Open iToim app
Спорт | 6 мин уншина

Шатрын холбооны 181 оронд Улаанбаатарын тэмцээнийг мэдээлж, Монголыг сурталчилна

Шатрын холбооны 181 оронд Улаанбаатарын тэмцээнийг мэдээлж, Монголыг сурталчилна
Нийтэлсэн 2015 оны 8 сарын 20
Монгол Улсад өсвөрийн шатарчдын дэлхийн олимпиад анх удаа зохион байгуулагдаж байна. Энэхүү тэмцээний нээлт өчигдөр “Хүннү молл” цогцолборт боллоо. Уг тэмцээний нээлтийн ёслолд Олон улсын шатрын холбооны ерөнхийлөгч Кирсан Илюмжинов, Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба, Боловсрол, соёл шинжлэх ухааны дэд сайд Б.Тулга, УИХ-ын гишүүн, Монголын шатрын холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч Я.Санжмятав тэргүүтэй зочид төлөөлөгчид оролцлоо.
Өсвөрийн шатарчдын дэлхийн олимпиадыг  УИХ-ын гишүүн, Монголын шатрын холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч Я.Санжмятав нээж үг хэлсэн юм. Тэрээр уг тэмцээнийг Монголд зохион байгуулах Ерөнхий хорооны даргаар ажиллажээ.
Өнгөрсөн жил Завхан аймагт болсон 9999 шатарч хүүхдүүдийн тэмцээнийг зохион байгуулж, тэр үед Олон улсын шатрын холбооны ерөнхийлөгч Кирсан Илюмжинов Монголд анха удаа ирсэн юм. Энэ үеэр монголчууд олноороо шатар сурч, дэлхийн хэмжээнд өрсөлдөх бололцоотой болсныг Кирсан Илюмжинов онцлон хэлж, энэ жилийн Өсвөрийн шатарчдын олимпиадыг Монголд зохион байгуулах асуудлыг Монголын шатрын холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч Я.Санжмятавтай анхлан ярилцаж байжээ. Монголын шатрын холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч Я.Санжмятав нээлтийн  үеэр хэлэхдээ “Завханд зохион байгуулсан 9999 шатарч хүүхдийн  тэмцээн  Олон улсын шатрын холбоонд үнэлэгдэж Өсвөрийн шатарчдын дэлхийн олимпиадыг зохион байгуулах эрхийг авахад чухал нөлөө үзүүлсэн. Мөн Отгонтэнгэр хайрханы дэргэд ярилцсан эрчүүдийн яриа өнөөдөр ажил хэрэг болж байгаад баяртай байна” гэлээ.
Өсвөрийн шатарчдын дэлхийн олимпиадыг нээж Завхан аймгаас ирсэн 21 морин хуурч хөг аялгуугаа тоглож, тэмцээнд оролцохоор ирсэн хүүхэд бүрт монгол үндэсний өв уламжлалыг харуулсан морин хуур бэлэглэсэн нь зочид төлөөлөгч, баг тамирчдад өндөр сэтгэгдэл төрүүлж байв. Мөн Монголын шатрын холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч Я.Санжмятав нээлтийн үеэр өнгөрсөн жил Завханд зохион байгуулсан тэмцээнд оролцсон 10182 хүүхдийг Дэлхийн шатрын холбооны цахим архивт овог нэр, зурагтай нь бүртгэнэ гэдгээ хэлсэн. Энэ сарын 19-29-нд зохион байгуулах Өсвөрийн шатарчдын олимпиадын баг тамирчдад Монгол Улсын Ерөнхийлөгч болон УИХ-ын нэрийн өмнөөс тэмцээндээ амжилттай оролцохыг хүслээ.
Өсвөрийн шатарчдын дэлхийн олимпиад нь Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний дараа орох Дэлхийн шатрын холбоонд харьяалагддаг томоохон тэмцээн юм. Энэхүү олимпиад нь 16-аас доош насны өсвөрийн шатарчид дөрөв, дөрвүүлээ болж багаар өрсөлддөг онцлогтой юм. Манай улсаас нийт арван баг оролцохоор бэлтгэл сургуулилтаа базаасан аж.
Өсвөрийн шатарчдын дэлхийн олимпиадад дэлхийн 23 орноос баг тамирчид оролцохоор иржээ. Хятад, Унгар, Энэтхэг, Орос, Өмнөд Солонгос, Америк, Канад гээд дэлхийн төвшний том багууд оролцож байгаа учраас өрсөлдөөн ширүүн явагдахаар харагдаж байгааг зохион байгуулагчид энэ үеэр хэлэв.
                           Кирсан Илюмжинов: Шатрыг Гиннесийн номонд оруулах талаар ярилцсан

Олон улсын шатрын холбооны ерөнхийлөгч Кирсан Илюмжинов:
-Монгол Улсад зохион байгуулж байгаа Өсвөрийн олимпиадад өөрийн биеэр ирж оролцож байгаадаа үнэхээр их баяртай байна. Бид Монголд энэхүү тэмцээнийг зохион байгуулах эрхийг олгосондоо ч баяртай байгаа. Монгол Улсын шатрын холбоо маш сайн ажиллаж, баг тамирчдын өрсөлдөх чадвар нь ч  маш сайжирч байна. Тиймээс дэлхийн олон орны шилдэг шатарчин хүүхдүүдийг нэг дор цуглуулж тэмцээн хийх эрхийг олгосон. Мөн өнгөрсөн жил танай улсад ирж Завхан аймагт 10 мянган хүүхэд зэрэг шатар тоглож байхыг хараад үнэхээр сэтгэл хөдөлсөн. Шатрын спорт маш эрчимтэй хөгжиж байгааг өөрийн нүдээр харсан. Монголд ирснийхээ дараа Лондонд очиж өөрийн харсан үзсэн сэтгэгдлээ хуваалцаж Гиннесийн номонд оруулах талаар ярилцсан. Өнгөрсөн жил Завхан аймагт болсон тэмцээн бол шатрыг дэлгэрүүлэх, хөгжүүлэх тэмцээн байсан. Харин энэ жил Монголд болж байгаа Өсвөрийн олимпиад бол дэлхийн шилдгүүд ирж аваргын төлөө өрсөлдөж байгаагаараа ялгаатай юм. Улаанбаатар хотын захирагчийн тусламжтайгаар Монголын шатрын холбоо болон дэлхийн шатрын холбооны хамтын ажиллагаагаар Монголд шартын ордон барина. Үүнийгээ цаашдаа Азийн бүсийн болон Дэлхийн шатрын холбооны тэмцээн зохион байгуулах чиглэлээр хамтран ажиллана. Ингээд баг тамирчдадаа тэмцээнд нь өндөр амжилт хүсье. Зочид тамирчдыг хүлээн авах орчин нөхцөл маш таатай санагдсан. Арван өдрийн турш Монгол оронтой танилцах болсондоо дахин баяртай байгаагаа илэрхийлье.
                      Я.Санжмятав: Монголын шатарчин хүүхдүүд тивдээ, дэлхийдээ шилдэг болох боломжтой

УИХ-ын гишүүн, Монголын шатрын холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч Я.Санжмятав:
-Монголын Засгийн газар болон Дэлхийн шатрын холбооны дэмжлэгтэйгээр энэхүү тэмцээнийг зохион байгуулж байна. Эх орондоо энэхүү тэмцээнийг зохион байгуулах болсон нь маш олон давуу талтай. Манайх хөрөнгө мөнгөний асуудлаас болж гаднын тэмцээнд нэг л баг оролцох бололцоотой байдаг бол дэлхийн хэмжээний тэмцээнийг Монголдоо зохион байгуулснаар нийт 10 баг буюу 50 хүүхдийг оролцуулж байна. Эдгээр хүүхдүүд энэ тэмцээнд оролцсоноор оноогоо нэмэгдүүлэх, төвшнөө дээшлүүлж туршлага солилцох бүрэн боломжтой болж байна. Мөн цаашдын том тэмцээнд оролцоход сэтгэл зүйн бэлтгэлийг хангахад чухал нөлөө үзүүлнэ. Манай улсад шатрын спорт эрчимтэй хөгжиж, хүүхэд багачууд багаасаа хичээллэж байна. Шатраар багаасаа хичээллэснээр зөв хүн болж төлөвшиж, ёс суртахуунтай, аливаа зүйлд анализ, дүгнэлт хийх чавдартай болж байна. Өнгөрсөн жил Боловсролын яам олон улсын байгууллагатай хамтарсан судалгаагаар Завханы хүүхдүүд IQ, математикийн гаргалгаа хийх чадвараараа жирийн хүүхдээс хэд дахин илүү байгааг гаргасан. Тэгэхээр таван жилийн дараа ганцхан Завханы хүүхдүүд төдийгүй Монголын хүүхдүүд тивдээ, дэлхийдээ хамгийн шилдгүүд нь байх боломжтой.
Энэ тэмцээнийг ерөнхий зохион байгуулагч хорооны даргаа ажиллаж байгаа хүний хувьд маргаангүй, шударга, дүрмийнхээ дагуу явуулна. Мөн энэхүү тэмцээнийг амжилттай сайхан зохион байгуулснаар эргээд манай баг тамирчдад ч эергээр нөлөөлнө. Дэлхийн улсад оронд эерэг сэтгэгдэл төрүүлснээр дараа дараагийн гаднын тэмцээнд баг тамирчид маань оролцоход аль аятайхан буудал, байрлалыг тэнд өгнө шүү гэсэн сэтгэгдлүүд байдаг учраас өндөр төвшинд зохион байгуулалтыг хариуцаж ажиллаж, баг тамирчдынхаа дараагийн тэмцээний замыг сайн засахын төлөө ажиллана гэдгийг хэлмээр байна. Тамирчдадаа амжилт хүсье.
“Mongolia Open”-д дэлхийн шилдэг их мастерууд оролцоно
Энэ сарын 19-29-ны хооронд Өсвөрийн шатарчдын дэлхийн олимпиадаас гадна УИХ-ын гишүүн Я.Санжмятавын нэрэмжит “Mongolia Open” тэмцээн болох юм байна. Энэхүү тэмцээн нь нас харгалзахгүй бөгөөд дэлхийн шилдэг их мастерууд оролцохоор ирсэн байгаа аж. “Mongolia Open” нь жилд нэг удаа болдог томоохон тэмцээн бөгөөд түрүүлсэн тамирчин зургаан сая төгрөгийн шагналтай юм. Өмнөх “Mongolia Open”-д дэлхийн супер их мастерууд ирж тоглож байгаагүй юм байна. Харин энэ жил 20 гаруй орноос 120 гаруй тамирчин “Mongolia Open”-д оролцох ажээ. Үүнээс 10 гаруй нь дэлхийн шилдэг их мастерууд бөгөөд 2100-2600 оноотой супер мастерууд хоорондоо өрсөлдөх бөгөөд манай улсын найман их мастерын зургаан нь оролцох юм байна.
Их мастер Ц.Батчулуун:
-“Mongolia Open” бол олон улсын шинж чанартай нээлтэй тэмцээн. Өсвөрийн шатарчдын дэлхийн олимпиадтай давхцаж байгаа нь онцлог. Энэ жил дэлхийн шилдэг их мастерууд оролцохоор ирсэн. Хүчтэй, өрсөлдөөнтэй тоглолтууд болно. Орос, Буриад , Хятадаас хүчтэй өрсөлдөгчид ирсэн байна. Сая наймдугаар сарын 1-14-ны хооронд Азийн аваргад оролцож бэлтгэлээ нэлээд сайн хийсэн.
Их мастер Б.Мөнгөнтуул:
-Миний хувьд “Mongolian Open”-д хараахан оролцож арай амжихгүй. Гэхдээ очиж үзнэ. Гаднын шилдэг их мастерууд оролцохоор бүртгүүлсэн байгаа. Манайхаас зургаан их мастер оролцоно гэсэн. Тиймээс тамирчдадаа амжилт хүсье. Мөн Өсвөрийн шатарчдын дэлхийн олимпиад Монголд анх удаа болох гэж байна. Хоёр жилд нэг удаа болдог дэлхийн шатрын том тэмцээн. Уг тэмцээн манай залуу тамирчдад туршлага болно.
Дэлхийн 181 оронд шатрын тэмцээнийг шууд дамжуулна
Дэлхийн шатрын холбоонд багтдаг 181 оронд Монгол Улсад зохион байгуулагдаж буй Өсвөрийн шатарчдын дэлхийн олимпиадыг 10 өдрийн турш интернетээр шууд цацагдах юм байна. Техникийн шаардлагатай бүх зүйлийг Дэлхийн шатрын холбооноос шийдэж өгсөн бөгөөд шууд цацалтаар ганцхан шатрын тэмцээнийг гаргаад байхаас гадна чөлөөт цагаар монголын цаг агаар, байгаль орчин, үндэсний үйлдвэрлэгч компаниудын үйл ажиллагаа, монголын брэнд бүтээгдэхүүнийг дэлхийн 181 оронд давхар сурталчлах боломж нээлттэй байгаа юм байна.
Наймдугаар сарын 19-29-ны өдрүүдэд болох Өсвөрийн шатарчдын дэлхийн олимпиадын цаг үеийн мэдээллийг 
http://www.chess-results.com/tnr184452.aspx?lan=1&... линк руу орж харна уу. 
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн