Open iToim app
Анализ | 5 мин уншина

​Шопены гэрт

Нийтэлсэн 2015 оны 11 сарын 11

Шопены гэрийн зүг явах замд өмнө нь уншиж үзэж байсан олон сайхан зүйл санаанд орж байв. Шопены гэрт өөрийнх нь тоглож байсан төгөлдөр хууран дээр энэ суут хүний өөрийнх нь хөгжмийг сонсоно гэж бодохоос Польшид ирээд хайж явсан ах дүүгээ олсон хүн шиг сэтгэл хөхүүн болоод явчихав. Сайхан хүнийг бодоход надад нэг сайхан хүн санагддаг байна. Шопен гэхээр Моцарт санагдаж байна.
Контстантин Паустовскийн “Өвгөн тогоочийн эцэслэл” алдартай өгүүллэгт нь Хүний ертөнцийн өнгөрсөн, одоо,ирээдүйг эх болсон байгальтай нь баяр баясгалан, уйтгар гуниг, зовлон шаналал, дурлал хайртай нь хамт манаачийн өчүүхэн жижиг модон байшинд хөгжмийн яруу хэл дуурслалаар насан эцэслэж буй хараагүй өвгөнд сэтгэлд нь харуулж өгч байгааг гайхалтай урнаар дүрсэлсэн байдгийг саналаа. Мөн энэ өгүүллэгт .... Танихгүй хүн хөгжмөө тоглохыг болив. Тэрвээр хөгжмийнхээ дэргэд өөрийнхөө тоглосон аялгуунд илбэдүүлсэн мэт огтын хөдөлгөөнгүй суулаа. Мария орь дуу тавин орилов. Танихгүй эр босон ор руу очлоо. Хөгшин амьсгал нь давхцаж өгүүлсэн нь:
- Тэртээ олон жилийн өмнөх явдлыг бүгдийг нь тов тодорхой үзлээ. Харин би ... нэрийг, таны нэрийг мэдэлгүй үхье гэж яасан ч бодохгүй байна гэхэд миний нэрийг Вольфанг Амодей Моцарт гэдэг ээ гэж үл таних хүн хэлжээ гэж гардаг. Аугаа их хүний тухай аугаа хүн бичсэн нь бодогдоод ирж байгаа юм.
Би багадаа онгоц зохион бүтээгчийн хувь заяаны тухай кинон дээр Сергей Рахманиновын тухай зурвас гарахыг үзээд энэ хүний төгөлдөр хуурын концертыг сонсох дуртай болсон санагддаг.
Эхлээд өнгөц сонирхол байсан ч үнэхээрийн гүн яруу аялгуу соронз лугаа татдагийг ойлгож авсан юм даа.
Аугаа юм аугаа л байдаг. Аугаа хүмүүсийг хүлээн зөвшөөрөхөөс, суу их бүтээлд нь сэтгэл татагдахаас ч аргагүй л байдаг.
Америкт цагаачилж гарсан зохион бүтээгч Сергей Рахманиновынд зочин ирээд таны 60 насны ойг би л мэдэж ирлээ. Энд та бид хоёроос өөр мэдэх хүн ч алга даа гэдэг шүү дээ.
Дэлхийн II дайн дүрэлзэж байсан 1942 он. Эх оронд маань юу болж байгаа бол радиогоор мэдээ сонсъё хэмээн Рахманинов босч хүлээн авагчийнхаа долгионыг Москвагийн радио дээр тааруулахад Анхаараарай, анхаараарай Москвагаас ярьж байна. Хэдхэн мөчийн дараа Сергей Рахманиновын мэндэлсний 60 насны ойд зориулсан хүндэтгэлийн концертыг Их Театраас орон даяар шууд дамжуулна гэж зарладаг билээ.
Тэгвэл өмнөх зуунд нь амьдарч дөч хүрээгүй наслахдаа төгөлдөр хуурын яруу тансаг гайхамшигт аялгууг хүн төрөлхтөнд үлдээгээд одсон тэр хүний тухай мөхөс мэдлэгтэй яваадаа би энэ удаа сэтгэл баахан гонсгордуу байв. Варшавын баруун урд зах руу орж таван сарын нар ээсэн энэ өглөө өнгө өнгө алагласан дээвэртэй гэхдээ улаан хүрэн тоосгон, бор дүнзэн байшингуудтай эдлэнгийн газруудын дундуур явсаар даруухан маягийн дан, улаан хүрэн байшингийн гадаа манай машин ирж зогсов. Явган хаалгаар орж Шопены байшинд хөл тавилаа. Өнгөрсөн зуунд бяцхан Шопен аав ээжтэйгээ энэ байшинд амьдарч байжээ. Тийм ч их тансаг биш дунд давхаргын айл байсны ул мөр, эдэлж хэрэглэж байсан ширээ сандлаас эхлээд тавилга сэлт нь үзэмжтэй, чанартай олох нь нүдэнд тусна.
Биднийг (Р.Гончигдорж түүний гэргий бид гурав) гэр музейн тайлбарлагч эмэгтэй зэрэгцүүлж суулгаад, Шопены тухай товч танилцуулав. Фрэдэрик Шопен 1810 оны гуравдугаар сарын нэгэнд Варшавын Железова Воладад төржээ. 39 наслаад, Парист нас баржээ. Долоон настайдаа анхныхаа бүтээлийг туурвиж, найман настайгаасаа төгөлдөр хуураар тоглолт хийж эхэлсэн байна.
Хэдэн настайдаа Франц явсан юм бол гэж асуувал тэдний гэрийнхэн 1831 онд Парис руу нүүсэн. Сүрьеэ өвчнөөр удтал өвчилсөн. Энэ нь түүнийг ертөнцөөс авч одсон гэж яриад Шопен төгөлдөр хуурын хоёр концерт, олон арван мазурка, этюд, прелюди, вальс, сонат бичсэний заримынх нь эх ноотыг үзүүллээ.
Ингээд Шопены анхлан тоглож байсан төгөлдөр хууран дээр Варшавын хөгжмийн консерваторын профессор хар хүнийг тоглохыг урив. “Шопены төгөлдөр хуурын концертыг тоглох гэж байгаадаа баяртай байна.Шопен аугаа их хөгжмийн зохиолч байсан төдийгүй тэр цаг үеийнхээ хамгийн онцгой чадварлаг төгөлдөр хуурч байсан юм” гэж хэлээд тэрбээр хуурын ард суулаа.
Санчиг нь бууралтсан үсээ долгиотуулан нямбай гэгч нь самнасан, галт шил нь нүдийг нь улам хөнхөр болгон харагдуулах хөгжимчний уран хуруунууд хуурын товчлуур дээр аяархан хүрэхэд, байшин доторх анирыг эвдэн яруу аялгуу дуурьсаж эхлэв.
Шопен энэ хуурынхаа ард суугаад турьхан хуруунуудаараа хар цагаан даралтуудыг аялгуу эгшгийн уран тансаг барилга барьж байгаа юм шиг, уран чамин хээтэй торго нэхэж байгаа юм шиг зохиож тоглож байсан байхдаа гэж бодож суулаа. Гоо сайхан, сэтгэлийн хөөрөл, гуниг зовлон цөмийг хөгжмийн хэлээр яриад байх шиг санагдана. Яах аргагүй Төв Европын таван сарын будантай энэ өглөөний манантай агаарыг, үүлсийн чөлөөгөөр тусах нарны туяаг, анхны бороонд үндсээ хаван өрсөлдөн ургаж байгаа ургамал ногооны тухай чихээр минь дамжуулж тархинд минь шингээн үзүүлж эхлэх мэт.
Цэцэрлэгт шулганалдах шувуудын жиргээ ч, аварга байцаас буух их усан хүрхрээний дуу ч, бачимдан орилох хагацал ч бас дуурсан байна.
Профессорын арван хуруу нүд эрээлжлэм хөдөлсөөр, хуурных нь дөрөөвч дээр дарах хөлийнхөө аясаар нуруугаараа ялимгүй хотолзон хөдөлж дууны олон өнгө сайхныг бидэнд үнэнхүү мэдрүүлэх мэт.
Аугаа бүтээлийг сэтгэлийн гүнээс тоглоно гэдэг энэ байх. Сэтгэл санаа их өөдрөг болж ирснээ намуухан эгшиглэх амьдралын нугачааны энхэл донхлыг нээн харуулсан өнгө аязыг сонсоод зүрх хөндүүрлэх шиг болж байв.
Нэг л мэдэхэд бүтэн цаг хагас өнгөрч, бид ч хөгжмийн аялгуунд орж явчихжээ. Профессор арай аажуухан босч мөн л аажуухнаар дор гэгч нь тонгойн мэхийлээ. Сайхь хөгжимчин бидэнд гэхээсээ илүү Шопенд хүндэтгэл залбирлаа өргөсөн байж таарна.
Францын Савойн их сургуулийн профессор Г.Пэзант гэдэг мэргэжил нэгт нөхөр маань миний ширээн дээр байсан Шопены концертын CD-г хараад “Шопены хөгжим гайхамшигтай шүү. Шопен, Жорж Санд хоёр Испанид Газар дундын тэнгисийн Балелис аралд амрах дуртай байсан юм гэнэлээ. Би тэнд очиж байсан. Агаар нь уушгинд сайн юм гэнэлээ. Сандыг мэднэ биз дээ” гэв. Нэг их сайн мэдэхгүй. Багадаа “Индиана хүүхэн”, “Консуэллэ” гээд романыгнь уншиж байсан гэвэл: танайд манай франц зохиолчдын бүтээлүүд орчуулагдсан нь сайн хэрэг. Жорж Санд Шопенээс нилээд эгчмэд хүүхэн. Гэхдээ тэр хоёр хайр сэтгэлийн холбоотой байсан. Гайтай өвчин л тэр хоёрыг салгасан байх. Шопены олон сайхан бүтээлд тэр хоёрын хайр сэтгэл дуурсдаг юм гэж ярьж билээ. Монголдоо ирэн иртэл, ирсэн хойно ч Шопены аялгуу чихэнд сонсогдсоор байна. Ер нь Шопеныг нэг сонссон хүнд түүний гайхамшигт хөг аялгуу дэлхийн хаана ч явсан санагдсаар байх биз ээ гэж бодогдсон. Учир нь тэр үнэнхүү дэлхийн хүн билээ.
1997.05.15
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн