Open iToim app
Нийгэм | 2 мин уншина

Шүтээн биеийг тусгай чулуун дуганд байрлуулна

Шүтээн биеийг тусгай чулуун дуганд байрлуулна
Нийтэлсэн 2015 оны 10 сарын 21
Одоогоос 200 орчим жилийн өмнө буюу 1826-1905 оны үед амьдарч байсан, "амьд" гэгээнтэн, аграмба Равсалын Санжайжавын шүтээнийг өнөөдөр Гандантэгчинлэн хийдэд олноо ил гаргалаа. Сүсэгтэн олон өнөөдөр, маргааш 9-17 цагийн хооронд мөнхийн бясалгалт шүтээнд залбирч, буян заяагаа даатгах боломжтой юм. Харин энэ сарын 24-нд шүтээний төрөлх нутаг Архангай аймгийн Цахир сумын Содномдаржаа уулнаа залах юм байна.
Аграмба Равсалын Санжайжав нь Өвгөн Гэсэр лам Цэвээнраашийн Чүлтэмжамцын /1816-1894/ шавь аж. Тэд амьд ахуйдаа увидасын ундарга эрдэнэсийн нутгийг сахин хамгаална хэмээн болгоосноор тэдний шүтээнийг Архангай аймгийн Цахир сумын нутагт байрлах Содномдаржаа уулын ариун дагшин дэвсэгт оршоосон юм байна. 1894 оноос хойш саяхныг хүртэл Архангай аймгийн Цахир сумын иргэд дээрх багш, шавийн мөнхийн бясалгал хийж гэгээрсэн хоёр шүтээнийг нууцаар залж, шүтэж ирсэн түүхтэй аж. Харин өнгөрсөн нэгдүгээр сард нууцалж байсан шүтээн биеийн нэг нь алдагджээ. Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба Д.Чойжамц "Энэхүү шүтээн биеийн увидас Итгэл хамбынхтай адил" хэмээн хэлсэн. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгээс дээрх шүтээн биеийн нугас, тархи нь амьсгалж байна. Иймээс бусад эрхтэнг шинжлэх шаардлагагүй гэж үзжээ. Улмаар Боловсрол соёл, шинжлэх ухааны яам үндэсний соёлын өвд албан ёсоор бүртгэж, гэгээрсэн багш, шавийн шүтээн байрлах дуганыг шинэчилж, нийт 464 сая төгрөгөөр чулуун дугана босгожээ. Дуган барих нийт хөрөнгөөс 164 сая төгрөгийг нь Засгийн газрын нөөц хөрөнгөөс, үлдсэн 300 саяыг нутгийн иргэдийн хандиваар бүрдүүлсэн аж.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн