Open iToim app
Соёл, урлаг | 4 мин уншина

​Б.Шарав: Уртын дуу сонссон гадаадын ямар ч иргэн Монголын байгаль, амьдрал ахуйг ойлгоно

​Б.Шарав: Уртын дуу сонссон гадаадын ямар ч иргэн Монголын байгаль, амьдрал ахуйг ойлгоно
Нийтэлсэн 2016 оны 5 сарын 9
Төрийн соёрхолт, Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, Чингис хаан одонт хөгжмийн зохиолч Б.Шаравтай ярилцлаа.
-Сүүлийн үед та ямар уран бүтээл дээр ажиллаж байгаа вэ? Таныг удахгүй тоглолтоо хийх гэж байгаа тухай сонссон. Энэ талаарх мэдээллийг танаас сонсье?
- Миний хувьд он гарсаар DVD, CD хоёр хэвлүүллээ. Одоогоос дөрвөн жилийнөмнө хийсэн “Аав ээж хоёр минь” концертын дууны тоглолтын бичлэгийг DVD болголоо. Нөгөө нь морин хуурын чуулгатай хамтарч гаргасан “Сэрсэн тал” CD маань зарагдаж дууссан байсныг дахин хэвлүүллээ. Энэ хоёрынхоо нээлт болгож “Тэнгэрийн орон” нэртэй тоглолтыг зохион байгуулах гэж байна. Энэ бол миний дууны шилдэг бүтээлүүд, монголын дууны урлагийн шилдэг уран бүтээлчид оролцож байгаагаараа онцлог болно. Зохион байгуулалтыг Хэнтий аймгийн нутгийн зөвлөл, Жаргалтхаан сумын ЗДТГ, нутгийн дүү нар надад хүндэтгэл үзүүлэх үүднээс хамтран зохион байгуулж байгаа юм.
-Оролцох уран бүтээлчдийнхээ талаар жаахан тодруулахгүй юу?
- Миний уран бүтээлийг дуулдаг АЖ А.Долгор, УГЖ Г.Эрдэнэбат, УГЖ Ц.Түвшинтөгсөөс эхлээд өнөөгийн манай дуурийн театрын залуучууд тухайлбал, П.Чайковскийн, Доминго, Кардифийн уралдааны шагналт ДБЭТ-ын гоцлол дуучин УГЖ Э.Амартүвшин, М.Глинкийн нэрэмжит уралдааны шагналт гоцлол дуучин УГЖ Ө.Уянга, Ч.Энхтайван, Э.Анхбаяр, Б.Гомбо-Очир, СТА О.Хүрэлбаатар, гоцлол дуучин СТА Б.Эрдэнэтуяа, залуу дуучин Б.Энхнаран, Б.Батжаргал, дуучин СТА Э.Төрмандах, рок попын томчууд УГЖ Б.Сарантуяа, УГЖ Т.Ариунаа, Чингис хааны Д.Жаргалсайхан, Харангын Х.Лхагвасүрэн, дуучин СТА С.Наран, “Voice of Mongolia”, “Uvertura” хамтлагууд гээд нэг үгээр хэлбэл өнөө цагийн дууны урлагийн өнгийг тодорхойлдог шилдэг сайн уран бүтээлчид бүгд оролцоно гэж ойлгож болно. Дээрээс нь үндэсний их найрал хөгжим, Улсын филормонийн симфони найрал, ДБЭТ-ын найрал дуучид оролцоно.
-Энэ тоглолтод таны шинэ бүтээлүүдээс орж байгаа юу?
-Тэгэлгүй яахав. Анх удаа дуулагдах гэж байгаа олон бүтээлүүд бий. Д.Пүрэвдоржийн “Тусгаар тогтнол” шүлгэнд бичсэн дууг маань поп Т.Ариунаа, “Монгол түмнийг тэнгэр ивээг”, “Сайхан монгол орон” найрал дууны бүтээлүүдийг ДБЭТ-ын найрал дуучид, УГЖ Э.Амартөвшин “Уулсын хаан Мөнххайрхан, дуучин СТА Э.Төрмандах “Тодорсоор угтах нутаг” зэрэг хэд хэдэн шинэ бүтээлүүдийг анх удаагаа дуулах гэж байгаа. Гэхдээ та бүхний мэддэг “Аав ээж хоёр минь”, ч юм уу “Монголын тал нутаг”, “Хайрхан уулын бараа” оролгүй яах вэ. Зарим миний хуучин дуунуудыг шинэ залуу дуучид дуулна.
                                                        Сэрсэн тал агаарын хөлөгт эшиглэнэ
-Таны хөгжмийн зохиолууд агаарын хөлөгт эгшиглэж эхэлж байгаа гэл үү?
-Тийм ээ. Засгийн газраас аялал жуулчлалыг дэмжих бодлогын хүрээнд МИАТ компани үндэснийхээ соёл урлагийг дэмжих бодлогыг хэрэгжүүлж байгаа юм байна. Энэ бодлогын хүрээнд Монголынхоо уран бүтээлчдийн бүтээлүүдийг хөлгийнхөө бүхээгт байрлуулж, олон зорчигчдод хүргэж байгаад нь их баяртай байгаа. Миний “Гэрэгэ”, “Сэрсэн тал” CD-д багтсан, сонсогчдын маань эчнээ танил болсон олон бүтээлүүд МИАТ компанийн агаарын хөлөгт  эгшиглэнэ. Мөн одоогоос 10 гаруй жилийн өмнө тоглогдсон “Аялгуунд шингэсэн сэтгэл минь” тоглолтын DVD ч орсон байна. Энэ бол их завшаантай хэрэг. Уран бүтээлч бидэнд ийм боломж олгосон МИАТ компанийнханд баярлаж байна.
-Таны зохиосон “Сэрсэн тал” хөгжмийг сонсохоор Монгол хүн бүрт өөрийн эрхгүй л эх орон, монголынхоо тал нутгаараа омогших сэтгэгдэл төрдөг. Манайхыг зорьж ирж байгаа зочид төлөөлөгчдөд таны аялгуунууд Монголын уламжлал, байгалийн сайхныг мэдрүүлэх байх. Нөгөө талд монголын соёл урлагыг таниулах, сурталчлахад үнэтэй хувь нэмэр болох болов уу?
-Ерөөсөө монголчууд бол хөгжмийн урлагийн маш өндөр мэдрэмжтэй ард түмэн. Уртын дууг сонссон гадаадын ямар ч хүн монголын байгаль, монгол хүмүүсийн амьдрал ахуйг бүрэн ойлгож мэдрэх боломжтой. “Сэрсэн тал”-ын хувьд бол одоогоос 30 гаруй жилийн өмнө зохиогдсон. Тэр цагаас эхлээд л маш их тоглогдох болсон. “Сэрсэн тал”-ыг тоглодоггүй найрал, цөөхүүл хөгжим гэж монголд бараг л байдаггүй. Үндэсний, үлээвэр, симфони найрал хөгжмийн хамтлагууд бүгд л тоглоно. АДБЭЧ-ын төрийн их найрал хөгжим гэхэд л урын сангийнхаа бүтээлүүдээс “Сэрсэн тал”-ыг л хамгийн олон удаа тоглосон байдаг. Морин хуурын чуулга НҮБ, ЮНЕСКО-гийн их танхим, Москвагийн их театрын тайзнаас эхлээд дэлхийн олон оронд тоглосон доо. “Сэрсэн тал”-ыг маань газарт урлагийн тайзан дээрээс сонсдог байсан сонсогчид одоо тэнгэрт сонсох боломжтой боллоо. Энэ бол гайхамшиг л даа.
-Сэрсэн тал хөгжмийг аливаа нэг зүйлтэй зүйрлэ гэвэл та юутай зүйрлэх вэ?
-Нэрнээсээ л шууд ойлгогдож байгаа биз дээ. Би бол монголын хөдөө нутаг сэрж байгаагаар л төсөөлж бодож бичсэн. Одоо бол монгол хүний сэтгэлгээний хурд, наадмын өглөө их талд уралдаж яваа хүлэг морьдтой л зүйрлэе дээ. Монголчууд үлгэр домогтоо морийг нисдэг жигүүрт хүлэг болгон дүрсэлдэг. Ийм учраас “Сэрсэн тал” агаарын хөлөгт эшиглэх болсонд их баярлаж, бэлэгшээж байгаа юм. Зөвхөн “Сэрсэн тал” ч биш монголын олон, олон уран бүтээлчдийн бүтээлүүд агаарын хөлгийн бүхээгт эгшиглэх боломж бололцоог олгосон МИАТ компанийнханд дахин баярласнаа илэрхийлье. Удахгүй МИАТ-ийн 60 жилийн ой болох гэж байгаа юм байна. Тиймээс МИАТ компанийн хамт олонд тэр дундаа хамтран ажилладаг хамтын ажиллагааны хэлтсийнхэндээ 60 жилийн ойн баярын мэнд хүргэе. Монголын хөх тэнгэрийн сүүн замын эзэд, үндэсний цорын ганц агаарын тээвэрлэгч МИАТ компанийн үйл ажиллагаа улам бүр өргөжин дэлгэрэх болтугай гэж ерөөж байна. 
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн