Open iToim app
Улс төр | 12 мин уншина

ШУУРХАЙ: Засгийн газрын 11 сайдыг томиллоо

ШУУРХАЙ: Засгийн газрын 11 сайдыг томиллоо
Нийтэлсэн 2016 оны 7 сарын 22
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат 11 сайдынхаа нэрийг УИХ-д өргөн барьсан. Тус асуудлыг өнөөдөр холбогдох байнгын хороо хэлэлцэн УИХ-ын нэгдсэн чуулганд оруулсан. Харин УИХ-ын нэгдсэн чуулганаар Ерөнхий сайдын өргөн барьсан 11 сайдыг албан ёсоор томиллоо.
Ингээд УИХ-ын нэгдсэн чуулган 03.50 цаг хүртэл үргэлжилж Ерөнхий сайдын өргөн барьсан 11 сайдыг хэлэлцэн баталсан юм. Гишүүд Ерөхий сайдад үлдсэн дөрвөн сайдынхаа нэрийг яаралтай өргөн барих үүрэг даалгавар өгсөн. Ерөнхий сайд мэргэшсэн, чадварлаг танхим байгуулж чадсан гэдгээ илэрхийлээд үлдсэн дөрвөн сайдаа ойрын хугацаанд өргөн барина гэдгээ хэлсэн юм. Ингээд сонгуулийн үр дүнгээр МАН Засгийн газраа эмхлэн байгууллаа.
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат сайд нарын талаар танилцуулга хийсэн юм.
  1. Монгол Улсын Шадар сайдад У.Хүрэлсүх
  2. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргад Ж.Мөнхбат
  3. Батлан хамгаалахын сайдад Б.Бат-Эрдэнэ
  4. Гадаад хар.илцааны сайдад Ц.Мөнх-Оргил
  5. Зам тээврийн сайдад Д.Ганбат
  6. Сангийн сайдад Б.Чойжилсүрэн
  7. Хууль зүй дотоод хэргийн сайдад С.Бямбацогт
  8. Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдад Н.Номтойбаяр
  9. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад Д.Оюунхорол
  10. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдад Ж.Батсуурь
  11. Уул уурхай хүнд үйлдвэрийн сайдад Ц.Дашдорж нарыг нэр дэвшүүлсэн юм.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Шадар сайдаар У.Хүрэлсүхийг томилох тухай саналыг хэлэлцэн гишүүдийн 98.5 хувийн саналаар дэмжин баталлаа.

Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатыг томилох асуудлыг хэлэлцэж УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 95.4 хувь нь дэмжлээ.

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат : Эрээвэр хураавар Засгийн газар бүрдэх нь. Засгийн газрын бүрэлдэхүүн бүтэн орж ирсэнгүй. Дөрвөн сайдын асуудлыг хэзээ оруулж ирэх вэ. АТГ-аас дүгнэлт гарсан учраас нэр дэвшүүлэхийг нь түдгэлзүүллээ гэж мэдээлэл яваад байна. МАН 20 хонолгүй хоёр амлалтаасаа буцлаа. Мөнгөний тендерийн Засгийн газар байгуулагдах шахуу явлаа. Үүнд олон нийт дургүй байгаа гэдгийг мэдэх ёстой шүү. Ард түмний сонголт учраас Ардчилсан нам хүндэтгэлтэй хандана. Хоёр дахь амлалт “Давхар дээлгүй байна” гэдэг амлалт үгүй боллоо. Нэр дэвшигч Ж.Мөнхбатад хэлэхэд Засгийн газар бол ард түмний төлөө ажилладаг байгууллага. Хоёрхон жилийн өмнө төв талбайд маск унжуулаад давхар дээлийг эсэргүүцэж байсан. Амьдрал баян. Төрийн ноён нурууг харуулж ажиллаарай. Ард түмэн Ардын намыг шилдэг боловсон хүчинтэй гэж үзэн сонгосон. Харамсалтай нь, ус цацлаа.
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат: Дөрвөн сайдтай холбоотойгоор АТГ-аас хувийн ашиг сонирхлын зөрчил байна гэдэг дүгнэлт ирсэн учраас түдгэлзүүлсэн.
УИХ-ын гишүүн Х.Болорчулуун: Би сайд нарын нэрийг сонсоод шоконд орсон, ийм Засгийн газар байгуулагдана гэж бодоогүй. Үнэхээр ийм мэргэжлийн бус Засгийн газар байна гэдэг цаашдаа маш их хор хохиролтой. МАН-ыг дотоод ардчилалгүй байгаад харамсаж байна. Гишүүд өчигдөрхөн л сайд нарын нэрийг мэдсэн, хоёр дарга л мэдсэн шүү. Ерөнхий сайдын бүрэн эрхийн асуудал гэж байгаа ч гишүүдээрээ хэлэлцүүлэх ёстой байсан. Мөн сайд нарыг нэр дэвшүүлэхдээ мэргэжлийн хүмүүсийг өрсөлдүүлж томилох байх гэж бодсон, чадсангүй. Хэтэрхий эрдэж бярдсан юм цаашдаа ямар байх болдоо гэж бодогдох юм.
УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан: Таны өргөн барьсан сайд нарын хэд нь мэргэжлийн хүмүүс вэ. “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг хувийн компани авчихлаа гэж байна. Энэ хувийг яагаад Монголын төр авч болдоггүй юм бэ.
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат: Миний санал болгосон хүмүүс бүгд мэргэжлийн хүмүүс. Сайн хамт олон, сайн баг бүрдүүлж чадсан гэж бодож байна.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан: Залуу хүнд итгэл хүлээлгэн дэвшүүлж байгаад баяртай байна. Захиргааны шинчлэлийг Монгол Улс хийсэн. Өнгөрсөн парламент захиргааны чухал хуулиудыг баталсан. Хэрэг эрхэлх газрын дарга Засгийн газар, УИХ, орон нутаг Засгийн газрын ажлын уяалдаа холбоог хангаж ажиллах ёстой. Сайд болоод очоод яамаа самардаг. Та ноён нуруутай байхгүй бол сайд нар чинь яамаа самарна шүү. Сайд нараа зөв чиглүүлж, хязгаарлаж явахгүй бол монгол төрийг самарна шүү.
УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан: Засгийн газрын шийдвэрийн биелэлтийг Хэрэг эрхлэх газрын дарга хариуцдаг. Энэ нь МАН-ын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт гэсэн үг. Тиймээс энэ хүрээнд Монгол хүний эрүүл мэндэд анхаарч ажиллаарай. Давхардсан орон тоо олноор бий болсон, танил тал харж ажилд ордог байдлыг цэгцлээрэй. Төрийн албанд шалгарсан албан хаагчид ажиллах ёстой. 

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад УИХ-ын гишүүн Д.Оюунхоролыг томилох асуудлыг хэлэлцэж, чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн 95.3 хувийн саналаар дэмжин баталлаа.
УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж: Өмнөх Засгийн газрын үед “Эрдэнэт”-тэй холбоотой учир битүүлэг шийдвэр гарсан. Гол сайд нар томилогдож байна. Одоо энэ асуудлыг яаралтай Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, ард түмэнд үнэн мөнийг мэдээлж хууль номынх нь дагуу шийдвэрлэх ёстой.Юу яасан 28 хувийн асуудал яригдаад явчих вэ, 51 хувийг Монголын Засгийн газар эзэмшинэ гээд заачихсан байдаг. Тэрхүү 51 хувийг дотор нь хуваах асуудал байхгүй. Зувчуулах асуудал хийгдсэн бол хүчингүй шүү. Ийм луйвартай Засгийн газар ямар ч тохиолдолд эвлэрэхгүй шүү. Өмнө гаргасан булхайтай шийдвэрийг хүчингүй болгоно шүү.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Монгол, Кувейтын судалгааны төвтэй холбоотой таны талаар мэдээлэл гарсан. Үүнд хариулт өгөөч, ташаа мэдээлэл гарсан юм шиг байгаа юм?
УИХ-ын гишүүн Д.Оюунхорол: Монгол, Кувейтын судалгааны төв гэсэн төрийн бус байгууллага ажиллаж байгаа. Өмнөх парламентын үед Засгийн газрын гишүүнээр ажиллах үед ямар ч эзэнгүй, өмчийн харьяалалгүй хөрөнгө нь орхигдсон төв байсан. Кувейтын талаас тус төвийг төрийн бус өмчийн хэлбэрээр ажиллуулж, эрдэмтэн судлаачид ажилладаг байгууллага болгооч гэж гуйсан. Нурсан барилгыг ашиглалтад оруулахын тулд Кувейтын талтай ярилцаж санхүүгийн асуудлыг шийдэн, Монгол, Кувейтын судалгааны төвийг байгуулсан. Тусламжаар өгсөн 1 төгрөг бүрийг тус төрийн бус байгууллагыг хэвийн үйл ажиллагаатай болгоход зориулсан. Барилга байгууламж, үйл ажиллагааг нүдээрээ очиж үзээсэй гэж бодож байгаа.
УИХ-ын гишүүн Б. Энх- Амгалан: Монгол улс асар цөлжиж байна. Том машинуудыг ядаж тусгай замаар явуулахгүй бол хөрс их сүйтгэж цөлжүүлж байна шүү. Усны асуудал хүнд байна Машинаа угаахдаа хүртэл ундны усаа хэрэглэж байна. Улаанбаатар хотод 183,000 жорлон байгаа нь хөрсийг бохирдуулж байна. Онцгой анхаар

Батлан хамгаалахын сайдад УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийг томилох асуудлыг хэлэлцэж гишүүдийн 90.6 хувийн саналаар дэмжлээ.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан: Батлан хамгаалахын салбрын багц хуулийг баталчихаад эцсийн хэлэлцүүлгийг хийгээгүй хүлээгдээд байгаа. Эцсийн хэлэлцүүлгийг хийж, хуулийг хэрэгжүүлж эхэлмээр байна. Мөн цолны мөнгийг олгох асуудлыг хуулийн хүрээнд шийдэх ёстой. Энэ талаарх хуулийн төслийг өргөн барьсан. Хурдан батлуулаад явах хэрэгтэй байна. Батлан хамгаалах салбарын орлогыг нэмэгдүүлэх ёстой.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Оффцерууд хэт их улс төржиж байгааг болиулмаар байна. Та бүх цэргийн бодолгыг барихаар болж байна. Нэлээн сайхан хуулиуд батлагдсан. Эдгээр хууль хэрэгжих, эсэх нь таниас хамаарах боллоо.

Гадаад харилцааны сайдаар Ц.Мөнх-Оргилыг томилох саналаар санал хураалт явуулахад гишүүдийн 93.7 хувийн саналаар дэмжлээ.
УИХ-ын гишүүн Ц.Оюундарь: Гадаад хэргийн яам төрт улсын гол яамдын нэг. Би Гадаад хэргийн дэд сайдаар ажиллаж байсан хүний хувьд Монгол Улс хөгжиж байгаа улс орны 76-ын бүлэгт харъялагддаг. Тиймээс бүс нутгийн хэсэгт хамрагдах хэрэгтэй. АСЕМ-ын уулзалт Монгол Улсын нэр хүндийг өргөсөн. Иймэрхүү зөөлөн аргаар Монгол Улсын нэр хүндийг өргөөрэй. Мөн хоёр хөрштэйгөө найрсаг харилцаагаа гүнзгийрүүлээрэй. Эдийн засгийн каридорт Монгол Улсын эзлэх байр суурийг бататгаарай. Дипломат албаны мэргэшсэн албан хаагчдаар бүрдүүлээрэй. Дипломат ажилтнуудыг мэргэшүүлэх ажлыг хийгээрэй гэдгийг танаас хүсмээр байна. Гадаад цонхны бодлого нь нэг цонхны бодлоготой
УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Дипломат албаны тухай хуулийг батлуулаарай. Танай яамны гомдол Өргөдлийн байнгын хороонд асар их ирдэг байсан. Энэ бүгдийг цэгцлээрэй. Улс орон дамжаад яваад байдаг хүмүүс олон байгаа шүү. Тэр хүмүүсээ татаад ажил хийдэг хүмүүсээ тавиарай. Бидний нүүр царай. Гадаад харилцааны яам Ерөнхийлөгчийн яам биш шүү гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье.
УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва: Гадаад харилцааг эдийн засагжуулах нь өөрийн чинь харъяалах асуудалд орсон. Монгол улс эдийн засгийн гүн хямралд орчихсон үед гадаад худалдааны бодлого маш чухал. Эдийн засаг нь хөгжөөгүй оронд хөрөнгө оруулалт хийгдэхгүй байгаа. Үүн дээр ямар ажил хийх вэ. Монгол Улс төвийг сахисан орон мөн үү? Хоёр хөршийн бодлого дээр онцгойлон анхаармаар байна.
УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил: Гадаад харилцааг эдийн засагжуулахад онцгой ач холбогдол өгөх нь чухал. Энэ нь гадаад харилцаанд ажиллаж байгаа хүмүүсийн ажлыг дүгнэх гол шалгуур юм билээ. Наад зах нь хоёр хөрштэйгөө байгуулсан гэрээнүүдээ хэрэгжүүлэхэд нь тус дэм болох асуудал дээр анхаарч ажиллана. Мөн таранзит тээврийн асуудлыг Гадаад харилцааны яамны анхаарлын төвд байлгана. Зүүн хойд азийн хамтын ажиллагаанд нэгдэж орох нь эдийн засагт чухал ач холбогдолтой. Ц.Оюундарь гишүүний хэлсэнтэй ч санал нэгдэж байна. Төвийг сахих статусын асуудал эрдэмтэп, мэргэжлийн хүмүүсийн дунд ихээхэн маргаан дагуулсан асуудал болоод байгаа. Үүнд онол ярихаас гадна бодит байдла эдийн засаг, хоёр хөршийн харилцаа гээд маш олон асуудал хөндөгдөх учраас Үндэсний аюулгүй байдлын зөвлөл УИХ-тайгаа хэлэлцэж байж шийдэх асуудал.

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайдад Б.Чойжилсүрэнг томилох асуудлаар санал хураахад гишүүдийн 95.1 хувийн саналаар дэмжлээ.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Нэлээн хүнд үед энэ албыг хашахаар болж байна. Татвар, гаалийг салгаж байгаа учраас төрийн алба маш их бужигнах байх. Гэхдээ төрийн албанд нэг ч намын гишүүн ажилладаггүй. Сангийн яам ч тогтвортой байх ёстой шүү. 1072 ширхэг хувьцааны мөнгө, “Эрдэнэт”-ийн 49 хувь, “Оюутолгойн” далд уурхайн гэрээний асуудлуудыг тодорхой болгомоор байна.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан: Өнөөдрийг хүртэл сангийн сайдаар эдийн засагч хүн ажиллаж байсан. Арай МАН-ын нөхдүүдийн ухаан балартаж, ийм шийдвэр гаргасан уу гэж бодсон. Гэхдээ МАН-ынхан “Манай Чойжилсүрэн гишүүн толгой сайтай” гэж хариулсан. Тиймээс намын нөхөд тань танд итгэл хүлээлгэлээ гэж бодож байна. Эдийн засаг маш хүнд байгаа. Төмөр зам болон эрчим хүчинд орж байгаа хөрөнгө оруулалтыг Монгол Улсын өрөнд тооцохгүй гэдэг хууль баталсан. Одоо энэ алдааг засч залруулахгүй бол Монгол Улсын өрийн хэмжээ 70,80 хувьд хүрсэн. Энэ жилийн төсвийн алдагдал 1.2 их наяд хүрсэн. Төсвийн алдагдлыг бонд босгох замаар нөхөж ирсэн. Энэ маягаар явбал Монгол Улс дампуурлаа.
УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир: Энэ Засгийн газар хүнд нөхцөлд ажиллана. Сайд болох сонирхолтой олон хүн байх шиг байна. Тиймээс сайд болж байгаа нөхдүүд сэтгэл гаргаж сайн ажиллах нь чухал. Сайд болчихоод маргаашнаас эхлээд тэнгэрийн амьтан болж болохгүй. Хэрвээ та нөхөд ажлаа сайн хийхгүй бол та нарын ажлыг аваад сайн ажиллах боловсон хүчин жагсаж байгаа шүү.
УИХ-ын гишүүн Б.Жавхлан: Эдийн засгийн хүнд нөхцөлд та энэ албыг авч байна. “Эрдэнэт” манай эдийн засгийн 25-30 хувийг бүрдүүлдэг нь хэвээрээ байгаа шүү. Энэ газрын 49 хувь нь яригдаж байгаад харамсалтай байна. Энэ тал дээр Засгийн газар тодорхой хариу өгмөөр байна. Аливаа банк аж ахуйн нэгжид хөрөнгө оруулалт хийхээр болвол аж ахуйн нэгжийнхээ 10-н хувиас хэтрэхгүй байх ёстой. Дарханы хар төмөрлөгийн үйлдвэрийн гол худалдан авагч нь “Эрдэнэт” үйлдвэр. Хэрвээ “Эрдэнэт” үйлдвэрийн хувийг нэг компани авсан бол Монгол Улсын эдийн засагт маш аюултай. Ирэх онд бид бондын өрөө төлж эхэлнэ. Гэхдээ энэ өрийг өр авч дарна. Тэгэхээр маргаашнаас эхлэж энэ асуудал дээр ажлын хэсэг байгуулж ажиллаарай. Бид төсвөөрөө өрөө дарж дийлэхгүй. Тиймээс төв банктайгаа нийлээд УИХ-аа батлуулаад авах хэрэгтэй.
УИХ-ын гишүүн Сү.Батболд: Энэ оны эхний хагас жилийн байдлаар эдийн засаг ямар байгааг олон нийтэд ил болгох хэрэгтэй. Засгийн газруудын тавьсан өр, нийлээд Монгол Улс хэдий хэмжээний өртэй байгааг тодорхой болгомоор байна. Ирэх жилүүдийн хамгийн гол асуудлын нэг нь бондын эргэн төлөлт. Давхар төсөвтэй байсан алдаануудыг давтахгүй байх хэрэгтэй. Хөгжлийн банктай холбоотой асуудлыг цэгцлэх, шалгах хэрэгтэй. Цаашид нь олон улсын жишгээр нь ажилуулах шаардлагтай.
УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн: “Эрдэнэт”-ийн асуудлаар хэвлэлийн мэдээлэлтэй байна. Ажлаа аваад хамгийн түрүүнд “Эрдэнэт”-ийн гэрээ хэлэлцээртэй танилцаад УИХ-д танилцуулна. 

Хууль зүй, дотоод хэргийн сайдаар УИХ-ын гишүүн С.Бямбацогтыг томилох саналаар санал хураахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 94.9 хувийн дэмжлээ.
УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар: Бизнесийн эрх зүйн орчинг бий болгоход анхаарах. Эдийн засаг хүндэрсэн нь бизнесийн байгууллага муу ажилласандаа биш засаглал оновчтой биш, улстөржилт маш их учраас бизнестээ саад учруулж байна. Бизнесийнхэн айх аюулгүй ажиллах боломжоор хангагдах ёстой. Засгийн газар, төр бизнестээ өөрийгөө хөгжүүлж явах эрх зүйн орчин бүрдүүлж өгөх. Бизнесийн айдас хүйдсийн тухай ярихад хуулийн байгууллага нь аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа, нэр хүндэд сөргөөр нөлөөлсөн зүйл бий. Бизнесийн үйл ажиллагаа эрхлэх тайван орчин бүрдвэл ажлын байр бий болгоход ч нэмэртэй, эдийн засгийн хүндрэлийг давахад ч хэрэгтэй. Хууль зүйн салбар жинхэнэ утгаараа мэргэжлийн салбар байх ёстой. Таны салбарт ажиллаж байгаа бүх байгууллагууд улс төржилтөөс ангид байх ёстой. Хуулинд суусан зарчмуудыг барьж ажилладаг байх ёстой. Компанийн засаглал гэдэг юм манайд 21 дүгээр зууны төвшинд хүрээгүй, ихэнх компани гэр бүлийн бизнесийн хүрээнд явж байна. Энэнд онцгой анхаарах. Ерөнхий сайдад хандаж хэлэхэд Мэргэжлийн давхар дээлгүй сайд нар оруулж ирээрэй. “Би, би би чадна” гэдэг өвчнөөсөө манайхан ангижирмаар байна. Бодитойгоор улс орны эрх ашигт нийцэх ажлыг хийж чадах уу гэдэг шаардлага өөртөө тавь. Чадахгүй бол татгалзаж сурах хэрэгтэй.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан: Тахарын алба татан буугдлаа, гэрч хохирогчийг хамгаалах эрх зүйн орчинг яаж бий болгох вэ гэдгээ оновчтой болгоорой. Цагдаагийн байгууллагыг улс төрийн нөлөөллөөс ангид байлгаарай. Сонгуулийн дараа явцуу сонирхлоор цагдааг хөдөлгөв. Ноён нуруутай хандаарай. Бизнесмэнүүд хувийн сэдэл агуулсан хүмүүс шахаас дарамт үзүүлнэ. Монгол төрийн тогтвортой байдал нэг номер, хүний эрх нэг номер.
УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан: Гадаад орнуудад сайд нарын мэргэжлийн төвшингийн асуудлаар ярилцаж байхад гурван зүйлийг ярьдаг юм байна. Соригдож, итгэл даасан, бэлэн байх хэрэгтэй гэдэг юм билээ. С.Бямбацогт Хууль зүйн байнгын хороонд ажиллаж байсан, бүлгийг ахалж байсан хуулийн гэдэс дотрыг мэдэх хүн. Тиймээс хуулийн салбарт шинийг санаачилж, болохгүйг байгааг нь болгох хуулийэ төсөл оруулж ирээрэй.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 94.8 хувийн дэмжлэг хүлээж батлагдлаа.
Сайд Н.Номтойбаяр: Нийгмийн даатгалын 200 гаруй тэрбум төгрөг байна, арилжааны 8 банкинд маш бага хүтэйгээр 2 жилийн хугацаатай байршуулсан. Өнгөрсөн 2 жилийн хугацаанд ажилласан зүйлүүд олон бий. Тэтгэврийн зээлийн хүү буух боломжтой байгаа. Эмэгтэй 40, эрэгтэй 45-аас дээш насныхан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажлын байраар хангах эрх зүйн орчныг дахин шинэчилж батлах ёстой. ажлын байраар хангаж байгаа аж ахуйн нэгжийг НД-ын шимтгэл, ААНОАТ-ын тодорхой хувийг хөнгөлдөг байдлаар зохицуулах боломжтой. Хөгжлийн бэрхшээлтэй иргэнээ ажлын байраар хангах хуулийг салбарын яам нь хэрэгжүүлдэггүй. Яаманд нь ажиллаж байгаа 100 гаруй хүнийх нь дунд нэг ч хөгжлийн бэрхшээлтэй хүн байдаггүй, энэ мэтчилэн анхаарах асуудлууд бий.

Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 83.6 хувийн дэмжнг Ж.Батсуурийг Боловсрол, соёл , шинжлэх ухаан, спортын сайдаар томиллоо.

Уул уурхайн, хөгжлийн сайдаар Д.Ганбатыг томлох саналаар санал хураалт явуулахад чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн 94.7 хувийн дэмжин баталсан юм.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Гашуун сухайт дээр төмөр зам баригдах юм уу, шороо овоолсон юм уу. Петро чайна дачин тамсаг замаа барихгүй байна, барих боломж байна уу. Хийх ажлынхаа талаар юу бодож байна вэ гэсэн асуултад хариулт хүслээ.
Уу, уурхай, хөгжлийн сайд Д.Ганбат: Тавантолгой Гашуун сухайтын төмөр замын доод хэсгийг 250 сая ам.долларын санхүүжилтээр барьсан, 86 хувийн гүйцэтгэлтэй байна. Төмөр замын ажлыг “Монголын төмөр зам” компани “Энержи ресурс” компаниас хүлээж аваад үргэлжлүүлсэн. 2014 онд санхүүжилтгүйгээс ажил зогссон. Ажил зогссоноос төмөр замын доод далан салхи, бороо үер уснаас болж эвдэрч гэмтэж байгаа учраас яаралтай дуусгах шаардлага бий. Арилжааны зээлээр төмөр зам барих нь буруу байсан. Бага хүүтэй зээлээр төмөр зам барих ёстой байсан. Ингэхгүй бол зээлэндээ дампуурах эрсдэлтэй. Петро чайнагийн зам олон жил яригдаж байгаа. 100 гаруй км зам баригдаад хүлээлгэж өгөх гэж байгаа. Багануур Улаанбаатарын нийтийн тээврийг цахилгаанжуулах асуудлыг судалж байна. галт тэргийг цахилгаанжуулах шаардлага бий.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 96.5 хувийн дэмжсэн
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн