Open iToim app
Эрх зүй | 2 мин уншина

​Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийн бүрэн эрх дууслаа

​Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийн бүрэн эрх дууслаа
Нийтэлсэн 2016 оны 5 сарын 9
Шүүгч болох хүнийг хуульчдын дундаас шилж шалгаруулах, шүүхийн бие даасан, шүүгчдийн хараат бус байдлыг хангах үндсэн чиг үүрэгтэй захиргааны байгууллага болох Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүдийн бүрэн эрх дууслаа. 2012 онд батлагдаж, 2013 оны дөрөвдүгээр сарын 15-нд хэрэгжиж эхэлсэн Шүүхийн захиргааны тухай хуулиар Шүүхийн ерөнхий зөвлөлийг бие даан байгуулсан. Өмнө нь Шүүхийн ерөнхий зөвлөлийг Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч толгойлдог бөгөөд энэ нь шүүн таслах, захиргааны ажил холилдоход хүргэдэг тогтолцоо байв.
Гурван жилийн өмнө хяналтын шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс Дашзэвэгийн Эрдэнэчулууныг, Давж заалдах шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс Дамдинсүрэнгийн Дамдин-Одыг, Анхан шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс Жанчивсүрэнгийн Эрдэнэчимэгийг, Хууль зүйн яамнаас Нанзаддоржийн Лүндэндоржийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр томилуулахаар нэр дэвшүүлэн санал болгосныг Монгол Улсын Ерөнхийлөгч хүлээн авч томилсон. Дээрх гишүүдийг тавдугаар сарын 6-нд Ерөнхийлөгчийн зарлигаар томилон ажиллуулсан хугацаа ийнхүү дууссан байна. Харин Хуульчдын холбооноос санал болгож нэр дэвшүүлсэн ШЕЗ-ийн гишүүн болох Базарсүрэнгийн Сарантуяаг жинхэлсэн Ерөнхийлөгчийн зарлиг 2013 оны арванхоёрдугаар сард гарсан.
Шүүхийн захиргааны тухай хуульд зааснаар, ШЕЗ-ийн дарга, гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсноос хойш 30 хоногийн дотор Ерөнхийлөгч дахин зарлиг гаргаж дараагийн бүрэлдэхүүнийг томилох ёстой.
Ийм учраас анхан болон давж заалдах, хяналтын шатны шүүгчид зөвлөлдөж ШЕЗ-ийн гишүүнд нэр дэвшигчдээ тодруулах шаардлагатай болоод байна. Мөн Хууль зүйн яам нэг гишүүнийг Ерөнхийлөгчид санал болгох ёстой. Одоогийн байдлаар Н.Лүндэндорж дарга өөрийг нь ШЕЗ-ийн гишүүнээр санал болговол улиран ажиллахад болохгүй зүйлгүй гэдгээ мэдэгдсэн. Харин анхан шатны шүүгчдийн зөвлөлгөөний квоттой Ж.Эрдэнэчимэг гишүүн Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр ажиллах хүсэл зорилготой сонгон шалгаруулалтад оролцжээ.
Саяхан шүүгчдийн зөвлөлгөөнийг зохион байгуулах харилцааг зохицуулсан журмыг ШЕЗ гаргажээ. Дээрх журмаар анхан болон давж заалдах, хяналтын шатны шүүхийн шүүгчдийн зөвлөлгөөнийг онлайнаар явуулж санал хураалгана. Ингэснээр бүх шүүгчийг Улаанбаатарт цуглуулж шүүхийн ажлыг цалгардуулах, улсын мөнгөөр замын зардал, хоол, буудлын мөнгө хийхээс хэмнэж болно гэж тооцжээ.
Харин энэ журмыг Монголын Шүүгчдийн холбооны удирдах зөвлөл 2016 оны тавдугаар сарын 05-ны өдөр хуралдаж хэлэлцжээ. Ингээд “анхан болон давж заалдах, хяналтын шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн ёс зүйн хорооны гишүүдийг нэр дэвшүүлэх, сонгох болон эдгээрт баримтлах дэгээ тогтоох нь тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний эрх” гэсэн байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн