Open iToim app
Чөлөөт цаг | 9 мин уншина

​Шидэт өргөрөг-Янтай

​Шидэт өргөрөг-Янтай
www.iToim.mn
+ Дагах
Нийтэлсэн 2017 оны 7 сарын 5
Зочдодоо интоорын жимс таваглаж, усан үзмийн дарс хундагалангаа, төрөл бүрийн далайн хоолоор дайлдаг Хятадын зүүн хэсгийн нэгэн хотод хөл тавих боломж саяхан тохиосон юм. Энэ бол түүх болоод газарзүйн байршлынхаа онцлогоор “Шидэт өргөрөг” гэж нэрлэгдсэн Янтай хот. Анх “Шидэт өргөрөг” хэмээх нэршлийг хайнгахан хүлээж авсан ч аяллын төгсгөлд 13 мянга 900-хан хавтгай дөрвөлжин км газарт ямар олон үйлдвэр, бизнес худалдааны орчин, аялал жуулчлал, амралт зугаалгын бүсийг багтааж чадсан юм бэ гэж гайхширахаас аргагүй юм билээ. Гэхдээ шидэт гэдгийн утга зөвхөн үүндээ ч биш. Янтай дахь үйлдвэрлэлүүд том жижиг гэлтгүй бүгд л дэлхийн олон улс орны хувьд өдгөө ч ирээдүй цаг дээр ярьж байгаа өнөөх өндөр хурдны, дэвшилтэт технологиудыг ашиглаж байгаа нь жинхэнэ шидэт гэдэг үгэнд нийцэхээр санагдсан. Тиймдээ ч Хятад Улсын хэрэгжүүлж буй “Нэг бүс-нэг зам” санаачилгын гол түшиц газруудын нэг болж, үр өгөөжийг нь хүртэн хөгжлийн хурдаа нэмж буй энэ хотыг онцолсон юм.

Зургийн тайлбар: Янтай хот
Нэг ёсондоо XXI зууны Шинэ Торгоны замын нэг нэрийн хуудсаар сонгон “Янтайн хөгжил гадаадын сэтгүүлчдийн нүдээр” хэмээх энэхүү аяллыг зохиосон биз ээ. Янтай хотын Захиргаа, Мэдээллийн хэлтэс, Янтай хотын захиргааны гадаад харилцааны хэлтэс болон Хятадын хэвлэл мэдээллийн агентлаг энэхүү аяллыг зохион байгуулсан юм.
Газарзүйн ашигтай байрлал Янтай хот хурдтай хөгжиж буйн гол шалтгаан болох нь гарцаагүй. Тиймдээ ч эртнээс л гаднынхны сонирхлыг татаж, дайн байлдаан, зөрчил мөргөлдөөний хөлд ч их үрэгдэж. Янтай буюу “Утаат өндөрлөг” хэмээх нэр нь ч үүнийг батлаад өгнө. Улмаар 1861 онд дөрвөн жил үргэлжилсэн Хар тамхины хоёрдугаар дайныг эцэслэх хэлэлцээрээр англи, францууд Хятадын далайн энгийн хэд хэдэн боомт хотыг гадаадын худалдаачдад нээлттэй болгож чадсаны нэг Янтай байв. Хожим мөн шинэ Хятадын эдийн засгийн нээлттэй бодлогын хүрээнд 1984 оноос олон улсын хөрөнгө оруулалтад үүдээ нээсэн далайн эргийн 14 хотын нэг нь болсон юм билээ. Үүнээс гадна Янтай нь эртний далайн “Торгоны зам”-ын анхны хөлөг онгоцуудыг далайд гаргасан түүхэн газар гэдэг утгаараа XXI зууны Хятадын далайн “Торгоны зам”-ын чухал түшиц боомт хотын нэгээр сонгогджээ. Өдгөө YEDA буюу Янтайн эдийн засаг, технологийн хөгжлийн бүс нь “Нэг бүс-нэг зам” санаачилгын нэгэн чухал хэсэг болоод байна. Үүнийг илүү тодруулах үүднээс хэдэн тоо баримт дурдъя. Янтайн дотоодын нийт бүтээгдэхүүн 2016 оны байдлаар 2016 онд 101.7 тэрбум ам.долларт хүрснээрээ Хятадын хотуудын 19 дүгээрт, нийт орлого 24 их наяд ам.долларт хүрч наймдугаарт эрэмбэлэгдсэн байна. Үүнээс гадна нийт гадаад худалдааны эргэлтээрээ Хятадын эдийн засгийн хөгжлийн бүсүүд дундаа тавдугаарт жагсч байна. Далайн тээврээр гадаадын 100 гаруй боомттой холбогдсон, дотоодын болон олон улсын агаарын тээврийн 60 гаруй компани нислэг үйлддэг. Шинэ Торгоны замын дагуух 64 улстай хэдийнэ түншлээд буй энэхүү хөгжлийн бүсэд дэлхийн топ 500 компанийн 80 гаруй нь салбараа нээж, төсөл хөтөлбөрүүдээ хэрэгжүүлж буй. Жишээ нь, АНУ-ын “Женерал моторс”-ын Хятад дахь хамгийн том үйлдвэр энд байдаг бөгөөд жилд хоёр сая машин үйлдвэрлэдэг. Мөн “LG”-гийн гар утасны үйлдвэрийн дэлхийн хамгийн том салбар мөн Янтайд байрлаж, жилд 40 сая утас энд хэрэглэгчдийн гарт очиход бэлэн болдог байна. Бас нэг гайхашруулсан зүйл нь тус хөгжлийн бүсэд аялал жуулчлалаас эхлээд дарс, хүнсний, мэдээллийн технологи, роботын, мөн биоэмийн, цаашлаад автомашин, усан онгоц үйлдвэрлэл, петрохими, цөмийн эрчим хүчний, газрын тосны салбарын багаж тоног төхөөрөмжийн гээд байж болох бүх л салбарын үйлдвэрлэл асар өргөн хүрээнд хөгжсөн байгаа юм. Тэгээд бас болоогүй, алтны нөөцөөр дээгүүр ордог, бүтээгдэхүүнээрээ Хятаддаа толгой цохидог гэж байгаа. Төрөл бүрийн жимсээр баян, Янтайгаар овоглосон алимаараа гэхэд 1.85 тэрбум ам.долларын ашиг олдог, Чаню брэндийн дарс нь дэлхийн зах зээлд 13.3 тэрбум ам.доллараар үнэлэгддэг гээд яриад байвал ёстой “Шидэт өргөрөг” байгаа биз.
.
Үйлдвэрлэл гэдгийг нүсэр том техник, асар их дуу чимээгээр төсөөлдөг үе өнгөрснийг бидний зочилсон газрууд харуулсан. Бас байгальд ээлтэй байх, байгалийн гаралтай бүтээгдэхүүнийг эх сурвалжаа болгох зарчим өдгөөгийн өндөр технологийн хөгжилтэй яаж нэг шугамд огтлолцдогийг харж болно. Үүний нэг жишээ нь “Jereh” групп. Дэлхийн газрын тос, байгалийн хийн салбарын тоног төхөөрөмж, хүнд техникийн үйлдвэрлэл, инженерингийн цогц үйлчилгээ, судалгаа хөгжүүлэлтийн талбарт өөрийн гэсэн байр суурийг хэдийнэ эзэлсэн тус группийн Янтай дахь цогцолборын барилга, ногоон байгууламж, зам талбай зэргийг харахад тусдаа нэг хот гэсэн үг. Бидэнд тэрхүү “хот”-оо автобусаар явангаа танилцуулснаас гадна үйлдвэрлэлийн нэгээхэн процессийг сонирхуулсан юм. Машин угсралтын тэрхүү хэсэгт ороход ажилчдын зургийг самбарт тавьж, хажууд нь тоо бичсэнийг тайлбарлахдаа, ажилчдын үнэлгээг ийн нийтэд ил тэмдэглэдэг гэнэ. Мөн тус группийн хувьцаа эзэмшигчдийн нэр болон хувьцааны хэмжээг ч хэн бүхэн харж болохоор ажээ. Ажилчид нь өөрсдөө компанийнхаа хувьцааг авч, ашиг шимийг нь их хүртдэг тухай ч сонирхуулсан. Өдгөө тус групп дэлхийн 60 гаруй оронд бүтээгдэхүүнээ нийлүүлж, мөн үйл ажиллагаа явуулж байна. Бидний дараагийн зочилсон газар бол улсдаа төдийгүй дэлхийд Янтайн нэгэн гол нэрийн хуудас болж явдаг “Changyu” дарсны үйлдвэр. Өдгөө дэлхийд энэ талбарт тэргүүлэгчдийн эгнээнд ороод буй Хятадын улаан дарсны түүх 1892 онд “Changyu” үйлдвэр “мэндэлсэн”-ээр эхэлжээ. Сонирхуулахад, үйлдвэрийг байгуулсан, өргөжүүлж хөгжүүлэхэд гол хувь нэмэр оруулсан хоёр хүн хоёул Шинжаанаас гаралтай юм билээ. Өнөөдөр “Changyu” дэлхийн арван том дарсны үйлдвэрийн нэг. Янтайд бас л тусдаа нэг “хот” байгуулжээ. “Хот”-ын хамгийн үзэсгэлэнтэй барилга нь эрдэм шинжилгээний буюу судалгаа, хөгжүүлэлтийн хүрээлэнгийнх. Аливаа амжилттай үйлдвэрлэлийн эх суурь нь судалгаан дээр үндэслэдэг учраас үнэ цэнийг тийнхүү тодотгосон хэрэг. Манайх шиг эрдэм шинжилгээний ажилтан, тэдний судалгаа хоёрыг хөсөр орхидог оронд эндээс нэгийг санууштай. Эндэх үйлдвэрээс гадна Янтайн төвд томоохон дарсны музей, ойролцоох Пөнлай, Шинжаан, Бээжинд, мөн Шинэ Зеландад дарсаа хийхийн зэрэгцээ дарсны аялал жуулчлал эрхэлдэг Chateau буюу үзэсгэлэнт харш цайзуудтай, найман газарт усан үзмийн талбайтай аж. Жилд 200 мянган тн улаан дарс, 150 мянган тн брэнди үйлдвэрлэдэг энэ компанийн ойрын зорилт маш тодорхой. Дарсны аж үйлдвэрлэлээ аялал жуулчлалтай хамтад нь хөгжүүлэх зураг төслөө гаргасан бөгөөд зарим барилга нь бэлэн болоод эхэлжээ. Тэрхүү цогцолбор бий болсны дараа жилд 1.5 сая жуулчин татах төлөвлөгөөтэй.

Зургийн тайлбар: “WAnHUA” компанийн гарган авсан бүтээгдэхүүнүүдтэй танилцав.
Хими, петрохимийн үйлдвэрлэлээр 3D принтерээс эхлээд, байгальд хоргүй төрөл бүрийн материалууд гарган авдаг “Wanhua” групп Янтайн эдийн засгийн хөгжлийн бүсдээ (YEDA) үйлдвэрлэлээрээ нэлээд томдоо ордог юм билээ. MDI болон ADI хэмээх үйлдвэрлэлийн технологиороо Хятаддаа цор ганц, дэлхийд MDI-ийн технологи нь өрсөлдөхүйц хэмжээнд гэж үнэлэгддэг аж. Нэг ёсондоо энд тэргүүлэх зэргийн судалгаа, дэвшилтэт технологи ашиглан цоо шинэ бүтээл, бидний өдөр тутмын хэрэглээний зүйлс болох гутал хувцас, гоо сайхны бүтээгдэхүүнээс эхлээд машин тэрэг үйлдвэрлэхэд хүртэл ашиглах цоо шинэ байгаль орчинд ээлтэй, эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй материалууд гаргаж авдаг гэсэн үг. Хими, петрохимийн үйлдвэрлэлийг ямар ч үнэргүй, хог хаягдалгүй явуулдаг гэхээр хөгжлийн ямар төвшинд хүрсэн нь ойлгогдоно. Ер нь YEDA-д багтдаг компаниудын гаргасан бүтээгдэхүүнүүд, шинэ дэвшилтэт технологиудаас 30 гаруй нь дэлхийд тэргүүлэх зэрэгт эрэмбэлэгддэг гэж байгаа. YEDA-д үйлдвэрлэлийн хэмжээгээр бас дээгүүр бичигддэг “Rongchang” эмийн үйлдвэрээс гэхэд RC48 хавдрын эсрэг үйлчлэлтэй биоэмийг нэрлэж болно. Тус эм нь Хятадад клиникийн туршилтад орох эрх нь нээгдсэн анхны ADC буюу хорт хавдрын эсрэг биоэм бөгөөд хэрэв амжилттай болбол хөхний, уушгины зэрэг олон төрлийн хорт хавдрыг эмчлэх боломжтой болох аж. Тус компанийн удирдлага хэлэхдээ, “Бидний арван жилийн хөдөлмөрийн үр дүн ганц гар цүнхэнд багтдаг” гэсэн. Судалгаа шинжилгээ, туршилтад асар их цаг мөнгөө зарцуулсны үр дүн болох тэрхүү авсаархан зүйлс дээр л хот шиг том үйлдвэрлэлүүдийг бий болгож байгаа хэрэг.
Аливаа технологийн дэвшлийг бий болгохоос илүү авч хэрэглэдэг, нэвтрүүлдэг улс орон олон. Харин хятадууд тэдгээрийг ашиглахдаа үйлдвэрлэлийн зардлаа илүү хэмнэх чиглэлд анхаарч, шинэ технологи бий болгож үйлдвэрлэлдээ нэвтрүүлж буй жишээтэй хэд хэд таарсан. Бидний зочилсон “CIMC Raffles”-аас үүнийг харж болно. Далайн инженерчлэлийн энэхүү компани 10 мянга гаруй ажилчинтай. Жил ирэх тусам технологио улам боловсронгуй болгож, тэдний өөрсдийн бүтээсэн газрын тосны өрөмдлөгийн тавцан үйлдвэрлэх аварга техник л гэхэд өмнөх зардлыг 2-3 дахин хэмнэх болсон тухай тэд танилцуулсан. Энэ нь “Мade in China”-гаас “Сreate in Сhina” болох бодлоготой нь ч нийцэж байх шиг. Далайн тээвэрлэлттэй холбоотой бүхий л нүсэр техникийг тэд хийдгээс гадна тансаг зэрэглэлийн усан онгоц үйлдвэрлэдэг. Жишээ нь, тус компанийн үйлдвэрлэсэн “Ази эмэгтэй” нэртэй усан онгоц нь 2004 оны “Showboat” олон улсын үзэсгэлэнгийн хамгийн шинэлэг загвараар шалгарч байжээ. “CIMC Raffles” дээр дурдсан бусад компанийг бодоход үйлдвэрлэл нь ил, далай дээр учраас харах боломжтой, гэхдээ далай дээрх барилга шиг тэрхүү асар том техник дээр ажиллаж байгаа хүмүүс шоргоолж шиг жижигхэн. Үүнээс гадна “Changyu” дарсны үйлдвэр гэхэд сүүлийн дамжлага болох тээвэрлэхэд бэлдэх хэсэгт 17-18 хүн ажилладаг байсан бол шинэ техник технологи нэвтрүүлснээр өдгөө 3-4 хүн л шаардагдах болтлоо гар ажиллагаа нь багасчээ. Технологийн дэвшилд тэдний хувьд хэмнэлт, хүрээлэн буй орчинд ээлтэй байх гэдэг хоёр ойлголт хамгийн чухал мэт.

Түүнчлэн бид Хятад, Оросын хамтын ажиллагааг дэмжих төвөөр зочилсон юм. Тус төв нь хоёр орны шинжлэх ухаан, технологи, эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг дэмжих зорилготой. Хамгийн их анхаарал татсан нь шинэ санаа, ирээдүйтэй санаачилга гаргаад төслөө бариад очсон хэний ч өмнө үүдээ нээж, дэмжлэг үзүүлэхэд бэлэн байдаг юм байна. Мөн л өндөр технологи ашигласан шинэ бүтээгдэхүүн эндээс олон “мэндэлжээ”. Тэднээс агаар цэвэршүүлэгчийг бидэнд танилцуулсан. Онцлог нь маш богино хугацаанд агаарыг цэвэршүүлдгээс гадна хаана ч явсан утсаараа агаар цэвэршүүлэгчээ удирдах боломжтой аж. Бидний хамгийн сүүлд танилцсан газар бол “Chijiu” цагны үйлдвэр. Галт тэрэгний, онгоцны буудлын, цамхагийн гэх мэт олон нийтийн талбайд байрлуулдаг том хэмжээний цагийг тэд захиалгаар үйлдвэрлэдэг бөгөөд Хятадын 32 муж, дэлхийн 30 оронд бүтээгдэхүүнээ нийлүүлдэг байна. “Нэг бүс-нэг зам” санаачилгын хүрээнд ийнхүү хөгжлийн хурдаа аваад буй Янтай хотын зарим компанийн талаар товчхон дурдахад ийм байна. Хөгжлийн явц ийм хурдтай байгаа нь төрөөс явуулж байгаа бодлоготой нь ч бас холбоотой. Жишээ нь, “Нэг бүс-нэг зам” санаачилгын хүрээнд Янтайн эдийн засгийн хөгжлийн бүсийн компаниудад зориулж, 20 гаруй удаагийн сургалт зохиосон аж. Энэ нь дотоодын компаниудаа хэрхэн гадаадад, дэлхийн зах зээлд гаргах стратеги төлөвлөгөөний нэг хэсэг юм. Жишээ нь, “Wanhua” гэх мэт томоохон компаниудаа эхэлж гаргаад, тэндээ эдийн засгийн шинэ бүс байгуулсны дараа жижиг компаниудаа татах гэх мэт бодлого баримталжээ.
“Бээжин дуурийг Бээжин, Тяньжинд сонсоод, Янтайд ирж дуул” гэдэг үг байдаг аж. Энэ нь Янтай нутгийн сайхныг хэлсэн бөгөөд эртнээс Бээжин дуурийг тоглодог байсан баримт бүхий музейг бидэнд сонирхуулсан. Янтай нутаг үнэндээ л үзэсгэлэнтэй байгальтай юм билээ. Далайн эргийн хот учраас уур амьсгал чийглэг, зарим хэсгээрээ далайтай бараг залгаад уултай. Жимс, дарсны эх нутаг гээд төсөөлөхөөр жаргалын орон санагдсан. Үйлдвэрлэл олонтой ч анхнаасаа дэвшилтэт, байгальд ээлтэй технологид суурилан байгуулагдсан учраас сөрөг нөлөө бусад хотыг бодоход харьцангуй бага. Дээр хэлсэнчлэн Янтай эртнээс гаднынхны сонирхлыг татдаг байсан учраас энд харьцангуй эртнээс дэлхийн олон улс орны дипломат төлөөлөгчийн газрууд байгуулагдсан байна.
Өдгөө тэдгээрээс үлдсэн барилгуудыг музей байдлаар тэр чигээр нь хадгалан жуулчдад сонирхуулдаг болжээ. Ер нь Янтай гэлтгүй аль ч хотод эртний дурсгалаа маш сайн хадгалж үлдсэн байдаг нь хятадуудын юмхнаар юм хийж чаддаг зантай холбоотой биз. Мөн бидний очсон эртний хөлөг онгоцны музейд л гэхэд Хятадын түүхийн он дараалал бүрээр нь завь болоод түүнээс үлдсэн хэсгийг хадгалсан байх жишээтэй. Энэ мэт жуулчдыг татсан музей үзмэр багагүй, гол нь түүнийгээ хүн сонирхохгүй байх аргагүйгээр тохижуулж, тайлбар зүүлт өгч, орчин тойрныг нь жуулчлалд зориулан иж бүрнээр шийдсэн байдгийг Хятадын хаанаас ч харж болно. Ийнхүү тэртээд байн дайлдааны үймээн дунд байсан “Утаат өндөрлөг” өдгөө амар амгалангийн нутаг болжээ. Нөгөөтэйгүүр орчин үеийн нэн шинэ хот болохоор цаг минут бүртэй уралдан хөгжиж байна.
Сэтгүүлч: Д.Пүрэвсүрэн
www.iToim.mn
+ Дагах
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн