн төлөөлөгчдийн эрх зүйн байдлын тухай хууль батлагдсанаар Монгол Улсын 25 нас хүрсэн, ял шийтгүүлж байгаагүй иргэн тухайн нутаг дэвсгэрийн шүүхдээ жилд нэг удаа анхан шатны шүүх хуралд олон нийтийг төлөөлөн оролцож байхаар болсон. Эрүү, иргэн, захиргааны хэргийн шүүх хуралдаанд оролцож байгаа иргэдийн төлөөлөгч нь маргааны хоёр талын мэтгэлцээнээс олж авсан мэдээлэл дээр үндэслэн дүгнэлт гаргах бөгөөд шүүгч шийдвэрээ гаргахдаа дүгнэлтийг харгалзах ёстой. Энэ зохицуулалт Монгол Улсад шинэ биш бөгөөд 1926 оноос эхлэн “ардын төлөөлөгч” нар шүүх хуралд оролцож, санаа бодлоо шүүх танхимд хэлж иржээ. Харин түүхийн явцад эрх, үүрэг, оролцоо нь бүдгэрсээр билэгдлийн чанартай “шүүх хурал үзэгч, сонирхогч” болж хувираад байсан юм. Иймээс шүүхийг нээлттэй, олон нийтийн хяналттай байлгах зорилгоор Шүүхийн иргэдийн төлөөлөгчдийн эрх зүйн байдлыг тухай хуулийг баталж гаргасан байдаг.

АНУ, Солонгос, Англи, Герман, Австрали, Япон, Энэтхэг, Финланд, Швед, Норвеги улсууд шүүх хуралд иргэдийн төлөөлөгчийг оролцуулж, зарим нь таслах эрхтэйгээр оролцуулдаг. Англи, Америк зэрэг улсын Тангарагтны шүүх бол жишиг нь. Манай улс энэ тийш зүглэж байгаа ч иргэдийн төлөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулж байгаа байдал нь төдийл л хангалттай бус байгааг иргэдийн төлөөлөгчөөр ажиллаж байгаа иргэд зөвлөлгөөний үеэр хэллээ. Тэдний яриаг тоймлоё.

Ховд аймгийн иргэдийн төлөөлөгч: Алслагдсан сум, орон нутгийн иргэд шүүх хуралдаанд оролцохын тулд холоос ирж, буцдаг. Аймгийн захиргаа ч юм уу, шүүхийн Тамгын газрууд ч юм уу унаагаар үйлчилдэг байвал ямар вэ. Цаг зав, хөрөнгө мөнгөө гарлагадаад шүүх хуралд ирж байхад цалин хөлс нь бага юм. Энэ нь бидний шүүх хуралд оролцох сонирхлыг бууруулж байна. Цаашлаад иргэдийн төлөөлөгчөөр ажилласан хугацааг ажилласан жилд оруулж тооцдог, нийгмийн даатгалын дэвтэр бөглөж өгдөг байвал ямар вэ. Иргэдийн төлөөлөгчөөр янз бүрийн боловсролтой хүмүүс сонгогддг. Тэдний боловсролд анхаарч, сургалтад хамруулах хэрэгтэй санагдсан. Мөн иргэдийн төлөөлөгчийн ажил бидэнд эрсдэлтэй тул амь насны даатгалд хамруулах асуудлыг хуулиар баталгаажуулах шаардлагатай байна.
Орхон аймгийн иргэдийн төлөөлөгч: Холоос зориод ирэхэд шүүх хурал хойшлох тохиолдол маш их гардаг. Үүнээс болоод замын унаа, буудал, хоолны мөнгөнөөс гадна цаг заваараа хохирч байгааг анхаараарай. Хэргийг бүрэн мухарлаж шалгасан, шүүх хуралдааны оролцогчид оролцоод үргэлжлүүлэх боломжтой үед иргэдийн төлөөлөгчдийг ирүүлж болдоггүй юм уу. Цаашлаад шүүх хурал цагаасаа хоцорч эхлэх тохиолдол их гардаг. Хувь хүн, албан байгууллын зохион байгуулалттай холбоотой энэ асуудлыг цэгцлэх шаардлагатай гэж хэлмээр байна.
Төваймгийн иргэдийн төлөөлөгч: Би анхны шүүх хуралдаа оролцохдоо үнэхээр айж байсан. Шүүгдэж байгаа хүнийхээ талаар ярьчихвал, өнөөх маань ял авчихвал яах бол оо. Надад аюул учруулбал хэн хамгаалах вэ гэх мэтээр. Гэрийнхэн маань ч энэ эрсдэлийг хэлж, эсэргүүцэж байсан. Ийм айдас хүн бүрт л байсан байх. Ийм учраас иргэдийн төлөөлөгчийн аюулгүй байдлыг анхаарах зайлшгүй шаардлагатай. Иргэдийн төлөөлөгчийн саналыг нууцлах гэдэг ч юм уу. Ил байвал миний санаа бодлыг бусад хүн мэдээд надад халдах магадлалтай.
Өмнөговь аймгийн иргэдийн төлөөлөгч: Шүүхийн шийдвэрт иргэдийн төлөөлөгчийн санаа дүгнэлт тусч байна уу. Ер нь л шүүгч нар харгалзаж үзэхгүй байгаа маягтай. Энэ хэвээр байвал тэнд нэг “мануухай” өдөржин суугаад яах юм. Ийм учраас иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг шүүгч нар шүүхийн шийдвэртээ тусгаж, хүлээж авсан уу, үгүй юу гэдэг үндэслэлээ бичиж, шийдвэрээ ямар ч боловсролтой хүнд ойлгогдохоор бичдэг баймаар байна. Иргэдийн төлөөлөгчийн санаа дүгнэлтийг шүүх шийдвэртээ тусгаж байж иргэд идэвхтэй оролцоно, иргэдийн итгэл ч нэмэгдэнэ” гэв.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүхийн захиргааны удирдлагын газрын дарга Ж.Сайнхишиг энэ үеэр, "2016 онд Монгол Улсад 4500 шүүх хурал болж 4500 хүн шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр оролцсон байна. Тэдний цалинд нийтдээ 33 сая төгрөг зарцуулжээ. Өнөөдөр байгаа зохицуулалтаар шүүхийн иргэдийн төлөөлөгчийн нэг цагийн цалин 1428 төгрөг байна. Бусад улсад иргэдийн төлөөлөгч нь шүүгчээсээ олон байдаг. Тангарагтны шүүхтэй АНУ-д 12 иргэдийн төлөөлөгч шүүх хуралд оролцдог бол Солонгост хэргийн ээдрээ ямар байгаагаас шалтгаалаад 5, 7, 9 иргэдийн төлөөлөгч хуралд оролцдог. Холимог тогтолцоотой Германд нэг шүүгчтэй хуралд хоёр иргэдийн төлөөлөгч, Японд гурван шүүгчтэй хуралд зургаан иргэдийн төлөөлөгч сууж байна. Ямар ч байсан шүүгчийн тоо нь иргэдийн төлөөлөгчөөсөө их байдаггүй. Монгол Улсад ердийн шүүх хуралд 2-3, ээдрээтэй, онц хүнд гэмт хэргийн шүүх хуралд 5-7 иргэдийн төлөөлөгч суух нь зүйтэй гэж бид үзэж байгаа. Мөн ажиллах нөхцөлийг нь сайжруулж цалин хөлсийг нь нэмэгдүүлэх шаардлагатай. Одоо байгаа 1428 төгрөгийн нэг цагийн цалинг бид эхлээд арван мянга, цашлаад таван мянган төгрөг болгох саналаа явуулсан болов хассан. Ядаж 7000 төгрөгийн цалинтай байх нь зүйтэй гэж боддог. Энэ хэмжээгээр тооцоод 9000-13.5 мянган иргэдийн төлөөлөгчтэй болвол жилд 360 саяас 540 сая төгрөг зарцуулах тооцоотой“ гэв. 

Тэрээр “Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн ач холбогдлыг нэмэгдүүлэх, шүүх бүрэлдэхүүн шүүхийн шийдвэртээ дүгнэлтийн агуулгыг заах, түүнийг хэрхэн үнэлж дүгнэснээс тусгах ёстойг хэлсэн. Мөн дүгнэлт хэнд ч ойлгомжтой бичигдэх ёстой байгааг онцолсон. Нутгийн захиргааны байгууллагууд шүүхийн иргэдийн төлөөлөгчийг сургах, шүүхэд очиход нь дэмжлэг үзүүлэх шаардлага үүссэнийг хэлэв.

Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн