Open iToim app
Эрх зүй | 4 мин уншина

Г.Шийлэгдамба сайд аа, өөрчилсөн журмаа эргэж хар

Г.Шийлэгдамба сайд аа, өөрчилсөн журмаа эргэж хар
Нийтэлсэн 2015 оны 4 сарын 9
ЦЕГ-ын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрынхан Улаанбаатарт үйл ажиллагаа явуулж буй хүн эмнэлэг, мал эмнэлгүүдийн үйл ажиллагааг оны эхнээс шалгасан. Учир нь, эдгээр байгууллага хүн, мал, тэжээвэр амьтанд мэс ажилбар хийх, өвчин намдаах зорилгоор морфин, кетамин зэрэг тариа хэрэглэдэг. Эдгээр бодисыг манай улсын нэгдэн орсон Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисын хууль бус эргэлтийн эсрэг конвенцийн жагсаалтад оруулсан байдаг ажээ. Нэгэнт эмнэлгийн хяналтгүй хэрэглэх, иргэдийн гарт олгохыг хуулиар хориглосон байдаг учраас Засгийн газрын 2003 оны 196 дугаар тогтоол, Эрүүл мэндийн сайдын 2001 оны 400 тоот тушаалаар хадгалах журам, зааврыг нь хатуу тогтоож өгсөн байдаг байна. Учир нь, эдгээр бодис залуусын гарт орвол донтох аюултай.
Дээрх журамд зааснаар бол, нэгдүгээрт, мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисыг эмнэлэгт лац, ломботой сейф, саванд хадгалах ёстой. Хоёрдугаарт, зөвхөн тухайн сейф, сав руу харсан байнгын ажиллагаатай камер байрлуулсан байх хэрэгтэй. Гуравдугаарт, тухайн сейфэнд гар хүрэх, бодистой харилцах эрхтэй нэг л хүнийг эмнэлгийн удирдах албан тушаалтан томилсон байх учиртай. Дөрөвдүгээрт, тухайн бодисын лацыг хөндөж, ашигласан бол үлдэгдлийг газар дээр нь шууд устгах ёстой. Үлдэгдлийг ашиглах, хадгалах нь хориотой.
10 мл тарилгын 5-ыг нь ашигласан бол үлдсэн 5-ыг нь гэрчийн нүдэн дээр устгах бөгөөд устгасан, хэрэглэсэн, авсан, гэмтээсэн тохиолдол бүрээ баталгаажуулж протокол үйлдэх ёстой. Тавдугаарт, мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисын зарцуулалтын тайланг хариуцсан хүн нь хөтөлж, тусгай зөвшөөрөл олгодог байгууллагадаа улирал бүр тайлагнах ёстой талаар дээрх Засгийн газрын тогтоолын IV хавсралт, Эрүүл мэндийн сайдын тушаал болон холбогдох хууль, журамд заасан байдаг ажээ. Энэ бол эмнэлгийн байгууллагын гол мөрдлөг болгон ажиллах ёстой заавар.
Гэтэл шалгалтын явцад морфин, кетамин зэрэг бодисыг лац, ломботой саванд хадгалахаас авахуулаад камерын хяналтад байлгасан газар огт байгаагүй байна. Дуртай нь тухайн бодистой харьцаж, ямар ч тайлан хөтөлдөггүй байсан нь илэрчээ. Хамгийн ноцтой нь аюултай тариаг хэрхэн зарцуулсан тайлангаа нэг ч байгууллага хөтлөөгүй байж. Өөрөөр хэлбэл, эмнэлгээс морфин, кетамины үлдэгдэл мансуурагчдын гарт очоогүй гэх баталгаа алга байв. Тусгай зөвшөөрөл олгодог Эрүүл мэндийн яам, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Үйлдвэр хөдөө аж ахуйн яамныхан тайлангаа нэхсэнгүй. Улирал бүрт тайлангаа хянуулах ёстой эмнэлгийн байгууллагын дарга нар ч энэ үүргээ биелүүлсэнгүй өдийг хүрчээ.
Мал эмнэлгийнхэн “Ийм тогтоол, тушаал байдгийг бид мэдээгүй. Одоо л сонсч байна” гээд шалгалтын хүмүүсийг гайхшруулжээ. Албаныхан, “Танайх 10 мм-ийн 30 ширхэг кетамин авсан юм байна. Үүнээс 10-ыг нь л ашиглажээ. 20 ширхэг кетамин нь яасан юм. Яагаад байхгүй байна” гэхэд нь хариулах хүн олдоогүй гэнэ. Эндээс нэг зүйл бодогдов.
Мансууруулах бодисыг судсандаа тарьж хэрэглэдэг хүмүүс ихэвчлэн эцсийн шатандаа орсон мансуурагчид байх нь бий. Энэ хүмүүс “дунд шатны мансуурагчид” шиг мөс, опиум, каннабис, вийд бараг хэрэглэхгүй. “Үхлийн тун”-г ямар ч үнээр хамаагүй судсандаа тарьж байж сэхэл авдаг гэж хүнээс сонсч байсан юм байна. Хэрвээ эмнэлгээс морфин, кетамин алдагддаг, түүнийг нь эмч нар худалддаг байж болзошгүй гэх хууль сахиулагчдын таамаг үнэн бол Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд туйлын хор хохирол учирч байж мэдэх нь.
Эмнэлгээс “алдагдсан” тариа, эмч нарын яаж зарцуулсан нь тодорхойгүй байгаа тарианы үлдэгдэл хэн нэгний судсаар гүйж байх магадлалтай. Эсвэл тэдгээрийг гартаа оруулж өөр бусдыг үхэлд хүргэх, өс хонзонгоо авахын тулд ашиглаж ч байж болзошгүй. Үүнийг үгүйсгэх таамаглал, өөрсдийгөө өмөөрөх нотолгоо даанч хүн, мал эмнэлгийнхэнд алга. Дутсан тариа, тарианаас үлдсэн шингэнийг хулгайд алдсан, бусдад зарсан нь ч тодорхойгүй байдалтай байна.
Өөрөөр хэлбэл, энэ нь гэмт хэрэг гэсэн үг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 193 дугаар зүйлд мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бодис, тэдгээрийн түүхий эдийг бэлтгэх, хадгалах журам зөрчсөн үйлдлийг гэмт хэрэгт тооцдог. Гэтэл эмнэлгийнхэн Засгийн газрын тогтоол, Эрүүл мэндийн сайдын тушаалаар баталсан дээрх журмуудыг баримталж ажиллалгүй өдийг хүрчээ. Өөрсдөө “Мэдэхгүй, сонсоогүй, танилцаагүй” гэж байгаа ч үнэхээр ажил хариуцаж байгаагийнхаа хувьд дэндүү хариуцлагагүй ханджээ. Ягштал баримтлах ёстой журам, заавраа мөрдөөгүй өдийг хүрсэн нь эмгэнэлтэй бас харамсалтай. Тэд мэдээгүй юу эсвэл мэддэг ч мэдэн будилав уу. Сайдын тушаал, Засгийн газрын тогтоолын хэрэгжилтийг мөрдүүлэх, үүнд нь хяналт тавих ёстой байгууллага ч ажлаа хийж чадаагүй байна.
Сүүлд сонссоноор бол ЦЕГ-ын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрынхан нийслэлд үйл ажиллаагаа явуулж буй таван мал эмнэлэг, гурван эм ханган нийлүүлэх байгууллагын ажил хариуцсан хүмүүст Эрүүгийн хуулийн тусгай ангийн 193 дугаар зүйлд заасан үйлдэлд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байжээ. Гэтэл Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба эмнэлгүүдийн дагаж мөрдөх ёстой дээр дурдсан журамд өөрчлөлт оруулсан юм байна. Ингэхдээ тайлагнах, хадгалах, протокол хөтлөх зэрэг нарийн журмыг зөөлрүүлсэн тухай эх сурвалжууд мэдээлж байна. Журам нэгэнт өөрчлөгдсөн учраас эмнэлгийн ажилтнуудыг буруутай үйлдлээр нь хариуцлага тооцох эрх зүйн боломжгүй болсон сурагтай. Арга буюу цагдаагийнхан хэргийг хэрэгсэхгүй болгох саналтай прокурорын байгууллагад хэргийг шилжүүлжээ.
Хүн ял шийтгүүлэх гол нь биш л дээ. Манай хууль хяналтын байгууллагууд сэтгэцэд нөлөөлөх, мансууруулах, хар тамхины бодисын хууль бус эргэлтийг зогсооно, хилээрээ оруулахгүй бол болчихно гээд байдаг. Гэтэл дотоодод хяналт тавьж байсан гол журмыг мөрдүүлж энэ асуудлыг цэгцэнд нь оруулж эхэлж байхад эрх зүйн актыг нь өөрчилдөг нь яаж байгаа юм бол. Арай улс дотроо эмнэлгийн цагаан халаадтанууд маань хууль ёсны аргаар мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисыг эргэлдүүлээд байгаа юм биш биз. Олон залуучууд энэ эх үүсвэрээс мансууруулах бодисоо олоод байгаа юм биш биз. Үүнийг хууль хяналтын байгууллагынхан болон Эрүүл мэнд, спортын яамныхан анхааралдаа аваасай.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн