Орчин цагийн Ромео, "Жаргаагүй нар" жүжгийн Д.Нацагдоржийн дүр, “Аав”, “Учрал”, “Хуримын даашинзтай бүсгүй” киноны гол дүрийг бүтээсэн УДЭТ-ын залуу жүжигчин Б.Шинэбаярыг ярилцлагад урилаа. Тэрээр өнгөрсөн гурван жилийн хугацаанд олон дүр дээр чадварлаг тоглож, олон нийтэд танигдаж чадсан билээ. Залуу жүжигчний амьдрал, уран бүтээл, үзэл бодлоос нь хувцаалцсанаа уншигчдадаа хүргэе.
-Уран бүтээл арвин уу. Энэ зун ямар уран бүтээлүүд дээр ажиллаж байна вэ?
-Энэ зун нэлээд хэдэн шинэ уран бүтээл дээр ажиллаж байна. Тун удахгүй эхнээсээ үзэгчдэд хүрнэ. Тиймээс одоогоор нууцалъя.
-Танай гэр бүлийнхэнд урлагийн хүмүүс байдаг уу. Таны бага нас хэрхэн өнгөрсөн бэ?
-Миний бие 1991 онд Улаанбаатар хотод төрсөн. Тэргүүний Ганзам 20-р сургуульд наймдугаар анги хүртлээ сурч байгаад 9, 10-р ангиа Жаргалан сургуулийг төгсөн. Ингээд 2013 онд Соёл урлагийн их сургуулийг төгссөн. Манай гэр бүлд урлагийн хүн огт байхгүй, ганц урлагийн хүн нь би л байна даа. Ээж төмөр замд проводник хийж байгаад одоо тэтгэвэртээ гарсан бол аав маань төмөр замдаа одоог хүртэл ажиллаж байна. Ер нь миний хүүхэд нас төмөр замд л өнгөрсөн. Одоо ч үргэлжлээд л явж байна даа.
-Айлын ганц хүүхэд болохоор аав ээждээ их эрхэлдэг байсан уу. Таны хувьд хэнээс илүү үлгэр дуурайлал авдаг байсан бэ?
-Би эмээ, өвөө хамаатны төрснөөс өөрцгүй ах, эгч, дүү гээд олуулаа өссөн болохоор өөрийгөө айлын ганц хүүхэд гэж огт боддогүй. Намайг мэдээ орсон цагаас эхлээд нэгдүгээр анги хүртэл манайх Дэнжийн мянгад амьдардаг байсан юм. Тэгээд нэгдүгээр ангид байхад ээж хааяа, хааяа намайг хичээлд хүргэж өгдөг. Ер нь бол ганцаараа л явдаг хүүхэд байсан. Гэрийнхэн хатуу үедээ хатуу, зөөлөн үедээ зөөлөн л өсгөсөн. Тэгэхээр би өөрийгөө тийм ч эрх гэж боддоггүй. \инээв\ Аав маань миний амьдралын баатар, ээжээсээ харин зөөлөн зан, цэвэрч нямбай байдлыг илүү сурсан. Надад хүндэлж хайрлаж, үлгэр дуурайлал авдаг олон хүн бий.
-Драмын театрт анх хэрхэн хөл тавьж байсан бэ. Шинэ жүжигчид тэр бүр орж чаддаггүй, шалгуур өндөр газар гэдэг шүү дээ?
-Би 2014 онд анх драмын театрын дэргэдэх театр студийн жүжигчнээр ажилд орж байлаа. Тэгээд 2015 оны арванхоёрдугаар сард жинхэлж, драмын театрынхаа үндсэн жүжигчин болсон. 2015 онд хамгийн анхныхаа дүрээ авсан маань “Ромео Жулета” гээд дэлхийн сонгодог Шикспирийн зохиолын Ромеогийн дүр байсан. Хүн хичээж, аливаад тэвчээртэй хандах хэрэгтэй гэдгийг маш сайн ойлгосон. Драмын театрын үндсэн жүжигчин болоод хоёр жилийг ардаа үдэх гэж байна.
-Театр, дэлгэцийн урлаг хоёрын ялгаа юу вэ. Таны хувьд аль алиныг нь хослуулаад явж байгаа харагддаг.
-Дэлгэц бол мантож, эвлүүлгийн урлаг л даа. Жишээлбэл, ямар нэгэн дүр дээр тоглохдоо үгээ алдах дүбль, текст алдах юм бол засаад кадр ахиулж болдог. Харин тайзны урлаг бол жүжигчин найруулагч үзэгч гэсэн гурван цагийн хэлхээн доор байдаг учраас алдсан ч, оносон ч үргэлжлүүлээд л явна. Өөрөөр хэлбэл театрын урлаг нь шууд буюу илүү амьд гэдгээрээ ялгаатай.
-Өөрт оногдсон дүр болгоноо маш чадварлаг бүтээдэг санагдсан. Ер нь авсан дүр дээрээ хэрхэн ажилладаг вэ?
-Дүрээ чадварлаг бүтээдэг гэж үнэлсэнд баярлалаа. Дүр сонголтыг найруулагч хийдэг учраас намайг сайн мэдэх хүн бол найруулагч. Тухайн жүжигчинд ямар материал байгаа, дүрд хувирах чадвар хэр сайн байна гээд бүгдийг тооцоолсон байдаг. Тухайн дүр дээр яг тохирох хүн мөн үү, биш үү гээд олон талаас нь харж сонгодог. Миний хувьд өөрт оногдсон дүрээ маш сайн судалдаг. Жишээ нь, хамгийн сүүлд 2016 онд тавьсан “Жаргаагүй нар” уран бүтээл байна. Энэ уран бүтээлд Нацагдоржийн дүрийг судлахдаа тухайн хүн хэдэн онд төрөөд хаана, яаж амьдарч байсан, бусад хүмүүс энэ хүний талаар юу гэж ярьдаг, юу юу хийсэн талаар мөн доктор профессорууд юу гэж ярьдаг, юугаараа онцлог, ямар зан чанартай, өнөөг хүртэл энэ хүнээр бахархаж байгаа шалтгаан, гээд түүний уран бүтээл, амьдрал, намтрынх нь талаар олон зүйлийг судалсан. Нацагдорж гуайн дүр дээр ажиллахад их хэцүү байсан. Учир нь бодит хүний дүр дээр ажиллана гэдэг маш хэцүү юм билээ. Дээрээс нь энэ хүнийг, уран бүтээлийг нь бүх хүн мэддэг. Тэгэхээр үзэгчид мэдэж байгаа учраас ямар дүрийг харуулах вэ гэдэг маш чухал байсан.
Харин хийсвэр дүр, зохиогчийн зохиосон дүрүүд дээр ажиллахын хувьд бол тухайн харьцаж байгаа дүрүүд маань миний талаар юу гэж ярьж байна. Өөрөөр хэлбэл хүмүүс миний дүрийг хэрхэн дүгнэж байгаагаас дүрээ олно. Хүн болгон өөр байдаг шиг дүр болгон өөр л дөө.
-Үе, үеийн алдартнуудтай нэг тайзан дээр гарна гэдэг талаараа маш том боломж. Таны хувьд театрын үнэ цэнийн тухай ямар бодолтой явдаг вэ?
-Би оюутан байхдаа л драмын театрт ажиллана гэж мөрөөддөг байсан. Тэр мундаг жүжигчидтэй хамт нэг тайзан дээр гараад хэзээ нэг өдөр тоглох юмсан, мундаг хүмүүсийн хажууд байж суралцах юмсан, яриаг нь ч болтугай сонсох юмсан, энэ өрх айлын гишүүн нь болоод орох юмсан гээд л... Энэ мөрөөдөл минь өнөөдөр биелэж байна. Би өнөөдөр энэ өндөр босготой айлын босгоор алхаад явж байгаадаа үнэхээр баярладаг. Би одоо хүртэл тайзан дээр гарахдаа залбирдаг. Тэдгээр мундаг түүхэн хүмүүстэй нэг тайзан дээр гарч драмын театрын нэгэн үеийг хамтдаа бичилцэж яваа гэдэгтээ маш их бахархалтай байдаг. Алтан үеийнхэн минь миний дэргэд байж, алдахад загнаж, оноход магтах үе байдаг. Энэ үеүдэд өөрөөрөө маш их бахархаж, тэдэн шигээ болохыг ч их хүсч хичээдэг. -Драмын тайзан дээр тоглох мөрөөдөлдөө хүрч чадсан байна. Таны дараагийн том мөрөөдөл юу вэ?
-Мөрөөдөл амьдралын нь зорилго болж, хүн түүнийхээ төлөө зорилттой амьдарч чадна гэдэгт би итгэдэг. Миний мөрөөдөл бол дэлхийн тайзан дээр, дэлхийн кадрын өмнө магадгүй холливуудад Монголынхоо нэрийг цуурайтуулсан жүжигчин болох юмсан бодож явна. Тийм учраас цаг тутамд маш их хичээж, өөрийгөө боловсруулж байна. Мөрөөдөлдөө хүрэхийн тулд маш их хөдөлмөрлөх хэрэгтэй учраас өөрийгөө аль болох бэлдэж явна. Хэрвээ боломж таарвал гадаадын компаниудтай ажиллахыг маш их хүсч байна.
-Та өөрийгөө жүжигчин биш байсан бол ямар мэргэжилтэй байх байсан гэж төсөөлдөг вэ. Ингэж бодож үзэж байсан уу?
-Бодож байсан шүү. Жүжигчин болоогүй бол зураач болсон байж магадгүй. Учир нь, манай өвөө сийлбэр хийдэг, гарын уртай, дархан хүн байсан юм. Тэгэхээр нэг бол зураач эсвэл хип хоп хамтлагт дуулаад явж байх байсан болов уу. Арван жилдээ хамтлагт дуулдаг байлаа. Одоо ч бас “Драм 3” дуулсаар үгэлсээр \инээв\ энэ намраас удахгүй цомгоо гаргах гээд бэлтгэл ажилдаа орчихсон явж байна.
-Саяхан аав болсон гэж сонссон, баяр хүргэе. Эцэг хүн болсноор мэдээж амьдралд нь өөрчлөлтүүд их гарч байгаа байх?
-Баярлалаа... Хөөрхөн охинтой болсон. Хариуцлага их нэмэгддэг юм байна. Одоо пампарс байгаа бил үү, охинд маань хэрэгтэй юм юу билээ гээд байнга боддог болсон. /инээв/ Энэ чинь хүний л амьдрал шүү дээ. Гэхдээ хүүхэд хүнсээ аваад ирдэг гэдэг үнэн юм билээ. /инээв/ гэр бүлийнхэн, хамаатан садан найз нөхөд маань бэлэг өгөөд л.../инээв/.
Охиноо төрсний дараа “ирээдүйд үр минь үлдэх хорвоо учраас би муу явж болохгүй, муухай байж болохгүй, би охиныхоо үлгэр дуурайлал байх ёстой” гэж их боддог болсон. Хэзээ нэгэн цагт миний охин аавыгаа яриад, аавыгаа хараад бахархдаг байх ёстой гэж хамгийн түрүүнд бодогдсон. Тиймд дахиад л нөгөө хөдөлмөр хэрэгтэй. Гэхдээ хүнд ямарч үед ажилласан, завгүй байсан ч гэр бүлдээ цаг гаргах хэрэгтэй гэдгийг сүүлийн хэдэн сар маш сайн ойлгоод байна. Эхнэр хүүхэдтэйгээ хамт цагийг өнгөрүүлээд гурвуулахнаа байхад амьдрал үнэхээр өөр болдог юм байна лээ. Гэр бүлийн үнэ цэнийг л сайн мэдэрч байна. Гэр бүлийн чөлөөт цагаа ялангуяа залуу хүн алдахгүйг хичээх хэрэгтэй. Миний хувьд жүжигчин болохоор гэртээ шөнө орох, гарах, хонох гээд л хэцүү үе олон.Тэр бүхнээ эхнэртээ хэлээд “хайр нь ийм ажилтай байна за ойлгоорой” гээд сайн тайлбарлах нь чухал. Ар талыг минь сайн авч явах гэргий хүний бат бөх түшиг тулгуур чухал гэдгийг ойлгосон.
-Залуу хүний хувьд амьдралдаа баримталдаг зарчим юу вэ?
-Ер нь гэрээсээ гарахдаа жижиг ч бай, том ч бай ямар нэгэн зүйлийг заавал хийсэн байх ёстой гэж боддог. Мэдээж өглөө гэрээсээ гарахдаа л бүх ажлаа төлөвлөөд гардаг. Төлөвлөсөн ажлаа биелүүлчихээд орой орж ирэх бас сайхан шүү. Залуу хүн завтай байхдаа хүртэл өөрөө өөртөө хөрөнгө оруулалт хийж байх хэрэгтэй. Завтай байна гээд зүгээр сууна гэдэг буруу. Ямар ч байсан өөртөө хөрөнгө оруулалт хийх ёстой, тэр нь сэтгэлийн, эд материалын, биеийн байна уу хамаагүй.
-Урлагийн салбар ямагт нийгмийнхээ өмнө явж, түрүүлж сэтгэх хэрэгтэй гэдэг. Таны нүдээр өнөөгийн нийгэм ямар харагдаж байна вэ?
-Сайн нь сайн, дундаж нь дундаж, муу нь муу явж байна. Тухайн улсын нийгмийн байдлыг соёл урлаг нэг алхмаар түрүүлж алхаад харуулах ёстой байдаг. Дэлгэц, тайз, хошин урлаг ч бай ялгаагүй. Аливаа уран бүтээлийг үзэж байгаа хүн бүхний бодол ойлгож хүлээж авч байгаа байдал нь хоорондоо адилгүй. Зарим нь хүчийг авч байхад зарим нэгэн нь өөртөө гутрах жишээтэй. Бид уран бүтээлээ хийхдээ юм болгон дээр шүүмжлээд, юм болгон дээр муу муухайг харуулаад байх юм бол хэзээ ч хүний тархи хөгжихгүй.
Өнөөдөр цахим ертөнцөөс болоод дэлхий хавтгаарчихсан цаг үе. Интернэтээс хэрэгтэй, хэрэггүй мэдээллүүдийг цуглууллаад л байвал тархи бохирдох байх. Хүний тархи чинь хогийн сав биш шүү дээ. Тийм учраас авч байгаа мэдээллээ өөрт хэрэгтэй гэж үзээд сонгож авдаг байгаасай гэж боддог. Бас нэг зүйл нь манайд ер нь шүүмжлэгч сэтгэлгээ маш их болчихсон санагдсан. Ялангуяа залуус өөрсдөө бие биенийгээ их шүүж байна. Хүнээс мууг нь биш, сайн сайхан зүйлийг нь олоод авчихдаг бол сайн л байна. Манайхан нэгнээ хүндэлдэг, өөрсдийн гэсэн мэдлэгтэй, боловсролтой, үзэл бодолтой тэрэндээ дархлаатай л байвал Монгол маань их сайхан хөгжих байх. Би ч бас хичээнэ.
-Таны хувьд ямар амьдралыг үнэ цэнэтэйд тооцдог вэ?
-Гэр бүлтэй элэг бүтэн амьдрал миний хувьд дэндүү үнэ цэнэтэй амьдрал. Ээж аав маань өвчин зовлонгүй , өглөө яарах ажилтай, орой яарах гэр бүлтэй, сайн ханьтай үр хүүхэдтэй амьдрал л үнэ цэнэтэй. Түүнээс биш хэчнээн их эд хөрөнгө байлаа гээд тэр амьдрал үнэ цэнэтэй болохгүй.
-Ярилцсанд баярлалаа. Таны амьдрал, уран бүтээлд амжилт хүсье.