Сүүлийн жилүүдэд харшилтай хүмүүсийн тоо эрс нэмэгдэж байна. Ургамал, тоос шороо, гоо сайхны бүтээгдэхүүн, хоол хүнс гэх мэт зүйлээс болж харшлах нь улам л нэмэгдсээр байгаа. Тиймээс харшлын өвчлөлийн талаар “Эффект” эмнэлгийн их эмч Б.Баяр-Өлзийтэй ярилцлаа. Тус эмнэлэг нь бүх төрлийн харшил, астма өвчний оношлогоо, эмчилгээгээр дагнасан эмнэлэг юм.
-Сүүлийн жилүүдэд харшилтай хүмүүсийн тоо эрс нэмэгдэж байна. Хотжилтыг дагасан тоосжилт үүнд хамгийн их нөлөөтэй гэх нь ч байна. Харшилтай хүмүүсийн тоо яагаад жил ирэх тусам нэмэгдэж байна вэ?
-XXI зууныг харшлын зуун гэж судлаачид нэрлэсэн. Манай оронд харшлын талаар хийсэн судалгаа байдаггүй. Зарим орны судалгааг харж байхад гурван хүн тутмын нэг нь харшилтай гэсэн тоо ч байна. Харшил хот суурин газар өндөр байдаг гэж судлаад баталсан. Манай улсад хийсэн харшлын тандалтын судалгаагаар хотод буюу олон хүн төвлөрсөн газар амьдарч байгаа хүмүүс энэ өвчнөөр илүү их өвчилж байна. Тодруулбал, хотын иргэд хөдөө орон нутагт амьдарч байгаа хүнээс хоёр дахин их өвчлөмтгий байна.
-Харшил сэдрэх хугацаа харилцан адилгүй байдаг нь юутай холбоотой вэ?
-Ургамлын харшил заавал тодорхой нэг товлосон өдөр, хугацаанд зовиур өгнө гэж байхгүй. Учир нь бороо сайтай жил ургамал эрт ургаж, гантай жил хожуу ургадаг. Түүнээсээ хамаараад хүмүүсийн зовиурын хугацаа нь өөр өөр байдаг. Энэ жил дөрөвдүгээр сард харшил нь хөдөлж байгаа бол дараа жил нь тавдугаар сард, дараагийн жил нь зургадугаар сард гэдэг ч юм уу. Ургамлын харшилд тодорхой заасан хугацаа байхгүй. Зуны улирал ирж байгаатай холбогдуулан ургамлын тоосны харшил эхэлж байна. Тавдугаар сар гарснаар модлог ургамлын харшил, зургадугаар сард гаргаад үет ургамлын харшил, долоо, наймдугаар сард хогийн ургамлын харшил эхэлдэг.
-Сүүлийн жилүүдэд ургамлын харшлаас гадна шинээр ямар төрлийн харшлууд нэмэгдэж байна вэ?
-Хүнсний болон химийн харшилтай хүмүүсийн тоо нэмэгдэж байна. Ямар хүнснээс харшилтай вэ гэдгийг сорил тавьж тодорхойлно. Тиймээс таамгаар энэ хүнснээс харшилтай гэж тодорхойлох боломжгүй. Сүүлийн жилүүдэд маш олон химийн бодисын харшлууд нэмэгдэж байна. Ахуйн хэрэглээнд ашиглаж буй саван шампунь, аяга угаагч, угаалтуурын хэрэглээнээс болж нэмэгдсээр байна. Гаднын орны судалгаанаас харахад 3800 гаруй харшил үүсгэдэг химийн бодис бий гэсэн судалгаа гарсан. Технологи, шинжлэх ухаан хэрхэн хөгжиж байгаа билээ. Тиймээс химийн бодис улам л нэмэгдэнэ үү гэхээс хэзээ ч буурахгүй.
-Манай улсад дээр дурдсан харшлын бүх төрлийг тодорхойлж байгаа юу?
-Тоос ургамал, хүнс, химийн бодисын харшлын сорилыг бүгдийг нь хийж байгаа. Гэхдээ цөөн газар хийж байгаа. Тодруулбал, Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Арьсны өвчин судлалын үндэсний төв, мөн хувийн 2-3 эмнэлэг сорил тавьж байгаа.
-Харшлаас урьдчилан сэргийлэх боломжтой юу?
-Нэгэнт харшилтай болсон бол түүнээс урьдчилан сэргийлэх арга бий. Жишээлбэл, тэжээвэр амьтны харшилтай бол тухайн амьтнаас зайлсхийх нь урьдчилан сэргийлэх арга мөн. Харин харшилтайгаа мэдэхгүй юм уу, юунаас харшилтайгаа мэдэхгүй байж урьдчилан сэргийлнэ гэж байхгүй. Сорилоо хийлгэсний дараа харшлаас урьдчилан сэргийлж болно.
-Амьсгалын замаар дамждаг харшил хүнээс хүнд халдварлах уу?
-Амьсгалын замын харшил гэдэг нь ургамал, тоосны харшил юм. Энэ үед хамар битүүрч, нүд загатнаж, нус гоождог. Амьсгалын замын харшил нь хүнд халдахгүй, халдана гэж айх хэрэггүй.
-Удамшдаг. Гэхдээ аав, ээж нь ургамлын харшилтай бол ургамлын л харшилтай байна гэсэн үг биш. Дэлгэрүүлж тайлбарлавал, эцэг эхийн биед байгаа уураг тухайн хүүхдэд удамшдаг. Энэхүү уураг нь амьдралын явцад өөрчлөгдөж, хүнс юм уу, химийн бодисын аль нэгэнд нь мэдрэгшиж энэ төрлийн харшлаар өвчилдөг.
-Эцэг, эх нь хоёулаа харшилтай бол хүүхдэд удамших магадлал хэр өндөр байдаг вэ?
-Хоёулаа харшилтай бол удамших магадлал 75 хувь байдаг. Харин аль нэг нь харшилтай бол 25 хувийн магадлалтай. Харшилгүй хүүхэд ч төрж болно. Гэхдээ уураг нь удамшсан байдаг гэж ойлгох хэрэгтэй. Уураг ихэссэний улмаас ямар нэгэн зүйлд мэдрэгшиж, урвалд орж, харшил өгдөг. Тиймээс уургаа хэвийн байлгах нь зүйтэй.
-“Харшлын хамгийн сайн эм тариа юу байна” гэж сураглаж байгаад л эмчид хандахгүй эмчилгээ хийлгэж байгаа нь харагддаг. Харшлыг дур мэдэн эмчлүүлснээр ямар сөрөг үр дагавар гарах вэ?
-Харшлын олон янзын эмүүд байдаг. Өвчтөнүүдийн олонхи нь өөрийнхөө таамгаар дур мэдэн, эмийн санчаас эм авдаг. Эмийн санчид ч гэсэн дур мэдэн эм зөвлөдөг. Эмийн санч бол эмч биш юм. Харшлын үед иргэдийн хэрэглэдэг зарим эм тариан дээр жишээ авч тайлбарлая. Жишээлбэл, кенологи гээд тариа байдаг. Энэ бол харшлын тариа үндсэндээ биш. Гэтэл эмийн санчид “Хамгийн сайн харшлын тариа юу байна вэ” гэж сураглаж орж ирсэн хүмүүст энэ тариаг зөвлөдөг. Хэрвээ энэ тариаг өндөр тунгаар хийвэл гормоны бодис учир хүчтэй урвал илэрдэг. Энэ тарианы хамгийн сөрөг үр дүн гэвэл ясыг сийрэгжүүлдэг. Нурууны нугалмууд дээр ясны сийрэгжилт явагдсанаар суумгай болох аюултай. Буруу эм хэрэглэснээр ийм сөрөг үр дагаварт хүрнэ гэдэг харамсалтай биз. Энэ мэт олон сөрөг үр дагавар дагуулах учир “Таамаг, олны сураг, өөрсдийн дураар эм тариа битгий хэрэглэ. Эмчид ханд” гэж хэлээд байгаа юм.
-Харшлын эсрэг вакцин гэж байдаг. Манай улсад хэрэглэж буй харшлын вакциныг дэлхийн улс орнууд хэрэглэхээ болиод байна гэсэн мэргэжлийн эмчийн ярилцлагыг уншсан. Үнэхээр тийм вакциныг бид хэрэглэж байна уу?
-10-15 жил зовиургүй байлгах үйлчилгээтэй харшлын эсрэг вакциныг дэлхийн зарим оронд хэрэглээд эхэлчихсэн. Гэвч энэ нь өртөг өндөр учир манай улсад хараахан нэвтрээгүй байна. Манай орны хувьд Улсын нэгдүгээр төв эмнэлэгт дээхнэ үед хийж байсан шарилжны харшлын вакцин байгаа. Одоо ч гэсэн зарим эмнэлэг хийж байгаа. Гэхдээ энэ нь зөвхөн шарилжны харшилтай хүмүүст л хийдэг вакцин юм. Мөн Арьсны өвчин судлалын үндэсний төвд антиполлин гэж эмчилгээ орж ирсэн. Сүүлийн хоёр жил хийж байгаа. Энэ нь бас л шарилжны эсрэг эмчилгээ. Манайд хоцрогдсон вакцин хийж байгаа зүйл одоохондоо байхгүй.
-Танай эмнэлэгт 20 төрлийн хүнс, 20 төрлийн амьсгалын замын харшлыг тодорхойлох шинжилгээ хийдэг гэсэн. Энэ талаараа тодруулна уу?
-Энэ шинжилгээгээр венийн цусанд 20 төрлийн амьсгалын зам, 20 төрлийн хүнсний харшлыг үздэг. Энэ нь зөвхөн Монголд харшил өгч буй 40 төрөл юм. 2015 онд Сөүлд болсон Зүүн Азийн харшлын нийгэмлэгийн хурал дээр танилцуулсан, Тайванийн шинэ технологи юм.
-Харшил бүрэн эмчлэгддэг үү?
-Харшилтай болсон хүн бүр “Бүрэн эмчлэгдэх үү” гэж асуудаг. Бүрэн эдгэдэггүй ч зовиургүй болж болно гэж хариулъя. Түүнээс биш нэг эм уулгаж, нэг эм тариа хийлгээд тухайн хүнийг огт харшилгүй болгоно гэж байхгүй. Хамгийн сайн вакцин хүртэл 15 жил л зовиургүй байлгана гэж байна шүү дээ.
-Ямар учраас харшлын шооконд ордог вэ?
-Харшлын шоок нь амьсгалын замын бачуурлаас үүдэлтэй. Ургамлын болоод хүнсний харшлын аль алин дээр нь илэрч болно. Хүнсний харшилтай бол чонон хөрвөс тууралт, хавангуудтай хавсарч илэрдэг. Уруул, зовхи хавддаг. Үндсэндээ агаар орж байгаа ганц зам болох залгиур нь хавдсанаас болж шооконд орж байгаа юм.
-Хүнсний ямар бүтээг-дэхүүний харшлаас болж шооконд ордог юм бол?
-Давсалсан самар, далайн гаралтай бүтээгдэхүүнүүд болох хавч, сам хорхой, эдгээр бүтээгдэхүүнээс гадна халуун ногоотой янз бүрийн хоолууд шоокийн байдалд хүргэдэг.
-Бага насны хүүхдүүд ямар төрлийн харшлаар өвчлөх нь элбэг байна вэ?
-Амьсгалын замын харшлаас гадна хүнсний харшлуудтай болж байна. Маш олон төрлийн хүнс идэж, үүнээсээ харшил өгч, шокын байдалд ч орж байна. Гэхдээ чипс, самар, халуун ногооноос болж харшилтай болох нь элбэг байна.
-Харшилтай хүмүүс хэрхэн хоолны дэглэм барих ёстой вэ?
-Харшилтай хүмүүс зайлшгүй хоолны дэглэм барих ёстой. Шарилжны харшилтай хүмүүс айраг ууж болохгүй. Ингэснээр харшил нь улам сэдэрдэг. Дээрээс нь ургамлын харшилтай хүмүүс зөгийн бал ууж болохгүй. Гэхдээ зовиур сэдэрсэн үедээ л хориглох хэрэгтэй. Мөн түүхий лууван, улаан лоолийг идэж болдоггүй. Хус модны харшилтай хүмүүс алим, лийр, тоор идэж болохгүй. Мөн химийн бодисын харшилтай хүмүүс халуун ногоо, лаазалсан бүтээгдэхүүн, хиам, бяслаг (сыр) огт идэж болохгүй. Энэ нь тухайн хүний зовиурыг улам сэдрээдэг. Аль ч төрлийн харшилтай хүмүүс хүнсний дэглэм зайлшгүй барих ёстой. Дэглэм барих нь харшлынхаа төрлөөс хамаараад өөр, өөр байдаг.
-Ургамлын тоосноос харшилтай хүмүүс шөнийн цагаар цонхоо онгойлгох хэрэггүй гэж уншсан. Ямар учраас ингэж зөвлөдөг вэ?
-Ургамал өглөө, оройдоо тоосоо гөвдөг. Тухайн үед агаар дахь ургамлын тоосны хэмжээ ихэсдэг. Энэ үед цонх, салхивчаа хаавал тухайн хүний зовиурт бага ч болов тус нэмэр болно. Шөнө гэхээсээ илүүтэй өглөө, оройдоо цонхоо хаавал тохиромжтой. Шөнийн цагт ургамлын тоосжилт харьцангуй гайгүй байдаг.
-Чонон хөрвөс харшил мөн үү?
-Чонон хөрвөс бол харшлын зовиур юм. Дээрээс нь чонон хөрвөс их олон шалтгаанаас болж үүсдэг. Жишээлбэл, эмийн бодис, хүнс, химийн бодисоос үүдэлтэй гэх мэт.
-Арьсны өвчин, харшил хоёрыг хэрхэн ялгах вэ?
-Арьсны өвчин нь арьсны ямар нэг бие даасан зүйлээс үүсгэгдэж байдаг. Жишээлбэл, батга арьсны хачгаар үүсдэг. Арьсны өвчин бүрэн гүйцэд эдгэхгүй, зарим нь арьсан дээр сорви үлдээж эдгэдэг бол харшил эсрэгээрээ ул мөргүй эдгэнэ.