Өнгөрч буй долоо хоногт (2017.05.22-05.28) Монгол Улсад өрнөсөн голлох үйл явдлын тоймыг itoim багцлан хүргэж байна.
Сүүлийн жилүүдэд Улсын нэгдүгээр төв эмнэлэгт эрхтэн болон үүдэл эсийг шилжүүлэн суулгах өндөр технологийг шат дараатайгаар нутагшуулах хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсээр байна. Тэд өнгөрсөн долоо хоногт амьтанд зүрх шилжүүлэн суулгах туршилтын мэс заслыг анх удаа хийжээ. Академич Н.Баасанжаваар урирдуулсан туршилтын мэс заслыг цаашид үргэлжлүүлэн хийх юм. Тус эмнэлэг сүүлийн жилүүдэд тархины үхэлтэй донороос эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээг 6 удаа хийж, бөөрний өвчтэй 12, элэгний өвчтэй 1 хүний амийг аварчээ. Харин энэхүү технологийн үр шимийг олон түмэнд хүргэхэд эрхтний донорын ариун үйлсийг дэмжих иргэдийн оролцоо чухал байдаг байна.
Олон улсын валютын сангийн Захирлуудын зөвлөл өнгөрсөн долоо хоногт хуралдаж Монгол Улсад хэрэгжүүлэх EFF буюу Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг баталсан билээ. Уг асуудалтай холбоотойгоор Сангийн яам, Монголбанкны удирдлагууд болон Монгол Улсад суугаа ОУВС-гийн суурин төлөөлөгч нар мэдээлэл хийсэн. Мэдээллийн эхэнд Сангийн сайд Б.Чойжилсүрэн “Хөтөлбөр гурван жилийн хугацаанд хэрэгжих бөгөөд ОУВС, Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, хоёр талт түнш орнуудаас нийтдээ 5.5 тэрбум ам.долларын санхүүжилт хийгдэнэ. Энэхүү эх үүсвэрийг хөгжлийн төслүүд болон төсвийн алдагдлыг нөхөх зориулалтаар ашиглана. ОУВС-гаас 434.3 сая ам.долларын санхүүжилт хийх бөгөөд эхний ээлжийн 38.6 сая ам.доллар Монголын дансанд орж ирэхээр боллоо. Засгийн газар, Монголбанк Валютын сангийн хөтөлбөрт хамрагдах Ажлын хэсгийн дүгнэлтийг танилцуулсны дараагаар Хөгжлийн банкны 580 сая ам.долларын бондыг эргэн төлөлтийг амжилттай хийж, олон улсын зээлжих зэрэглэл тогтоодог байгууллагууд Монгол Улсын зэрэглэлийг Саа1 төвшинд хэвээр үлдээж, тогтвортой гэж үнэллээ. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын эдийн засаг уналтаас өсөлт рүү шилжиж, Монголын эдийн засагт ногоон гэрэл ассан гэсэн үг” гэлээ. Харин ОУВС-гийн Монгол дахь суурин төлөөлөгч Нэйл Сакер хэлэхдээ "Хөтөлбөрийн хүрээнд нийтдээ 5.5 тэрбум ам.долларын санхүүжилт хийгдэх бөгөөд хувийн хэвшилд оруулах санхүүжилтийг нэмбэл 6 тэрбумд хүрэхээр байна. Энэ нь Монгол Улсын ДНБ-тэй харьцуулбал хөрөнгө оруулалтын хамгийн том хөтөлбөр боллоо. Хөтөлбөрийн үр дүнд Монголын эдийн засаг богино хугацаанд тогтворжиж, урт хугацаанд хүртээмжтэй өсөлтийг бий болгоно гэж харж байна. Сүүлийн 10 жил үргэлж буй өндөр өсөлт, огцом уналтыг зогсоох нь хөтөлбөрийн гол зорилго. Хөтөлбөр хэрэгжих гурван жилийн хугацаанд Монголын эдийн засгийн 8 хувийн өсөлттэй болгох үндэс суурийг тавих болно. ОУВС Монгол Улсын Засгийн газрын Эдийн засгийг тогтворжуулах, сэргээх хөтөлбөрийг бүрэн дэмжиж ажиллана” гэсэн юм.
УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд холбогдох хуулийн заалтыг үндэслэн Монгол Улсаас Швейцарийн Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд В.Пүрэвдорж, Бүгд Найрамдах Франц Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Батсайхан, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Болор, Япон Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Хүрэлбаатар, Америкийн Нэгдсэн Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Алтангэрэл, Канад Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Р.Алтангэрэл нарыг эгүүлэн татах асуудлыг хэлэлцэж, гишүүдийн 88 хувийн саналаар дэмжлээ. Тэдний оронд,
-Монгол Улсаас Швейцарийн Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Лүндэгийн Пүрэвсүрэнг томилохыг 60.4 хувийн саналаар дэмжлээ.
-Бүгд Найрамдах Франц Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Авирмидийн Баттөрийг томилохыг 88.2 хувийн саналаар дэмжлээ.
-Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дамбын Ганбатыг томилохыг 78.4 хувийн саналаар дэмжлээ.
-Япон Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Гончигзэвэгийн Тэнгэрийг томилохыг 96.1 хувийн саналаар дэмжлээ.
-Америкийн Нэгдсэн Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Ёндонгийн Отгонбаярыг томилохыг 100 хувийн саналаар дэмжлээ.
-Канад Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Наваан-Юндэнгийн Чимгүүндарийг томилохыг 96 хувийн саналаар дэмжээ.
Хотын удирдлагууд Гачууртын уулзвараас Налайх, Чойрын уулзвар хүртлэх 20.9 км зам, Яармагийн шинэ гүүр барих , хуучин гүүрийг засварлах төсөл, Улаанбаатар-Хөшгийн хөндийн шинэ нисэх онгоцны буудал чиглэлийн 32.2 км хурдны авто зам, Орбитын уулзвараас Толгойтын эцэс-Үйлдвэрчний эвлэлийн гудамж хүртэл 3.6 км авто зам болон Чингэлтэй дүүрэгт хийгдэж буй зарим замын өргөтгөл шинэчлэлийн ажлуудтай танилцав. Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замыг өргөтгөх замын трассын зураг төсөл, түүнийг дагаж хийгдэх газар чөлөөлөлтийн ажлын явцтай танилцлаа. Тусгаарлах зурвас бүхий 4 эгнээ автозамын ажил энэ жил эхлэх юм байна. Одоо Концессийн гэрээний дагуу гүйцэтгэгчийг шалгаруулж, гэрээ байгуулснаар зам барилгын ажил эхэлнэ.Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүр засварлах ажлын явцтай ажлын хэсгийн бүрэлдэхүүн очиж танилцаж, газар чөлөөлөлтийн ажлын явцыг шалгалаа. Ажлын хэсгээс гүйцэтгэгч компанид НМХГ, НАЗХГ, НГА-тай уялдаа холбоотой ажиллаж, эдийн засгийн хямралтай цаг үед бараа материалын худалдан авалтыг дотоодын үйлдвэр, компаниудаас авах, тэднийг татан оруулах үүргийг өглөө". "Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах төсөл"-ийн хүрээнд ХУД-ийн 2,3,4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 0.36 км урттай, 20.5 м өргөн, нийт 0.738 га талбайг хамарсан гүүрэн байгууламжийн өргөтгөл, шинэчлэлт хийхээр 2017 оны төлөвлөгөөнд туссаны дагуу газар чөлөөлөлтийн ажлыг хийгээд байна.
Ингэснээр Яармагийн шинэ гүүр, хуучин гүүр нийт зургаан эгнээтэй болох бөгөөд гүүрний ажил 2019 оны арваннэгдүгээр сард дуусахаар төлөвлөгдөөд байна. Энэхүү гүүрийг БНХАУ-ын Засгийн газрын 30 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр барьж байгаа юм. Орбитын уулзвараас Толгойтын эцэс-Үйлдвэрчний эвлэлийн гудамж хүртэл 3.6 км авто замын өргөтгөл шинэчлэл хийгдэж байна. Хөгжлийн банкны санхүүжилтээр Орбитын уулзвараас Толгойтын эцэс Үйлдвэрчний эвлэлийн гудамж хүртэлх авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажил хэвийн үргэлжилж байна.
УИХ-аас автомашины онцгой албан татварыг хөдөлгүүрийн багтаамж, насжилтаас нь шалтгаалж тодорхой хувиар нэмэх шийдвэр гаргасан. Татвар нэмсэн энэхүү шийдвэрийг эсэргүүцэж “Приус импортлогч иргэдийн эрх ашгийг хамгаалах холбоо” гэх хуулийн этгээдийн бүртгэлгүй хэсэг иргэн хэвлэлийн бага хурал хийсэн. Тэдний нэг бололтой нэгэн иргэн Сүхбаатарын талбайн урд орших нийтийн эзэмшлийн авто зогсооолд “Приус 10” маркийн автомашинаа шатаахыг завдлаа. Цагдаагийнхан урьдаас мэдээлэлтэй байсан учир үйлдлийг нь зогсоож, иргэнийг баривчилжээ. Хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа юм. Дашрамд дурдахад, эсэргүүцлийн шат дараалсан эдгээр үйлдэлд Ардчилсан намын гишүүн, Ерөнхий сайдын зөвлөх асан М.Хүдэрбаатар оролцоотой байж болзошгүй байна.
Сөүлийн гудамжийг автомашингүй “Шөнийн гэрэлт гудамж” болгон тохижуулах төслийг боловсруулах Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг нийслэлийн Засаг даргын 2017 оны А/302 дугаар захирамжаар байгууллаа. Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын боловсруулсан зургийн дагуу 440 метр урт газрын сул шороон хөрс бүхий талбайг хатуу хучилттай болгож явган замыг нэмэгдүүлэх, олон нийтэд зориулсан үзвэрийн дэлгэц, амралтын суудал бий болгох ажлыг хийх юм. Мөн ногоон байгууламжийн нөхөн сэргээлт, сэлгэлт, автозам болон явган замын гэрэлтүүлэг, гэрлэн чимэглэл зэрэг орчны тохижилтын ажлыг хийж эхлүүлээд байна. Дээрх тохижилтын ажлыг ирэх сарын 8-ны өдөр дуусгахаар төлөвлөн ажиллаж байгаа юм.