Open iToim app
Улс төр | 2 мин уншина

​Г.Шийлэгдамбыг баривчилсан шалтгаан тодорч эхэллээ

​Г.Шийлэгдамбыг баривчилсан шалтгаан тодорч эхэллээ
Нийтэлсэн 2015 оны 11 сарын 6
Цагдаагийнхны авлигатай тэмцэх өнгөрсөн долоо хоногийн “Батзаяа ажиллагаа” энэ долоо хоногт Г.Шийлэгдамбаар үргэлжиллээ. Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбыг хагас тэрбумын авлига авч байгаад баригдсан гэх хэвлэлийн мэдээ байгаа ч, энэ талаар хуулийнхан албан ёсны тайлбар хийгээгүй байна. Тэгэхдээ Засгийн газрын гишүүн, төрийн сайдыг юуны учир баривчилсан тухай зарим мэдээлэл тодорч эхэллээ.
Сайдыг өнгөрсөн лхагва гаригт ажил дээрээ байхад нь хуулийнхан очжээ. Тэд өрөөнд нь болон АТГ-т өдөржин байцаагаад пүрэв гаригийн үүрээр цагдан хорьсон байна. Энэ хугацаанд, хорих хүртлээ нэлээд мэдээллийг хэлүүлж чадсан гэж эх сурвалж хэлэв. Мөн эрүүл мэндийн салбарт явуулж байгаа, зарлачихсан цахим тендертэй холбоотойгоор сайдыг нь, бас холбогдох компанийн хүмүүсийг барьсан гэж өөр нэгэн эх сурвалж хэллээ.
Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн нөхцөлөөр улсын эмнэлгүүдэд цахим систем нэвтрүүлэх төсөл хэрэгжүүлж байгаа юм. Эрүүл мэнд, спортын яам болон Хятадын “Хуавэй” компанийн хамтран хэрэгжүүлэх энэ төслийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг жилийн өмнө зарлажээ. Тендерт дөрвөн компани оролцсон гэх бөгөөд тэндээс хоёр нь тунаж үлдсэн байсан юм. Гэтэл шинэ сайд 2015 онд томилогдож очоод тэдний дундуур 2011 онд байгуулагдсан, программ хангамжийн чиглэлээр төдийлөн ажилласан туршлагагүй “Метро Нетворк” компанийн “шахаж” оруулах гэсэн, яаман дээрээ шинээр ажлын хэсэг байгуулсан, тендерийн хорооны ажилд хутгалдсан зэрэг хэл аманд орж, хэвлэлээр хэдэнтээ бичүүлсэн юм. Энэ тендертэй холбоотойгоор сайд Г.Шийлэгдамбыг баривчилсан бололтой. Үүнийг батлах өөр нэгэн хардлага бол түүнтэй хамт дээрх тендерт нэр холбогдож буй компанийн төлөөлөл болох нэгэн залууг баривчилсан байна.
Эрүүл мэнд, спортын сайд хэний, юуны төлөө ийм их хэмжээний мөнгө авсан бэ гэдэг асуулт гарч ирж байгаа. Намынх нь дарга, экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр “Шийлэгдамба бол авлига авах хүн биш “ гэв. МАХН-ын бусад удирдлага ч сандран “АТГ, прокурорыг хэн томилдог билээ, тэр хүний захиалгаар Г.Шийлэгдамбыг барилаа” гэж логик гаргав. Үүнтэй яг ижилхэн логикийг ч нөгөө талаас гаргаж байна. Хэрвээ авлига авч байгаад баригдсан нь үнэн бол, тэр их мөнгийг Г.Шийлэгдамба хувьдаа аваагүй юм бол, МАХН-даа авч байсан байх” гэж хардав. Өөрөөр хэлбэл, улс төрийн сонгууль дөхсөн энэ цаг үед сайд болгосны төлөөсөнд намынхаа сонгуулийн мөнгийг босгох даалгаврыг биелүүлж яваад залуу сайдыг гардууллаа гэж зарим хүн хардаж байна. Өмнө нь ийм тохиолдол Гаалийн дарга асан Х.Баатарын хэрэг дээр давтагдаж байсан юм. Тэрээр “сонгуулийн мөнгө босгох намын даалгаврыг биелүүлсэн” гэж мөрдөн байцаалтад мэдүүлсэн бөгөөд тэр үеийн МАХН-ын генсекийнх нь “Х.Баатараас намд 100 сая төгрөг хүлээж авлаа” гэсэн гарын үсэг бүхий бичиг ч хэвлэлээр дэлгэгдэж байв
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн