Төв аймгийн Алтанбулаг сумын нутаг дэвсгэрт оршдог Таван толгой дахь Зэвсэг хүчний сургалтын төвд хээрийн сургуулилт хийж байсан цэргийн алба хаагчдын гар бөмбөг өнөөдөр 18.00 цагийн орчимд дэлбэрч золгүй явдал болсон байна. Онцгой байдлын ерөнхий газраас дөнгөж сая мэдээлснээр гар бөмбөг дэлбэрсний улмаас хоёр хүн нас барж, найман хүн шархадсан байна. Тэд мотобуудлагын тусгай батальон буюу Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн алба хаагчид байсан гэх мэдээлэл байна. Зэвсэгт хүчний жанжин штаб, ЦЕГ-ын тусгай бүлэг ослын газарт ажиллаж байна. Харин шархадсан цэргүүдийг Зэвсэгт хүчний 027 дугаар анги буюу Цэргийн төв эмнэлэгт хүргээд байна.
Энэ талаар ЗХЖШ-ын орлогч дарга, бригадын генерал Ж.Бадамбазар “Цэргийн анги Зэвсэгт хүчин жанжин штабаас батлагдсан 2016-2017 оны сургалт үйлчилгээний нэгдсэн төлөвлөгөөний дагуу хээрийн дадлага сургуулиулт, байлдааны буудлага, харвалт хийгдэж байгаа. Бүх анги салбарууд маань энэ сургалтынхаа төгсгөлд командлалын болон төгсөлтийн шалгалт өгдөг. Зэвсэгт хүчний 311, 350 дугаар анги байлдааны буудлага хийх бэлтгэлээ хангах явцад өнөөдөр 17.40 минутын орчимд осол гарсан. Ослын шалтгааныг хууль хяналтын байгууллагуудын хамт тогтоохоор Зэвсэгт хүчин жанжин штабын даргын тушаалаар томилогдсон шуурхай комисс газар дээр нь ажиллаж байна. Тэр даруй бид мэдээллийг авч шуурхай арга хэмжээ авч ажилласан. Энэ дээр Зэвсэгт хүчин жанжин штаб, Батлан хамгаалах яам, Цэргийн төв эмнэлгийн бие бүрэлдэхүүн шаардлагатай арга хэмжээнүүдийг авч ажиллалаа. Байлдааны гранатыг цэнэгтэй нь холбох дадлага явагдаж байсан. Энэ дадлагыг удирдан явуулж байсан ахмад М, ахлагч А нар газар дээрээ нас барсан. Найман хүн шархадсан байна. Шархадсан найман хүнийг яаралтай Цэргийн төв эмнэлэг дээр авчраад байна” гэв. Цэргийн төв эмнэлэгт эхний албан хаагч 19.58 цаг, сүүлийн албан хаагч 20.15 цагт иржээ. Хоёр цэргийг яаралтай журмаар хагалгаанд оруулсан байна.